Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 278

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******,*******,******* тоотод оршин суух, ******* овгийн *******гийн ******* /РД: *******/-гийн

Хариуцагч: *******,*******, өөрийн байранд оршин байгаа, “” -т холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай үндсэн нэхэмжлэлийг-ны өдөр хүлээн авч, -ны өдөр иргэний хэрэг үүсгэн, цалин 2.736.185 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ихэрбаяр нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 2016 оны 12 сарын 05-ны өдөр тус байгууллагад анх эдийн засагчийн албан тушаал дээр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд орсон. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн байдлаар сахилгын шийтгэл авагдаж байгаагүй бөгөөд жилийн эцсийн тайлан мэдээ мөн сар бүр өгдөг тайлан мэдээг цаг хугацаанд нь өгч ирсэн ... тус байгууллага нь бие давхар намайг хууль зөрчин шийдвэр гаргаж ажлаас халсан учир ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгон, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны бүх хугацаатай тэнцэх цалинг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгэхээр шийдвэр гаргаж өгнө үү ... ажиллаж байх хугацааны 4 дүгээр сарын сүүлийн цалингаас 40.000 төгрөг дутуу бодогдож олгогдсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа 40.000 төгрөгөөр нэмэгдүүлж байна ... харин сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь ажиллаж байх хугацаандаа сургалтанд хамрагдаж, үнэ тарифын тооцоо судалгаагаа цаг тухайд нь хийж байсан. 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 26-ны өдрүүдэд “Хот суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөл”-өөс сургалт явуулсан. Уг сургалтанд сууж байх явцдаа “Хот суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөл”-ийн үнэ тарифын албаны дарга Гэрэлчулуун даргад “Манай тооцоо судалгаа буруу байсан байна. Танай байгууллага руу буруу тооцоо явуулсан байна. Би сургалтнаасаа чөлөө аваад очиж тооцоо судалгаагаа хийж дуусгая” гэж хэлсэн. Гэтэл Гэрэлчулуун дарга “Танай байгууллага 2017 оны 4 дүгээр сард үнэ тарифаа нэмэгдүүлэх боломжгүй. Танай байгууллагын бохир ус татан зайлуулах үнэ тариф батлагдаагүй тарифаар явж байгаа учир эхлээд бохир усны үнэ тариф орно. Цэвэр усны тариф 2017 оны 6 дугаар сард орно. Тийм болохоор хоёр өдрийнхөө сургалтанд бүрэн суугаад дараа нь тайлан мэдээгээ засаад дахин явуулж болно” гэж хэлсэн. Үүний дагуу ерөнхий нягтлан бодогч Алимаад хэлэхэд “Чи ерөөсөө хийж чадахгүй байна. Бид хотоос туршлагатай эдийн засагч авчирч хийлгэнэ” гэсэн. Намайг ажиллуулахаас татгалзсан.  Би цаг хугацаанд нь тайлан мэдээгээ зохицуулах зөвлөлд аваачиж өгч, би алдаа оноогоо цаг тухай бүрд нь асууж залруулж байсан. Хэдийгээр би тооцоо судалгааг гаргасан ч гэсэн Ерөнхий нягтлан болон захирал нар гарын үсэг зурсны дагуу тайлан мэдээгээ хүргэж өгсөн. Намайг ажлаас халсан нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна гэв.

Хариуцагч “” -ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүх хуралдаанд тайлбарлахдаа:  Цэвэр, бохир усны үнэ тарифыг “Хот суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөл” баталдаг. “Хот суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөл”-өөс хоёр жилийн хугацаанд судалгаа хийж бүх аймаг, нийслэл, дүүргийн усны үнэ тарифыг баталсан. Манай байгууллага дээр 2014 оны 06 дугаар сарын 23-ны өдөр үнэ тариф батлагдаж ирсэн. Үүнээс хойш манай үнэ тариф өөрчлөгдөөгүй. 2016 онд байгууллагын удирдлага солигдож, цэвэр, бохир усны үнэ тарифыг нэмэгдүүлэх ажил байгууллагын нэн тэргүүнд хийх ёстой ажлын нэг гэж үзэж 2016 оны 12 дугаар сард эдийн засагчийн албан тушаалд сонгон шалгаруулалт явуулж, 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн захирлын Б/238 тоот тушаалаар Э.*******г туршилтын хугацаатайгаар ажилд авсан. Э.*******г “Хот суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөл”-ийн дарга Гэрэлчулуун өөрөө сонгож авсан. Цэвэр, бохир усны үнэ тарифыг нэмэгдүүлэх ажил нь эдийн засагчийн гол хийх ёстой хариуцлагатай ажил учир 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр шинээр ажилд орсон эдийн засагчийг сургалтад хамруулж байгууллагаас томилолт, зардал, төлбөрийг төлсөн. Гэтэл эдийн засагч Э.******* нь “Хот суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөл”-өөс 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр цэвэр, бохир усны үйлчилгээний тарифын санал, холбогдох тооцоо судалгааг 2017 оны 03 дугаар сарын 20-ны дотор ирүүлэхийг мэдэгдсэн 01/99 дугаартай албан бичигт дурдагдсан ажлыг хугацаанд нь хийлгүй ажил цалгардуулсан. Мөн удирдлагаас өгсөн хариуцлагатай үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй учир байгууллагын удирдлага 2017 оны 03 дугаар сарын 09-ны өдөр захирлын Б/58 тоот тушаалаар сануулах арга хэмжээ авч, инженер, техникийн ажилчдыг яаралтай цуглуулан Э.*******гийн хийх ёстой ажлыг цаг алдалгүйгээр амралтын өдрүүдээр хийлгэж, 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр “Хот суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөл”-ийн албан бичгийн хариуг өгсөн. Хүмүүс Э.*******гийн хийх ёстой ажлыг хийж байгаадаа маш их бухимдаж байсан. Гэтэл эдийн засагч Э.******* нь дахин ажилдаа хариуцлагагүй, хайнга хандан үйлчилгээний тариф шинэчлэх тооцоо судалгаанд Налайх дүүргийн 5 дугаар хорооны уурын зуухны нүүрсний санхүүжилтийг цэвэр, бохир усны орлого болгон алдаатай шивж, 14 хоногийн амралтын өдрүүдээр хийсэн бүх ажлыг үр дүнгүй болгосон. Хэрэв Э.******* ажилдаа хариуцлагатай хандсан бол манай байгууллага 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нэмэгдүүлэн баталсан үнээр үйлчилгээ үзүүлж эхлэх байсан. Өөрөө хэлбэл байгууллага ашигтай ажиллах байсан. Үүнээс болж 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс өмнөх байдлаар 126.215.000 төгрөгийн бодит хохирол амсаад байна. Иймд Э.*******гийн бүтэн 4 сар хийж чадаагүй ажлыг хийлгэхээр эдийн засагч З.Алтанцэцэгийг 2017 оны 4 дүгээр сараас гэрээгээр авч ажиллуулсан. 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн захирлын зөвлөлийн хурлаар Э.*******г байлцуулан 2017 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөр тасалбар болгон Э.*******гийн хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Тиймээс Э.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримт болон зохигчдын өгсөн тайлбар зэргийг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ  нь:

Нэхэмжлэгч Э.******* нь хариуцагч “” -т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шүүх хуралдааны шатанд дутуу бодогдсон цалин 40.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.

Хариуцагч “” нь нэхэмжлэгч Э.*******д холбогдуулан түүнд олгосон цалин 2.736.185 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

“” нь Э.*******гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж, Э.******* нь хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж тус тус маргадаг.

Нэхэмжлэгч Э.******* нь “” -ын даргын 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Б/258 дугаар тушаалаар эдийн засагчийн  албан тушаалд 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс түр томилогдон, 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 6 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан, ажил олгогч “” -ын даргын 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/91 дүгээр тушаалаар Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4, Хөдөлмөрийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.1, 11 дүгээр зүйлийн 11.2, 12 дугаар зүйийн 12.2.2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн, Захиргааны хэсгийн эдийн засагч Э.*******г удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлээгүй, сахилгын зөрчлийг давтан гаргасан гэсэн үндэслэлээр 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс туршилтын хугацааг дуусгавар болгож хөдөлмөрийн гэрээг цуцалсан үйл баримт тогтоогдож байна. Уг үйл баримтад талууд маргаагүй.

Шүүх үндсэн нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийг дараах үндэслэлээр тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Э.*******г ажлаас халсан “” -ын 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/91 дүгээр тушаалыг хуулийн дагуу гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна. Үүнд:

“” нь Э.*******тай 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний 12.2-т Ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах, 12.2.2-т Ажилтан нь байгууллагын “Хөдөлмөрийн дотоод журам”, энэхүү хөдөлмөрийн гэрээг ноцтой зөрчсөн тохиолдолд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-ийг үндэслэн шууд цуцалж болно. Ноцтой зөрчилд дараах үндэслэлийг хамруулна. Үүнд: ... Г.Энэхүү гэрээний 10.1-10.9 заалтыг зөрчсөн, 10.Ажилтны хүлээх үүрэг, эрх, 10.1-д Ажилтан нь байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөр зохион байгуулалт, сахилга, дэг журмыг чанд сахиж, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтын дагуу хүлээсэн үүргээ идэвхи санаачлагатай ёсчлон биелүүлж байгууллагын ашиг сонирхлын төлөө үнэнч шударга, идэвхи санаачлагатай ажиллана гэж тус тус заасныг ажил олгогч, ажилтан хоорондоо харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээг байгуулжээ.

Э.******* нь “” -т эдийн засагчаар ажиллаж байх хугацаандаа удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг цаг хугацаанд нь биелүүлэлгүй, тарифын саналын тооцоо судалгааг хугацаанд нь үнэн зөв гаргаж хүргүүлээгүйгээс шалтгаалан “” нэмэгдүүлэх байсан тарифаа цаг хугацаанд нь нэмээгүйн улмаас алдагдалд орж байгууллагад тодорхой хэмжээний мөнгөн хохирол учирсан нь Хот, суурин ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 01/99 тоот албан бичгээр “” -т “цэвэр, бохир усны үйлчилгээний тарифын санал, холбогдох тооцоо судалгааг 2017 оны 03 сарын 20-ны дотор ирүүлэхийг даалгасан” мэдэгдэл, уг мэдэгдэлд заасан тооцоо судалгааг хугацаанд нь гаргаж хүргүүлэхийг Э.*******д даалгаж үүрэг болгосон байгууллагын даргын цохолт, /хх-26/

Тус мэдэгдлийн хариуг хугацаа хожимдуулж хүргүүлсэн нь “” -ын 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 53 тоот “тарифын санал хүргүүлэх тухай” албан бичгээр, /хх-31/

Мөн тариф шинэчлэх саналын тооцоо судалгааг алдаатай гаргаж хүргүүлсний улмаас Хот, суурин ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс тооцоог үнэ зөв гаргаж ирүүлэхийг “” -т мэдэгдэж хариу ирүүлсэн тус зөвлөлийн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 01/135 тоот албан бичгээр, /хх-30/

“” -ын З.Алтанцэцэгтэй 2017 оны 04 сарын 01-ний өдөр байгуулсан хамтран ажиллах гэрээ, /хх-34-35/

Захирлын зөвлөлийн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн хурлын тэмдэглэл, /хх-36-41/

“” -ын Санхүүгийн байдлын тайлан /хх-43-44/ зэргээр тус тус тогтоогдож байна.

Мөн Э.******* нь “” -т эдийн засагчаар ажиллаж байх хугацаандаа ажлын байрны тодорхойлолтын дагуу хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлж зөрчил гаргаж байсан нь “” -ын даргын 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн Б/58 тоот “сахилгын хариуцлага тооцох тухай” тушаалаар нотлогдож байна. /хх-24/      

Дээрх баримтуудыг шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдогдолтой нотлох баримтаар үнэлж ажил олгогч “” нь Э.*******г хөдөлмөрийн гэрээний 10.1-д заасан ноцтой зөрчил гаргасан, тус гэрээний 11.2-т зааснаар гэрээний хугацаандаа ажил олгогчийн шаардлагад нийцэн ажил үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэх шаардлагыг хангаагүй гэж үзэн ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т “Хөдөлмөрийн гэрээг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно”, 40.1.4-т “ажилтан ...хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэж заасантай нийцэж байна гэж дүгнэв.

“” нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т зааснаар, мөн хөдөлмөрийн дотоод журмаараа тогтоосон хугацааг үндэслэн Э.*******тай 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 6 сарын туршилтын хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулан, хөдөлмөрийн гэрээг 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр цуцалсныг буруутгах боломжгүй юм.

Нэхэмжлэгч Э.******* нь шүүх хуралдааны шатанд дутуу олгосон цалин 40.000 төгрөгийг “” -аас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн боловч уг шаардлагаа баримтаар нотлоогүй тул шүүх шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзлээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3.-д “хөдөлмөрийн гэрээ” гэж нэг талаас ажилтан нь ажил олгогчоос хуульд нийцүүлэн тогтоосон хөдөлмөрийн дотоод журмын дагуу тодорхой ажил гүйцэтгэх, нөгөө талаас ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох ..., 49 дүгээр зүйлийн 49.1-д Ажилтны цалин хөлсийг хийснээр, цагаар, бусад хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан олгоно гэж тус тус зааснаар “” нь Э.*******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр тохиролцсон цалин хөлсийг түүний хөдөлмөрийн үр дүнд тохируулан олгосон байх тул буцаан шаардах эрхгүй болно.

Иймд Э.*******гийн “” -т холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, дутуу олгосон цалин 40.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг, ” -ын Э.*******д холбогдуулан гаргасан цалин 2.736.185 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Э.******* нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн данснаас буцаан гаргуулж олгон, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулан хариуцагч “” -ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58.730 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3., 116, 118, 160 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “” -т холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, дутуу олгосон цалин 40.000 /дөчин мянга/ төгрөг гаргуулах тухай Э.*******гийн  нэхэмжлэлийг, Э.*******д холбогдох цалин 2.736.185 /хоёр сая долоон зуун гучин зургаан мянга нэг зуун наян тав/ төгрөг гаргуулах тухай “” -ын сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3. Нэхэмжлэгч Э.******* нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын төсвийн данснаас гаргуулж буцаан олгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар 7.1.1-д зааснаар хариуцагч “” -ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58.730 /тавин найман мянга долоон зуун гуч/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2, 119.4-т зааснаар  шийдвэрийг   танилцуулан  сонсогмогц  хүчинтэй  болох  бөгөөд  зохигч  7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах  гомдол гаргах эрхтэйг заасугай.

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Н.БАЯРСҮРЭН