Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/60

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

Нарийн бичгийн дарга Ц.Н

Улсын яллагч С.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц , Ч.Б

Шүүгдэгч А.Д , Ц.М нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Д , Ц.М нарт холбогдох эрүүгийн 2125003340361 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт.

 

  1. А.Д

 

2. Ц.М

 

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч А.Д , Ц.М нар нь 2021 оны 09 дүгээр сарын 10-20-ны өдрүүдэд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн нутаг дэвсгэрт хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт ургамлын түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр бэлтгэсэн, биедээ хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А.Д , Ц.М нарыг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Д  мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.М мэдүүлэхдээ “2021 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр А.Д  бид хоёр Говил багт уулзаад дэлгүүрээс ус, чихэр аваад балгас руу очиж өвс хэрэглэсэн нь үнэн. Түүнээс би уг өвсийг хадгалаагүй” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн үеэр бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 10-22 дахь тал/,

 

2. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, мэдүүлэг шалгах ажиллагааны үеэр бэхжүүлж авсан гэрэл зургууд /хх-н 23-30/

 

3. Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч М .Г 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр А.Д ын биед болон гадуур хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн үеэр бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хавтаст хэргийн 35-37 дахь тал/

 

4. Гэрч Б.А  “Манай хүү А.Д  нь хэрэгт холбогдохоор нь би яасан юу болсон талаар хүүгээсээ асуухад манай хүү сонирхож үзээд хориотой байдаг зүйлийг түүгээд Ц.М найзтайгаа хамт хэрэглэж үзсэн гэж надад хэлсэн. Хаанаас, хэзээ, юу түүсэн талаараа бол надад хэлэхгүй байсан” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 47 дахь тал/

 

5. Гэрч Ц.М “Д хорооллын жалганаас түүсэн газартаа уг ургамлаа хатаагаад орхичихдог юм билээ. Тэр нь 10 аас 20 минутын дотор хатчихдаг ба тэрийгээ аваад хоёулаа 2 дугаар сургуулийн ар талд байрлах балгас руугаа очиж татдаг байсан юм” гэсэн мэдүүлэг. /хавтаст хэргийн 45 дахь тал/

 

6. Хүний биеэс биологийн дээж авч, уг дээжийг тест ашиглан үр дүнг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хавтаст хэргийн 50-53 дахь тал/

 

7. Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын химийн шинжээч А.Батбаярын 4385 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн ургамал мэт зүйл нь шинжилгээнд тэнцэнэ. “А.Д ” гэж хаяглаж, битүүмжилсэн гялгар ууттай нунтаг, ургамал мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ илэрсэн. Дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын жагсаалтад хамаарна” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 58-60 дахь тал/

 

8. Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын химийн шинжээч А.Батбаярын 4383 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. А.Д  /ФД02271011/ 2021.09.20 гэж хаягласан шээсний дээжээс Тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн. Тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын жагсаалтад хамаарна. 4384 дугаартай шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Ц.М /ФБ99062311/ 2021.09.20 гэж хаягласан шээсний дээжээс Тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн. Тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-ын Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын жагсаалтад хамаарна” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 66-68, 73-74 дэх тал/

 

9. А.Д ын сэжигтнээр өгсөн “Би 2021 оны 09 дүгээр сарын эхээр Говил багийн Хорооллын жалганаас нэг атга хэмжээтэйг түүж авч бид 2 хэрэглэсэн юм. Ц.М-н гэрт байгаа эсэхийг мэдэхгүй байна. Ц.М-тэй гар утсаар холбогдож байгаад Говил багийн нутаг дэвсгэрт байрлах Ээж төв дэлгүүрийн урд талд уулзаад мансууруулах ургамал ургадаг Говил багийн Хороолол гэх газар руу яван очиж газарт ургасан байсан мансууруулах ургамлыг Ц.М бид 2 гараараа зулгаан түүж, куртикныхээ халаасанд хийгээд бид хоёр Асгат нэртэй дэлгүүр орж би өөрөөсөө мөнгө гарган 1 ширхэг жижиг савтай ус авч Говил багийн нутаг дэвсгэрт байрлах 2 дугаар цэцэрлэгийн хажуу талын балгасанд очиж түүсэн ургамлаа татан хэрэглэсэн. Уг ургамлыг татан хэрэглэхийн тулд бэлтгэж байгаа үйл явцыг Ц.М нь мэдэж байсан бөгөөд надад зааж өгөөд байсан. Мансууруулах ургамал ургадаг Говил багийн Хороолол гэх газар луу Ц.М намайг дагуулан явсан. Ц.М ургадаг гэж мэдэж байсан. Ц.М анх санаачлан надад хэлсэн. Би сонирхож үзээд Ц.М-н хамт уг ургамлыг түүн бэлдэж, хэрэглэх болсон” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 79-81 дэх тал/

 

10. Яллагдагч Ц.М “А.Д  дандаа өөрийн өмсөж байсан хувцасныхаа халааснаас ургамал гаргаж ирэн надтай хамт ус, ундааны саванд хийж татаж хэргэлдэг байсан. Ус, ундааны саванд бэлдэн хэрэглэдэг гэдгийг А.Д  бид хоёр мэддэг байсан. Би цахим орчноос мэддэг болсон. А.Д  хэрхэн яаж мэддэг болсныг нь мэдэхгүй байна. А.Д ын хамт мансууруулах төрлийн ургамал хэрэглэж байгаа гол шалтгаан нь сонирхсондоо хэрэглэж үзсэн. Анх А.Д  санаачлан надад хамт хэрэглэх санал тавьсан” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 94 дэх тал/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

 

Шинжлэн судалсан нотлох баримтуудаас хавтаст хэргийн 45 дугаар талд авагдсан шүүгдэгч Ц.М гэрчээр өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж үзлээ. Яллагдагчийн гэрчээр өгсөн мэдүүлгийг тухайн хэрэгт нь өөрийнх нь гэм буруутай эсэхийг нотлох баримтаар тооцох боломжгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан яллагдагчийн эрхийг зөрчсөн гэж үзлээ.

 

 Бусад нотлох баримтуудын хувьд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын санал дүгнэлт:

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч С.Б  санал дүгнэлтдээ: “Шүүгдэгч А.Д  шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ өөрийн гэм буруугийн тал дээр маргаж мэтгэлцэхгүй гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан мансууруулах сэтгэцэд нөлөөлөх ургамлын түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр бэлтгэсэн биедээ хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. Шүүгдэгч Ц.М энэ гэмт хэргийг үйлдээгүй гэж шүүхийн хэлэлцүүлгийн явцад мэдүүлж байгаа нь үндэслэлгүй юм. Учир нь цахим орчинд цагдаагийн дүрэмт хувцастай хүн мансуурч байгаа зураг цацагдсанаар уг хэргийг шалгахаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан. Тус хэрэгт А.Д ыг яллагдагчаар татан мэдүүлэг авах үед Ц.М хамтран оролцсон нь нотлогдсон тул түүнийг мөн яллагдагчаар татсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт гэмт хэрэгт үйлдлээрээ санаатай нэгдсэнийг хамтран оролцсонд тооцно гэж заасан тул Ц.М энэ хэрэгт хамтран оролцсон нь тогтоогдож байна. Шүүгдэгч Ц.Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэн авсан шинжээчийн дүгнэлт, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, мэдүүлэг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, гэрэлт зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Ц.Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мансууруулах сэтгэцэд нөлөөлөх ургамлын түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр бэлтгэсэн биедээ хадгалсан гэмт хэргийг хамтран үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй. Шүүгдэгч А.Д , Ц.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад ялыг биечлэн эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорих нь зүйтэй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан мансууруулах төрлийн түүхий эдийн ургамлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулах саналтай байна” гэв

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Б  дүгнэлтдээ: “Ц.Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодисыг бэлтгэсэн хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэх яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. А.Д ын биеэс уг бодис илэрсэн нь хамт явж байсан Ц.М хадгалсан гэсэн үг биш юм. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хамтран оролцсон гэж улсын яллагчийн тайлбарлаж байгаа тайлбар нь үндслэлгүй байна. Ундааны сав цоолсон үйлдлийг нь бэлтгэсэн, хадгалсан гэж үзэхгүй тул Ц.М үйлдэл нь энэ гэмт хэргийн шинжийг агуулаагүй гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгч 22 настай, найз охин нь 7 сартай жирэмсэн тул хувийн байдлыг нь харгалзан үзэж заавал нийгмээс тусгаарлахгүйгээр оногдуулах хорих ялыг тэнсэн харгалзаж өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц  дүгнэлтдээ: Шүүгдэгч А.Д ын гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн тал дээр улсын яллагчтай маргаж, мэтгэлцэхгүй. А.Д  нь 20 настай, барилгын туслах ажилчин хийж гэр бүлээ тэжээдэг, ээж болон өндөр настай эмээгийн хамт амьдардаг. Эцэг нь 2017 онд нас барсан, түүний ээж н.А  нь зүрхний хүнд өвчтэй эмчийн хяналтанд байдаг тул түүний хувийн байдлыг харгалзан үзэж мөн хийсэн хэрэгтэй чин санаанаасаа гэмшиж байгаа байдлыг нь харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял оногдуулах буюу зорчих эрх хязгаарлах ял эсхүл хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэн харгалзах хугацааг өндөр тогтоож, албадлагын арга хэмжээг хэрэглэж өгнө үү гэсэн саналтай байна“ гэв.

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1.Хэргийн үйл баримт, шүүгдэгч нарын гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, А.Д ын биед болон гадуур хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч Б.А  “юу болсон талаар хүүгээсээ асуухад манай хүү сонирхож үзээд хориотой байдаг зүйлийг түүгээд Ц.М найзтайгаа хамт хэрэглэж үзсэн гэж надад хэлсэн. Хаанаас, хэзээ, юу түүсэн талаараа бол надад хэлэхгүй байсан” гэх мэдүүлэг, хүний биеэс биологийн дээж авч, уг дээжийг тест ашиглан үр дүнг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 4385 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 4383 дугаартай дүгнэлт, А.Д ын сэжигтнээр өгсөн “Ц.М-тэй уулзаад мансууруулах ургамал ургадаг Говил багийн Хороолол гэх газар руу яван очиж газарт ургасан байсан мансууруулах ургамлыг бид 2 гараараа зулгаан түүж, куртикныхээ халаасанд хийгээд бид хоёр Асгат нэртэй дэлгүүр орж би өөрөөсөө мөнгө гарган 1 ширхэг жижиг савтай ус авч Говил багийн нутаг дэвсгэрт байрлах 2 дугаар цэцэрлэгийн хажуу талын балгасанд очиж түүсэн ургамлаа татан хэрэглэсэн” гэх мэдүүлэг, яллагдагч Ц.М “А.Д  дандаа өөрийн өмсөж байсан хувцасныхаа халааснаас ургамал гаргаж ирэн надтай хамт ус, ундааны саванд хийж татаж хэргэлэдэг байсан. Ус, ундааны саванд бэлдэн хэрэглэдэг гэдгийг А.Д  бид хоёр мэддэг байсан. Анх А.Д  санаачлан надад хамт хэрэглэх санал тавьсан” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч А.Д  Ц.М нар нь 2021 оны 09 дүгээр сарын 10-20-ны өдрүүдэд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн нутаг дэвсгэрээс НҮБ-н 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын жагсаалтад багтдаг Дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эд болох ургамлыг түүж бэлтгэсэн, шүүгдэгч А.Д  нь биедээ хадгалсан үйл баримт тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Ц.М болон түүний өмгөөлөгч нар мэдүүлэг тайлбартаа “Ц.М нь уг ургамлыг татаж хэрэглэсэн боловч түүж бэлтгэсэн, хадгалсан үйлдэл байхгүй” гэж мэтгэлцэж байх боловч шүүгдэгч А.Д ын ” Мөнх-эрдэнэ бид хоёр хамт түүсэн, анх Мөнх-Эрдэнээс мэдэж авсан” гэсэн мэдүүлэг бусад баримтаар Ц.М нь хориглосон ургамлыг мэдсээр байж түүж бэлтгэсэн үйл баримт тогтоогдож байна. Харин яллах дүгнэлтэд дурьдсан Ц.М нь уг ургамлыг хадгалсан гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

 

            Шүүгдэгч А.Д , Ц.М нарын мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар бэлтгэсэн, шүүгдэгч А.Д ын мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар хадгалсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А.Д , Ц.М нарыг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгч нарын гэм буруу нотлогдсон байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

 

            2. Эрүүгийн хариуцлага, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

 

                    Шүүгдэгч А.Д , Ц.М нарт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршиг, нийгмийн аюулын хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан хорих ялыг ялгамжтай оногдуулж, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохиролгүй, төлөх төлбөргүй боловч уг гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, хор уршгийг мөнгөн дүнгээр илэрхийлэх боломжгүй бөгөөд уг хохирол, хор уршиг арилаагүй учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл, 7.1 дүгээр зүйлд зааснаар ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжгүй гэж үзлээ.

 

            3. Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар 4 грамм ууттай ургамал мэт зүйл хураагдаж Цагдаагийн газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ц.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч А.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Мөнх-Эрдэнийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч А.Д ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М-д оногдуулсан 1 жил 6 сарын хорих ял, шүүгдэгч А.Д т оногдуулсан 1 жилийн хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.М, А.Д  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж Цагдаагийн газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 4 грамм ургамал мэт зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Орхон аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

 

6. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС