Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/54

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Нарийн бичгийн дарга Ө.О

Улсын яллагч Ц.Л 

Шүүгдэгч Ж.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Б-д холбогдох эрүүгийн 2225000170046 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Ж.Б

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Ж.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 15 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн нутаг дэвсгэрт нийтийн автобусны буудал дээр Г.Г-н түлхэж, унаган “эгэм ясны далд хугарал” гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ж.Б-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Б мэдүүлэхдээ “мэдүүлэг өгөхгүй, хохирогчийг цохиогүй” гэв.

 

Хохирогч Г.Г “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Хохирогч Г.Г-н  “2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 15 цагийн үед дүү Х-тэй уулзаж, 6-1-р байрны “Бууз, банш” гэх цайны газар хоол идсэн. Хоолоо идэж дуусаад дүү Х-тэй хамт гарч 6-1-р байрны автобусны буудал дээрээс Эрдэнэ баг руу автобусанд суусан. Х  ажил руугаа явсан. Автобусанд ороод суухдаа жолооч залууд 500 төгрөг өгөөд суусан. Автобус явж байгаад Эрдэнэ багийн самбар өнгөрөөд Сангийн далай, Хандгайтын буудал дээр буух гэтэл жолооч залуу намайг мөнгөө өгөөгүй гээд надаас мөнгө нэхсэн. Би жолоочид автобусанд суухдаа 500 төгрөг өгөөд суусан шүү дээ гэж хэлэхэд жолооч та нар ийм хогийн мөнгөө өгдөггүй байхгүй гэж хэлээд намайг доромжлоод байсан. Би 500 төгрөг гаргаж ирээд автобусны гадаа зогсож байхдаа энэ 500 төгрөгийг аваад баяжаарай гэж хэлээд шидчихээд алхаад явж байтал миний араас гүйж ирээд намайг барьж аваад нүүрэн тус газарт гараараа цохиод усны далан руу түлхэж унагаад яваад өгсөн. Би хоёр гартаа тортой юм барьж явсан болохоор өөрийгөө хамгаалах боломжгүй байсан. Унасан газраа хэсэг суусан, миний толгой өвдөж, хамраас цус гараад байсан. Би тортой юмаа аваад гэртээ очиход эхнэр М  ганцаараа байсан. Би эхнэртээ болсон асуудлыг хэлсэн. Миний нүүрэн тус газар хавдаж, тархи тархи хөдөлсөн. Зүүн талын мөрний хэсгээр хавдаж, хөхөрсөн зүүн талын гараа хөдөлгөж чадахгүй гэмтэлтэй байна. Би ****ОРО дугаартай автобусны жолооч намайг зодсон гэж өргөдөл дээрээ бичсэн. Гэтэл намайг зодсон жолооч ****ОРО дугаартай шар өнгийн автобусны жолооч байсан юм байна. Эмчилгээ хийлгэхэд гарсан зардал 500 000 төгрөгийг Ж.Б гэх залуу надаас уучлал гуйж, хохирлыг барагдуулсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9, 11 дэх тал/,

2. Гэрч Ю.М гийн “Манай нөхөр Г   ын хувцас, хунар нь шороо болчихсон, нүүр нь цус болчихсон, гартаа тортой зүйл барьчихсан гэртээ орж ирсэн. Юу болсон талаар асуухад Эрдэнэ багийн нийтийн тээврийн автобусанд мөнгөө өгч суусан. Буух гэхэд жолооч нь дахиж мөнгө нэхээд байсан болохоор 500 төгрөг өгөөд энэ мөнгийг аваад баяжаарай гэж хэлээд алхаж байтал миний араас ирээд зодож, усны далан руу түлхэж унагаад яваад өгсөн гэж хэлсэн. Манай нөхөр бага зэрэг архи хэрэглэсэн байсан. Ухаан алдсан согтуу байгаагүй. Миний нөхрийн нүүрэн тус газарт хөхөрсөн, зүүн талын дал мөр нь хөхөрсөн байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дах тал/

3. Гэрч С.Б-ын  “Би 2020 оныд “ББ-ОД” ХХК-нд ажилд орсон. 71-58 ОРО дугаартай ногоон алаг өнгийн автобусны жолоочоор ажиллаж байсан. Би 2021 оны 11 сарын 28-ны өглөө 07 цагт ажилдаа гараад орой 19 цагт буугаад 71-58 ОРО дугаартай автобусыг “ББ-ОД” ХХК-ний гарашид оруулж, манаач О    хүлээлгэн өгсөн. Тэгээд орой нь 20 цагийн үед Улаанбаатар хот руу явсан. 2021 оны 11 сарын 29-ний өглөө 07 цагийн үед Улаанбаатарт галт тэргээр очсон. Тухайн өдрөө хотод Лхагваа гэх хүний гэрт хоноод 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өглөө 08 цагаас Дорнод аймаг руу автобусаар явсан. Тухайн өдөр 71-58 ОРО дугаартай автобус нийтийн тээвэр үйлчилгээнд гарсан эсэхийг мэдэхгүй байна. ямар жолооч гарсныг мэдэхгүй байна. Би нийтийн тээвэрт явж байхдаа хүнтэй маргалдаж зодолдоогүй” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 15 дахь тал/

4. Орхон аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 12 сарын 30-ны өдрийн 730 дугаартай “Г.Г-н  биед зүүн эгэм ясны далд хугарал, тархи доргилт, нүүр, зүүн мөрний зөөлөн эдэд 3 тооны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Эгэм ясны хугарал нь гэмтлийн зэрэг журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт. /хавтаст хэргийн 23-24 дэх тал/

5. Яллагдагч Ж.Б-н  “2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр барагцаагаар 15 цагийн үед би 6-1 дүгээр байрны буудлаас зорчигчдоо буулгаад Эрдэнэ багийн чиглэлд явсан. Энэ хэргийн хохирогч гэх Г    гэх хүн багийн шатан дээр ирэхэд бууя гээд орилсон. Тэрээр согтуу байсан бөгөөд намайг зогсохгүй хэтрээд явчихлаа гээд хэл амаар доромжлоод байсан. Төлбөр 500 төгрөгөө өгөхгүй гээд харуулчихаад буусан. Тэгэхээр нь би араас нь бууж очоод мөнгөө өг гэхэд чамд гараасаа өгөхгүй, газраас ав гээд мөнгөө газар луу шидчихсэн. Тэгэхээр нь би мөнгөө аятайхан өгчихөд яадаг юм гээд гэдсээрээ түүнийг үл ялиг түлхчихээд эргэж алхаад мөнгөө аваад автобусандаа суугаад явсан. Тэгтэл тэр нөхөр цаашаа хэд алхаж байснаа жижиг налуу жалга руу уначихсан. Түүнээс хойш нэлээд хэд хоногийн дараа цагдаагаас намайг дуудсан” гэсэн мэдүүлэг. /хавтаст хэргийн 34 дэх тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Ц.Л   дүгнэлтдээ “шүүгдэгч Ж.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн нутаг дэвсгэрт Г.Г-н түлхэж унаган хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, гэрчийн мэдүүлгээр нотлогдож байна. Имйд шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хээгт зааснаар шүүгдэгч Батхүүг 750 нэгж буюу 750 000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна гэв.

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

  1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Г.Г-н  мэдүүлсэн “Автобусанд ороод суухдаа жолооч залууд 500 төгрөг өгөөд суусан. Автобус явж байгаад Эрдэнэ багийн самбар өнгөрөөд Сангийн далай, Хандгайтын буудал дээр буух гэтэл жолооч залуу намайг мөнгөө өгөөгүй гээд надаас мөнгө нэхсэн. Би жолоочид автобусанд суухдаа 500 төгрөг өгөөд суусан шүү дээ гэж хэлэхэд жолооч та нар ийм хогийн мөнгөө өгдөггүй байхгүй гэж хэлээд намайг доромжлоод байсан. Би 500 төгрөг гаргаж ирээд автобусны гадаа зогсож байхдаа энэ 500 төгрөгийг аваад баяжаарай гэж хэлээд шидчихээд алхаад явж байтал миний араас гүйж ирээд намайг барьж аваад нүүрэн тус газарт гараараа цохиод усны далан руу түлхэж унагаад яваад өгсөн. Миний нүүрэн тус газар хавдаж, тархи тархи хөдөлсөн. Зүүн талын мөрний хэсгээр хавдаж, хөхөрсөн зүүн талын гараа хөдөлгөж чадахгүй гэмтэлтэй байна. Эмчилгээ хийлгэхэд гарсан зардал 500 000 төгрөгийг Ж.Б гэх залуу надаас уучлал гуйж, хохирлыг барагдуулсан гэх мэдүүлэг, гэрч Ю.М гийн “Манай нөхөр Г   ын хувцас, хунар нь шороо болчихсон, нүүр нь цус болчихсон, гартаа тортой зүйл барьчихсан гэртээ орж ирсэн. Миний нөхрийн нүүрэн тус газарт хөхөрсөн, зүүн талын дал мөр нь хөхөрсөн байсан” гэх мэдүүлэг, Шүүх эмнэлгийн 730 дугаартай дүгнэлт, яллагдагч Ж.Б-н  “Төлбөр 500 төгрөгөө өгөхгүй гээд харуулчихаад буусан. Тэгэхээр нь би араас нь бууж очоод мөнгөө өг гэхэд чамд гараасаа өгөхгүй, газраас ав гээд мөнгөө газар луу шидчихсэн. Тэгэхээр нь би мөнгөө аятайхан өгчихөд яадаг юм гээд гэдсээрээ түүнийг үл ялиг түлхчихээд эргэж алхаад мөнгөө аваад автобусандаа суугаад явсан. Тэгтэл тэр нөхөр цаашаа хэд алхаж байснаа жижиг налуу жалга руу уначихсан” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Ж.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 15 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн нутаг дэвсгэрт нийтийн автобусны буудал дээр Г.Г-н түлхэж, унаган “эгэм ясны далд хугарал” гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

            Шүүгдэгч Ж.Б-н  үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ж.Б-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэстэй.

 

            2.Эрүүгийн хариуцлага, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

 

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас гэмт хэрэг үйлдснийг ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, уг ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

            Гэмт хэргийн улмаас хохирогч Г.Г-н  эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд шүүгдэгч 500 000 төгрөгийн хохирол төлсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.

 

  1. Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ж.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500 000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-д оногдуулсан 500 000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол, биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС