Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 104

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,

Улсын яллагч Д.Эрдэнэсоёл,

Нарийн бичгийн дарга Б.Чулуунчимэг,

Хохирогч И.Ууганбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар А.Тэрбишид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201605000121 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 06 сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт :

Монгол Улсын иргэн, 1989 оны 11 сарын 09-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эх ах дүү нарын хамт Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7-16-12 тоотод оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд Сум дундын 3 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 69 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 01 сарын хорих ялаар шийтгэгдсэнийг Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 115 дугаартай магадлалаар 69 тоот шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж 1 жил 01 сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, ВН89110914 тоот регистрийн дугаартай, Хорчин овогт Адъяадуламын Тэрбиш,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.Тэрбиш нь шунахайн сэдэлтээр, өөртөө ашиг олох зорилгоор 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7 дугаар багийн 7-17-35 тоотод оршин суух иргэн И.Ууганбаярын гэрт хууль бусаар нэвтэрч авдарт нь байсан эрэгтэй хүний хиймэл хургал дээл нэг ширхэг, эмэгтэй хүний хиймэл хурган дээл нэг ширхэг, 4,5 хэмжээтй мөнгөн аяга нэг ширхэг, 7 хэмжээтэй мөнгөн аяга нэг ширхэгийг тус тус хулгайлж 515.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн давтан 2016 оны 04 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнийн 02 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7 дугаар багийн 7-17-35 тоотод оршин суух иргэн И.Ууганбаярын гэрт шунахайн сэдэлтээр, өөртөө ашиг олох зорилгоор, хууль бусаар нэвтэрч Элко маркийн 32 инчийн зурагт нэг ширхэг, ДиДиш-ийн хүлээн авагчийн удирдлага нэг ширхэгийг хулгайлж бусдад 187.000 төгрөгийн хохирол тус тус учруулан бусдад нийт 702.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд :

Хохирогч И.Ууганбаярын мөрдөн байцаалтанд өгсөн ... 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр эхнэр Батчулууны хамтаар хөдөө мал руугаа явсан. Аймгийн төвийн гэр болох 7-17-35 тоотод байх гэрээ эзэнгүй орхиод явсан. Гэрээ орхиод явахдаа Пүрэвдоржид гэр харж байгаарай гээд гэрийн түлхүүрээ үлдээгээд явсан. Тэгээд хөдөө 5 хоног мал дээрээ байж байгаад 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 21 цагийн үед хөдөөнөөс ирээд гэртээ иртэл гэрийн хаалга, цоож зүгээр байсан. Гэрт ороод иртэл гэрийн баруун талд байсан “Элко” маркийн 32 инчийн зурагт алга болсон байсан. Тэгээд би гэртээ байгаа эд зүйлээ бүртгээд гэрийн зүүн хойд талд байх эрээн авдар дотор байсан эд зүйлсээ үзтэл авдар дотор байсан 2 ширхэг мөнгөн аяга, эрэгтэй эмэгтэй хиймэл хурган дээл мөн зурагтны хажуу талд байсан DDISH-ийн хүлээн авагчийн удирдлага зэрэг эд зүйлс алга болсон байхаар нь цагдаад дуудлага өгсөн юм. “Элко” маркийн 32 инчийн зурагт, DDISH-ийн хүлээн авагчийн удирдлага зэргийг энэ хэргийн сэжигтэн А.Тэрбишээс буцаан авсан харин 2 ширхэг мөнгөн аяга, эрэгтэй эмэгтэй хиймэл хурган дээл зэргийг аваагүй байгаа ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-25/,

Гэрч А.Чинзоригийн мөрдөн байцаалтанд өгсөн ... 2016 оны 04 сарын 23 ны өдөр 12 цагийн үед би найз Бүрэндалайтай хамт гэрлүүгээ алхаж явж байгаад Бүрэндалай хүнтэй утсаар ярьж байгаад Бүрэндалай намайг манай хадам дүү манай гэрт 1 шил архи аваад ирсэн байна. 2 уулаа манайд очих уу гэхээр нь би зөвшөөрч гэрт нь очтол Тэрбиш Бүрэндалайгийн гэрт 1 шил архи аваад ирсэн байсан. Тэгээд Бүрэндалайгийн гэрт Бүрэндалай, Тэрбиш бид 3 нэг шил архийг хувааж уусан, дуусаад байж байтал Тэрбиш нь манай гэрт тасархай 5000 төгрөг байгаа аваад ирье гээд гараад явсан. Тэрбиш гараад 1 цаг гаруй болоод би явах гээд байж байтал Тэрбиш орж ирээд сууж байгаад намайг Тэрбиш гаръя уулзъя гэхээр нь би гэрийн гадаа уулзсан чинь Тэрбиш хувцсан дотроосоо 1 ширхэг мөнгөн аяга гаргаж ирээд миний аяга байгаа юм гэрээсээ аваад ирлээ. Баруун бүс ороод хүнд зарах гэсэн юм гэхээр нь би Тэрбиштэй цуг Баруун бүс явсан. Тэгээд Тэрбиш баруун бүсийн худалдааны төв дээр очоод би хүнтэй уулзаад зогсож байсан чинь Тэрбиш баруун бүс орчихоод гараад ирсэн чинь 1 ширхэг мөнгөн аягаа 25-аар зарсан гээд 25.000 төгрөг аваад ирсэн. Би ямар хүнд зарсаныг хараагүй. Тэгээд Тэрбиш бид 2 ахмадын ордон дээр очиж тэмцээн үзэх гээд байж байтал надруу Бүрэндалай залгаад хаана байна гэхээр нь ахмадын ордон дээр байна гэсэн чинь одоо яваад очъё гээд такси бариад Бүрэндалай хүрээд ирэхээр нь Тэрбиш таксины мөнгийг нь өгсөн. Тэгээд Бүрэндалай, Тэрбиш бид 3 хойшоо арван мянгатын дэлгүүрээс 1 шил архи аваад хөх толгойн хойд талд бид 3 нэг шил архиа хувааж ууж дууссан. Тэгээд архиа дуусчихаад Бүрэндалай, Тэрбиш бид 3 доошоо уруудаад алхаж байгаад Тэрбиш би нэг тийшээ явчихаад ирье гээд яваад өгсөн. Тэгээд Бүрэндалай бид 2 хүлээж байгаад Бүрэндалай яваад өгсөн. Тэгээд би ганцаараа гудамны үзүүр дээр байж байтал А.Тэрбиш 2 хурган дээл, 1 ширхэг мөнгөн аяга зэрэг эд зүйлс аваад ирэхээр нь би юун хурган дээл вэ гэж асуутал Тэрбиш манай эхнэр бид 2-ын цагаан сараар хийлгэж өмссөн дээл байгаа юм харин 1 ширхэг мөнгөн аягыг миний аяга байгаа юм гэж надад хэлсэн.Тэгээд Тэрбиш бид 2 Есөн-Эрдэнэ захын хажуу талд Шижир ойл шатахуун түгээх газарт Тэрбиш хүмүүсээс авах уу гээд үзүүлээд байсан. Тэгээд Тэрбиш намайг уг мөнгөн аягыг зараатах гээд надад өгөхөөр нь би Шижир ойл шатахуун түгээх газарт бензин авч байсан үл таних жолоочид мөнгөн аягыг авах уу гээд үзүүлтэл тэр жолооч хэдэн төгрөгөөр зарах юм гэхээр нь 25000 төгрөг гэж хэлсэн чинь 25000 төгрөгөөр авахгүй, 20000 төгрөгөөр авна гэхээр нь тэр мөнгөн аягыг 20000 төгрөгөөр зарсан. Тэгээд Тэрбиш бид 2 таксинд суугаад Арван мянгатын “Булаг 2” дэлгүүр дээр очоод худалдагчид нь 2 хурган дээл авах уу гээд үзүүлсэн чинь авахгүй гэсэн. Харин дэлгүүрт байсан нэг эмэгтэй хүн гараад уулзъя гээд уулзаад таксинд суучих гээд Тэрбиш, нэг эмэгтэй хүнтэй бид 3 таксинд суугаад Засаг даргын тамгын газрын хажууд ирээд тэр эмэгтэй нэг хүн рүү утсаар яриад нэг эрэгтэй хүн ирээд 2 дээлийг үзэж байгаад 10000 төгрөгөнд зарсан. Тэгээд тэр эрэгтэй эмэгтэй 2-оос салаад Тэрбиш бид 2 Арван мянгатад 1 шил архи хувааж уучихаад би гэрлүүгээ явсан. Харин Тэрбиш гэрлүүгээ явна гээд яваад өгсөн. Би Тэрбишийг хулгай хийсэн талаар мэдээгүй. Надад Тэрбиш 2 ширхэг мөнгөн аягыг минийх байгаа юм гээд байсан. Харин 2 хурган дээлийг эхнэр бид 2 цагаан сараар хийлгэж өмссөн юм цуг зарах гэсэн юм гээд би цуг заралцсан юм. Би хулгайн эд зүйлс байсан талаар мэдээгүй. Надад гэрээсээ өөрийн эд зүйлсээ авсан гэж надад хэлсэн. Би хулгайн эд зүйлс байсан талаар мэдээгүй ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28/,

Гэрч С.Пүрэвдоржийн мөрдөн байцаалтанд өгсөн ... 2016 оны 04 сарын 22 ны өдөр манай урд байдаг И.Ууганбаяр ах манайд ирээд хөдөө явах гэж байгаа юм эзэнгүй хойгуур манай гэрийн хараад өгөөч гээд надад гэрийн түлхүүрээ үлдээсэн юм. Тэгээд 2016 оны 04 сарын 22-ны өдөр Ууганбаяр ах эхнэртэйгээ хөдөө яваад өгсөн. Би тэрнээс хойш 2016 оны 04 сарын 22-ны өдрөөс хойш 5 хоног гэрийг өглөө өдөр орой харж байсан юм. Тэгээд 2016 оны 04 сарын 27-ны орой Ууганбаяр ах хөдөөнөөс ирээд надаас гэрийн түлхүүрээ аваад гэртээ очтол гэрт хулгай орсон байна гэсэн. Би тухайн үед хулгай орсныг мэдээгүй Ууганбаяраас сонсоод Ууганбаяр ах цагдаад дуудлага өгсөн ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-32/,

Гэрч П.Батчулууны мөрдөн байцаалтанд өгсөн ... 2016 оны 04 сарын 27-ний өдөр манай нөхөр Ууганбаяр нь Баянхонгор аймагруу гэрлүүгээ яваад орой 19 цагийн үед надруу утсаар манай гэрт хулгай орж зурагт, мөнгөн аяга алга болсон байна гэсэн. Тэгээд би тэр өдрөө Баянхонгор аймаг явж гэтэй иртэл манай гэрээс 2 ширхэг мөнгөн аяга, Элко маркын 32 инчийн зурагт, нөхөр бид 2-ын хиймэл хурган дээл зэрэг эд зүйлс алга болсон байсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-34/,

Шүүгдэгч А.Тэрбишийн мөрдөн байцаалтанд сэжигтэн яллагдагчаар өгсөн ... 2016 оны 04 сарын 22 ны өдөр 12 цагийн үед би хүргэн ах Бүрэндалайгийн гэрт нэг шил архи аваад очсон чинь хүргэн ах Бүрэндалай байхгүй байхаар нь би түүний утасруу яриад нэг шил архи аваад ирлээ гэртээ хүрээд ир гээд хэлсэн чинь нэг их удалгүй хүргэн ах Бүрэндалайтай цуг Чинзориг ах ирээд 1 шил архи цуг хувааж уучихаад би гэрт нэг тасархай 5000 төгрөг байгаа, аваад ирье гээд ганцаараа гэрлүүгээ явсан. Явах замдаа Баянхонгор сум 7 дугаар баг 7-17-35 тоот хашаанд байх Ууганбаярынд очтол Ууганбаярын гэр хашаа нь эзэнгүй байхаар нь би гэрийн хаалганы цоожийг нь татсан чинь онгойсон. Би гэнэт хулгай хийх санаа төрөөд Ууганбаярын гэрт яваад ортол гэрийн зүүн хойд талд эрээн авдар байхаар нь онгойлсон чинь эрэгтэй, эмэгтэй хиймэл хурган дээл байхаар нь авсан чинь 2 хурган дээлийн дотор талд 2 ширхэг том, жижиг мөнгөн аяга байхаар нь 2 хурган дээл, 2 ширхэг мөнгөн аягыг авч гэрээс гараад гэрийг нь буцааж цоожилсон. Тэгээд би Ууганбаярын гэрээс 2 хурган дээл 2 ширхэг мөнгөн аягыг аваад 1 ширхэг мөнгөн аяга 2 дээлийг хашаан дотор амбаарын хажуу талд түр тавьчихаад 1 ширхэг мөнгөн аягыг аваад хүргэн ах Бүрэндалайгийнд очсон чинь Бүрэндалай, Чинзориг ах нар байж байсан. Тэгээд би Чинзориг ахыг гараад уулзъя гэж авч гараад Чинзориг ахад гэрээсээ 1 ширхэг мөнгөн аяга аваад ирлээ зарах гэсэн юм гэж худал хэлээд Чинзориг ах бид хоёр Баруун бүсийн худалдааны төврүү хулгай хийсэн мөнгөн аягаа зарах гээд явсан юм. Тэгээд баруун бүс дээр явж байсан үл таних хүнд жижиг мөнгөн аягыг 25.000 төгрөгөөр би зарсан. Харин Чинзориг ах хажуу талд машин дотор сууж байсан. Тэгээд Чинзориг ахтай 1 шил архи Арван мянгатын дэлгүүрээс аваад жижиг хөх толгойн арлуу очиж уучихаад Чинзориг ах хашааны үзүүр дээр үлдсэн. Тэгээд би буцаж Ууганбаярын хашаанд орж амбаарын хажуу талд тавьсан байсан 2 хиймэл хурган дээл, 1 мөнгөн аягыг аваад Чинзориг ахтай уулзаж гэрээсээ 1 мөнгөн аяга, 2 дээлээ аваад ирлээ гэж худал яриад захруу цуг явсан. Есөн-Эрдэнэ захын хажуу талд Шижир ойл шатахуун түгээх газар бензин авч байсан үл таних хүнд Чинзориг ах бид 2 бензин авч байсан машинтай хүнд мөнгөн аягыг 20.000 төгрөгөөр зарсан. Тэгээд Чинзориг ах бид 2 таксинд суугаад Арван мянгатын Булаг 2 дэлгүүрт ирээд хулгай хийсэн хиймэл хурган дээлийг худалдагчид нь авах уу гэсэн чинь авахгүй гээд байсан. Харин дэлгүүрт орж ирсэн эгч дэлгүүрээс гараад би нэг хүнд харуулъя гэхээр нь би тэг тэг гээд тэр эгчтэй Чинзориг ах бид 3 таксинд суугаад Засаг даргын тамгын газрын хажуу талд ирээд нөгөө эгч нэг хүн рүү ярьсан чинь нэг ах хүрч ирээд уг 2 дээлийг үзэж байгаад 2 дээлийг 10.000 төгрөгөөр зараад тэр 2 хүнээс салаад Чинзориг ах бид 2 буцаж Арван мянгатруу явж Чинзориг ах бид 2 хулгай хийсэн зүйлээ зарсан мөнгөөр архи авч уугаад дуусгасан. 2016 оны 04 сарын 26 ны шөнө 02 цагийн үед би ганцаараа Баянхонгор сум Цахир 7 дугаар баг 7-17-35 тоот хашаанд буюу Ууганбаярын гэрт очиход гэр нь бас эзэнгүй байхаар нь гэрийг нь цоожийг нь онгойлж ороод гэр дотор байсан “Элко” гэсэн 32 инчийн зурагт, DDISH удирдлага зэргийг хулгайлж авч гараад гэрийг нь буцааж цоожлоод гараад явсан. Тэгээд би хулгай хийсэн зурагтаа барьж Баруун бүсийн хажуу талын засмал зам дээр ганцаараа явж байгаад цагдаад баригдсан. Би хулгай хийсэн талаар хэлээгүй би Чинзориг ахад гэрээсээ дээл, мөнгөн аяга зэргийг хулгай хийсэн гэж худал хэлсэн юм. Харин Бүрэндалай ах намайг мөнгөн аяга, дээл авсан талаар мэдээгүй ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 48-50, 52-53/,

Хэрэг  учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-8/,

Эд зүйл хураан авсан тогтоол, тэмдэглэл /хх-ийн 16-17/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 18/,

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 19-21/,

Хөрөнгийн үнэлгээний төвийн 2016 оны 05 сарын 30-ны өдрийн 489 дугаартай хөрөнгө үнэлсэн тухай албан бичиг, эд зүйл үнэлсэн тухай үнэлгээчний тайлан /хх-ийн 39-41/,

Шүүгдэгч А.Тэрбишийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 54/,

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 72/,

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 56/ зэрэг болно.

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд ;

Шүүгдэгч А.Тэрбиш нь 2016 оны 04 сарын 22-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7 дугаар багийн 7-17-35 тоотод оршин суух иргэн И.Ууганбаярын гэрт нэвтэрч авдарт нь байсан эрэгтэй, эмэгтэй хүний хиймэл хургал дээл 2 ширхэг, мөнгөн аяга 2 ширхэг ширхэгийг, мөн давтан 2016 оны 04 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнийн 02 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7 дугаар багийн 7-17-35 тоотод оршин суух иргэн И.Ууганбаярын гэрт нэвтэрч Элко маркийн 32 инчийн зурагт нэг ширхэг, ДиДиш-ийн хүлээн авагчийн удирдлага нэг ширхэгийг хулгайлж бусдад нийт 702.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч И.Ууганбаяр, гэрч А.Чинзориг, С.Пүрэвдорж, П.Батчулуун, шүүгдэгч А.Тэрбиш нарын мөрдөн байцаалтан өгсөн мэдүүлэг, Хөрөнгийн үнэлгээний төвийн 2016 оны 05 сарын 30-ны өдрийн 489 дугаартай хөрөнгө үнэлсэн тухай албан бичиг, эд зүйл үнэлсэн тухай үнэлгээчний тайлан, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйл хураан авсан тогтоол, тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон, мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгавал зохих ажиллагааг бүрэн шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон, Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А.Тэрбишид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч А.Тэрбишийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан үйлдэлээр орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Хохирогч И.Ууганбаяр нь 180.000 төгрөгийн үнэлгээтэй Элко маркийн 32 инчийн зурагт, 7000 төгрөгийн үнэлгээтэй ДиДиш-ийн хүлээн авагчийн удирдлага зэргийг 2016 оны 04 сарын 28-ны өдөр хүлээн авч эд зүйл хүлээлгэн өгсөн тухай баримт үйлдсэн байх ба 120.000 төгрөгийн үнэлгээтэй эрэгтэй хиймэл хурган дээл, 100.000 төгрөгийн үнэлгээтэй эмэгтэй хиймэл хурган дээл, 200.000 төгрөгийн үнэлгээтэй мөнгөн аяга, 95.000 төгрөгийн үнэлгээтэй мөнгөн аяга зэрэг нийт 515.000 төгрөгийн эд зүйлийг шүүгдэгч нь төлж барагдуулагүй байх тул шүүгдэгчээс 515.000 гаргуулж хохирогч И.Ууганбаярт олгож шийдвэрлэв.

Шүүгдэгч А.Тэрбишид ял оногдуулахдаа харгалзан үзэх хуульд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгч А.Тэрбишийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирлын хэр хэмжээ зэргийг ял шийтгэл оногдуулахдаа харгалзан үзлээ.

Шүүгдэгч А.Тэрбиш нь бусдад төлөх төлбөртэй байх тул шүүгдэгч А.Тэрбишийн эзэмшлийн 4 ханатай монгол гэр битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хэвээр үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч А.Тэрбиш нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 36 дугаар зүйлийн 36.3.3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг мөн хуулийн 241 дүгээр зүйлийн 241.4-д зааснаар шүүхэд бичгээр хүсэлт гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 294 дүгээр зүйлийн 294 дүгээр зүйлийн 294.2., 294.3., 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч Хорчин овогт Адъяадуламын Тэрбишийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан үйлдэлээр орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч А.Тэрбишийн эд хөрөнгийг хураахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар шүүгдэгч А.Тэрбишийн эдлэх 6 /зургаа/ сарын хугацаагаар баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч А.Тэрбишийг цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2016 оны 07 сарын 08-ны өдрөөс эхлэн тооцсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар шүүгдэгч А.Тэрбишээс 515.000 /таван зуун арван таван мянган/ төгрөг гаргуулж, хохирогч И.Ууганбаярт олгосугай.

6. Шүүгдэгч А.Тэрбишийн эзэмшлийн 4 ханатай монгол гэр битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт ирсэн эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.   

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч А.Тэрбишид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА