| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2017/01240/И |
| Дугаар | 102/ШШ2017/01961 |
| Огноо | 2016-07-03 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 102/ШШ2017/01961
| 2017 оны 07 сарын 03 өдөр | Дугаар 102/ШШ2017/01961 | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа би,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 24 дүгээр байр 4 дүгээр орцонд байрлах, “Түшээ” СӨХ-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 24 дүгээр байр 107 тоотод оршин суух, Ханхөгшин овогт Жамсрандоржийн Баярсайханд холбогдох,
СӨХ-ны төлбөр 1,515,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч “Түшээ” СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Түшээ СӨХ-ны үйлчилгээнд байдаг 24 дүгээр байрны 107 тоотод оршин суугч Ж.Б нь 2010 оны 9 дүгээр сараас 2017 оны 3 дугаар сар хүтэл СӨХ-ны үйлчилгээний хөлс болох 79 сарын төлбөр 1,515,000 төгрөгийг төлөөлгүй тул хариуцагч Ж.Баас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ж.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Түшээ” СӨХ-ны нэхэмжилсэн 1,515,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ сард 20,000 төгрөгөөр төлж барагдуулах болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Түшээ” СӨХ нь хариуцагч Ж.Бд холбогдуулан 1,515,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.”Түшээ” СӨХ-ны нэхэмжлэлтэй, Ж.Бд холбогдох 1,515,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, 74.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 23,600 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот даснаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 11,800 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 11,800 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Түшээ” СӨХ-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
ШҮҮГЧ А.САРАНТУЯА