Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 1912

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Цэндийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч  Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2017/02173 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Д.Цэндийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.Баясгаланд холбогдох

 

   Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 21 дүгээр байрны 32 тоот, 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Өлзийцэцэг,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ж.Ариунаа,

Хариуцагч: Д.Баясгалан,

Хариуцагчийн өмгөөлөгч: Ш.Жаргалсайхан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Бат-Онон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Өлзийцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1999 оны 11 сард иргэн Д.Баясгалангаас Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 21 дүгээр байр, 32 тоот, 1 өрөө орон сууцыг 3 400 000 төгрөгөөр худалдаж авсан. Тухайн үед энэ байр хувьчлагдаагүй байсан ба Д.Баясгалан нь мөнгөний чухал хэрэг байгаа болохоор зарж байна, байр хувьчлагдмагц 7 хоногийн дотор таны хүүгийн нэр дээр шилжүүлж өгнө гэж хэлээд хүүгийн иргэний үнэмлэхийг аваад, байрныхаа түлхүүрийг өгөөд явсан. Тухайн үед байрыг зуучилж зарсан С.Шинэцогт гэдэг хүн санаа зоволтгүй та амьдарч бай, бичиг баримтыг нь гаргаад өгнө гэж хэлсэн. Миний бие энэ байрандаа худалдаж авснаас хойш 14 дэх жилдээ амьдарч байна. Надад өөр орон гэр байхгүй, тухайн үед байдгаа барж байж энэ байрыг худалдаж авсан. Гэтэл байрны эзэн байсан Д.Баясгалан нь миний байр гэж маргаан үүсгэж, намайг орон байрнаас минь гаргах гэж шүүхэд өгсөн. Энэ маргаан жил гаран үргэлжилж, Улсын дээд шүүх намайг “энэ байрыг худалдаж авсан байна” гэж тогтоож өгсөн. Ингэснээр надаас орон сууц чөлөөлүүлэх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Миний бие байрыг тухайн үеийн ханшаар худалдан авч, мөнгөө төлж үүргээ биелүүлсэн боловч Д.Баясгалан нь миний мөнгийг авсан хирнээ байрыг өөртөө хувьчилж аваад, байрны өмчлөх эрхийг шилжүүлж өгөхгүй 15 жил намайг хохироож байна. Мөн Д.Баясгалан нь намайг орон сууцыг эзэмшиж ирсэн, худалдаж авсан байна гэж Улсын дээд шүүхээс тогтоосны дараа шүүхэд нэхэмжлэл гаргахад тэрээр оршин суугаа газраа өөрчилж, шүүхэд ирэхгүй байсан учраас шүүхийн шийдвэрээр эрэн сурвалжилж, олсон. Иймд Д.Цэндийг Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 21 дүгээр байрны 32 тоот, 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргахыг Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт даалгаж өгнө үү. ... Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 12 сарын 05-ны өдрийн 482 дугаар шийдвэр нь орон сууц эзэмших эрхээ бусдад шилжүүлсэн хэлцэл, уг орон сууцыг эзэмших өмчлөх эрх шилжсэн эсэх талаарх маргаантай хамааралгүй шийдвэр юм. Нэхэмжлэгч Д.Цэнд нь маргаан бүхий орон сууцыг бусдад шилжүүлсэн, худалдаж авсан талаар өмнө нь шүүхийн шийдвэр гараагүй байхад Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 12 сарын 05-ны өдрийн 482 дугаар шийдвэр гарч Цэндийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Үүний дараа хариуцагч Д.Баясгалан нь шүүхэд нэхэмжлэл гаргаж, улмаар хэрэг 3 шатны шүүхээр хэлэлцээд бөгөөд Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2014 оны 03 сарын 11-ний өдрийн 131 дүгээр тогтоолоор ... Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан дагуу орон сууцыг эзэмших эрхийг шилжүүлэн авах хэлцэл, үүргээ зохих ёсоор биелүүлж, орон сууцыг 1999 оноос шилжүүлэн авсан, түүнийг хувьчлагдсан тохиолдолд өмчлөх эрхтэй болсон Д.Цэнд нь бүртгэлийн байгууллагад хандаж зохих хороо, 16 дугаар хороолол, 21 дүгээр байр, 32 тоот 1 өрөө орон сууцыг Д.Цэнд өмчлөх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй ... гэж шийдвэрлэсэн боловч бүртгэлийн байгууллага бүртгэхгүй байгаа. Дээд шүүх “сугай, сүгэй” гэж тогтоогоогүй учир бүртгэх боломжгүй гэсэн учраас Д.Цэнд нь уг байрны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг иргэний шүүхэд гаргасан. “Д.Цэндийг Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 21 дүгээр байрны 32 тоот, 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргахыг Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт даалгаж өгнө үү” гэх шаардлагаасаа татгалзсан хэвээрээ байгаа. Иймд Д.Цэндийг Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 21 дүгээр байрны 32 тоот, 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Д.Цэндийн нэхэмжлэлээр Нийслэлийн захиргааны шүүх энэ асуудлыг хэлэлцэж 2011 оны 12 сарын 05-ны өдөр 482 тоот шийдвэрээрээ маргаж буй Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 16 дугаар хороолол 21 дүгээр байрны 32 тоот нэг өрөө орон сууцны өмчлөгчөөр намайг тогтоож иргэн Д.Цэндийн өмчлөл тогтоолгох тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн билээ. Гэтэл Д.Цэнд нь яг энэ асуудлаар дахин иргэний шүүхэд нэхэмжлэл гаргасан ба шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан заалтыг зөрчиж иргэний хэрэг үүсгэсэн байх тул мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д энэ хуулийн 65.1.9-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш, 65.1.1, 65.1.3-65.1.8, 65.1.10-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэснийг баримтлан хуульд заасны дагуу шийдвэрлэж өгнө үү. ... Би Цэндийг танихгүй, байраа худалдаагүй, бодитоор хэлцэл хийгээгүй. Худалдах, худалдан авах гэрээнд дамжуулан худалдах гэж байхгүй. Би Шинэцогтод байраа худалдах эрхийг өгөөгүй. Цэнд өөрөө Баясгалан надад мөнгө өгөөгүй гэдгээ хэлдэг. Уг байранд Цэнд миний зөвшөөрлөөр ороогүй. Тухайн үед төрийн өмчийн буюу Батлан хамгаалах яамны мэдлийн байр байсан, би яаж зарах юм. Би өөрөө байраа зарж чадна, Шинэцогтоор дамжуулж зарах шаардлагагүй. Захиргааны хэргийн шүүх миний өмч мөн, Цэнд өмчлөх эрхгүй гэдгийг шийдчихсэн. Шагдарсүрэнд 1,500,000 төгрөгөөр 2 жилийн хугацаатай хөлслүүлсэн, 2003 оноос хойш шүүхээр явж байна. Хурцбаярт миний байрыг зарах эрх байхгүй. Улсын дээд шүүх намайг хохироосон, би маш их гомдолтой байгаа. Хэргийг шударгаар шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.    

 

            Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Цэндийг Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 21 дүгээр байрны 32 тоот, 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 850 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч Д.Цэндэд олгож, хариуцагч Д.Баясгалангаас 69 350 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

 

            Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэр нь хуулийг буруу хэрэглэсэн. Уг шийдвэр нь хууль зүйн үндэслэлгүй. Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь бусад эд хөрөнгө худалдан авах гэрээнээс өөр. Иргэний хуульд заасан журмаар өмчлөх эрх нь шилждэг тусгай гэрээ юм. Иргэний хуулийн 109, 110 дугаар зүйлүүдэд тодорхой зааж өгсөн байна. Иргэний хуульд зааснаар үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой худалдах, худалдан авах гэрээг заавал бичгээр хийнэ. Иргэний хуулийн 109.1-д үл хөдлөх хөрөнгийг шилжүүлж байгаа бол заавал бичгээр гэрээ хийж, өмчлөх эрхээ шилжүүлэх болсон үндэслэлээ тодорхой зааж, нотариатаар гэрчлүүлэх бөгөөд хэрэв талуудын аль нэг нь төлөөлөгчөөр дамжуулан уг харилцаанд оролцож байвал төлөөлөгч болон түүний итгэмжлэл дээрх баримт бичгийг тэмдэглэх буюу хавсаргасан байна. Мөн улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлснээр хүчин төгөлдөр болдог. Гэтэл гэрээ хэлцэл байхгүй байхад Иргэний хуулийн 243.1 дэх хэсгийг баримтлан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 482 дугаартай шийдвэр захиргааны хэргийн шүүх Д.Баясгаланг төрийн өмчийг худалдах эрхгүй. Мөн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 21 дүгээр байрны 32 тоот 1 өрөө байрны шударга эзэмшигч, өмчлөгчөөр тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байхад Д.Цэндийг өмчлөлөгчөөр тогтоосон. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасныг зөрчиж байна. Д.Баясгалан нэгэнт өмчлөгчөөр шүүхийн шийдвэрээр тогтоогдож нотлогдсон байтал Д.Цэндийг мөн адил тогтоож байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Шүүх нотлох баримтанд тулгуурлан шийдвэрлэх ёстой. Нэхэмжлэгч Д.Цэнд өөрөө Д.Баясгаланг танихгүй, уулзаж байгаагүй бид хоёрын хооронд аман болон бичгийн гэрээ хэлцэл байхгүй. Д.Баясгаланд мөнгийг өгөөгүй гээд Д.Цэнд өөрөө нотлоод байхад шүүх үйл баримт тогтоож шийдвэрлэж байгаа нь хуулийг ноцтой зөрчиж байна. Шүүх ямар үйл баримтаар нотолж шийдэж байгааг нь ойлгохгүй байна. Д.Цэнд, Д Баясгаланд мөнгө өгсөн гэх нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй байхад, 1999 онд 2001 оны ханшаар худалдан авсан гэж дүгнэсэн нь Улсын дээд шүүх төслийн хүрээний мэдэгдэл, эдийн засгийн прогноз баталдаг УИХ биш баймаар юм. Эсхүл ханш тогтоодог болчихсон юм болов уу. Үүнийг бичихийн учир нь хэрэг дотор 1999 онд байрны үнэ ханш …төгрөг байсан. 2001 онд ...төгрөг байсан гэсэн ямарч үнэлгээ байдаггүй. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байхаар заасан байна. Орон сууц худалдах, худалдан авах хэлцэл заавал бичгээр хийсэн байхыг заасан. Д.Баясгалан би Ш.Шинэцогтод өөрийгөө төлөөлөх итгэмжлэл өгөөгүй байхад Ш.Шинэцогт миний өмнөөс гэрээ хэлцэл хийх эрхгүй субъект. Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 482 дугаартай шийдвэрээр Д.Баясгалан маргаж буй байрны өмчлөгчөөр тогтоосон байхад Улсын дээд шүүх, Захиргааны хэргийн шүүхээс гаргасан дээрхи шийдвэр нь орон сууц эзэмших эрхээ бусдад шилжүүлэх хэлцэл, уг орон сууцыг эзэмших, өмчлөх эрх шилжүүлэх эсэх маргаантай хамааралгүй гэж үзэж тайлбарлаж байгааг би ойлгохгүй байна. Энэ асуудлаар урьд нь шүүхийн шийдвэр гарчихсан одоо хүчин төгөлдөр байхад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтыг зөрчиж, өөрсдөө нэмэлт тайлбар хийгээд асуудлыг хүлээн авч шийдээд байгаа нь энэ хэргийг хянан шийдвэрлэх ашиг сонирхолын ямар нэгэн зүйл байгааг харуулж байна. Өөрөөр хэлбэл авилга хээл, хахуулийн шинжтэй. Д.Цэнд, Д.Баясгалан бид хоёрын хооронд үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах эрх зүйн харилцаа үүсээгүй. Шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Учир нь шийдвэрийн үндэслэх нь хэсэгтээ “... Улсын дээд шүүхийн 2004 оны 3 сарын 11-ний өдрийн 311 тогтоолоор талуудын хооронд эрх зүйн харилцаа үүссэн байна. Д.Баясгалангийн нзхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон Улсын дээд шүүхийн 2014 оны 03 сарын 11-ний 131 тогтоолоор няцаагдаж байна” гэх мэтээр үндэслэсэн шийдвэрийг үндэслэлгүй болгосон байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэтэрхий нэг талыг баримтлан эрх тэгш байх хуулийн зарчмыг алдагдуулсанд гомдолтой байна. Баянзүрх дүүргийн шүүх нэхэмжлэлийн шаардлага үндэслэл, маргааны үйл баримт зэрэгт эрх зүйн үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй байна. Иймд Баянзүрх дүүргийн иргэний хэргийн 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2017/02173 дугаар шийдвэртэй иргэний хэргийг бүхэлд нь хянан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Д.Цэнд нь хариуцагч Д.Баясгаланд холбогдуулан Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 21 дүгээр байрны 32 тоот, 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч Д.Баясгалантай худалдах, худалдан авах гэрээ байгуулж маргааны зүйл болох орон сууцыг худалдан авсан хэмээн нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласан боловч талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаарх үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

 Нэхэмжлэгч Д.Цэнд нь дээрх 32 тоот орон сууцанд 1999 оноос хойш амьдарсан болох нь орон сууц ашиглалтын төлбөр төлсөн баримт, хорооны тодорхойлолт зэргээр тогтоогдож байх боловч уг орон сууцны өмчлөх эрхийг хариуцагч Д.Баясгалан нь 2002 онд авч, эд хөрөнгө өмчлөх эрхээ улсын бүртгэлийн газар бүртгүүлсэн байна. Иймд нэхэмжлэгч Д.Цэндийг удаан хугацаагаар орон сууц эзэмшсэнээс өмчлөх эрхийг олж авсан гэж үзэх үндэслэлгүй болно.

 

 

Хэдийгээр гэрч С.Шинэцогт нь “... Д.Цэндээс орон сууцны мөнгийг авч Д.Баясгаланд өгүүлэхээр н.Хурцбаярт өгсөн” гэж мэдүүлсэн байх боловч гэрч н.Хурцбаяр нь “... орон сууц худалдсан мөнгө гэж аваагүй” гэж мэдүүлжээ. Түүнчлэн эдгээр гэрч нарыг нүүрэлдүүлэн байцаасан мэдүүлгээр талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан болох нь нотлогдоогүй байна.

 

 Анхан шатны шүүх нэгэнт тогтоогдсон үйл баримт гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэжээ. Улсын дээд шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 131 дүгээр тогтоолд Д.Цэндийг маргааны зүйл болох орон сууцыг худалдаж авсан, өмчлөх эрхтэй болохыг дурьдсан байх боловч дээрх 131 дүгээр тогтоол нь Д.Баясгалангийн нэхэмжлэлтэй, Д.Цэндэд холбогдох орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай маргаантай хэргийг шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл Улсын дээд шүүх Д.Цэндийг маргаан бүхий орон сууцыг өмчлөх эрхтэй болохыг тогтоосон шийдвэр гаргаагүй байхад уг үйл баримтыг үндэслэлгүй дүгнэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна.

 

   Хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэл болсон Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Д.Цэндийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2017/02173 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 21 дүгээр байрны 32 тоот, 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэгч Д.Цэндийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ                                        

                                                          ШҮҮГЧ                                      Ч.ЦЭНД                                                                                                           

                                                                                                          Г.ДАВААДОРЖ