| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2022/0033/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/63 |
| Огноо | 2022-02-23 |
| Зүйл хэсэг | 22.1.1., 22.8.1.1., |
| Улсын яллагч | Л.Энхтайван |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 23 өдөр
Дугаар 2022/ШЦТ/63
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж,
Нарийн бичгийн дарга Ц.Н
Улсын яллагч С.Б
Хохирогчийн төлөөлөгч Б.Б
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Н
Гэрч А.Б , С.М , О.А
Шүүгдэгч Ц.М нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 22.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2025002450236 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Ц.М
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
2. 2019 оны 06 дугаар сард “Улаан бурхан”-ны вакцины 1 500 000 төгрөгөөс 1 117 000 төгрөгийг “Эрдэнэт Сэлбэ” ХХК-руу шилжүүлэн 754 000 төгрөгийг нярав Л.Д-р дамжуулан бэлнээр гаргуулан авч төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан,
3. 2020 оны 03 дугаар сард “Корона вирус”-ийн цар тахлын үеийн онцгой байдлын нөхцөлд илүү цагаар ажилласан гэж өөртөө тушаал гарган 102 цагийн урамшуулал болох 946 389 төгрөгийг гаргуулан өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.М-г нийтийн албанд ажиллаж байхдаа эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж давуу өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, төрийн өмч, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар тус тус яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг, тайлбар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.М мэдүүлэхдээ “намайг амралттай байхад эдийн засагч О ЕВС телевизитэй тохиролцож гэрээ байгуулж 4 400 000 төгрөгийг шилжүүлсэн. 2 460 000 төгрөгийг хэмнэлт гэж ойлгоод өөр ажилд зарцуулахаар ярьж байсан. Уг мөнгийг авах санаа зорилго байгаагүй. Миний буруутай үйлдэл байхгүй. Нярав Л.Д-р мөнгө авахуулсан, хувийнхаа хоол, эм тарианы мөнгөө төлүүлсэн зүйл байхгүй. Цар тахлын хүнд үед илүү цагаар ажилласан нь үнэн. Илүү цагийн хөлсөө авах эрхтэй гэж бодож байна. Энэ хэргийн гэрч гэх хүмүүс намайг буруутгах гэж хуйвалдаж удаа дараа гомдол хүсэлт гаргаж байгаа” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогчийн төлөөлөгч Б.Б мэдүүлэхдээ “Шүүхийн шийдвэрлэсэн хэмжээнд хохирлоо нэхэмжилнэ” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Д.О-н ********* дугаар депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1 дэх хавтаст хэргийн 19 дэх тал/,
2. Гэрч Б.У-н “2020 оны 03 дугаар сарын цалин дээр “Корона вирус”-ын үед дуудагдаж илүү цагаар ажилласан мэтээр 102 цагийн урамшуулал цалин авсан байсан. Ц.М-н хувьд урамшуулал цалин авахдаа аймгийн Засаг даргын захирамж гарч байж авах ёстой байдаг гэтэл тэрээр өөрөө өөртөө тушаал бичиж 102 цагийн мөнгө авсан байсан. Манай Эрүүл мэндийн газрын нэмэлт данс гэж байдаг энэ дансаар төсөл хөтөлбөрийн мөнгө ордог. 2019 онд Орхон аймгийн Засаг даргын тамгын газраас “Улаан бурхны дархлаажуулалт”-д зориулсан 1 500 000 төгрөгийн санхүүжилтээс “Сэлбэ Эрдэнэт” ХХК руу 1 117 000 төгрөгийг шилжүүлээд нярав Д уг компанитай очиж уулзаад 750 000 төгрөгийг бэлнээр авсан байсан. Уг 750 000 төгрөгөөс 470 000 төгрөгийг “Монос Фарм” ХХК-д Ц.М-н авсан эм тарианы мөнгө, үлдсэн 284 000 төгрөгийг “Гүн яруу” ХХК-ийн “Маестро” ресторанд өгсөн байсан” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24, 152-156 дахь тал/
3. Гэрч Л.Д-н “2019 оны 06 дугаар сард өдрийг нь сайн санахгүй байна Эрүүл мэндийн газрын дарга Ц.М намайг өрөөндөө дуудаад “Улаан бурхан” вакцины санхүүжилт ирсэн байгаа үүнээс 1 500 000 төгрөгийг “Монос” эмийн сан руу шилжүүлээд мөнгийг нь бэлнээр аваад ир гэж хэлээд явуулсан би “Монос” эмийн сан руу очсон чинь эмийн сангийн эрхлэгчН гэж эмэгтэй над руу хандаж танай дарга сонин, сонин юм яриад байна бид нар бэлэн мөнгө гаргаж чадахгүй дарга чинь бэлэн мөнгө авъя гээд байна харин даргынхаа авсан эм тарианы мөнгийг авч ирж тооцоог нь дуусгаарай гэж хэлсэн. Ингээд би Ц.М даргад хандаж “Монос” эмийн сан бэлэн мөнгө гаргаж чадахгүй гэж байна гэсэн чинь ямар нэгэн байдлаар зохицуул би “Монос” эмийн сангаас эм тариа авсан байгаа мөн хоолны мөнгө төгрөгийг зохицуулж өгөөрэй гэж хэлсэн. Тэгээд би Есөн эрдэнэ худалдааны төвд үйл ажиллагаа явуулдаг Сэлбэ нэртэй павилоны эзэнБ гэдэг охинтой уулзаад дарга Ц.М хоолны мөнгө, эм тарианы мөнгө бэлнээр гаргаж өгөөч гэж хэлүүлсэн гэсэн чиньБ над руу хандаж урьд нь ингэж гуйж байгаагүй юм чинь нэг удаа тусалъя гэж хэлсэн... Ч надад хандаж ингэж зохицуулахаас өөр яах вэ дээ, тэгэхгүй бол намайг бас дарамтлаад байна гэж хэлсэн... Би “Сэлбэ”-ээс 1 117 000 төгрөгийн нэхэмжлэл, зарлагын падаан, Е баримт зэргийг нь авчирсан, үүнийг үндэслээд нягтлан бодогч Н.Ч “Сэлбэ” рүү 1 117 000 төгрөгийг шилжүүлсэн, үлдсэн мөнгийг нь аваад Ц.М даргын Маястро гэдэг ресторанд хоол идсэн төлбөр болох 284 000 төгрөгийг төлсөн, үлдсэн мөнгөөр нь мөн даргын авсан эм тарианы мөнгө болох 400 000 орчим төгрөгийг “Монос эмийн санд төлсөн. Би түүнээс хойш Ц.М даргын хий гэснийг хийгээд өөдөөс нь юм дуугарахаа больсон, юм хэлэхээр арга хэмжээ авна үгүй бол ажилгүй болгоно зайл гэж дарамтлаад байдаг болсон өглөө ажилдаа ирэхэд ч хэцүү болсон. 2020 оны 03 дугаар сард эмнэлэгт хэвтэж байгаад ажил дээрээ ирээд илүү 12 цаг ажилласан гэтэл миний ажилласан цагийг бодохгүй хасчихсан тэгсэн хэр нь өөртөө 102 цаг илүү ажилласнаар мөнгө бодуулан авсан байсан” гэсэн мэдүүлэг/ 1 дэх хавтаст хэргийн 34-35, 147-151 дэх тал/,
4. Гэрч Д.О-н “Ц.М дарга надад чи М-тай яриад гэрээг 1 500 000 төгрөгөөр хийнэ гэхдээ албан ёсны гэрээн дээр 4 400 000 төгрөгөөр хийгээд үлдэгдэл зөрүү мөнгийг буцаан гаргаж авна гэж хэлээрэй гэж надад үүрэг өгсөн үүний дагуу би М-тай уулзаад даргын хэлсэн үгийг дамжуулсан тэгсэн чинь М зөвшөөрөөд гэрээг 4 400 000 төгрөгөөр хийж баталгаажуулсан. 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ЕВS телевизийн захирал М над руу гар утсаар залгаад зөрүү мөнгөө ав гэхээр нь би газрын даргаас асуугаад ямар дансаар авахыг нь хэлье гээд утсаа салгаснаа газрын дарга Ц.М-н ******* дугаарын утас руу залгаад ЕВS телевизээс залгаад байна та дансаа өгөх үү гэхэд чи өөрийнхөө данс руу авчих аа би 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ажилдаа орохдоо авъя гэж хэлсэн үүний дагуу би өөрийнхөө Хаан банкны ********* тоот дансыг М д өгсөн чинь 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр миний Хаан банкны дансанд 2 460 000 төгрөг орж ирсэн. Ингээд би 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Ц.М-г ажилдаа ирэхээр нь өрөөнд нь ороод та мөнгөө авах уу гэсэн чинь юу яриад байгаа юм бэ яахаараа 2 460 000 төгрөг өгдөг юм бэ нийт мөнгөнөөсөө 10 хувийг нь суутгахгүй ш дээ зөрүү 2 910 000 төгрөгөөс 10 хувийг суутгах ёстой байсан чинь нийт мөнгөнөөсөө 10 хувийг суутгаж авсан байна чи буцаж ярьж үлдэгдэл мөнгийг ав гэж намайг загнаж дарамталсан” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 40-41, 157-161 дэх тал/
5. Гэрч С.М ын “ХӨСҮТ-ээс ирүүлсэн Тэмбүүг устгая аяны хүрээнд 2 жил хэрэгжүүлэх төлөвлөгөө гарсан байгаа үүний 2 460 000 төгрөгийг чиний данс руу шилжүүлсэн. Уг мөнгөөр сургалт зохион байгуулна шүү гэж хэлсэн. Үүнээс хойш корона вирустэй холбоотой төлөвлөгдөөгүй ажлууд гараад цаг үеийн асуудлаас болоод мартсан юм. Эрүүл мэндийн газрын дарга М-тэй таараад эдийн засагч О миний данс руу шилжүүлсэн байна. Тэмбүүтэй холбоотой мөнгө гэсэн гэж асуусан чиньО-г чам руу мөнгийг шилжүүл гэж хэлээгүй гэсэн юм. Тэгээд удалгүй засаг даргын захирамж гарч уг захирамжаар олон хүн цуглуулж болохгүй гэсэн шийдвэр гарсан. Тэгэхээр нь би сургалт зохион байгуулж болохгүй юм байна гээд 2 460 000 төгрөгийг Оийн данс руу буцаагаад шилжүүлсэн. О өөрийнхөө ********* тоот данснаас миний хаан банкны 5127052824 тоот данс руу 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 2 460 000 төгрөгийг IMG гэсэн утгаар шилжүүлсэн юм. Би 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр уг мөнгийг О-ийн ********* тоот данс руу буцаав гэсэн утгатай шилжүүлсэн... 2020 оны 02 дугаар сарын эхээр шиг санагдаж байна. Нярав Л.Д манай өрөөнд орж ирээд дарга М танд кассын үлдэгдэл мөнгийг өгөөрэй гэж нягтлан бодогч Ч бид хоёрт хэлсэн. Нярав Л.Д-с кассын үлдэгдэл 977 000 төгрөг авсан. Дараа нь дарга М Д , Ч бид гурвыг өрөөндөө дуудаад уулзахдаа би тэгж хэлээгүй байхад нярав, нягтлан хоёр хоёр яагаад дураараа мөнгө гаргаад явж байдаг юм бэ, санхүүгийн сахилга бат хаана байна гэсэн юм. Тэгээд би өрөөндөө буцаад орсон чинь Д эгч кассын үлдэгдэл мөнгөө авъя гээд манай өрөөнд орж ирж авсан ба гарын үсэг зуруулсан. Би кассын үлдэгдэл мөнгийг бэлнээр цүнхэндээ хадгалж байсан” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 44-45 дахь тал/,
6. Гэрч Н.Ч-н “2020 оны 01 дүгээр сарын 20-оор байхаа өдрийг нь сайн санахгүй байна эдийн засагч Д.О нярав Л.Д бид хоёрт хандаж ЕВS телевизтэй гэрээг хийлгэхдээ дарга намайг хүчээр хийлгэсэн уг телевизтэй 1 500 000 төгрөгийн гэрээ хийсэн зөрүү мөнгийг нь суутгалыг нь хийгээд үлдсэн 2 460 000 төгрөгийг Д.О өөрийнхөө данс руу шилжүүлэн авсан гэж хэлсэн. 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр “Улаан бурхан”, “Улаанууд”-ын нэмэлт дархлаажуулалтын аяны хүрээнд 1 500 000 төгрөгийг аймгийн Засаг даргаас авсан, энэ мөнгөнөөс 1 117 000 төгрөгийг Эрдэнэт сэлбэ ХХК руу шилжүүлсэн үүнээс 363 000 төгрөгөөр аяны үйл ажиллагаанд зарцуулах хэрэгслүүдийг авсан, 383 000 төгрөгийг Монос фарм эм ханган нийлүүлэх байгууллага руу шилжүүлж, спирт, хөвөн зэргийг авсан үлдсэн 754 000 төгрөгийг Эрдэнэт Сэлбэ ХХК-иас нярав Л.Д-р дамжуулан авч Ц.М-н Маястро рестораны хоолны мөнгө гэж 284 000, үлдсэн мөнгийг нь “Монос” эмийн сангаас дарга Ц.М-н авсан эм тарианы зардалд төлсөн. Мөн манай Эрүүл мэндийн газрын дарга Ц.М 2019 оны 04 дүгээр сарын сүүлчээс эхлэн өөрөө болон өөр хүмүүстэй хоол идээд нэхэмжлэх нь манай байгууллагад ирдэг болсон үүний мөнгийг нь төсөл хөтөлбөрийн зардлаас зориулалт бусаар гарган төлж байсан. “Цэн крат” ХХК-иас 84 000-160 000 төгрөгний төлбөр ирдэг, ресторанд хоол идсэн талаар нэхэмжлэх манай байгууллага дээр ирдэг нэхэмжлэх дээр газрын дарга Ц.М , Удирдлага төлөвлөлтийн хэлтсийн дарга С.М , Нийгмийн Эрүүл мэндийн төвийн дарга М.Болормаа нарын нэрс байдаг, би энэ талаар болохгүй гэдгийг Ц.М даргад удаа дараа хэлж байсан, тэгэхэд “наадхаа зохицуул” гэж үүрэг өгдөг, тэгээд арга буюу төсөл хөтөлбөрийн зардлаас төлдөг, төлөхгүй байхаар цаад байгууллага нь өрөө нэхээд байна, хурдан мөнгийг нь шилжүүл гэж дарамтлаад байдаг” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 142-146 дахь тал/
7. Гэрч Я.Б-н “Манай “Эрдэнэт Сэлбэ” ХХК нь Орхон аймгийн эрүүл мэндийн газартай 3-4 жилийн хугацаанд ариутгал цэвэрлэгээний материал болох саван, вок, белизна зэрэг зүйлсүүдийг нийлүүлж ажиллаж байна. 2019 оны 06 дугаар сард өдрийг нь сайн санахгүй байна. Эрүүл мэндийн газраас нярав Л.Д эгч ирж уулзаад хөвөн бинт, санитол, вок, ариутгалын бодис, жавлин зэрэг зүйлсүүдийг авсан мөнгийг санхүүжилт орохоор өгнө гэж хэлсэн боловч нэг хэсэг мөнгө нь ороогүй байхаар нь би авсан юмныхаа мөнгийг өгөхгүй юм уу гэж асуухад одоо санхүүжилт орж ирнэ тэгэхээр нь шилжүүлнэ гэж хэлсэн. Ингээд маргааш нь билүү нөгөөдөр нь билүү Л.Д эгч надтай ирж уулзаад эгч нь мөнгийг нь шилжүүлчихлээ авсан юмныхаа мөнгийг суутгаж аваад үлдсэнийг нь бэлнээр гаргаад өгөөч дарга нар хоолонд орох гээд мөнгөний хэрэг байна. Мөн ганц нэг газарт эм тарианы мөнгөний тооцоо байгаа түүнийгээ өгөх гэсэн юм гэж гуйхаар нь ганц удаа юм байна танд туслая дахин чадахгүй шүү уг нь би зарсан юмныхаа мөнгийг авмаар байна, илүү дутуу мөнгө оруулж гаргамааргүй байна гэж хэлсэн. Эрүүл мэндийн газраас манай компани руу урьд өмнө нь ингэж илүү мөнгө шилжүүлэн гаргаж авч байгаагүй учраас Л.Д эгчийг нэг удаа гуйхаар нь тус болоод бэлнээр мөнгө гаргаж өгсөн. 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр манай “Эрдэнэт Сэлбэ” ХХК-ны 340502390937 дугаартай Төрийн банкны дансаар 1 117 000 төгрөг орж ирснээс урьд авсан барааны мөнгө болох 450 000-500 000 төгрөгийг суутгаж үлдсэн мөнгийг бэлнээр өгсөн” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 140-141 дэх тал/
8. Гэрч Х.М гийн “Миний хувьд тухайн гэрээг 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хийж байна гэж ойлгож байсан гэтэл уг гэрээг 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хийж байгаа мэтээр он сар тавьсан байсныг эмнэлгээс гарах гэж байхад тус газрын нярав эгч нэг хувь гэрээг авчирсан уг гэрээг харсан чинь он сар өдөр нь 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр гэж бичсэн байсан. 2019 оны 12 дугаар сарын 20-оор өдрийг нь сайн санахгүй байна манай байгууллагын Төрийн банкны 130800062333 дугаарын дансанд Эрүүл мэндийн газраас 4 400 000 төгрөг орж ирэхээр нь ямар ч байсан 10 хувийг суутган авч үлдсэн. 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Д.О над руу ярьснаа мөнгө чинь орсон уу гэж асуухаар нь орсон гэсэн чинь найз нь чамд дансаа явуулъя гээд өөрийнхөө хувийн Хаан банкны ********* дугаарын данс өгөхөөр нь энэ дансанд 2 460 000 төгрөгийг шилжүүлсэн” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 162-166 дахь тал/
9. 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 8 дугаартай “Эрүүл мэндийн газраас хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрийн талаарх мэдээ, тогтмол зохион байгуулдаг арга хэмжээ, сургалт семинарыг телевизын мэдээллийн хөтөлбөрт бэлтгэх, мөн зар түгээх НЭМТөв болон бусад бэлэн шторкыг EBS телевизээр цацаж олон нийтэд түгээх, цаг үеийн холбогдолтой нэвтрүүлгийг шууд дамжуулахад” гэрээ /2 дахь хавтаст хэргийн 8 дахь тал/
10. WWW.ERDENETPOST.MN сайт гэрээний гүйцэтгэл /2 дахь хавтаст хэргийн 10-12 дахь тал/,
11. 130800062333 тоот депозит дансны хуулга / 2 дахь хавтаст хэргийн 18 дахь тал/
12. Зарлагын 119 дугаартай баримт /2 дахь хавтаст хэргийн 54 дэх тал/,
13. Төлбөрийн 62 дугаартай хүсэлт /2 дахь хавтаст хэргийн 55 дахь тал/,
14. 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн А/270 дугаартай нэмэгдэл хөлс, урамшуулал олгох тухай тушаал / 4 дэх хавтаст хэргийн 240 дэх тал/,
15. Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 165 дугаартай шинжээчийн “1. Шинжилгээнд ирүүлсэн Орхон аймгийн Эрүүл мэндийн газрын 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр “Ортой хувийн эмнэлгүүдээр”-ээс 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдөр “ХХ-н эмнэлгүүдээр” гэсэн тайлбартай жолоочийн тооцооны хуудсуудад зурагдсан 28 ширхэг гарын үсгийг нэг хүн зурсан байна... Шинжилгээнд ирүүлсэн Орхон аймгийн Эрүүл мэндийн газрын 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр “Хот дотор” гэснээс 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр “Хот дотор” гэсэн тайлбартай жолоочийн тооцооны хуудсуудад зурагдсан 7 ширхэг гарын үсгийг нэг хүн зурсан байна. 2.Шинжилгээнд ирүүлсэн тогтоолын асуултад дурьдагдсан Орхон аймгийн Эрүүл мэндийн газрын жолоочийн тооцооны хуудсуудад зурагдсан 35 ширхэг гарын үсэг нь харьцуулах загвараар ирүүлсэн Б.У-н гарын үсэг, бичгийн хэвийн загваруудтай гарын үсгийн бүтэц, дадал, хөдөлгөөнийг илэрхийлэх ерөнхий шинж тэмдгүүд болон хөдөлгөөний хэмжээ, холболт, тоо, байрлал, чиглэл зэрэг элемент гүйцэтгэлийн хувийн онцлог шинж тэмдгүүдээр тохирохгүй байна” гэсэн дүгнэлт / 5 дахь хавтаст хэргийн 138-142 дахь тал/,
16. 2020 оны 03 дугаар сарын ажлын цагийн тооцоо / 6 дахь хавтаст хэргийн 73-75 дахь тал/,
17. Гэрч М.А-н “Орхон аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.М-г Орхон аймгийн Засаг дарга томилж, чөлөөлдөг юм. Ц.М даргатай холбоотой цалин нэмэх, хасах, илүү цагийн цалин олгох, чөлөө олгох шийдвэрийг Засаг дарга гаргадаг юм. 2020 оны 03 дугаар сард би илүү цагаар ажилласан ажилчдын илүү цагийн хөлс олгох тооцоог бэлдэж Ц.М даргад танилцуулсан чинь М дарга зарим ажилчдыг би илүү цагаар ажил гээгүй гээд зарим ажилчдын нэрсийг хасуулж, харин өөрөө 2020 оны 02,03 дугаар сард 102 цаг илүү ажилласан тул миний нэрийг илүү цагийн хөлс олгох тооцонд оруулж тушаалын төслийг боловсруул гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /6 дахь хавтаст хэргийн 56-58 дахь тал/,
18. 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Орхон аймгийн “ЕВS” телевиз, Орхон аймгийн Эрүүл мэндийн газартай хамтран ажиллах гэрээ, “ЕВS” телевизийн Төрийн банкны дансанд 4 400 000 төгрөг шилжин орсон гүйлгээ болон 2 460 000 төгрөг шилжүүлсэн гүйлгээнүүд, Д.О-н ********* , С.М ын 5127052824 дугаартай Хаан банкны дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /6-р хавтаст хэргийн 88-89 дэх тал/,
19. Д.О-н 99017763 дугаартай утаснаас Ц.М , С.М нарын гар утас руу залгаж ярьсан талаарх үзлэгийн тэмдэглэл /6 дахь хавтаст хэргийн 90-91 дэх тал/,
20. Хохирогч Б.Б гийн “Ц.М-н үйлдсэн гэх төсвийн мөнгөөр хоолонд орсон, эм тариа худалдаж авсан, өөрөө өөртөө тушаал гаргаж илүү цагийн цалин авсан, төсвийн мөнгийг бусдаар дамжуулан хувьдаа авах гэсэн зэрэг бусад хууль бус үйлдлүүдэд нь зохих хариуцлагыг хүлээлгэх шаардлагатай гэж үзэж байна, Ц.М нь өөрөө өөртөө тушаал гаргаж илүү цагийн хөлс авсан асуудал нь хууль зүйн хувьд байж болохгүй асуудал юм. Ц.М-н харьяалах дээд шатны байгууллагын удирдах албан тушаалтнуудаас нь илүү цагийн цалин олгох тушаал шийдвэр гарсан бол хуулийн дагуу шийдэгдсэн гэж үзэх ёстой юм” гэсэн мэдүүлэг /6 дахь хавтаст хэргийн 182-183 дахь тал/,
21. Гэрч Б.С-н “2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Орхон аймгийн Эрүүл мэндийн газраас 5 190 000 төгрөгийн нэхэмжлэл ирсэн ба ХӨСҮТ-ээс 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 5 190 000 төгрөгийг төлбөрийн хүсэлтээр төрийн сангаар шилжүүлсэн. Орхон аймгийн Эрүүл мэндийн газраас 4 400 000 төгрөгөөр Орхон аймгийн нутаг дэвсгэрт байх телевизтэй гэрээ байгуулан ажилласан мөн 790 000 төгрөгөөр сургалт сурталчилгааны гарын авлага бүхий материал хэвлүүлсэн гэсэн баримтуудыг тайлангийн хамт ирүүлсэн байсан. Бидний хувьд газар дээр нь биечлэн шалгах боломжгүй” гэсэн мэдүүлэг /8 дахь хавтаст хэргийн 166-167 дахь тал/
22. 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Орхон аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны шалгалтын материал, Орхон аймгийн Эрүүл мэндийн газрын санхүүгийн 20 боть материал, 7 задгай материалуудад үзлэг хийж хэрэгт ач холбогдол бүхий 90 хуудас материалыг хэрэг хавсаргасан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв. Шүүгдэгч Ц.М ээс гэрчээр авсан мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх хууль зүйн үндэслэлгүй байх тул нотлох баримтаар үнэлээгүй, шинжлэн судлаагүй болно.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, өмгөөлөгч нарын санал дүгнэлт:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч С.Б дүгнэлтдээ: “Шүүгдэгч Ц.М-г нийтийн албанд ажиллаж байхдаа эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж давуу өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай, төрийн өмч, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэг авагдсан гэрчүүдийн мэдүүлэг, дансны гүйлгээний хуулга, шинжээчийн дүгнэлт болон бусад баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албан томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 6 000 нэгж буюу 6 сая төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч 9 000 нэгж буюу 9 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч 15 сая төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Н дүгнэлтдээ “Цаг хугацааны хувьд ХӨСҮТ-ээс 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр мөнгө шилжүүлсэн, 12 дугаар сарын 05-ны өдөр н.Ч байгууллагынхаа удирдлагад мэдэгдэхгүйгээр нэхэмжлэл явуулж дангаараа уг мөнгийг авсан. Мөнгийг аваад дээд шатны удирдлагадаа огт мэдэгдэлгүй өөртөө байлгасан ба дээд шатны удирдлага нь мэдмэгц төлөвлөгөө боловсруулах үүрэг чиглэл өгч, EBS телевизийн захирал н.М-тай уулзаж өөрөө үнийн дүнгээ тодорхойлж, гэрээ боловсруулж удаа дараа н.М-тай уулзсаны эцэст гэрээ байгуулан уг мөнгийг авсан байсан. н.О, н.Д нар нь Ц.М-г буруутгах зорилгоор зохион байгуулалттай ажиллаж материал бүрдүүлж хэргийг ийм нөхцөл байдалд хүргэсэн. Ц.М-г 7 төрлийн үйлдлээр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байсныг прокуророос 4 үйлдлийг нь хэрэгсэхгүй болгосон. Үлдсэн 3 үйлдэл гэмт хэргийн шинжтэй эсэхэд нотлох баримт бүрдүүлж улмаар хэлэлцэж байна. Нягтлан н.Ч мөнгөний хуваарилалтыг хийж 4 400 000 төгрөгийг EBS телевиз рүү шилжүүлж, 790 000 төгрөгийг Тод өнгө ХХК-руу шилжүүлсэн байсан. Тухайн үед Ц.М жирэмсний амралттай байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг, холбогдох баримтуудаар тогтоогдож байна. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад гэрч нарын мэдүүлгээр н.Мөнхзулын данс руу 2 460 000 төгрөгийг Ц.М шилжүүл гэж хэлээгүй болох нь тогтоогдож байна. Мөн санхүүжилтын үлдэгдэл мөнгийг н.Мөнхзулд өг гэж хэлээгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Баярхүү 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 2 460 000 төгрөгт нийцүүлэн “заг тэмбүүг устгая” сурталчилгааны төлөвлөгөө боловсруулах үүрэг чиглэл авч 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр төлөвлөгөөгөө батлуулж мөнгөнд нь тохируулж ажилласан болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгсөн гэрч нарын мэдүүлгээр нотлогдож байна. Үүнийг үгүйсгэх ямар нэгэн нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Энэ үйл баримтын дараа тухайн мөнгийг бусдын данс руу шилжүүлэх, өөрийн дансаар авах үйлдэл хийгдсэн байсан. Ц.М уг мөнгийг зориулалтын бусаар авах гэж байсан бол энэ үйлдэл гарахаас өмнө төлөвлөгөө боловсруулж батлагдахгүй байсан. Төсвийн мөнгийг зориулалтын дагуу зарцуулсан талаарх үйл баримтыг залруулсан тухай баримтууд хавтаст хэрэгт авагдсанаар хангалттай бүрэн дүүрэн нотлогдож байна гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Уг төлөвлөгөө ковид 19 цар тахлын улмаас хэрэгжээгүй тул н.Оийн данснаас уг мөнгийг мөрдөгч хураан авсан байдаг. н.О уг мөнгөнөөс хувьдаа 700 000-800 000 төгрөгийг зарцуулаад нөхөн хийсэн байдаг. Ц.М-г гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байгаа бол тухайн гэмт хэргийн талаар ямар нэгэн санаа зорилго тогтоогдох ёстой. Түүнээс ямар нэгэн санаа сэдэл, зорилго тогтоогдохгүй байхад гэм буруутай гэж тооцох боломжгүй юм. Хууль хэрэглээний хувьд зориулалтын бусаар зарцуулсан байхыг шаарддаг гэтэл Ц.М уг мөнгийг зориулалтын бусаар зарцуулаагүй тул гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Улаан бурхны вакцины хувьд 1 500 000 төгрөг зарцуулахаар Орхон аймгийн засаг даргын захирамж гарсан. Үүнээс 1 100 000 төгрөгийг “Эрдэнэт Сэлбэ” ХХК-руу шилжүүлж уг үнийн дүнд тохирсон материалыг авч хэрэглэсэн. Үлдэгдэл 383 000 төгрөгийг хөтөлбөрт заасны дагуу “Монос” эмийн сангаас спирт, хөвөн зэргийг авч хэрэглэсэн. Энэ талаарх баримтууд хэрэгт авагдсан байгаа. 1 500 000 төгрөгөөс нэг ч төгрөг үлдээгүй зарцуулагдсан байхад н.Д хаанаас, ямар учиртай бэлэн мөнгө авч хэрэглэсэн нь тодорхойгүй байна. Үүнийг прокурор тогтоох ёстой. 2020 оны 03 дугаар сард корона вирусын цар тахлын үед илүү цагаар ажилласан болох нь хэрэгт авагдсан баримтууд, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн гэрч нарын мэдүүлэг зэргээр нотлогдож байна. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу илүү цагаар ажилласан бол илүү цагийн нэмэгдэл хөлсөө авах эрхтэй. Засаг даргын захирамж гарч нэмэгдэл хөлс авсных нь төлөө гэм буруутайд тооцох боломжгүй. Хавтаст хэрэгт нотлох баримтаар цагийн бүртгэл авагдсан. Түүнийг үндэслэж н.Ч нэмэгдэл хөлсийг тооцож олгосон. Түүнээс Ц.М өөрөө дур мэдэж нэмэгдэл хөлс авсан зүйл байхгүй. Эрүүгийн хариуцлагын хувьд тусгайлан гаргах саналгүй. Дээд шатны шүүхэд хандах болно гэв.
Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогчийн төлөөлөгч нарын мэдүүлэг, улсын яллагч, өмгөөлөгч нарын санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ.
1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, учирсан хохирол гэмт хэргийн шалтгаан нөхцөлийн талаар:
Шүүх хавтаст хэрэгт цугларсан гэрч С.М ын мэдүүлэг, гэрч Н.Чулуун-Эрдэний мэдүүлэг, гэрч Л.Д-н мэдүүлэг, гэрч Б.У-н мэдүүлэг, гэрч Д.О-н мэдүүлэг, гэрч Х.М гийн мэдүүлэг, 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 8 дугаартай гэрээ, WWW.ERDENETPOST.MN сайт гэрээний гүйцэтгэлийн баримт, 130800062333 тоот депозит дансны хуулга, зарлагын 119 дугаартай баримт, төлбөрийн 62 дугаартай хүсэлт, 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн А/270 дугаартай нэмэгдэл хөлс, урамшуулал олгох тухай тушаал, Шүүхийн шинжилгээний албаны 165 дугаартай шинжээчийн дүгнэлт, 2020 оны 03 дугаар сарын ажлын цагийн тооцоо, гэрч М.Ариун-Эрдэний мэдүүлэг, 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Орхон аймгийн “ЕВS” телевиз, Орхон аймгийн Эрүүл мэндийн газартай хамтран ажиллах гэрээ, “ЕВS” телевизийн Төрийн банкны дансанд 4 400 000 төгрөг шилжин орсон гүйлгээ болон 2 460 000 төгрөг шилжүүлсэн гүйлгээнүүд, Д.О-н ********* , С.М ын 5127052824 дугаартай Хаан банкны дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, Д.О-н 99017763 дугаартай утаснаас Ц.М , С.М нарын гар утас руу залгаж ярьсан талаарх үзлэгийн тэмдэглэл, хохирогч Б.Б гийн мэдүүлэг, гэрч Б.С-н мэдүүлэг, 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Орхон аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны шалгалтын материал зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.М нь Орхон аймгийн Эрүүл мэндийн газрын даргын албан тушаалд ажиллаж байхдаа:
- 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр “Тэмбүүг устгая” аяны хүрээнд зарцуулагдахаар шилжин ирсэн 5 190 000 төгрөгийн санхүүжилтээс 4 400 000 төгрөгийг Эрүүл мэндийн газраас хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрийн талаарх мэдээ, тогтмол зохион байгуулдаг арга хэмжээ, сургалт семинарыг телевизийн мэдээллийн хөтөлбөрт бэлтгэх, зар түгээх, цаг үеийн холбогдолтой нэвтрүүлгийг шууд дамжуулах ажил гүйцэтгүүлэхээр Орхон аймгийн “ЕВS” телевизийн захирал Х.М-тай 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн огноотой, бодит үнээс зөрүүтэй гэрээ байгуулж, уг гэрээнд заагдсан мөнгөнөөс 2 460 000 төгрөгийг тус газрын эдийн засагч Д.О-н хаан банкны дансаар дамжуулан буцаан авсан үйл баримт,
- 2019 оны 06 дугаар сард “Улаан бурхан”-ны вакцины тарилгад зарцуулах 1 500 000 төгрөгөөс 1 117 000 төгрөгийг “Эрдэнэт Сэлбэ” ХХК-руу шилжүүлэн 754 000 төгрөгийг нярав Л.Д-р дамжуулан бэлнээр гаргуулан авч хоолны төлбөр, эм тарианы төлбөр төлүүлсэн үйл баримт,
- 2020 оны 03 дугаар сард “Корона вирус”-ийн цар тахлын үеийн онцгой байдлын нөхцөлд илүү цагаар ажилласан гэж өөртөө тушаал гарган 102 цагийн хөлс болох 946 389 төгрөгийг гаргуулан авсан үйл баримт тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар “ЕВS” телевизтэй байгуулсан гэрээний талаар мэдэхгүй гэж мэтгэлцэж байх боловч гэрч Х.М гийн мэдүүлгээр Ц.М нь уг гэрээг бодит үнээс дээгүүр үнийн дүнтэй, өмнөх сарын огноотой байгуулах, илүү мөнгийг авахыг хүсэж утсаар холбогдож ятгасан болох нь тогтоогдож байна. Ц.М гийн мэдүүлэг нь гэрч Д.О-н мэдүүлэг, 2 460 00 төгрөг шилжүүлсэн тухай дансны хуулга, уг мөнгийг хураан авсан тэмдэглэл зэргээр нотлогдож байна.
Мөн “Улаан бурхан”-ны вакцины тарилгад зарцуулах 1 500 000 төгрөгөөс 754 000 төгрөгийг бэлнээр гаргуулан аваагүй гэж мэтгэлцэж байх боловч гэрч Я.Болорцэцэг, Л.Д нарын мэдүүлгээр 1 117 000 төгрөгөөс урьд авсан барааны мөнгийг суутгаж, үлдсэн мөнгийг бэлнээр авахуулж хувийн хэрэгцээний зардал төлүүлсэн болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгч Ц.М нь Орхон аймгийн Эрүүл мэндийн газрын даргын албан тушаалд төсөвийн шууд захирагчаар ажиллаж байхдаа 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр “Тэмбүүг устгая” аяны хүрээнд шилжин ирсэн төсвийн мөнгөнөөс Орхон аймгийн “ЕВS” телевизийн захирал Х.М-тай 4 400 000 төгрөгийн хууль бус гэрээ байгуулж, 2 460 000 төгрөгийг тус газрын эдийн засагч Д.О-н Хаан банкны дансаар дамжуулан авсан, 2019 оны 06 дугаар сард “Улаан бурхан”-ны вакцины тарилгад зарцуулах төсвийн мөнгөнөөс 1 117 000 төгрөгийг “Эрдэнэт Сэлбэ” ХХК-ний дансруу шилжүүлэн 754 000 төгрөгийг нярав Л.Д-р дамжуулан бэлнээр гаргуулан авсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан төсвийн захирагч нь төрийн өмч, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулан хөрөнгө завшиж хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Төсвийн тухай хуульд зааснаар Орхон аймгийн Эрүүл мэндийн газрын дарга нь төсвийн шууд захирагч бөгөөд төсөвт тусгасан мөнгө, хөрөнгийг төсөвт тусгасан зориулалтаас өөрөөр зарцуулахыг хориглосон байна. Шүүгдэгч Ц.М нь төсвийн мөнгөөр хууль бус гэрээ байгуулах, зарцуулалтаас илүү мөнгө шилжүүлэх зэргээр хууль бус гүйлгээ хийж, бэлнээр болон бусдын хувийн дансаар шилжүүлэн авч зориулалтын бусаар зарцуулсан байна.
Шүүгдэгч Ц.М нь Орхон аймгийн Эрүүл мэндийн газрын даргын албан тушаалд ажиллаж байхдаа 2020 оны 03 дугаар сард “Корона вирус”-ийн цар тахлын үеийн онцгой байдлын нөхцөлд илүү цагаар ажилласан гэж өөртөө тушаал гарган 946 389 төгрөгийг нэмдэл цалин авсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар “Үндсэн хууль болон хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу хүн илүү цагаар ажилласан хөлсөө тооцуулан авах эрхтэй” гэж мэтгэлцсэн байна. Аливаа ажилтан албан хаагч нь илүү цагаар ажилласан цалин хөлсөө тооцуулах, нэхэмжлэх эрхтэй боловч цуг асуудлаа хууль тогтоомжид заасан журмын дагуу шийдвэрүүлэх бөгөөд өөртөө дур мэдэн илүү цагийн хөлс олгох эрхгүй юм. Төсөвийн тухай хуульд төсвийн шууд захирагч нь төсөвт өөрчлөлт оруулах бол төсөвийн ерөнхийлөн захирагчид мэдэгдэж, төсвийн ерөнхийлөн захирагч нь шийдвэр гаргахаар тусгайлан заасан бөгөөд төрийн болон хувийн хэвшлийн аливаа албан тушаалтан нь өөрийн ажил олгогч, эсхүл шууд харьяалах дээд шатны албан тушаалтны зөвшөөрөлгүй нэмэгдэл цалин, урамшуулал авах, өөрийн цалин хөлсийг нэмэгдүүлэх эрхгүй болно. Шүүгдэгч Ц.М нь Орхон аймгийн засаг даргын шийдвэр гаргаагүй байхад албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хууль бус шийдвэр гарган, өөрийн цалин хөлсөд өөрчлөлт оруулж, илүү цагийн нэмэгдэл цалин авч хууль зөрчиж өөртөө давуу байдал бий болгосон байна.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.М г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж үзлээ.
Шүүгдэгч Ц.М-н үйлдсэн төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэмт хэргийн улмаас 754 000 төгрөгийн хохирол, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэргийн улмаас 946 389 төгрөгийн хохирол, нийт 1 700 389 төгрөгийн бодит хохирол учирсан байна. Мөн шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас төрийн албаны хэвийн үйл ажиллагаа алдагдаж, төсвийн хөрөнгийг хэмнэлтгүй, хяналтгүй, хууль бусаар зарцуулсан нөхцөл байдал бий болсон байна.
Уг гэмт хэрэг үйлдэгдэхэд төсвийн хөрөнгийг захиран зарцуулах эрх бүхий төрийн албаны удирдах албан тушаалд төрийн албаны болон төсвийн тухай хуулийн мэдлэггүй, удирдах ажлын туршлагагүй хүнийг томилон ажлуулдаг байдал нөлөөлсөн байна.
2. Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлага, гэм хорын нэхэмжлэл, хэрэгт хамааралтай бусад зүйлийн талаар:
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан нийтийн албанд ажиллах эрхийг хуульд заасан хугацаагаар хасч, зорчих эрх хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч нь төрийн албаны болон төсвийн тухай хууль тогтоомжийн мэдлэггүй, удирдах ажлын туршлагагүй байдлаас гэмт хэрэг үйлдсэн бөгөөд түүний үйлдсэн гэмт хэргийн улмаас төрийн албаны хэвийн үйл ажиллагаа алдагдсан хохирол, хор уршиг учирсан боловч мөнгөн дүнгээр 1700 389 төгрөгийн хохирол учирсан байдал, мөн шүүгдэгч ажил эрхлээгүй, тодорхой орлогогүй, бага насны хүүхдүүдтэй зэрэг хувийн байдлыг харгалзан ял шийтгэлийг хуульд заасан доод хэмжээгээр оногдуулахаар шийдвэрлэв
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 1 700 389 төгрөгийг шүүгдэгч Ц.М ээс гаргуулан Орхон аймгийн Төрийн санд оруулах нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас хувь хүний дансанд байршиж байсан 2 460 000 төгрөгийг хураан авч Орхон аймгийн прокурорын газрын Төрийн банкан дахь 100210006350 тоот дансанд байршуулсан байх тул уг мөнгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын орлого болгох нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг дүрс бичлэг бүхий CD хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үйлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц.М ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалын бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан төсөв захирагч төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах замаар хөрөнгө завшиж хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Ц.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, зорчих эрх хязгаарлах ялаар тогтоосугай.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.М т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М т оногдуулсан 2 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч нь зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М ээс 1 700 389 төгрөг гаргуулж Орхон аймгийн Төрийн санд олгосугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Орхон аймгийн прокурорын газрын Төрийн банкан дахь 100210006350 тоот дансанд байршуулсан 2 460 000 төгрөгийг улсын орлого болгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг дүрс бичлэгийн хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС