Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/096

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,

Улсын яллагч Д.Рэгзэдмаа,

Шүүгдэгч С.Алтанцэцэг, 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Дуламсүрэн,

Нарийн бичгийн дарга Г.Чингүн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас С.Алтанцэцэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2214000000101 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 04 сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ВЕ91080711 тоот регистрийн дугаартай, Бүргээ овогтой Сүхбатын Алтанцэцэг,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Алтанцэцэг нь 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын 3 дугаар баг 313 тоотод иргэн Д.Цэнд-Аюушийн эзэмшлийн А-4з маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, Д.Цэнд-Аюушид 320,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Насанд хүрээгүй хохирогч Д.Цэнд-Аюушийн мөрдөн байцаалтад өгсөн ... “Би 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Сүхбат ахынд очсон... 15 цагийн үед байж байсан чинь Жаргалсайхан эгч миний А-4з маркийн утсыг хүүхдийнхээ даалгаврыг хийлгэх гээд авсан. Тэгээд би 17 цагийн үед... “утсаа авъя явлаа” гэсэн чинь “байж бай” гэсэн. Тэгээд Алтангэрэл, Мягмаржав нар Баянцагаан сум явсан. Тэгээд би Жаргалсайхан эгчээс “утсаа авъя” гэтэл Жаргалсайхан эгч, Алтанцэцэг ах, Жаргалсайхан эгчийн нөхөр гурав мэдэхгүй гээд байсан. Тэгээд би Алтангэрэл рүү утсаар залгаад “миний утсыг авч явсан уу” гэсэн чинь “би аваагүй юу яриад байгаа юм” гэсэн. Тэгээд гэрээс нь хайгаад олоогүй. Тэгээд нөгөөдөр нь Алтанцэцэг ах утасгүй байж намайг повер банкаа зарчих гээд байхаар нь би зараагүй. Миний алдсан утас А-4з маркийн бор шаргал өнгөтэй, урд тал нь цагаан өнгөтэй утас байгаа юм. Би сумаас “Түмэн-Эрдэнэ” нэртэй дэлгүүрээс 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 320,000 төгрөгийн зээлээр авсан. Тухайн алдсан утасны мөнгийг өгөөгүй байгаа. 5 сард өгнө гэж хэлээд зээлээр авсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 35/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Эрдэнэцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн ... Би 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр охиноо дагуулаад “Түмэн-эрдэнэ” дэлгүүрээс нүүр нь цагаан, ар тал нь шаргал өнгөтэй утас 320,000 төгрөгийн зээлээр бичүүлээд авч өгчхөөд явсан. Тэгээд 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдөр манай охин Д.Цэнд-Аюуш утсаа Сүхбат гэх айлаас алдсан гэж хэлсэн. Тэгээд цагдаад хандсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 39-40/,

Гэрч Б.Алтангэрэлийн мөрдөн байцаалтад өгсөн … 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Г.Сүхбат ахынд Жаргалсайхан эгч нөхөртэйгөө, Алтанцэцэг ах, Мягмаржав, Цэнд-Аюуш бид нар байж байсан. Тэгээд Цэнд-Аюушийн утсыг Жаргалсайхан эгч хүүхдийнхээ хичээлийг хийлгэх гээд авсан. Удалгүй Мягмаржав бид хоёр Баянцагаан сум руу орж байсан чинь над руу Цэнд-Аюуш залгаад “миний утсыг авсан уу, миний утас алга болчихлоо” гэсэн. Тэгээд шууд буцаад Баянцагаанаас Баян-Өндөрт Сүхбат ахынд буцаж ирээд Цэнд-Аюушийн 85842920 дугаар руу залгасан чинь холбогдохгүй байсан. Намайг Баянцагаан явахад Цэнд-Аюушийн утас нь Сүхбатын ахын зүүн талын орон дээр цэнэглээтэй байсан... Маргааш нь буюу 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Шонтой хочтой Алтанцэцэг ах утасгүй байж Цэнд-Аюушийн повер банкийг ахдаа зарчих гээд байсан. Тэгээд аймаг руу гарахдаа Жаргалсайхан эгч рүү Алтанцэцэг ах өөрийнхөө дугаараас залгаад “би аймаг явж байна” гэж хэлсэн... гэсэн мэдүүлэг /хх-ийн 49/,

Гэрч А.Мягмаржавын мөрдөн байцаалтад өгсөн ... Намайг Баянцагаан сумаас 2022 оны 02 дугаар сарын 19-ний орой Баян-Өндөр суманд Г.Сүхбат ахынд Алтангэрэлийн хамт ирэхэд Шонтой хочит Алтанцэцэг ах Жаргалсайхан эгч нөхрийн хамт, Цэнд-Аюуш нар байсан. Тэгээд би тэнд байж байгаар. Алтангэрэлийн хамт Баянцагаан сум руу яваад орж байсан чинь Алтангэрэл рүү Цэнд-Аюуш залгаад “та хоёр миний утсыг авсан уу” гэхээр нь бид хоёр буцаад Баян-Өндөрт Сүхбат ахынд ирсэн. Тэгээд бид хоёрыг ирэхэд саад болоогүй байсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 51/,

Гэрч Г.Даваагийн мөрдөн байцаалтад өгсөн ... Саяхан 02 дугаар сарын 15-ны үеэр Ц.Эрдэнэцэцэг эгч охинтойгоо манай дэлгүүрт орж ирээд А-4з маркийн шаргал өнгөтэй утсыг 320,000 төгрөгийн зээлээр аваад явсан. Тухайн утасны мөнгийг хавар ноолуурын үеэр өгнө гээд авсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 54-55/,

Гэрч С.Жаргалсайханы мөрдөн байцаалтад өгсөн ... 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр манайд Алтанцэцэг ах, Алтангэрэл манай нөхөр бид нар байж байсан чинь Д.Цэнд-Аюуш орж ирсэн. Тэгээд би Цэнд-Аюушийн утсыг аваад хүүхдийнхээ хичээлийг хийлгэлдчихэд буцааж өгсөн. Цэнд-Аюуш надаас аваад орон дээр тавьсан байсан. Тэгээд байж байтал Мягмаржав Алтангэрэлийг Баацагаан сум явна гээд ирээд удалгүй... явах болоод манай нөхөр, Цэнд-Аюуш бид гурав гаргаж өгчхөөд орж ирсэн. Гэр дотор манай ах С.Алтанцэцэг ганцаараа суугаад үлдсэн байсан. Тэгээд нэлээн байж байтал Цэнд-Аюуш “миний утас алга байна. Та хэд авсан уу” гэж бид нараас асуухаар нь би аваагүй гэсэн. Тэгээд Мягмаржав, Алтангэрэл хоёр аваад явчихлаа гээд залгасан чинь “Бид хоёр аваагүй. Баянцагаан орж ирж байна. Одоо буцаад очъё” гэсэн. Тэгээд бид нар гэрт хайгаад олоогүй орой болж бүгд амарсан. Тэгээд маргааш нь Алтанцэцэг ах “аймаг явлаа” гээд машинд суугаад явж байснаа замдаа над руу өөрийнхөө 89227011 дугаараар залгахаар нь би “та утасгүй байж хэний утсаар залгаад байна” гэсэн чинь “би утас хүнээс авсан юм” гээд уурлаад тасалсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 58-59/,

Гэрч Б.Мөнгөнжигүүрийн мөрдөн байцаалтад өгсөн ... 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр манай хадмын гэрт Шонтой хочит Алтанцэцэг ах, манай эхнэр, Алтангэрэл бид нар байж байхад Цэнд-Аюуш орж ирсэн. Тэгээд оройхон байж байгаад 16 цагийн үед Мягмаржав ирээд Алтангэрэлийг авч Баянцагаан явах гээд ирсэн. Тэгээд Алтангэрэл, Мягмаржав нарыг явуулах манай эхнэр, Цэнд-Аюуш бид гурав гэрээс гарсан. Гэрт С.Алтанцэцэг ах ганцаараа суугаад үлдсэн... Цэнд-Аюуш... миний утас алга байна та нар авсан уу гэж асуусан... бид нар аваагүй гэсэн. Тэгээд Алтангэрэл, Мягмаржав хоёрыг аваад явсан байх гэж бодоод араас нь залгатал тэр хоёр Баянцагаан сум орж явна бид хоёр утас аваагүй буцаад очъё гэсэн. Тэгээд гэртээ хайгаад олоогүй. Маргааш нь 19-ний өдөр нь Алтанцэцэг ах аймаг руу машинд суугаад явсан. Тэгээд замдаа манай эхнэр рүү залгаад ярихаар нь эхнэр “та утасгүй байж хэний утсанд сим картаа хийж залгаад байгаа юм. Та Цэнд-Аюушийн утсыг авсан юм биш үү” гэсэн чинь урдаас нь юм ярихгүй утсаа унтраасан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 62-63/,

Шүүгдэгч С.Алтанцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн ... 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр би хөдөө гэрээсээ орой 17-18 үед Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын 3 дугаар багийн төв 313 тоотод байх өөрийн гэртээ ирсэн. Тэгтэл манай манай төрсөн дүү Жаргалсайхан, хүргэн Мөнгөнжигүүр, дүү Мягмаржав, Алтангэрэл, Д.Цэнд-Аюуш гэх хүмүүс байсан. Манай дүү С.Жаргалсайхан Д.Цэнд-Аюушийн утсаар хүүхдээ хийгдэж байсан 5 хичээл дуусаад Д.Цэнд-Аюушид утсыг нь өгсөн чинь тэрээр утсаа гэрийн зүүн орон дээр тавьсан. Тэгээд байж байтал Мягмаржав, Алтангэрэл Баянцагаан сум явах болж гэрт байсан хүмүүс тэр хоёрыг гаргаж өгөхөөр гарч би ганцаараа үлдсэн. Тэгээд Д.Цэнд-Аюушийн гар утсыг авч сүлжээг нь хаачхаад орон доогуур хийчихсэн юм. Тэгээд Д.Цэнд-Аюуш тэд нар орж ирээд утсаа хайгаад олоогүй бөгөөд надаас асуухаар нь би мэдэхгүй гэж худлаа хэлсэн. Тэд нар Д.Цэнд-Аюушийн утас руу залгаж үзээд холбогдох боломжгүй байна гэсэн Баянцагаан сум руу явсан хоёр руу залгаж асуусан бөгөөд тэр хоёр буцах аваагүй гэдгээ хэлсэн. Тэгээд маргааш өглөө нь гэрт байсан хүмүүсийн хариулж байгаад нуусан гар утсаа аваад Баянхонгор аймгийн төв рүү явсан аймгийн төв рүү явж байхад манай дүү С.Жаргалсайхан над руу утасдаад Д.Цэнд-Аюушийн утас алга болсон гээд цагдаа ирээд манайхыг нэгжээд таныг авсан байна гэсэн. Тэгэхээр нь би юм ярилгүй салгасан. Тэгээд аймгийн төв орж байгаад буцаагаад утсыг нь явуулчихъя гэж бодож байтал нэг цагдаа ирж надтай уулзаад утасны  талаар асуухаар нь уг утсыг бүрэн бүтнээр нь хүлээлгэн өгсөн... гэсэн мэдүүлэг /хх-ийн 86/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-15/,

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /хх-ийн 16-19/,  

Энх нахиа ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 80 дугаар шинжээчийн ...Самсунг А4 S маркийн утасны үнэ 320.000 төгрөг болохыг тодорхойлсон... гэсэн дүгнэлт /хх-ийн 78/,         

Шүүгдэгч С.Алтанцэцэгийн иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-ийн 92, 95-107/,

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд;

Шүүгдэгч С.Алтанцэцэг нь 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын 3 дугаар баг 313 тоотод иргэн Д.Цэнд- Аюушийн эзэмшлийн А-4 S маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, Д.Цэнд-Аюушид 320,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч С.Алтанцэцэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шилжүүлсэн нь үндэслэлтэй зөв байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч С.Алтанцэцэгийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзнэ. 

Насанд хүрээгүй хохирогч Д.Цэнд-Аюушийн алдагдсан А-4 S маркийн гар утсыг шүүгдэгч С.Алтанцэцэгээс хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогчид учирсан гэм хор арилсан байна. 

Шүүгдэгч С.Алтанцэцэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1-д заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин бусдад төлөх төлбөргүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүх шүүгдэгч С.Алтанцэцэг нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь нягтлан үзэж хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж үзэв. 

Эд мөрийн баримтаар хураагдсан А-4 S маркийн гар утсыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Эрдэнэцэцэг олгов.

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжилсэн шүүгдэгч С.Алтанцэцэгийн гар утсыг түүнд буцаан олгож, эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч Бүргээ овогтой Сүхбатын Алтанцэцэгийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч С.Алтанцэцэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 6 /Зургаан/ сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2.5-д тус тус зааснаар шүүгдэгч С.Алтанцэцэгийн оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч С.Алтанцэцэгт мэдэгдсүгэй. 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 5-д зааснаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч С.Алтанцэцэгт мэдэгдсүгэй. 

6. Шүүгдэгч С.Алтанцэцэгийн засрал, хүмүүжилд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч С.Алтанцэцэгийн эзэмшлийн гар утсыг түүнд буцаан олгож, эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай. 

8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан А-4s маркийн гар утсыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Эрдэнэцэцэгт олгосугай.

9. Шүүгдэгч С.Алтанцэцэг нь энэ хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

10. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Алтанцэцэгт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

11. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Б.ГЭРЭЛМАА