Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 1129

 

 

 

 

 

 

 

 

 

П.Б, Ц.О нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Амарзаяа,

шүүгдэгч П.Б, түүний өмгөөлөгч А.Очбадрал,

шүүгдэгч Ц.Оын өмгөөлөгч Б.Оюунгэрэл,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч А.Алтанхуяг, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 768 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч П.Бын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Ц.О, П.Б нарт холбогдох 1808020200430 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Боржигон овгийн П-н Б, 1978 оны 7 дугаар сарын 2-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн .................. тоотод оршин суух хаягтай, /РД: ......................./,

- Сүхбаатар дүүргийн шүүхийн 1998 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 416 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 2 жил хорих шийтгүүлж, уг ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2000 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 482 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2-т зааснаар 1 жил хорих шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2004 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 68 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сар баривчлах ял шийтгүүлсэн,

- Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 129 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 5 сар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

- Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1454 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 3 жил хорих ял, урьд шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас 1 жилийн хорих ялыг нэмж нийт 4 жил хорих ял шийтгүүлсэн,

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 162 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 2-т зааснаар 6 жил 6 сар хорих ял шийтгүүлж, Төв аймгийн Сум дундын шүүхийн шүүгчийн 2018 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 68 дугаар захирамжаар, шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд нийцүүлэн хорих ялыг 1 жил 5 сарын хугацаагаар тогтоож, 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр суллагдсан;

2. Боржигон овгийн Ц-н О, 1981 оны 2 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “ЯВМ” ХХК-д туслах ажилтан ажилтай, ам бүл 3, эгч, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн ................  тоотод оршин суух, /РД: ............................/,

- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2008 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 45 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 сар 10 хоног баривчлах ял шийтгүүлсэн;

П.Б, Ц.О нар бүлэглэн 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Баганарангийн 17-23 тоотод оршин суух иргэн Д.Сгийн байнга оршин суух өвлийн сууцны вакум цонхыг түлхэн нэвтэрч, “Шарп” загварын зурагт, өсгөгч, 2 ширхэг хөөрөг, “Нокиа” загварын гар утас, металл тоногтой эмээл зэрэг хөрөнгийг хулгайлан 1.220.000 төгрөгийн хохирол учруулсан,

Ц.О нь 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 21-709 тоотод Ц.Тыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, мөн Ц.Тын хүсэл зоригийн эсрэг хүч хүч хэрэглэж, согтуурсан үедээ биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн,

мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 21-709 тоотод “би хужаа хүн, танай муу Увс юу юм, 1 сая хүрэхгүй хүнтэй, манайхан бол миллиард хүнтэй, чам шиг өвгөнийг хэрчээд хаяхад надад юу ч биш” гэж дайрч Б.Бын толгой, баруун чих, баруун бугалга, хоёр сарвуу, баруун гуя, баруун шилбэнд заазуураар зүсч, бүсэлхий, хоёр эгэм, цээж, зүүн бугалга, хоёр шуу, гуяны зулгаралт, хоёр бугалганы цус хуралт бүхий гэмтлийг сэрээгээр хатгаж учруулсан буюу олон тооны шарх гэмтэл учруулж онц харгис хэрцгийгээр хүнийг алах гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл санаатай хийсэн боловч түүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй буюу хүнийг алах гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: П.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар, Ц.Оын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 12.1 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Шүүгдэгч Боржигон овогт Ц-н Оыг хүнийг алах гэмт хэргийг үйлдэхийг завдсан, хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Боржигон овогт Ц-н О, Боржигон овогт П-н Б нарыг бүлэглэн орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Шүүгдэгч Ц.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 5 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жил хорих ял, шүүгдэгч П.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 3  жил хорих ял тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтуудад зааснаар шүүгдэгч Ц.От оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоног хорих ялд шилжүүлэн 30 хоног хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 5 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жил хорих ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 8 жил 30 хоногийн хугацаагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Ц.О, П.Б нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.О, П.Б нарын цагдан хоригдсон хоногийг тэдгээрийн эдлэх ялд оруулан тоолж,

шүүгдэгч нар нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ц.Т, Б.Б нар нь бусад нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,

энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг сэрээ, 1 ширхэг заазуур, 1 ширхэг Сиди, цагаан өнгийн дал майк, 1 ширхэг, хавар намрын эрэгтэй размер тодорхойгүй богино түрийтэй ботинк 1, бор өнгийн хилэн өмд 1, саарал өнгийн дөрвөлжин шоо дүрс бүхий энгэртээ ханцуй, зах хэсэг саарал хар судалтай цамц зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 76 дугаартай шүүхийн тогтоолоор, шийтгэх тогтоолын 5 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Оын цагдан хоригдсон 172 хоног, П.Бын цагдан хоригдсон 173 хоногийг тэдгээрийн эдлэх ялд оруулан тоолсугай.” гэж залруулга хийжээ.

Шүүгдэгч П.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие нийт 172 цагдан хоригдсон байхад 73 хоног гэж буруу тооцож шийтгэх тогтоолд бичсэн. Би 0-15 насны зургаан хүүхдийн хамт амьдардаг, эхнэр 5 сард төрсөн тул анхаарч үзнэ үү. Гэмт хэрэгт холбогдож ял шийтгүүлсэндээ харамсаж байна. Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар анх удаа гэмт хэрэгт ял шийтгүүлсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй зэргийг харгалзан үзэж, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч П.Бын өмгөөлөгч А.Очбадрал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч П.Бт оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Ц.Оын өмгөөлөгч Б.Оюунгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг багасгаж өгнө үү.” гэв.

Прокурор М.Амарзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч П.Б нь өмнө 6 удаа ял шийтгэл эдэлж байсан бөгөөд 2018 онд ялын хугацаа дуусч суллагдаад дахин гэмт хэрэг үйлдсэн. Анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэл тохирсон тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

П.Б, Ц.О нар бүлэглэн 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Баганарангийн 17-23 тоотод оршин суух иргэн Д.Сгийн байнга оршин суух өвлийн сууцны вакум цонхыг түлхэн нэвтэрч, “Шарп” загварын зурагт, өсгөгч, 2 ширхэг хөөрөг, “Нокиа” загварын гар утас, металл тоногтой эмээл зэрэг хөрөнгийг хулгайлан 1.220.000 төгрөгийн хохирол учруулсан,

Ц.О нь 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 21-709 тоотод иргэн Б.Б, Ц.Т нартай архидан согтуурч,  улмаар Б.Быг “Чам шиг өвгөнийг хэрчээд хаяхад надад юу ч биш” гэж заазуур, сэрээ барин дайрч түүний толгой, баруун чих, баруун бугалга, хоёр сарвуу, баруун гуя, баруун шилбэнд заазуураар зүсч, бүсэлхий, хоёр эгэм, цээж, зүүн бугалга, хоёр шуу, гуяны зулгаралт, хоёр бугалганы цус хуралт бүхий гэмтлүүдийг сэрээгээр хатгаж учруулсан буюу олон тооны шарх гэмтэл учруулж, онц харгис хэрцгийгээр хүнийг алах гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл санаатай хийсэн боловч түүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй буюу хүнийг алах гэмт хэрэг үйлдэхээр завдсан,

мөн түүний үйлдлийг хориглохыг оролдсон хохирогч Ц.Тыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, улмаар хохирогч Б.Быг тусламж дуудахаар зугтааж гарсан үед хохирогч Ц.Тын хүсэл зоригийн эсрэг хүч хүч хэрэглэж, согтуурсан үедээ биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

Шүүгдэгч П.Бын “...цонх нь онгорхой байхаар нь дотогшоо ороод орны толгой дээр байсан эмээл, хар хавтгай дэлгэцтэй зурагт, шкафан дээр байсан 2 ширхэг даалимбатай хөөрөг, нэг саарал өнгийн гадаргуутай “Нокиа” гар утсыг аваад цонхоор гаргаад, эхлээд Отгонбаярт эмээлийг нь хашаа давуулж өгөөд дараа нь зурагтыг нь хашаа давуулж өгөөд би хашаа давж буцаж гараад Отгонбаярын авч явсан саарал өнгийн дээлэнд боогоод гудамж өгсөөд явж байгаад цагдаад саатуулагдсан.” гэх мэдүүлэг /хх1, х44, 49-52, хх2, х162-165/,

шүүгдэгч Ц.Оын “...эгчийн өмдийг нь дотоожтой нь тайлаад хурьцал үйлдсэн. Хурьцал үйлдээд байж байтал цагдаа нар орж ирсэн ба тэр эгчийн нөхөр нь хамт явж байсан. ...Хурьцал үйлдээд 5 минут орчим л болж байсан. ...Би  Баяртогтохыг заазуурны бариулны хойд хэсгээр нь 2 удаа л цохисон. Би Баяртогтох ахыг заазуурдсан. ...бэлгийн харьцаанд орсон гэдгээ хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх1, х169-171, х208-210, х226-227/,

хохирогч Д.Сгийн “...гэр доторх эд зүйлээ бүртгэхэд эд зүйлс алдагдсан. Эд зүйлсээ бүрэн бүтэн олж авсанд баяртай байна” гэх мэдүүлэг /хх1, х16-17/,

хохирогч Ц.Тын “...тэгээд заазуур барьж аваад Баярааг газар хэвтүүлж байгаад заазуураар толгой руу нь цохиод байсан ба хоолойг нь хэрчих гээд байхаар нь Баяраа өөрийгөө хамгаалж гараараа хаахад гарыг нь цавчсан. Намайг салгах гээд очиход миний толгой руу цохиод унагачихсан ба би цохиулаад босч чадахгүй тэр чигтээ хэвтчихсэн. Цагдаа дуудаад ирэхэд нь тэр залуу надтай бэлгийн харьцаанд орж байсан гэсэн.” гэх мэдүүлэг /хх1, х192-194/,

хохирогч Б.Бын “...намайг өшиглөж унагаад миний дээр гарч дараад ширээн дээр байсан ногоон иштэй хурц иртэй заазуураар миний толгой руу заазуурдахад нь би бултахад миний баруун чихийг цавчсан. Тэгээд би гараараа хааж эхлэхэд миний баруун гарыг зүсэж эхэлсэн, тэгээд хаагаад байхад баруун хөлний дотор гадна талаар нь зүсэж эхэлсэн. Тэр үед манай эхнэр Туул сэрж, чи манай өвгөнийг аллаа гэж хэлээд босч ирэхэд эхнэрийг нүүр рүү нь цохиод, нэг өшиглөхөд Туул унасан. Эргэж ирээд цавчих гэтэл нь би хөлөөрөө тэр залуугийн толгой орчимд өшиглөж босоод гарах гэж зугтахад миний тархи руу араас 2 удаа заазуурдсан. ...удалгүй цагдаа ирж, би гэрээ зааж өгөөд ороход манай эхнэр Туулыг цонхны доор хүчиндэж байсан.” гэх мэдүүлэг /хх1, х234-236/,

гэрч О.Одбаярын “...эд зүйл аваад явж байсан 2 эрэгтэй хүнийг саатуулж, бичиг баримтыг нь шалгахад Пүрэвхүү овогтой Батбаяр, Цэрэннадмид овогтой Отгонбаяр нар байсныг тогтоон авч явсан эд зүйлийг түр хураан авч, цагдаагийн хэлтсийн ерөнхий жижүүрт хүлээлгэн өгсөн.” гэх мэдүүлэг /хх1, х25/,

гэрч Ц.Соронзонболдын “...гал тогооны өрөөнд сандал дээр Отгонбаяр ах сууж байсан. Нүүр, гар, хувцас хунар нь бөөн цус болчихсон сууж байсан. Тэгэхээр нь би “яачихсан юм бэ” гэж асуухад Отгонбаяр ах надад хүнтэй зодоон хийчихлээ, танай доохон талд айлд зодолдчихлоо гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх1, х195/,

гэрч Д.Энхтайваны “...Б.Б гэх хүн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай, толгой нь хагарсан, хувцас нь цус болсон байдалтай зогсож байсан. ...Гэрт нь ороход гэр нь бөөн цус болчихсон, эд зүйлс нь, аяга шанага нь хагарсан байдалтай байсан ба шалан дээр нөгөө Отгонбаяр гэх залуу Баяртогтохын эхнэртэй хурьцал үйлдээд байж байсан. Бид нарыг ороход босоод өмдөө татчихсан.” гэх мэдүүлэг /хх2, х35/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага наран 17-23 тоотод хулгай орж эд зүйлс алдагдсан гэх хэргийн газраас бэхжүүлэн ирүүлсэн 2 ширхэг гарын мөр нь Пүрэвхүү овогтой Батбаярын зүүн гарын ядам хурууны хээнүүдтэй тохирч байна” гэх 04/153 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх1, х33-35/,

“...Б.Бын биед толгой, 2 гарын бугалга, шуу, сарвуу, 2 хөлийн гуя, шилбэний олон тооны зүсэгдсэн, цавчигдсан шарх, цус хуралт, их биеийн зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.” гэх 5330 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх1, х239/,

“...Ц.Тын биед өвчүү, зүүн далны хэсэг, гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх 5429 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх1, х243/,

“...Шинжилгээнд ирүүлсэн цамцанд 29мм, 9мм, 35мм, 60мм, 17мм, 20мм,
цагаан майканд 9мм хурц иртэй зүйлээр зургаан удаагийн үйлчлэлээр гарсан шинэ
зүсэлтүүд гарсан байна. ...хувцаснуудад гарсан зүсэлтүүд нь шинжилгээнд ирүүлсэн хутгаар үүссэн байх боломжтой байна.” гэх 3460 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх2, х2-7/,

“...Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №5330 тоот дүгнэлт тухайн
үедээ үндэслэлтэй байна. Дээрх дүгнэлтийг гаргах үед баруун шилбэний тахилзуурын мэдрэлийн гэмтэл оношлогдоогүй байсан байна.        Б.Бын биед баруун шилбэний тахилзуурын мэдрэл  гэмтээсэн зүсэгдсэн шарх, толгой, баруун чих, баруун бугалга, хоёр сарвуу, баруун гуянд шарх, бүсэлхий, хоёр эгэм, цээж, зүүн бугалга, хоёр шуу, гуянд зулгаралт, хоёр бугалганд цус хуралт, баруун тавхайд зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ. Баруун шилбэний тахилзуурын мэдрэл гэмтээсэн шарх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Толгой, баруун чих, баруун бугалга, хоёр сарвуу, баруун гуяны шарх, баруун тавхайн зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь тус, тусдаа Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бүсэлхий, хоёр эгэм, цээж, зүүн бугалга, хоёр шуу, гуяны зулгаралт, хоёр бугалганы цус хуралт гэмтлүүд нь тус, тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх шарх гэмтлүүд нь ир ирмэгтэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба бусад гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүдийг авсны дараа идэвхитэй хөдөлгөөн хийж явах боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээний үр дүн, эдгэрэлтээс хамаарна.” гэх 699 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх2, х32-33/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч субъектүүдийг оролцуулан хуульд зааснаар тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, Ц.Оыг хүнийг алах гэмт хэргийг үйлдэхийг завдсан, хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн, П.Бтай бүлэглэн орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, П.Быг Ц.Отай бүлэглэн орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай тус тус нийцжээ.

 Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.От нийт 8 жил 3 хоногийн хорих ял, шүүгдэгч П.Бт 3 жил хорих ял тус тус оногдуулж шийдвэрлэсэн нь тэдний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирчээ.

Шүүгдэгч П.Бын гаргасан “...Миний бие нийт 172 цагдан хоригдсон байхад 73 хоног гэж буруу тооцож шийтгэх тогтоолд бичсэн. Би 0-15 насны зургаан хүүхдийн хамт амьдардаг, эхнэр 5 сард төрсөн тул анхаарч үзнэ үү. Гэмт хэрэгт холбогдож ял шийтгүүлсэндээ харамсаж байна. Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар анх удаа гэмт хэрэгт ял шийтгүүлсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй зэргийг харгалзан үзэж, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү.” гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

Учир нь, шүүгдэгч П.Б нь урьд удаа дараа шүүхээс ял шийтгүүлж байсан, сүүлд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 162 дугаар шийтгэх тогтоолоор 6 жил 6 сар хорих ял шийтгүүлж, Төв аймгийн Сум дундын шүүхийн шүүгчийн 2018 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 68 дугаар захирамжаар шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд нийцүүлэн хорих ялыг багасгаж, 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр суллагдсан даруй буюу 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр дахин бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлджээ.

Өөрөөр хэлбэл, тэрээр өмнө гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн боловч засарч хүмүүжээгүй, гэм буруугаа ухамсарлан ойлгоогүй дахин гэмт хэрэг үйлдсэн, мөн түүний 0-15 насны зургаан хүүхдийн хамт амьдардаг, түүний эхнэр 5 сард төрсөн талаар бичгийн нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байх тул анхан шатны шүүхээс түүнд 3 жил хорих ял шийтгэсэн нь түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон гэж үзнэ.

Мөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт П.Бын цагдан хоригдсон хоногийг “73 хоног” гэж буруу тооцож, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.О, П.Б нарын цагдан хоригдсон хоногийг тэдгээрийн эдлэх ялд оруулан тоолсугай” гэж хэт ерөнхийлөн бичсэн алдаа гаргасан боловч Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 76 дугаартай шүүхийн тогтоолоор “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Оын цагдан хоригдсон 172 хоног, П.Бын цагдан хоригдсон 173 хоногийг тэдгээрийн эдлэх ялд оруулан тоолсугай.” гэж залруулга хийсэн байх тул уг техникийн шинжтэй алдааг засагдсан гэж үзэхээр байна.

Харин Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Ц.Оын үйлдлийг “Онц харгис хэрцгий аргаар хүнийг алах гэмт хэргийг үйлдэхийг завдсан” гэж дүгнэн зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байхад анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Ц.Оыг гэм бурууг тогтоохдоо “...Отгонбаярыг хүнийг алах гэмт хэргийг үйлдэхийг завдсан” гэж түүний үйлдлийн онц хүндрүүлэх шинжийг орхигдуулж бичсэн байх тул давж заалдах шатны шүүх хуралдаанаас зөвтгөх нь зүйтэй. Мөрдөн байцаалт болон прокурорын хяналтын шатанд Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.3, 32.9 дүгээр зүйлүүдэд заасан үндэслэл журмын дагуу шүүгдэгч Ц.От Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар нэгэнт яллагдагчаар татаж, түүнд танилцуулсан, тэрээр анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч зүйлчлэлийн талаар ямар нэгэн маргаангүй гэдгээ илэрхийлж байсан байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлт оруулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчихгүй гэж үзэв.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэнэ.” гэж, 2 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдлийн шинж ба гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан энэ хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулна.” гэж тус тус хуульчилжээ.

Эрүүгийн хуулийн уг заалтын 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэхээр завдах ойлголтын хууль зүйн мөн чанарыг, 2 дахь хэсэгт завдсан гэмт хэрэгт ял шийтгэл оногдуулах нөхцлийг тус тус хуульчилсан байхад шүүгдэгч Ц.Оын бусдыг алахыг завдсан үйлдлийг Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлаж, харин Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул  эдгээр байдлыг зөвтгөж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасныг аль алиныг журамласан өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Дээрх үндэслэлээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 768 дугаартай шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч П.Бын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5 дахь заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 768 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын "Шүүгдэгч Боржигон овогт Ц-н Оыг хүнийг алах гэмт хэргийг үйлдэхийг завдсан. ...” гэснийг “Боржигон овгийн Ц-н Оыг онц харгис хэрцгий аргаар хүнийг алах гэмт хэргийг үйлдэхийг завдсан. ...” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “... мөн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан...” гэснийг “... мөн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасныг журамлан...” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 768 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч П.Бын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                                        М.ПҮРЭВСҮРЭН

                                    ШҮҮГЧ                                                                        Ц. ОЧ