Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/56

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

Нарийн бичгийн дарга Ө.О

Улсын яллагч Л.Э

Шүүгдэгч Б.Б  нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-т холбогдох эрүүгийн 2225000000057 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Б.Б

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Б.Б  нь 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн 7а хороололын 11 дүгээр байрны гадна Б.Б-н эзэмшлийн **** ора улсын дугаартай Ниссан Элгранд загварын тээврийн хэрэгсэлийн хойд, урд хаалганы шил болон хоёр толийг труба төмрөөр цохин хагалж 710 000 төгрөгийн хохирол учруулж бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Б-г бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, 710 000 төгрөгийн хохирол учруулж гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б  мэдүүлэхдээ “мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Хохирогч Б.Б“шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 5-8 дахь тал/,

2. Хохирогч Б.Б-н Удалгүй Д ирээд машинд суугаад юм яриад хоёр лааз пиво уугаад байж байхад Д арын суудал дээр унтчихсан байсан. Тэгээд Д-гийн нөхөр Батзориг гартаа юм барьчихсан ирээд зүүн талын голын шилийг хагалаад дараа нь миний сууж байсан жолооч талын хаалганы шилийг цохиж хагалсан дараа нь хоёр талын толийг хугалчихаад шууд Батзориг яваад өгсөн” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18 дахь тал/,

3. Гэрч П.Д-гийн “Би 11 дүгээр байрны зүүн талын авто машины зогсоол дээр байрлах **** 0РА улсын дугаартай тзэврийн хэрэгсэлд суугаад юм яриад сууж байхдаа 1 ширхэг лаазтай пиво ууж байснаа санаж байна тухайн өдөр ажлынхаа хамт олонтой гадуур архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байсан учраас яг сайн санахгүй байна. Тэгээд машинд сууж байхдаа унтчихсан байсан. Нэг мэдсэн шил хагарах чимээ дуугаар сэрээд байж байхад жолоочийн талын цонх дахиад хагарсан машины урдуур хүн өнгөрөхөөр нь харахад манай нөхөр Б.Б  яваад өнгөрөхөөр нь би машинаас буугаад араас нь гэр рүү явсан” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26 дахь тал/,

4. Ашид билгүүн ХХК-ны 2022 оны 01 сарын 05-ны өдрийн 1707 дугаартай “Шууд зардлын дүн 710 000 төгрөг” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 44-45 дахь тал/,

            5. Яллагдагч Б.Б-н “2021 оны 12 дугаар сарын 21-ний орой 20-21 цагийн хооронд тагтан дээрээ тамхи татаад зогсож байхад эхнэр П.Д, Б-н хамтаар 10 дугаар байрны доор байрлах дэлгүүрээс гарч явсныг хараад, гэртээ орж ирэхийг нь хүлээгээд ирэхгүй болохоор нь 23 цаг өнгөрч байхад гэрээсээ гарч яваад ойролцоо барилгын хогон дээрээс төмөр труба олж аваад 11-р байрны гадна зогсоол дээр байсан Б-н **** ОРА улсын дугаартай машинд дөхөж очоод Д, Б   нар хамт сууж байхаар нь машиных нь зүүн талын голын шилийг хагалаад Б-н сууж байсан жолоочийн шил мөн хоёр толийг хагалчихаад яваад өгсөн” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 56 дахь тал/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Л.Э  дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.Б  нь 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн 7а хороололын 11 дүгээр байрны гадна Б.Б-н эзэмшлийн **** ора улсын дугаартай Ниссан Элгранд загварын тээврийн хэрэгсэлийн хойд, урд хаалганы шил болон хоёр толийг төмрөөр цохин хагалж 710 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож тогтоогдсон, шүүгдэгч гэм буруутай байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700 000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэв.

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч Б.Б-н Дгийн нөхөр Батзориг гартаа юм барьчихсан ирээд зүүн талын голын шилийг хагалаад дараа нь миний сууж байсан жолооч талын хаалганы шилийг цохиж хагалсан дараа нь хоёр талын толийг хугалчихаад шууд Батзориг яваад өгсөн” гэх мэдүүлэг, гэрч П.Дгийн “Нэг мэдсэн шил хагарах чимээ дуугаар сэрээд байж байхад жолоочийн талын цонх дахиад хагарсан машины урдуур хүн өнгөрөхөөр нь харахад манай нөхөр Б.Б  яваад өнгөрөхөөр нь би машинаас буугаад араас нь гэр рүү явсан” гэх мэдүүлэг, Ашид билгүүн ХХК-ны 1707 дугаартай дүгнэлт, яллагдагч Б.Б-н “Б-н **** ОРА улсын дугаартай машинд дөхөж очоод Д, Б   нар хамт сууж байхаар нь машиных нь зүүн талын голын шилийг хагалаад Б-н сууж байсан жолоочийн шил мөн хоёр толийг хагалчихаад яваад өгсөн” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Б.Б  нь нь 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн 7а хороололын 11 дүгээр байрны гадна Б.Б-н эзэмшлийн **** ора улсын дугаартай Ниссан Элгранд загварын тээврийн хэрэгсэлийн хойд, урд хаалганы шил болон хоёр толийг труба төмрөөр цохин хагалж 710 000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

            Шүүгдэгч Б.Б-н үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг устгаж гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Б-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

            2. Эрүүгийн хариуцлага, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

 

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, ял шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, уг ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

            Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Б  д 710 000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирол төлөгдсөн, хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.

 

            3. Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Б-н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг устгаж гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-г 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700 000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-т оногдуулсан 700 000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС