Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/66

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Нарийн бичгийн дарга Ц.Н

Улсын яллагч Л.Э 

Хохирогч П.О

Шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Б-д холбогдох эрүүгийн 2225000220055 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Г.Б

            Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Г.Б нь 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр согтуугаар, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн Зүүн дэнжийн **** тоотод хадам ээж П.О  руу цоож шидэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Б-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгож байна. Би хадам ээжийг цоожоор хоёр удаа цохиогүй нэг удаа цохьсон” гэв.

 

Хохирогч П.О  “Б  надаас уучлал гуйсан. Минйи бие зүгээр, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Аюулын зэргийн үнэлгээний “Байнга архидан согтууралт, бүлэг бөөгнөрөл, бага насны хүүхдийн хажууд байнга архидан согтуурсан байдалтай байдаг” гэсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 9-10 дахь тал/

2. Хохирогч П.О гийн “2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр охин Б-н   хамт манай хуурай дүү А-н    амьдарч байсан нийтийн байранд очиж хоночихоод маргааш нь буюу 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр гэртээ ирэхэд хүргэн Б  архи уучихсан, уурлаад та хоёр хаана хоночихоод ирсэн юм бэ гэсэн. Мөн охин Б-г    алгадсан, үснээс нь нэг удаа зулгаасан. Б  надад хандаж охиноо дагуулаад янхандаад яваад ирсэн үү гэж хэлээд цоож аваад надруу шидэхээр нь би баруун гараараа хаасан. Уг цоож нь миний баруун гарын сарвуу хэсэг рүү цохисон. Б  тэр цоожоо аваад над руу дахиад шидэхэд миний толгойг оносон. Мөн сүх бариад намайг айлгасан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн юм. Миний баруун гарны сарвуу хэсгээс цус гарч байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дахь тал/

3. Гэрч Б.Б-н   “2021 оны 12 дугаар сарын 18-ны орой ээж О   бид хоёр гадуур хоночихоод маргааш нь буюу 2021 оны 12 дугаар сарын 19-ний орой 19 цагийн үед гэртээ ирсэн. Би эхлээд гэртээ ус аваад орсон. Тухайн үед нөхөр Б  дүү М-ний  хамт архи уучихсан байсан. Б  надад хандаж янхан минь хаана хоноод ирж байгаа юм бэ гээд уурлаж хацар луу маань нэг удаа алгадсан. Тэр үед ээж О   орж ирээд намайг өмөөрч Б-тэй хэрэлдсэн. Б  уурлаад гэрийн цоожийг ээж рүү шидэхэд ээж О   нүүрээ баруун гараараа хаагаад цоожинд цохиулсан. Тухайн үед ээж О  гийн баруун гарнаас цус гарсан ч гэсэн Б-тэйхэрэлдээд байсан. Б  дахиад цоож аваад ээж рүү шидэж толгойг нь оносон. Ээж О   цагдаад дуудлага өгсөн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дахь тал/

4. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 58 дугаартай “П.О гийн биед баруун гарын сарвуунд 1 тооны няцарсан шарх, баруун шуу, зүүн шанаанд зөөлөн эдэд 2 тооны цус хуралт, хуйханд зүүн чамархай, дагзанд 2 тооны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн 5 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дагзны зулгаралтаас бусад гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүсгэгдэнэ. Няцарсан шарх нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 20-21 дэх тал/,

5. Сэжигтэн Б-ний “2021 оны 12 дугаар сарын 21-ний шөнө эхнэр Б , хадам ээж О   нар гэртээ ирж хоноогүй. Маргааш нь буюу 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр гэртээ төрсөн дүү М-тэй хамт тал шил архи хувааж уусан. Тухайн үед би 1 нас 4 сартай охин А г харж байсан юм. Өдөр 16 цагийн үед эхнэр Б  гаднаас хоёр савтай хөлдүү ус оруулж ирээд гараад явсан. Эргээд хадам ээж О  гийн хамт хамт бага зэргийн согтолттой орж ирэхээр нь би эхнэр Б  руу уурлаж нэг удаа алгадсан. Мөн хадам ээж О  д хандан уурлаж хэрэлдсэн. Би уурандаа орон дээр байсан төмөр цоожийг аваад хадам ээж О   руу шидсэн. Тэр үед хадам ээж баруун гараараа нүүрээ хааж баруун гарын сарвуу хэсгийг оносон ба цус гарсан. Өмнө нь хадам ээж О  г зодож цохиж байгаагүй” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 27 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Л.Э   дүгнэлтдээ “Шүүгдэгч Г.Б нь 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр согтуугаар, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн Зүүн дэнжийн **** тоотод хадам ээж П.О  руу цоож шидэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр нотлогдож байна. Иймд шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна гэв.

 

Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч П.О гийн “Б  надад хандаж охиноо дагуулаад янхандаад яваад ирсэн үү гэж хэлээд цоож аваад надруу шидэхээр нь би баруун гараараа хаасан. Уг цоож нь миний баруун гарын сарвуу хэсэг рүү цохисон. Б  тэр цоожоо аваад над руу дахиад шидэхэд миний толгойг оносон. Мөн сүх бариад намайг айлгасан. Миний баруун гарны сарвуу хэсгээс цус гарч байсан” гэх мэдүүлэг, гэрч Б.Б-н   “Б  уурлаад гэрийн цоожийг ээж рүү шидэхэд ээж О   нүүрээ баруун гараараа хаагаад цоожинд цохиулсан. Тухайн үед ээж О  гийн баруун гарнаас цус гарсан ч гэсэн Б-тэйхэрэлдээд байсан. Б  дахиад цоож аваад ээж рүү шидэж толгойг нь оносон” гэх мэдүүлэг, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 58 дугаартай дүгнэлт, сэжигтэн Б-ний “Би уурандаа орон дээр байсан төмөр цоожийг аваад хадам ээж О   руу шидсэн. Тэр үед хадам ээж баруун гараараа нүүрээ хааж баруун гарын сарвуу хэсгийг оносон ба цус гарсан. Өмнө нь хадам ээж О  г зодож цохиж байгаагүй” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Г.Б нь 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр согтуурсан үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн Зүүн дэнжийн **** тоотод гэр бүлийн харилцаа хамаарал бүхий хүн болох хадам ээж П.О г айлган сүрдүүлж, цоож шидэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтын талаар улсын яллагч болон хохирогч, шүүгдэгч нараас зөрүүтэй санал дүгнэлт гараагүй бөгөөд хэрэг учрал болсон цаг хугацаа, газар, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шалтгаан, оролцогчдын үйлдэл оролцоо, учирсан хохирол хор уршиг зэрэг нотлогдвол зохих зүйлүүд хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

            Шүүгдэгч Б-ний үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Б-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэстэй байна.

 

            2. Эрүүгийн хариуцлага, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэл, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

            Гэмт хэргийн улмаас П.О гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Г.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-г 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-д оногдуулсан 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 цагийн хугацаагаар тогтоож, шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 8 цагийг хорих ялын 1 хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС