Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 287

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Налайх дүүрэг, 5 дугаар хороо, 72-4 тоотод оршин суух, Хиагт боржигон овгийн Ганбаатарын Алтанцэцэг /РД: НЭ92102907/-ийн

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 10 дугаар баг, 5 дугаар хороолол, 4-175 тооттод оршин суух, Тайж овгийн Алтанцэцэгийн Мөнх-Од /РД: ПК94091712/-д холбогдох

Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр  хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Алтанцэцэг, хариуцагч А.Мөнх-Од, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одгэрэл нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Алтанцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би А.Мөнх-Одтой 2013 оны 11 дүгээр сараас эхлэн хамтран амьдарч 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр бидний охин төрсөн. Охиноо төрснөөс хойш А.Мөнх-Од нь яваад 3 жилийн дараа ирж 2 сар хамт амьдарч байгаад 2017 оны 03 дугаар сард яваад ор сураггүй болсон.  А.Мөнх-Од нь санхүүгийн талаар огт тусалдаггүй, зовж явахад өөрийнхөө амин хувиа хичээдэг, хүн чанар муутай, цаашдаа хамтран амьдрах боломжгүй болсон. Иймд өрхийн орлогогүй, өрх толгойлсон эмэгтэй миний ахуй амьдралыг харгалзан үзэж охин А.Анужинд хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч А.Мөнх-Од шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Охин А.Анужин нь миний охин мөн. Би хүүхдийн тэтгэмжийг хуульд зааснаар өгөхийг хүлээн зөвшөөрч байна гэв.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Алтанцэцэг нь хариуцагч А.Мөнх-Одод холбогдуулан 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн охин А.Анужинд хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч А.Мөнх-Од нь нэхэмжлэлийн шаардлагад маргадаггүй, хүлээн зөвшөөрсөн.

Г.Алтанцэцэг, А.Мөнх-Од нар нь 2013 онд анх танилцан хамтран амьдарч тэдний дундаас 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр охин А.Анужин төрсөн, А.Мөнх-Од нь охин А.Анужингийн эцэг мөн, тэтгэлэг төлөх үндэслэлтэй зэрэг нь зохигчдын тайлбар, “Эрүүл өрх” ӨЭМТ-ийн “хүүхэд эрүүл бойжиж буй тухай” тодорхойлолт /хх-2/, охин А.Анужингийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-6/ зэргээр нотлогдож байна. 

Хариуцагч А.Мөнх-Од нь охин А.Анужинд тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрдөг, мөн Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “эцэг, эх нь хүүхдээ ... тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж заасны дагуу тэрээр охин А.Анужинд тэтгэлэг төлөх үндэслэлтэй болно.

Иймд Гэр бүлийн тухай хуульд зааснаар эцэг А.Мөнх-Одоос хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулж охин А.Анужинг тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэлээ.

Хавтаст хэрэгт авагдсан “Эрүүл өрх” ӨЭМТ-ийн “хүүхэд эрүүл бойжиж буй тухай” тодорхойлолт /хх-2/, нэхэмжлэгч Г.Алтанцэцэгийн байнга оршин суугаа хаягийг тодорхойлсон Налайх дүүргийн 5 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-3/, охин А.Анужингийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-6/ зэргийг хуулийн шаардлага хангасан, хэрэг хянаж шийдвэрлэхэд болон шийдвэр гаргахад ач холбогдолтой, хамаарал бүхий үнэн зөв нотлох баримт гэж үнэлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч Г.Алтанцэцэгийг улсын тэмдэгтийн хураамж 31.248 төгрөг төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлснийг дурдаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан хариуцагч Г.Гантулгаас улсын тэмдэгтийн хураамжид 31.248 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулах нь зүйтэй.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.2.8 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар эцэг Тайж овгийн Алтанцэцэгийн Мөнх-Одоос хүүхдийн тэтгэлэгийг сар бүр, хүүхэд оршин суугаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар 11 нас хүртэл, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр гаргуулж, 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн охин Алтанцэцэгийн Анужин /РД: УД14291921/-г тэжээн тэтгүүлсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар цалин хөлснөөс өөр орлогогүй тохиолдолд А.Мөнх-Одоос гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч Г.Алтанцэцэгийг улсын тэмдэгтийн хураамж 31.248 /гучин нэгэн мянга хоёр зуун дөчин найм/ төгрөг төлөхөөс чөлөөлснийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагч А.Мөнх-Одоос улсын тэмдэгтийн хураамжид 31.248 /гучин нэгэн мянга хоёр зуун дөчин найм/ төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсогмогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг заасугай.

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Н.БАЯРСҮРЭН