Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/55

 

 

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж

 

Нарийн бичгийн дарга Ө.О

Улсын яллагч Л.Э

Шүүгдэгч Д.Т  нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Т-т  холбогдох эрүүгийн 2125003040059 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Д.Т

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Д.Т  нь 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн нутаг дэвсгэрт А.Х  өшиглөн унагасны улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Т  нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Т  мэдүүлэхдээ: “мэдүүлэг өгөхгүй. Миний буруу” гэв.

 

Хохирогч А.Х “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

  1. Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 16 дахь тал/,

2. Хохирогч А.Х-н “Тэр өдөр гэртээ байж байхад 13 цагийн үед Б, Т гээд манай хоёр найз ирээд бид хэд хоол хийж идчихээд ганц шил архи уучихаад Яргуйт баг руу Б-гийнд очоод дахиад нэг шил архи уучихаад би тэднийхээс гараад явчихсан байсан. Тэгээд явж байхдаа замдаа нэг хүнтэй муудалцаад намайг түлхэж унагаачихаад яваад өгсөн гэж санаж байна. Тухайн үед би юу ч санахгүй байгаа юм. Хяналтын камерын бичлэгийг харахад намайг зам дээр зогсож байхад хар өнгийн жийп машинаас 1 эрэгтэй хүн гарч ирээд шууд миний ар нуруу луу нэг удаа өшиглөөд газар унаж байгаа дүрс бичлэг харагдаж байсан. Нэг удаагийн өшиглөлтөөр би урагшаагаа унахдаа нүүрээрээ унаж зүүн өвдөгний толгой болон тархи доргилт өгсөн байсан” гэсэн мэдүүлэг. /хавтаст хэргийн 23-24 дэх тал/

3. Гэрч Ц.С-н "Манай нөхөр маань Б-н  гэрээс гараад айлд очлоо гэж хэлээд 19 цаг өнгөрч байхад гараад явсан. Би араас нь 10 минутын дараа гарахад Их залуу багийн модны захын хажууд явган хүний гарцан дээр хувцас хунар нь шороо болчихсон, хамар нь шалбараад арьс нь хуурсан байдалтай цус гарсан байсан. Мөн явж чадахгүй өвдөг нь гэмтсэн байсан” гэсэн мэдүүлэг. /хавтаст хэргийн 26 дахь тал/

4. Гэрч Б.Л-н “2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр нөхөр маань ажлаа тараад гэрээс намайг аваад хороололд байдаг байшиндаа очихоор Их залуу багийн замаар явж байтал нөхөр утсаар хүнтэй утсаар ярихаар болоод зам дагуу машинаа зогсоосон. Тухайн үед нэг согтуу ах ирээд Хүргээд өг гэж хэлээд нааш цаашаа бөөн юм болсон. Сүүлдээ бүр над руу дайраад агсан тавиад машин цохиод байсан. Манай нөхөр эхлээд уураа нилээд барьсан, сүүлдээ нөхөр маань буух шиг болсон. Буцаад машиндаа орж ирэхээр нь юу болсон гэхэд өшиглөөд унагаачихлаа гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 44 дэх тал/

5. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 500 дугаартай дүгнэлтэнд “А.Х-н биед зүүн тойгоны ясны хугарал, тархи доргилт, хамрын таславчийн муруйлт гэмтэл тогтоогдлоо. Тойгоны ясны хугарал нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана, тархи доргилт, хамрын таславчийн муруйлт нь тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 47-48 дахь тал/,

6. Шинжээч Ж.Г-н “Нүүрээр унах үед хамрын таславчийн муруйлт үүсч болно” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 52 дахь тал/,

            7. Яллагдагч Д.Т-н  “Машинаа зогсоолд байрлуулаад гар утсаар ярьж байтал замын хажуугаар согтуу хүн алхаж явж харагдсан. Тухайн хүн миний машины цонхыг тогшсон. Цонхоо буулгатал чи намайг гэрт хүргэж өг гэж хэлсэн. Би ажилтай байна чадахгүй гэж хэлсэн. Тэгтэл ард талын хаалгыг онгойлгох гэж татсан мөн хэл амаар доромжилж агсам тавьсан. Хөдлөөд явах гэхээр машинаас зүүгдээд явуулахгүй байсан. Эхнэр тухайн хүнд хандаж та одоо болио хөгшин хүн байж гээд мөн надад хандаж цагдаа дуудчих гэж хэлсэн. Эхнэр болон А.Х нар хоорондоо хэрэлдээд бие биедээ салаавч гаргаад байсан. Тухайн хүн явах гэж байснаа машины ар хэсэг рүү гараараа цохихоор нь машинаа жаахан урагшлуулан тавьж байгаад машинаасаа бууж ирээд тухайн хүнийг араас нь өшиглөн унагасан” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 61 дэх тал/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Л.Э  дүгнэлтдээ “Шүүгдэгч Д.Т  нь 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн нутаг дэвсгэрт А.Х  өшиглөн унагасны улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. Иймд шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжээр торгох ял оногдуулах саналтай. Уг ялыг хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй” гэв.

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч А.Х-н “хяналтын камерын бичлэгийг харахад намайг зам дээр зогсож байхад хар өнгийн жийп машинаас 1 эрэгтэй хүн гарч ирээд шууд миний ар нуруу луу нэг удаа өшиглөөд газар унаж байгаа дүрс бичлэг харагдаж байсан. Нэг удаагийн өшиглөлтөөр би урагшаагаа унахдаа нүүрээрээ унаж зүүн өвдөгний толгой болон тархи доргилт өгсөн байсан” гэх мэдүүлэг, гэрч Ц.С-н "Их залуу багийн модны захын хажууд явган хүний гарцан дээр хувцас хунар нь шороо болчихсон, хамар нь шалбараад арьс нь хуурсан байдалтай цус гарсан байсан. Мөн явж чадахгүй өвдөг нь гэмтсэн байсан” гэх мэдүүлэг, гэрч Б.Л-н “Тухайн үед нэг согтуу ах ирээд хүргээд өг гэж хэлээд нааш цаашаа бөөн юм болсон. Сүүлдээ бүр над руу дайраад агсан тавиад машин цохиод байсан. Манай нөхөр эхлээд уураа нилээд барьсан, сүүлдээ нөхөр маань буух шиг болсон. Буцаад машиндаа орж ирэхээр нь юу болсон гэхэд өшиглөөд унагачихлаа гэж хэлсэн” гэх мэдүүлэг, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 500 дугаартай дүгнэлт, шинжээч Ж.Г-н “нүүрээр унах үед хамрын таславчийн муруйлт үүсч болно” гэсэн мэдүүлэг, яллагдагч Д.Т-н  “тухайн хүн явах гэж байснаа машины ар хэсэг рүү гараараа цохихоор нь машинаа жаахан урагшлуулан тавьж байгаад машинаасаа бууж ирээд тухайн хүнийг араас нь өшиглөн унагасан” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Д.Т  нь 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн нутаг дэвсгэрт А.Хавайтай маргалдан өшиглөн унагасны улмаас эрүүл мэндэд нь зүүн тойгоны ясны хугарал, тархи доргилт, хамрын таславчийн муруйлт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

            Шүүгдэгч Д.Т-н  үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Түмэндэлгэрийг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

            2.Эрүүгийн хариуцлага, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

 

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас гэмт хэрэг үйлдсэн зэрэг ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгааг харгалзанэ үзэж, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, уг ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

            Гэмт хэргийн улмаас хохирогч А.Хавайн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.

 

  1. Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Түмэндэлгэрийг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700 000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Т-т  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т-т  оногдуулсан 700 000 төгрөгөөр торгох ялыг 7 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол, биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС