| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2017/02120/И |
| Дугаар | 102/ШШ2017/01780 |
| Огноо | 2017-06-15 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 102/ШШ2017/01780
| 2017 оны 06 сарын 15 өдөр | Дугаар 102/ШШ2017/01780 | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 19 дүгээр хороо, Баянбулаг гудамж .. тоотод оршин суух, Түмэд овогт Ш.Э-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо,... дугаар байр …тоотод оршин суух, Бүтэмж овогт Т. М-д холбогдох,
Гэрээний үүрэгт 362,850 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч Ш.Эшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ш.Эминий бие 2017 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Турк улсруу ажилд зуучилна гэсэн зарын дагуу ярьж, Т.М гэх залуу өнөөдөр амжиж бүртгүүлэхгүй бол суудагүй болно гэсний даруу Т.Мөнх-Эрдэнийн компани дээр очиж гэрээ хийсэн боловч гэрээний нэг хувийг өгөөгүй. Гэтэл тэр орой нь миний нөхрийн ах нь нас барсан гэж сонсоод маргааш нь буюу …дугаартай дансанд хийсэн 2,072,000 төгрөгөө авна гэхэд өгч чадахгүй гэсэн. Бид энэ дагуу цагдаад хандахад мөнгийг чинь өгье гээд 1,710,000 төгрөгийг өгч, үлдэх 362,850 төгрөгийг гэрээ хийсэн мөнгө гээд өгөөгүй учир Т.Мс гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Т.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Т.М уг хэрэгт хариуцагчаар оролцож байна. Нэхэмжлэгч Ш.Эийн нэхэмжилж буй 362,850 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ш.Энь хариуцагч “Мөнх-Эрдэнэ” ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 362,850 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 362,850 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Ш.Э-ийн нэхэмжлэлтэй, “Мөнх-Эрдэнэ” ХХК-д холбогдох 362,850 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч “Мөнх-Эрдэнэ” ХХК-ийн захирал Ш.Мөнх-Эрдэнэ нь нэхэмжлэлийн шаардлага болох 362,850 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, 74.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 11,535 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 5,767.5 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 5,767.5 төгрөгийг төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
ШҮҮГЧ А.САРАНТУЯА