Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2020/00313

 

Б.А-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШШ2019/00977 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 949 дугаар магадлалтай,

Б.А-ын нэхэмжлэлтэй,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

Хууль бус шийдвэр гүйцэтгэх ажиллагааг таслан зогсоож, Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2007 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 70 дугаар Зохигч талуудын эвлэрлийг батлах тухай захирамж, 2010 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 6666 дугаар Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамжийн дагуу 2010 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 821 дугаартай гүйцэтгэх хуудсаар явуулж буй 19.457.502 төгрөгийн төлбөр бүрэн төлөгдсөн болох, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосныг тогтоолгох тухай иргэний хэргийг гуравдагч этгээдийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Э, түүний өмгөөлөгч Д.Н, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Л, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Б.А-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Миний бие иргэн П.Э-гийн хүсэлтээр 2005 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Худалдаа хөгжлийн банк ХХК-тай 364 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 15.000.000 төгрөгийг, сарын 3 хувийн хүүтэй зээлж түүнд өгсөн. П.Э- уг зээлээ төлж байх явцад банк зээлийн барьцаа хуурамч болохыг тогтоож, 2007 онд Баянгол дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан, Худалдаа хөгжлийн банк ХХК болон миний бие эвлэрлийн гэрээ байгуулж, уг эвлэрлийн гэрээг тус шүүхийн 2007 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 70 дугаартай зохигч талуудын эвлэрэл батлуулах тухай захирамжаар баталсан. Шүүгчийн захирамжид барьцааны зүйл нь хуурамч болох нь тогтоогдсон тул гэж тусгаж улмаар Б.А- надаас 19.457.502 төгрөг гаргуулахаар шийдвэрлэгдсэн. Гэтэл банк 2008 оны 8 дугаар сарын 08-ны өдөр 1982 тоот Хэрэг шалгуулах тухай яг дээрх гэрээтэй холбоотой асуудлаар Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гаргаснаар эрүүгийн хэрэг үүсч, Б.А-ын нэрээр 15.000.000 төгрөг, Ц.Цэндсүрэнгийн нэрээр 15.000.000 төгрөг, П.Энхбаярын нэрээр 25.000.000 төгрөг, нийт 55.000.000 төгрөгийн хохирол Худалдаа хөгжлийн банк ХХК-д учруулсан боловч мөрдөн байцаалтын явцад үндсэн зээлд 55.000.000 төгрөг, хүүд 4.979.175 төгрөг, нийт 59.979.175 төгрөг болгон буцаан төлсөн нь баримтаар нотлогдсон гэж Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн шүүх дүгнэж, шүүгдэгч П.Э-, П.Энхбаяр нар гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан тухай 2011 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 86 дугаар шийтгэх тогтоолд заасан. Шүүхээс эцсийн байдлаар П.Э-д Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.3 дах хэсэгт зааснаар 3,8 жил, П.Энхбаярт 3,6 жилийн хорих ял оногдуулснаар ялыг эдэлсэн. Улсын Дээд шүүх хэргийг хянасан бөгөөд 2011 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 376 дугаар тогтоолоор П.Э-, П.Энхбаяр нар нь эрүүгийн хэрэг үүсгэснээс хойш иргэний хэргийн шийдвэрийн дагуу хохирлоо төлж барагдуулсан болох нь нотлох баримтуудаар тогтоогдсон, бусдад төлөх ямар нэг төлбөргүй талаар тодорхой тусгасан. Банкны дээрх үйлдлүүд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй гэснийг зөрчсөн үйлдэл болсон. Өөрөөр хэлбэл, иргэн Б.А-тай холбоотой зээлийн гэрээний асуудлыг иргэний журмаар шийдвэрлүүлж эвлэрсэн талаар шүүгчийн захирамж гаргасан атлаа дахин уг гэрээтэй холбоотой төлбөрийг дурдаж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан. Эрүүгийн хэргийн явцад 2010 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн шүүхийн 70 дугаартай эвлэрлийн гэрээг баталсан захирамжийг албадан гүйцэтгүүлэх тухай 6666 дугаар захирамж гаргуулж, 2010 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 821 дугаар гүйцэтгэх хуудас бичүүлсэн байсан. Энэ талаар бидэнд мэдэгдээгүй, П.Э-г суллагдсаны дараа 2014 оны 1 сард нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар дуудсанаар бид мэдсэн. Эрүүгийн нийт 7 удаагийн шүүх хуралдаан болж тухай бүрт банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцож байсан бөгөөд гүйцэтгэх хуудасны тухай нэг ч ярьж байгаагүй, нуусан нь банк өөрөө шүүхийг залилан мэхэлсэн явдал юм. Дээрх шүүхийн шийтгэх тогтоол биелэгдээд дууссан. Энэ талаар 2015 онд шүүхэд гомдол гаргасан боловч хүлээн авахаас татгалзсан. Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамжийг сүүлд мэдсэн болохоор шинээр илэрсэн нөхцөл байдал гээд хандсан ч хүлээн авахаас татгалздаг. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-т зааснаар төлбөрөө бүрэн төлсөн, мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.9-д заасан боломжгүй болсон нь тогтоогдсон гэсэн үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох талаарх хүсэлтийг удаа дараа гаргасан ч шүүхээр шийдвэрлүүл гэсэн хариу ирүүлсэн. Нэгэнт Б.А-, П.Э- нартай холбоотой асуудал эрүүгийн шийтгэх тогтоолоор шийдвэрлэгдэж дууссан тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгах шаардлагатай. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэх ажиллагааг таслан зогсоож, 2007 оны 70 дугаар, 2010 оны 6666 дугаар шүүгчийн захирамжийн дагуу 2011 оны 821 дугаар гүйцэтгэх хуудсаар явуулж буй 19.457.502 төгрөгийн төлбөр бүрэн төлөгдсөн болохыг болон улмаар иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсныг тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2007 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 70 дугаар захирамжаар Б.А-аас 19.457.502 төгрөгийг гаргуулж Худалдаа хөгжлийн банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгчөөс төлбөр төлөгдөөгүй, шүүхийн гүйцэтгэх хуудас, захирамж хүчингүй болоогүй байна. Дээрх шүүгчийн захирамжид 2010 онд 821 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас, 6666 дугаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамжийн хамт Худалдаа хөгжлийн банк ХХК, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр ирүүлсэн тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан. Уг ажиллагаагаар төлбөр төлөгч Б.А-ын эзэмшил, өмчлөлийн хөрөнгүүдийг холбогдох эрх бүхий байгууллагаас тодруулахад эд хөрөнгө тогтоогдоогүй. Б.А- тогтоосон хугацаанд төлбөрөө төлөөгүй учир төлбөр төлөх мэдэгдэл хүргүүлж, улмаар Төрийн банк ХХК дахь харилцах дансыг нь хаасан. Гэтэл уг данс нь түүний халамжийн тэтгэмж авдаг данс байсан учир Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т заасныг үндэслэн тухайн дансыг сэргээсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад П.Э-, Б.А- нараас энэ хэрэг эцэслэн шийдвэрлэгдэж, эрүүгийн хэргийг шийдвэрлэх үед гэм хорын хохирлыг нөхөн төлсөн тухай өргөдөл, гомдол удаа дараа гаргасан. Хүсэлтүүдийг хүлээн авч тухай бүрт нь Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу явагдаж байна, танаас ирүүлж байгаа баримтуудыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан эрх зүйн зохицуулалтаар ажиллагааг хаах үндэслэл болохгүй байна, мөн уг баримтуудтай холбогдуулж шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох хуулийн зохицуулалт байхгүй, дуусгавар болгох боломжгүй, гомдлоо шүүхэд хандаж шийдвэрлүүл гэсэн хариу өгч байсан. Иймд хууль зөрчсөн ажиллагаа хийгээгүй тул нэхэмжлэл хангагдах үндэслэлгүй гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ХХБ ХХК-ийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Баянгол дүүргийн шүүхэд Б.А-д холбогдуулан 19.457.502 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг тэрээр хүлээн зөвшөөрч тус шүүх талуудын эвлэрлийг баталсан 2007 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 70 дугаар шүүгчийн захирамж гаргасан. Б.А- захирамж гарснаас хойш зээлийн 453072555 тоот дансанд 2007 оны 7 дугаар сарын 09-ний өдрөөс 2007 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүртэл нийт 498.000 төгрөг төлсөн нь зээлийн дансны хуулга, орлогын ордер гэх баримтуудаар тогтоогдоно. Б.А- хуурч, мэхлэх замаар хуурамч нотлох баримтаар зээл авсныг мэдсэн даруйдаа Улсын мөрдөн байцаах газарт гомдол гаргаснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан ч прокурор хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1-т заасны дагуу хэрэгсэхгүй болгосон. Мөн Б.А-тай холбоотой Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн төлөөлөгч Ц.Ганбаярын өгсөн мэдүүлэгт ...Б.А-ын авсан зээлээс 2005 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс 2007 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл үндсэн зээлээс 256.000 төгрөг, хүү 4.007.925 төгрөг, нийт 4.062.925 төгрөг төлөгдсөн, зээлийн үлдэгдэл 19.061.145 төгрөг... гэсэн байдаг. 2008 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн гаргасан тооцоололд Б.А-ын төлөөгүй үүргийн гүйцэтгэл харагдана. 2002 оны Эрүүгийн хуулиар тухайн зээлтэй холбоотой гэмт хэрэг үйлдсэн П.Э-, П.Энхбаяр нарыг эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн Улсын Дээд шүүхийн тогтоолд бусдад төлөх өр төлбөргүй гэж зааснаар Б.А- зээлийн төлбөрөөс чөлөөлөгдөхгүй. Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн гаргасан дансны хуулгад 2008 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр зээлдэгч Ц.Цэндсүрэн, П.Энхбаяр нарын төлбөр гэсэн утгаар 20.000.000 төгрөг хийгдсэн. Өмнөх шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Э- нь ...бид нарын зүгээс Худалдаа хөгжлийн банк ХХК-д 20.000.000 төгрөг өгсөн, үүгээр Б.А-ын зээл хаагдсан... гэж хэлдэг боловч уг 20.000.000 төгрөг нь н.Энхбаяр, н.Цэндсүрэн нарын төлөх ёстой зээлийн төлбөрт төлөгдсөн юм. Б.А-д холбогдох Баянгол дүүргийн шүүхийн 2007 оны 70 дугаартай зохигчдын эвлэрлийг баталсан шүүгчийн захирамж хүчин төгөлдөр байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШШ2019/00977 дугаар шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дах хэсэгт зааснаар хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох хууль бус шийдвэр гүйцэтгэх ажиллагааг таслан зогсоож, Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2007 оны 70 тоот, 2010 оны 6666 тоот захирамжийн дагуу 2010 оны 821 тоот гүйцэтгэх хуудсаар явуулж буй 19 457 502 төгрөгийн төлбөр бүрэн төлөгдсөн болохыг болон иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсныг тогтоолгох тухай Б.А-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 949 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШШ2019/00977 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.А- давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

Гуравдагч этгээд ХХБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Давж заалдах шатны шүүхээс “хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шүүхэд ирүүлсэн тайлбарт гуравдагч этгээд зөвшөөрвөл шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгоход татгалзахгүй” гэснийг дүгнэсэн атлаа гуравдагч этгээдээс Б.А-ын төлбөр төлөгдөж дуусаагүй гэж тайлбарлаж байхад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон нь алдаатай байна. Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2007 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 70 дугаар шүүгчийн захирамжаар Б.А- 19.457.502 төгрөг, Хан-Уул дүүргийн шүүхийн шүүгчийн 2006 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 515 дугаар захирамжаар Ц.Цэндсүрэн 19.794.000 төгрөг, Хан-Уул дүүргийн шүүхийн шүүгчийн 2006 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 536 дугаар захирамжаар П.Энхбаяр 12.921.912 төгрөг тус тус төлөхөөр зохигчид эвлэрсэн. Эрүүгийн хэргийг шийдвэрлэгдэх үед хохирлыг зөвхөн зээлсэн мөнгөний хэмжээгээр тооцож Худалдаа хөгжлийн банкийг П.Э- хохиролгүй болгосон гэж дүгнэсэн. Харин Б.А- зээлдэгчийн хувиар шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй, уг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа. Хариуцагч гэдэг бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасан этгээдийг ойлгох бөгөөд энэ хэргийн хувьд хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь нэхэмжлэгч Б.А-ын эрх ашиг сонирхлыг зөрчиж, хууль зөрчиж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулаагүй. Мөн Б.А-ыг хэдэн төгрөг төлсөн талаар нотлох баримтууд хэрэгт авагдаагүй гэсэн байх бөгөөд Б.А-тай холбоотой шүүхийн шийдвэр, зээлийн дансны хуулга, эрүүгийн хэрэг шийдвэрлэж байх үед П.Э-гийн төлсөн 20.000.000 төгрөгийн баримтууд хэрэгт байгаа бөгөөд шаардлагатай гэж үзвэл давж заалдах шатны шүүх тооцоог хийх бүрэн боломжтой байхад нотлох баримт байхгүй гэдэг үндэслэл зааж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосныг зөвшөөрөхгүй байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Б.А-, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан хууль бус шийдвэр гүйцэтгэх ажиллагааг таслан зогсоож, Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2007 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 70 дугаар “Зохигч талуудын эвлэрлийг батлах тухай” захирамж, 2010 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 6666 дугаар “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай” захирамж, 2010 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 821 дугаартай гүйцэтгэх хуудсаар явуулж буй 19.457.502 төгрөгийн төлбөр бүрэн төлөгдсөн болох, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсныг тогтоолгох нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ, “...Худалдаа хөгжлийн банкинд төлөх 19.457.502 төгрөгийг П.Э- төлсөн болох нь Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011.03.28-ны өдрийн 86 дугаар шийтгэх тогтоолоор тогтоогдсон, шийдвэр гүйцэтгэгч нь төлбөрийг дахин төлүүлэхээр ажиллагаа явуулж байгаа нь хууль бус, энэ тухай миний гомдлыг хүлээн авахгүй байна” гэсэн байна. /хх-1-4-р тал/

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хариу тайлбартаа, “...шийтгэх тогтоол, ...танилцахад П.Э- Б.А-ын нэрийн өмнөөс зээл авч банкинд хохирол учруулсан гэсэн, хохирлыг барагдуулсан байхад гуравдагч этгээд эвлэрлийн 70 тоот захирамж дээр гүйцэтгэх хуудас бичүүлээд манайд өгсөн, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу явагдаж байна., манайх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох үндэслэлгүй, гуравдагч этгээд хүлээн зөвшөөрвөл эвлэрч материалаа хаах боломжтой...” гэж /хх-70, 148-р тал/, энэ хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр төлбөр авагч Худалдаа хөгжлийн банк оролцож “...эрүүгийн хэрэгт П.Э-, П.Энхбаяр нар төлбөргүй болохыг тогтоосон, Б.А-тай холбоотой өр төлбөрийн асуудал яригдаагүй” гэжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ, “...шийтгэх тогтоолоор тухайн эрүүгийн хэргийн хохирогч, шүүгдэгчийн хоорондох хохирлыг шийдвэрлэсэн, ...Б.А-ын төлбөрийг төлөгдсөн гэж дүгнээгүй, ...энэ тохиолдолд Б.А-, Худалдаа хөгжлийн банкны хооронд үүссэн үүргийн харилцаа дуусгавар болсон эсэхийг тогтоох ба ...маргааныг ...гэрээний оролцогч биш этгээд болох Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан шийдвэрлэх үндэслэлгүй” гэж дүгнэсэн байна.

Шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгч Б.А- “нэхэмжлэлийг хангуулахыг хүсч “давж заалдах журмаар гомдол гаргасан бөгөөд давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаажээ. Магадлалд шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлийг “...талуудын хооронд үүссэн харилцааг зөв тодорхойлоогүй, ...нотлох баримтыг ...хуульд зааснаар үнэлээгүйн улмаас хэргийн үйл баримт бүрэн бодитой, эргэлзээгүй байдлаар тогтоогдоогүй, ...нэхэмжлэлийн шаардлагыг шууд хэрэгсэхгүй болгосон нь учир дутагдалтай, төлбөр авагч байгууллагын Б.А- нарын авсан зээлийн тооцоололд дүгнэлт хийх шаардлагатай, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй...” гэжээ.

Гуравдагч этгээд Худалдаа хөгжлийн банк, магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж “...давж заалдах шатны шүүх тооцоог хийх бүрэн боломжтой байхад нотлох баримт байхгүй гэдэг үндэслэл зааж шийдвэрийг хүчингүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, магадлалыг хүчингүй болгож, ...шийдвэрийг хэвээр үлдээнэ үү...” гэжээ.

Дараах үндэслэлээр гуравдагч этгээдийн гомдлын зарим хэсэг буюу магадлалыг хүчингүй болгуулах гомдлыг хангаж, харин шийдвэрийг хэвээр үлдээхийг хүссэн гомдлыг хангах боломжгүй гэж үзлээ.

1. Магадлалд, “...төлбөр авагч байгууллагын Б.А- нарын авсан зээлийн тооцоололд дүгнэлт хийх шаардлагатай, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй...” гэж заасан нь үндэслэл муутай, хэрэгт зээлийн тооцоолол хийсэн баримт, иргэний хэргийн шүүгчийн захирамж болон шийтгэх тогтоол авагдсан байна. Мөн давж заалдах шатны шүүх зохигчийн болон гуравдагч этгээдийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд маргааны үйл баримтыг тогтоон, зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргаантай харилцааг тодорхойлж дүгнэлт хийх бүрэн боломжтой байхад хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасантай нийцээгүй тул магадлалыг хүчингүй болгов.

2. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн агуулгыг зөв тодорхойлоогүй, зохигчийн хооронд үүссэн маргааны эрх зүйн үндэслэлд хэрэглэвэл зохих хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ. Иймд шийдвэрт өөрчлөлт оруулав.

Нэхэмжлэгч Б.А- Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрыг хариуцагчаар татаж, нэхэмжлэлээ “...төлбөр төлөгдсөн болохыг тогтоож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох” гэж тодорхойлсон нь шийдвэр гүйцэтгэх байгууллага хуульд заасан хийх ёстой үйлдлээ хийхгүй байгаа эс үйлдэхүйтэй холбоотой буюу хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх агуулгатай байх бөгөөд энэ хэрэгт төлбөр авагч Худалдаа хөгжлийн банк ХХК нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож тайлбар гаргаж зохигч маргааны үйл баримтын талаар мэтгэлцсэн байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

а/ Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2007 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 70 дугаар “Зохигч талуудын эвлэрлийг батлах” тухай захирамжийн дагуу явуулж буй ажиллагааны талаархи гомдлоо нэхэмжлэгч Б.А- Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5-д заасан шүүхийн харъяалал зөрчөөгүй байна.

б/  Хэргийн баримтаас үзвэл, Б.А- 2005 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Худалдаа хөгжлийн банк ХХК-тай 364 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 15.000.000 төгрөгийг, сарын 3 хувийн хүүтэй зээлсэн, уг зээлийн маргааныг Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2007 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 70 дугаар захирамжаар шийдвэрлэж, Б.А- 19.457.502 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкинд төлөхөөр   зохигч эвлэрснийг баталж шийдвэрлэсэн байна.

Дээрхи захирамжийн дагуу 2010.11.05-ны өдөр 6666 тоот шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамж, мөн оны 11 сарын 09-ний өдөр 821 тоот гүйцэтгэх хуудас бичигдсэнийг, төлбөр авагч Худалдаа хөгжлийн банк 2014.01.13-ны өдрийн 5/356 тоот албан бичгээр шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүсэлт гаргасны дагуу ажиллагаа явуулжээ.

Уг ажиллагаа эхэлснээс хойш Б.А- нь захирамжид заасан төлбөр төлөгдсөн тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгож өгөхийг хүссэн гомдлыг ахлах шийдвэр гүйцэтгэгчид, болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт удаа дараа гаргасанд гомдол үндэслэлгүй гэсэн хариу өгч байснаас гадна энэ хугацаанд шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийсэн үндэслэлээр түүнд эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст хандсан, төлбөр төлүүлэхээр түүний хөдөлмөрийн чадвар алдсны тэтгэмжийн дансыг битүүмжилснийг хүчингүй болгосон тухай эдгээр баримт хэрэгт авагдснаас үзвэл шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа нь тогтоогджээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй, тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно, 44.4-т ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж, тогтоол гаргана. Тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид, түүний шийдвэрийг зөвшөөрөөгүй бол шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно” гэж заасан байна. Энэ хуульд заасан журмаар нэхэмжлэгч Б.А- нь эрх бүхий этгээдэд буюу ахлах шийдвэр гүйцэтгэгч, улмаар ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдлоо гаргаж хариу авчээ.

в/ Б.А-аас 19.457.502 төгрөг гаргуулж Худалдаа хөгжлийн банкинд олгох Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2007.01.12-ны өдрийн 70 дугаар захирамжаас гадна Ц.Цэндсүрэн нь Худалдаа хөгжлийн банкинд 19.794.000 төгрөг төлөхөөр хариуцагчийн зөвшөөрлийг баталсан болон П.Энхбаяр мөн банкинд 12.921.912 төгрөг төлөхөөр зохигч эвлэрснийг баталсан Хан-уул дүүргийн шүүхийн шүүгчийн 2006.08.29-ний өдрийн 515 дугаар, 2006.09.07-ны өдрийн 536 дугаар захирамжууд хэрэгт авагджээ.

Эдгээр шүүгчийн захирамж гарсны дараа захирамжид заасан зээлийн болон барьцааны гэрээ байгуулсантай холбоотой асуудлаар Худалдаа хөгжлийн банк нь 2008.02.08-ны өдөр Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гаргаснаар П.Э-, П.Энхбаяр нарт Б.А-ын нэрээр 15.000.000 төгрөг, Ц.Цэндсүрэнгийн нэрээр 15.000.000 төгрөг, П.Энхбаярын нэрээр 25.000.000 төгрөг, нийт 55.000.000 төгрөгийг хуурамч баримт бүрдүүлэн залилан мэхэлж авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.3-т зааснаар эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгаж, улмаар 2011.03.28-ны өдрийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 86 дугаар шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцож хорих ял оногдуулжээ. Уг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон бөгөөд мөрдөн байцаалтын явцад П.Э-, П.Энхбаяр нар нь гэмт хэргийн улмаас Худалдаа хөгжлийн банкинд учруулсан бодит хохиролд 55.000.000 төгрөг, хүүд 4.979.175 төгрөг, нийт 59.979.175 төгрөг төлсөн нь баримтаар нотлогдсныг шүүх дүгнэж, шийтгэх тогтоолд заасан байна.

г/ Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэх бөгөөд дээр дурдсан 3 удаагийн захирамж гарсны дараа эрүүгийн хэрэг шалгаж шийдвэрлэсэн, шүүгчийн захирамжуудад Б.А-, М.Цэндсүрэн, П.Энхбаяр нараас нийт 52.173.414 төгрөг гаргуулж олгохоор заасан, уг төлбөрийн асуудал нь эрүүгийн гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцогдон, нийт 59.979.175 төгрөгийг төлснийг шүүх тогтоосон байх тул Б.А-ын төлбөр төлөгдсөн гэж үзэх үндэслэлтэй.

Б.А-аас төлбөр гаргуулах иргэний хэргийн шүүгчийн захирамж хүчингүй болоогүй байгаа нь шийтгэх тогтоолоор тогтоосон “П.Э-, П.Энхбаяр нар хуурамч бичиг баримт үйлдэн Б.А-ын нэрээр Худалдаа хөгжлийн банкнаас 15.000.000 төгрөгийн зээл авахуулж тус банкыг залилан мэхлэж хохирол учруулсан, уг хохирлыг тухайн этгээд төлсөн” гэж дүгнэсэн үйл баримтыг үгүйсгэх, тухайн захирамж тусдаа биелэгдэх эрх зүйн үр дагаврыг үүсгэхгүй юм.

д/ Ахлах шийдвэр гүйцэтгэгч иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь дуусгавар болсонд тооцож, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргийг хаах үндэслэлд “төлбөр төлөгч гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөрөө бүрэн төлсөн” нөхцөл хамаарах ба Б.А-ын төлбөр төлөгдсөн тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-т нийцнэ.

Дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 949 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШШ2019/00977 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3, 122 дугаар зүйлийн 122.5-д зааснаар Б.А-ын  нэхэмжлэлийг хангаж, Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2007 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 70 дугаар “Зохигч талуудын эвлэрлийг батлах” тухай захирамж, 2010 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 6666 дугаар “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай” захирамж, 2010 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 821 дугаартай гүйцэтгэх хуудсыг үндэслэн Б.А-аас 19.457.502 төгрөг гаргуулж Худалдаа хөгжлийн банкинд олгох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг төлбөр төлөгдсөн үндэслэлээр дуусгавар болгохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.” гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтад “үлдээсүгэй.” гэснийг “үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Гуравдагч этгээд Худалдаа хөгжлийн банк ХХК нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ