Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 1913

 

                                                 

 

 

 

 

 

 

 

Б.Анхзаяагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч  Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2017/02165 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Б.Анхзаяагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Л.Ундармаад холбогдох

 

   Зээлийн гэрээний үүрэгт 1 200 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: В.Хүрэлхад,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: .Э.Эрдэнэбулган нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Хүрэлхад шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Ундармаа нь нэхэмжлэгч 2016 оны 2 дугаар сарын 08-ны өдөр 1 000 000 төгрөгийг 10 хоногийн хугацаатай, 20 хувийн хүүтэй зээлсэн боловч зээл, хүүгийн төлбөрөө төлөөгүй өнөөдрийг хүрч байна. Иймд зээлийн үндсэн төлбөр 1 000 000 төгрөг, зээлийн хүү 200 000 төгрөг нийт 1 200 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 2 дугаар сарын 08-ны өдөр дүү Л.Баярмаа найз Ч.Ганчимэг нар нь ээж болох Мөнхмартаас 1 000 000 төгрөгийг 10 хоногийн хугацаатай 20 хувийн хүүтэй зээлсэн. Л.Баярмаа нь 400 000 төгрөгийг 480 000 болгон өгч найз болох Ч.Ганчимэг нь 600 000 төгрөгийг 720 000 төгрөг болгож өгөхөөс Ч.Ганчимэгийн охин н.Чаминцэцэгээс 160 000 төгрөгийг миний дансаар өгсөн. н.Мөнхмартад тухайн үед ээж нь халуун ус ажиллуулж байсан болохоор 2 дугаар сарын 20-ны орой 20 цагийн үед нийт 560 000 төгрөгийг би өөрөө өгсөн. Л.Баярмаагийн үлдэгдэл 80 000 төгрөгийг би өгөөгүй. Н.Мөнхмарт, Б.Амарзаяа хоёр нь надаас 3 000 000 төгрөгийн зээлийг хамтарч аваад төлөөгүй байсан тул 2 сарын хүү болгож авсан. Найз Ч.Ганчимэг үлдэгдэл 560 000 төгрөгийг яаж өгснийг мэдэхгүй, энэ үеээс эхлэн олон жил найзалсан найзтайгаа тангараг тасарсан. Тухайн үед энэ хоёрт мөнгийг зээлэхэд Хаан банкны виза байхгүй улмаас миний дансаар шилжүүлсэн. 2017 оны 2 дугаар сарын 21-ний өдөр иргэний шүүхээр ороод н.Мөнхмарт, Б.Анхзаяа нараас вишн фондоос хамтарч авсан 1 сая төгрөг төлөх шийдвэр гарсан. Гэхдээ бүтэн жилийн хүү ч аваагүй. Б.Анхзаяа нь зөвхөн миний дансаар шилжүүлсэн болохоор намайг авсан гэж гүтгэж байгаа тул гомдолтой байна. Иймд сэтгэл санаагаар тайван байлгахгүй, ямар ч хамааралгүй зүйлд тайван байлгахгүй байгаад сэтгэл санаагаар хохирч байна гэжээ.  

 

            Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Л.Ундармаагаас 1 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Анхзаяад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 200 000 төгрөг холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Анхзаяагаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33 350 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Ундармаагаас 28 550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Анхзаяад олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хүртэл хугацаанд шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай тус шүүхийн шүүгчийн 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 09389 дугаар захирамж хэвээр байхыг мэдэгдэж шийдвэрлэжээ.

 

            Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх хэт нэг талыг барьж уг хэргийн үнэн зөвийг ололгүй гарсан тул уг хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. Учир нь, уг хэрэгт холбогдох 1 000 000 төгрөгийг миний 5022707881 дансаар гуйвуулан Л.Баярмаа 400 000 төгрөг, Ч.Ганчимэг нь 600 000 төгрөг болгон хувааж авсан. Л.Баярмаа нь 2016 оны 2 дугаар сарын 20-ны орой 400 000 төгрөг. Ч.Ганчимэгийн 160 000 төгрөгийг Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Эрдэнэ толгой 45 дугаар гудамжид байрлах Б.Анхзаяагийн эмээгийн ажиллуулдаг халуун усны газарт Б.Анхзаяагийн ээж Мөнхмартад бэлнээр аваачиж өгсөн. Энэ үед Б.Анхзаяагийн эмээ байсан. Ч.Ганчимэгийн авсан 600 000 төгрөгийг 3-4 сарын хооронд хүүтэйгээр 2 хувааж банкаар төлсөн гэж хэлдэг. Б.Анхзаяа болон ээж Мөнхмарт нар өмгөөлөгч болох В.Хүрэлхад нь мөнгө буцааж төлсөн талаар огт мэдээлэл аваагүй. Уг хэрэгт холбогдох 1 000 000 төгрөгийг Л.Баярмаа болон Ч.Ганчимэг нар нь хүүтэй, торууль төлөөд дууссан бөгөөд Б.Анхзаяа болон ээж Мөнхмарт нар нь худал хуурмаг /тухай үед Л.Баярмаа, Ч.Ганчимэг хоёрт карт байгаагүйгээс Л.Ундармаагийн дансаар шилжүүлж авсан тул/ өргөдөл гаргасан гэж үзэж байгаа. Ийм учраас уг хэргийг Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд буцааж гэрчүүд болох Мөнхмартыг шүүх хуралд оролцуулж үнэн зөв шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

                                        

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.

 

Нэхэмжлэгч Б.Анхзаяа нь хариуцагч Л.Ундармаад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1 200 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрөн маргажээ.

 

Хариуцагч Л.Ундармаа нь 2016 оны 2 дугаар сарын 08-ны өдөр Л.Ундармаагаас 1 000 000 төгрөгийг өөрийн эзэмшлийн, Хаан банк дахь 5022707881 тоот дансаар хүлээн авсан талаар маргаагүй, нэхэмжлэгч уг мөнгөн хөрөнгийг зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн гэж тайлбарласан байна. Харин хариуцагч Л.Ундармаа нь уг мөнгөн хөрөнгийг зээлийн гэрээний зориулалтаар аваагүй, дүү Л.Баярмаа, найз Ч.Ганчимэг нар нь түүний дансыг ашиглаж авсан гэж маргасан байх боловч хариуцагч нь уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

 

Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар талуудын тайлбар нь нотолгооны хэрэгсэол хамаарах ба хариуцагч нь шүүхэд гаргасан тайлбартаа “... зээлийн гэрээний төлбөрт 560 000 төгрөгийг Б.Анхзаяад төлсөн” гэх тайлбар зэргийг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудтай харьцуулан дүгнэхэд талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсчээ.

 

Иймд анхан шатны шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн болно.

 

Хариуцагч нь зээлийн  гэрээний дагуу олгогдсон мөнгөн хөрөнгө болох 1 000 000 төгрөгийг өөрөө авч ашиглаагүй, зээлийн төлбөрт 560 000 төгрөг төлсөн болохоо баримтаар нотлоогүй байх тул анхан шатны шүүх хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт төлбөл зохих 1 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Талууд зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй байх тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар зээлдүүлэгч Б.Анхзаяа нь зээлдэгч Л.Ундармаагаас хүү шаардах эрхгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

 

Хариуцагч Л.Ундармаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлээгүй буюу гэрч оролцуулах тухай хүсэлт гаргаагүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  161 дүгээр зүйлийн 161.4 дэх хэсэгт “энэ хуулийн 161.1-д заасан этгээд давж заалдах гомдлын үндэслэлд анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй шинэ нотлох баримтыг заах эрхгүй” гэж зааснаар давж заалдах шатны шүүх гэрч оролцуулах боломжгүй юм. Иймд хариуцагчийн энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

            Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2017/02165 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28 550 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                          ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                               

                                          ШҮҮГЧИД                                    Ч.ЦЭНД

                                                                                                 

                                                                                   Г.ДАВААДОРЖ