Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 1913

 

                                                 

 

 

 

 

 

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч  Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2017/02165 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******д холбогдох

 

   Зээлийн гэрээний үүрэгт 1 200 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: .Э.Эрдэнэбулган нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* нь нэхэмжлэгч 2016 оны 2 дугаар сарын 08-ны өдөр 1 000 000 төгрөгийг 10 хоногийн хугацаатай, 20 хувийн хүүтэй зээлсэн боловч зээл, хүүгийн төлбөрөө төлөөгүй өнөөдрийг хүрч байна. Иймд зээлийн үндсэн төлбөр 1 000 000 төгрөг, зээлийн хүү 200 000 төгрөг нийт 1 200 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 2 дугаар сарын 08-ны өдөр дүү ******* найз ******* нар нь ээж болох *******аас 1 000 000 төгрөгийг 10 хоногийн хугацаатай 20 хувийн хүүтэй зээлсэн. ******* нь 400 000 төгрөгийг 480 000 болгон өгч найз болох ******* нь 600 000 төгрөгийг 720 000 төгрөг болгож өгөхөөс *******ийн охин н.*******ээс 160 000 төгрөгийг миний дансаар өгсөн. н.*******ад тухайн үед ээж нь халуун ус ажиллуулж байсан болохоор 2 дугаар сарын 20-ны орой 20 цагийн үед нийт 560 000 төгрөгийг би өөрөө өгсөн. *******гийн үлдэгдэл 80 000 төгрөгийг би өгөөгүй. Н.*******, ******* хоёр нь надаас 3 000 000 төгрөгийн зээлийг хамтарч аваад төлөөгүй байсан тул 2 сарын хүү болгож авсан. Найз ******* үлдэгдэл 560 000 төгрөгийг яаж өгснийг мэдэхгүй, энэ үеээс эхлэн олон жил найзалсан найзтайгаа тангараг тасарсан. Тухайн үед энэ хоёрт мөнгийг зээлэхэд Хаан банкны виза байхгүй улмаас миний дансаар шилжүүлсэн. 2017 оны 2 дугаар сарын 21-ний өдөр иргэний шүүхээр ороод н.*******, ******* нараас вишн фондоос хамтарч авсан 1 сая төгрөг төлөх шийдвэр гарсан. Гэхдээ бүтэн жилийн хүү ч аваагүй. ******* нь зөвхөн миний дансаар шилжүүлсэн болохоор намайг авсан гэж гүтгэж байгаа тул гомдолтой байна. Иймд сэтгэл санаагаар тайван байлгахгүй, ямар ч хамааралгүй зүйлд тайван байлгахгүй байгаад сэтгэл санаагаар хохирч байна гэжээ.  

 

            Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******гаас 1 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 200 000 төгрөг холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *******гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33 350 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гаас 28 550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хүртэл хугацаанд шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай тус шүүхийн шүүгчийн 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 09389 дугаар захирамж хэвээр байхыг мэдэгдэж шийдвэрлэжээ.

 

            Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх хэт нэг талыг барьж уг хэргийн үнэн зөвийг ололгүй гарсан тул уг хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. Учир нь, уг хэрэгт холбогдох 1 000 000 төгрөгийг миний ******* дансаар гуйвуулан ******* 400 000 төгрөг, ******* нь 600 000 төгрөг болгон хувааж авсан. ******* нь 2016 оны 2 дугаар сарын 20-ны орой 400 000 төгрөг. *******ийн 160 000 төгрөгийг ******* дүүргийн ******* дугаар хороо ******* дугаар гудамжид байрлах *******гийн эмээгийн ажиллуулдаг халуун усны газарт *******гийн ээж *******ад бэлнээр аваачиж өгсөн. Энэ үед *******гийн эмээ байсан. *******ийн авсан 600 000 төгрөгийг 3-4 сарын хооронд хүүтэйгээр 2 хувааж банкаар төлсөн гэж хэлдэг. ******* болон ээж ******* нар өмгөөлөгч болох ******* нь мөнгө буцааж төлсөн талаар огт мэдээлэл аваагүй. Уг хэрэгт холбогдох 1 000 000 төгрөгийг ******* болон ******* нар нь хүүтэй, торууль төлөөд дууссан бөгөөд ******* болон ээж ******* нар нь худал хуурмаг /тухай үед *******, ******* хоёрт карт байгаагүйгээс *******гийн дансаар шилжүүлж авсан тул/ өргөдөл гаргасан гэж үзэж байгаа. Ийм учраас уг хэргийг Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд буцааж гэрчүүд болох *******ыг шүүх хуралд оролцуулж үнэн зөв шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

                                        

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1 200 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрөн маргажээ.

 

Хариуцагч ******* нь 2016 оны 2 дугаар сарын 08-ны өдөр *******гаас 1 000 000 төгрөгийг өөрийн эзэмшлийн, Хаан банк дахь ******* тоот дансаар хүлээн авсан талаар маргаагүй, нэхэмжлэгч уг мөнгөн хөрөнгийг зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн гэж тайлбарласан байна. Харин хариуцагч ******* нь уг мөнгөн хөрөнгийг зээлийн гэрээний зориулалтаар аваагүй, дүү *******, найз ******* нар нь түүний дансыг ашиглаж авсан гэж маргасан байх боловч хариуцагч нь уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

 

Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар талуудын тайлбар нь нотолгооны хэрэгсэол хамаарах ба хариуцагч нь шүүхэд гаргасан тайлбартаа “... зээлийн гэрээний төлбөрт 560 000 төгрөгийг *******д төлсөн” гэх тайлбар зэргийг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудтай харьцуулан дүгнэхэд талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсчээ.

 

Иймд анхан шатны шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн болно.

 

Хариуцагч нь зээлийн  гэрээний дагуу олгогдсон мөнгөн хөрөнгө болох 1 000 000 төгрөгийг өөрөө авч ашиглаагүй, зээлийн төлбөрт 560 000 төгрөг төлсөн болохоо баримтаар нотлоогүй байх тул анхан шатны шүүх хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт төлбөл зохих 1 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Талууд зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй байх тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар зээлдүүлэгч ******* нь зээлдэгч *******гаас хүү шаардах эрхгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

 

Хариуцагч ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлээгүй буюу гэрч оролцуулах тухай хүсэлт гаргаагүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  161 дүгээр зүйлийн 161.4 дэх хэсэгт “энэ хуулийн 161.1-д заасан этгээд давж заалдах гомдлын үндэслэлд анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй шинэ нотлох баримтыг заах эрхгүй” гэж зааснаар давж заалдах шатны шүүх гэрч оролцуулах боломжгүй юм. Иймд хариуцагчийн энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

            Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2017/02165 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28 550 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                          ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                               

                                          ШҮҮГЧИД                                    Ч.ЦЭНД

                                                                                                 

                                                                                   Г.ДАВААДОРЖ