Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2016/0560

 

“Сэтгэшгүй” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Халиунбаяр даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгч С.Хүрэлбаатар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Алтанцол, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баяржаргал, Э.Навчаа, хариуцагчийн өмгөөлөгч Т.Мөнхтуяа нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 06-ны 431 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор “Сэтгэшгүй” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн эрүүл мэндийн газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 06-ны 431 дүгээр шийдвэрээр: “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4, 10.1.5, 13 дугаар зүйлийн 13.1, 14 дүгээр зүйлийн 14.1.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Сэтгэшгүй” ХХК-ийн нэхэмжлэлийн '“Сэтгэшгүй” ХХК-ийн эмнэлэг, сувиллын үйл ажиллагаа эрхлэх ЭХ-98/22/2758, ЭХ-10/22/3358 дугаарын тусгай зөвшөөрлүүдийг түдгэлзүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/643, хүчингүй болгосон 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/866 дугаар захирамжуудыг хүчингүй болгох, “Сэтгэшгүй” ХХК-д учирсан 40.000.000 /дөчин сая/ төгрөгийн хохирлыг буруутай этгээдээр төлүүлэх” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1-д заасныг баримтлан “Сэтгэшгүй” ХХК-ийн “Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 2/830 дугаар албан бичгийг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрөх” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Хүрэлбаатар давж заалдах гомдолдоо: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа зөвхөн хариуцагчийн гаргасан тайлбар нотолгоог илүүтэй харгалзан, хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэж үзэж байна.

... Би манай сувиллын газарт хүн нас барсан, үүний мөрөөр цагдаа, мэргэжлийн хяналт, эрүүл мэндийн байгууллагуудын хийсэн шалгалтыг, эдгээр шалгалтаар илэрсэн дутагдлыг огт үгүйсгээгүй, хүлээн зөвшөөрч байгаа гэдгээ нэхэмжлэлдээ тодорхой илэрсэн дутагдлыг огт үгүйсгээгүй, хүлээн зөвшөөрч байгаа гэдгээ нэхэмжлэлдээ тодорхой дурдсан, шүүх хуралдаан дээр ч илэрхийлсэн.

1. Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 2/830 дугаар албан бичиг нь захирамжилсан утгагүй, захиргааны актын шинжийг агуулахгүй байна гэж үзсэн нь үндэслэлгүй.

Энэ албан бичгийн захирамжилсан шаардлагаар би тэр даруйд нь эмнэлэг, сувиллын үйл ажиллагаагаа зогсоосон. Энэ албан бичигт үндэслэл болгосон Нийслэлийн эрүүл мэндийн газрын дэргэдэх Тусгай зөвшөөрлийн комиссын дүгнэлт хавсаргагдаж ирээгүй, дотор нь ямар утга агуулгатай үг өгүүлбэр байгааг мэдэхгүй учраас уг албан бичгийн захирамжлан шаардсан агуулгаар нь илт хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохыг хүссэн.

... Удирдамжид заагдаагүй үүдэн эмнэлгийн үйл ажиллагааг шалгах, түдгэлзүүлэх хуулийн үндэслэл байхгүй байсан. Тусгай зөвшөөрлийн комисс нь дүгнэлт гаргахдаа мэргэжлийн хяналтын байгууллагын санал дүгнэлтийг үндэслэх хуулийн зохицуулалттай байхад Тусгай зөвшөөрлийн комиссын дүгнэлт 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдөр, үндэслэл болгон хэлэлцэх ёстой Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дүгнэлт нь 14 хоногийн дараа буюу 07 дугаар сарын 17-нд гарсан байдаг нь Тусгай зөвшөөрлийн комисс эрх хэмжээгээ хэтрүүлэн хууль зөрчсөний баримт юм. ... Хуульд зааснаар Тусгай зөвшөөрлийн комиссын дүгнэлтийн талаар 3 хоногийн дотор мэдэгдэх үүрэгтэй ч хугацаа хэтрүүлсэн. Ийм асуудал дээрх 2 баримтаас гадна олон бий. Тусгай зөвшөөрлийн комисс асуудлыг хэлэлцэхдээ шалгуулагчийг байлцуулах үүргээ биелүүлээгүй. Энэ гурван үндэслэлээр би дээрх 2/830 дугаар албан бичиг, түүний үндэслэл болгосон Тусгай зөвшөөрлийн комиссын дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй, хууль бус гэж үзэж байгаа юм.

2. Тусгай зөвшөөрлийн комисст тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх эрх хэмжээ байхгүй, Тусгай зөвшөөрлийн комиссын дүгнэлтийг үндэслэн тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, цуцлах эрх бүхий хуулийн этгээд буюу Нийслэлийн Засаг даргын захирамж гарснаар хуулийн хүчин төгөлдөр болж хэрэгжих учиртай гэсэн миний үндэслэлийг шүүх үгүйсгэсэн.

... Нийслэлийн Засаг даргаас “эрүүл мэндийн байгууллага мэргэжлийн үйл ажиллагаа явуулах” тусгай зөвшөөрөл олгох, түүнчлэн түдгэлзүүлэх, хүчингүй болгох эсэх асуудлыг хуулийн дээрх нарийвчилсан зохицуулалтын дагуу “тусгай зөвшөөрлийн комисс” дүгнэх эрх хэмжээтэй байсан байх тул гэсэн нь хэт нэг талыг барьсан дүгнэлт юм.

Эрүүл мэндийн тухай хуулийн 19.2.5-д заасан ажлын комиссын эрх хэмжээний тухай заалтыг авч хэрэглэсэн атлаа, 30 хоногийн дотор шийдвэрлэх хуулийн хугацааг 2 сараар хэтрүүлэн дүгнэлт гаргасан, 3 сар хэтрүүлэн захирамж гаргасныг үл хэрэгссэн, “... удирдамжийн 6.2.3-ын ... тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох асуудлыг комиссын хурлаар хэлэлцүүлж, шийдвэрийг эрх бүхий байгууллагаар баталгаажуулна” гэсэн заалтын “эрх бүхий байгууллагаар баталгаажуулна” гэснийг үл хэрэгсэн “дүгнэх эрх хэмжээг” баталгаажуулсан шийдвэртэй адилтган үзэж, Нийслэлийн Засаг дарга Тусгай зөвшөөрлийн комиссын дүгнэлтийг үндэслэн захирамж гаргаснаар “түдгэлзүүлэх, хүчингүй болгох” нарийвчилсан зохицуулалтыг ноцтой зөрчсөн үйлдлийг зөвтгөсөн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн шийдвэр юм.

3. ”Сэтгэшгүй” ХХК-ий үүдэн эмнэлэг нь 2016 оны 09 дүгээр сарын 11-нийг хүртэл, сувилал нь 2015 оны 07 дугаар сарын 15-ныг хүртэл ажиллаж байсан нь ... тогтоогдож байх тул тусгай зөвшөөрлийн комисс”-ын дүгнэлтээр үйл ажиллагаа түдгэлзсэн гэж үзэхээргүй байна гэж шүүх дүгнэсэн нь буруу.

Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 2/830 тоот албан бичгийг үндэслэн эмнэлэг, сувиллын үйл ажиллагааг 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр зогсоосон. Нийслэлийн эрүүл мэндийн газрын шалгалтын удирдамжид үүдэн эмнэлгийн үйл ажиллагааг шалгах чиглэл байхгүй, шалгаагүй атлаа эмнэлгийн үйл ажиллагааг ямар үндэслэлээр түдгэлзүүлснээ тайлбарлаж өгөхгүй байсан тул эмнэлгийг 8 дугаар сарын 22-ноос эхлэн ажиллуулж байгаад Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн шаардлагаар 9 дүгээр сард зогсоосон. ... Удаа дараагийн шийдвэрүүдийг урьдчилан гаргасан шийдвэрээ баталгаажуулах замаар гаргасан.

4. Тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг хангаж ажиллаагүй, өмнөх шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгаагүй нэхэмжлэгчийн буруутай үйлдэл нэхэмжлэгч, хариуцагч нарын төлөөлөгч нарын тайлбараар тогтоогдож байх тул эмнэлэг, сувиллын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна гэсэн нь учир дутагдалтай.

Шалгалтаар зарим нэг зөрчил дутагдал илэрсэн ч би тусгай зөвшөөрлийн шаардлагыг хангаж ажиллаж байсан. Нийслэлийн эрүүл мэндийн газрын болон Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын зарим буруутгал нь хуулийн үндэслэлгүй. Тэр тусмаа шалгалтын удирдамжид заагдаагүй үүдэн эмнэлгийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлж, цуцалсан нь огт үндэслэлгүй.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 2015 оны 7, 9 дүгээр саруудад хяналт шалгалт хийн, улсын байцаагчийн акт үйлдэн 1 хувийг өгснийг би зөвшөөрөн хүлээн авсан. Үүний мөрөөр ажил зохиосон. Сувиллын үйл ажиллагааг түдгэлзүүлэх, цуцлах ямар нэг шаардлага, сануулга өгөөгүй. Нийслэлийн эрүүл мэндийн газрын шалгалтын тэмдэглэл, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 02-06/305, 02-03/2820 дугаар танилцуулгууд, Тусгай зөвшөөрлийн комиссын 2 удаагийн дүгнэлтийг надад танилцуулаагүй, өгөөгүй. Хариуцагчдын төлөөлөгч нарын шүүхэд гаргасан тайлбараас үзвэл Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч нарын надад гардуулан өгсөн актад дурьдаагүй зүйлсийг дээрх танилцуулга, дүгнэлтүүдэд оруулсан, мөн буруу алдаатай тусгасан байдал ажиглагдаж байна.

Тухайлбал, миний эмчилгээний эрх дууссан ч хууль тогтоомжоор компанийн захирлаар ажиллахыг хориглоогүй, улсын байцаагчийн актад сувиллын байр стандартын шаардлага хангана гэсэн байхад танилцуулгад хангахгүй гэж дурьдсан, хохирогч Ёс зүйн хороонд гомдол гаргасан гэдэг нь огт худлаа байх жишээтэй. Энэ дутагдал нь Төрийн хяналт шалгалтын хуулиар тавигддаг шаардлагуудыг хангаж, танилцуулга,шалгалтын тэмдэглэлээ шалгуулагчид танилцуулж гарын үсэг зуруулдаггүйгээс үүдэлтэй. Би Тусгай зөвшөөрлийн комиссын дүгнэлт болон 2/830 дугаар албан бичгийг хууль бус гэж маргаан үүсгэхээсээ илүүтэй, ямар дутагдал заагдсаныг мэдэж гүйцэтгэлийн шалгалтад бэлтгэхийг хичээсэн. Нийслэлийн эрүүл мэндийн газар шалгалтын тэмдэглэлээ танилцуулж гарын үсэг зуруулаагүй, нэг хувийг өгөөгүй атлаа гүйцэтгэлийн шалгалт хийлгэх хүсэлт гаргаагүй гэж байгаа нь төрийн албаны нэр барьсан хүнд суртлын хэлбэр юм. Харамсалтай нь шүүх анхаарч үзсэнгүй, хариуцагчдын төлөөлөгчдийн баримт нотолгоогүй амаар ярьсан зүйлс, одоо ч хэвийн ажиллахгүй байгаа шилэн данснаас мэдээллээ авч болох байсан гэх мэт тайлбарыг илүүтэй дэмжсэн шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Тусгай зөвшөөрлийн комиссын 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн дүгнэлт, энэ дүгнэлтийн дагуу Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын ирүүлсэн 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 2/830 дугаар албан бичиг илтэд хууль бус болохыг үнэн зөв тогтоож өгвөл эдгээр баримт бичгүүдээс үүдэлтэй Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/643, А/866 захирамжууд хүчингүй болох үндэслэл бий болно.

Тусгай зөвшөөрлийн комиссын дүгнэлтийг хавсаргаж ирүүлээгүй учраас Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын 2015 оны 2/830 дугаар албан бичгийг захирамжилсан утгатай гэж байгаа миний үндэслэлийг шүүх үгүйсгэж байгаа тул нэхэмжлэлийн 2 дахь шаардлагыг “Сэтгэшгүй ХХК-ий эмнэлэг, сувиллын үйл ажиллагаа эрхлэх ЭХ-98/22/2758, ЭХ-10/22/3358 дугаар тусгай зөвшөөрлүүдийг 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлснийг мэдэгдэн, үйл ажиллагаагаа зогсоохыг шаардсан Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 860 дугаартай албан бичиг болон энэ албан бичгийн шаардлагын үндэслэл болгосон Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох нийслэлийн комиссын 2015 оны 07 дугаар 03-ны өдрийн дүгнэлтийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.3 дахь заалтыг үндэслэн илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрөх гэж өөрчилж байна.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 431 дүгээр шийдвэрийг хянан үзэж анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

“Сэтгэшгүй” ХХК-ийн сувилалд хэвтэн эмчлүүлж байсан иргэн нас барсан тухай мэдээлэл гарсны дагуу Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын 2015 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн А/33 дугаар тушаалаар батлагдсан удирдамжийн хүрээнд “2014 оны шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгасан байдал, мөн иргэдээс ирүүлсэн мэдээллийн дагуу эмэгтэйчүүдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Мария” ХХК-ийн эмнэлгийн үйл ажиллагаанд хяналт хийж, мэргэжил арга зүйгээр хангах”-аар ажиллаж байсан ажлын хэсэг “Сэтгэшгүй” ХХК-ийн сувиллын үйл ажиллагаанд 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хяналт шалгалт хийж, мэргэжлийн хяналтын байгууллагад хандаж дүгнэлт гаргуулах, Тусгай зөвшөөрлийн комиссын хурлаар асуудлыг хэлэлцүүлэн түдгэлзүүлэх санал оруулах тухай саналыг гаргажээ[1].

Дээрх ажлын хэсэг “Сэтгэшгүй” ХХК-ийн эмнэлгийн үйл ажиллагаанд бус сувиллын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн болох нь хэрэгт авагдсан тухайн ажлын хэсгийн илтгэх хуудас[2], Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт Нийслэлийн эрүүл мэндийн газраас хандсан 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 1/744 дүгээр албан бичиг[3] зэргээр тогтоогдож байна.

Гэтэл Сэтгэшгүй” ХХК-ийн эмнэлгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийгдэж ямар нэг акт, дүгнэлт зэрэг бичиг баримт гаргаагүй байхад Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох Нийслэлийн комисс 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хуралдаж, тухайн компанийн сувиллын төдийгүй эмнэлгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэхээр дүгнэлт гаргажээ.

Үүнээс гадна Нийслэлийн эрүүл мэндийн газраас хандсаны дагуу Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд даргын 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 02-03/513 дугаар удирдамжаар[4] Баянгол дүүргийн 17 дугаар хороо, ЭКО костракшн орон сууцны 102-2.3 байранд байрлах “Сэтгэшгүй” ХХК-ийн сувиллын үйл ажиллагаанд Эрүүл мэндийн тухай хууль, Ариун цэврийн тухай хууль, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль болон тэдгээрт нийцүүлж гаргасан стандарт, тушаал шийдвэрүүдийн холбогдох заалтуудын хэрэгжилтийг шалгаж, зөрчил дутагдлыг арилгуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, албан бичигт дурдагдсан асуудал үндэслэлтэй эсэхэд дүгнэлт өгөх зорилгоор төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийлгэхээр даалгасан байтал Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч нар тухайн удирдамжийн дагуу хяналт шалгалт хийхдээ “Сэтгэшгүй” ХХК-ийн сувиллын төдийгүй эмнэлгийн ажиллагаанд хяналт шалгалт хийж, 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 02-06/305 дугаар танилцуулгаар Нийслэлийн эрүүл мэндийн газарт тус компанийн сувиллын тусгай зөвшөөрлийг цуцлуулах, “бариа, ховс эмчилгээ” гэсэн эмнэлгийн нэршлийг уламжлалтын оношлогоо, эмчилгээ чиглэлээр холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн өөрчлөх санал хүргүүлсэн дүгнэлтийг гаргасан,

түүнийг нь үндэслэн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 02-06/2262 дугаар албан бичгээр Нийслэлийн эрүүл мэндийн газарт шалгалтын дүнг үндэслэн тус компанийн эмнэлэг, сувиллын тусгай зөвшөөрлийг цуцлах, “бариа, ховс эмчилгээ” гэсэн эмнэлгийн нэршлийг уламжлалтын оношлогоо, эмчилгээ чиглэлээр холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн өөрчлөх санал хүргүүлжээ.

Дээрх нөхцөл байдлаас үзвэл “Сэтгэшгүй” ХХК-ийн эмнэлэг, сувиллын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн шийдвэр буюу 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/643 дугаар захирамжийг гаргахдаа Нийслэлийн Засаг дарга нь хяналт шалгалт хийгдээгүй “Сэтгэшгүй” ХХК-ийн эмнэлгийн үйл ажиллагааг түдгэлзүүлэхээр Эрүүл мэндийн чиглэлийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох нийслэлийн комиссоос дүгнэлт ирүүлснийг зохих удирдамжгүйгээр буюу Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 /Төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг эрх бүхий албан тушаалтны баталсан удирдамжийн дагуу хийх бөгөөд түүнд дараахь зүйлийг тусгана/, 5.7 /Хяналт шалгалтыг зөвхөн удирдамж, хяналтын хуудсанд заасан асуудлын хүрээнд хийж гүйцэтгэнэ/ дахь заалтыг зөрчиж хийгдсэн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлт, санал зэргийг үндэслэл болгосон нь хууль бус, өөрөөр хэлбэл, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх заалтыг үндэслэн захирамж гаргахдаа комиссын хурлын дүгнэлт болон мэргэжлийн хяналтын газрын хяналт шалгалт хуулийн дагуу хийгдсэн эсэхийг шалгаж тодруулаагүйгээс “Сэтгэшгүй” ХХК-ийн эмнэлгийн үйл ажиллагааг түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль бус болсон байна.

Анхан шатны шүүх энэ талаар үндэслэлгүй дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгожээ.

Нэгэнт дээрх байдлаар нэхэмжлэгч “Сэтгэшгүй” ХХК-ийн эмнэлгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн нь хууль бус болох нь тогтоогдсон тохиолдолд тухайн эмнэлгийн үйл ажиллагааг “тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн байтал үйл ажиллагаа явуулсан” гэж үзэн төлөвлөгөөт бус шалгалтыг дахин хийж, улсын байцаагчийн акт үйлдсэн, улмаар тэдгээрийг үндэслэн “Сэтгэшгүй” ХХК-ийн эмнэлгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон хариуцагч Нийслэлийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/866 дугаар захирамж хууль зүйн үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангахаар байна.

Харин нэхэмжлэгч “Сэтгэшгүй” ХХК-ийн сувиллын үйл ажиллагаанд хийсэн шалгалтын үйл ажиллагаа хууль бус гэдэг нь тогтоогдоогүй, уг шалгалтад дурдагдсан зөрчлүүдтэй нэхэмжлэгч маргаагүй бөгөөд сувиллын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлж, улмаар хүчингүй болгосон талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.

Түүнчлэн Эрүүл мэндийн чиглэлээр сувиллын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох нийслэлийн комиссын дүгнэлт гаргаж “Сэтгэшгүй” ХХК-ийн эмнэлэг, сувиллын үйл ажиллагааг түдгэлзүүлсэн талаар тус компанид мэдэгдсэн Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 2/860 дугаар албан бичиг нь захиргааны актын захирамжилсан шинжийг агуулаагүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

Эдгээр нөхцөл байдлыг үндэслэн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 06-ны 431 дүгээр шийдвэрийн Тогтоох нь хэсгийн 1 дэх заалтыг “1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4, 10.1.5, 13 дугаар зүйлийн 13.1, 14 дүгээр зүйлийн 14.1.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/643, 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/866 дугаар захирамжуудын “Сэтгэшгүй” ХХК-ийн эмнэлэгт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх “Нийслэлийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/643, 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/866 дугаар захирамжуудын “Сэтгэшгүй” ХХК-ийн сувиллын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй холбоотой хэсгийг хүчингүй болгосон хэсгийг хүчингүй болгуулах” тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг “2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж, нэхэмжлэгчид буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

ШҮҮГЧ                                                Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ                                                Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                Д.БАТБААТАР