Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 267

 

                                Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тухай

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярсүрэн би

Нэхэмжлэгч: Налайх дүүрэг, 4 дүгээр хороо, Нисэхийн 30-7 тоотод оршин суух, Борлууд овгийн Цэвээний Батжаргал /РД: ХО70032104/-ын

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих “Эрин Оюу” ХХК-ийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Батжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь “Эрин Оюу” ХХК-тай 2016 оны 06 сарын 05-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулан 3.000.000 төгрөг, мөн хөдөө судалгааны ажилд нь 250.000 төгрөг өгсөн. Гэтэл тус компани нь одоог хүртэл гэрээнд заасан ажлаа гүйцэтгэхгүй, утсаа авахгүй, надад өгсөн хаяг дээрээ байхгүй сураггүй болоод байна ... Иймд “Эрин Оюу” ХХК-ийн хаана байгаа болон удирдах албан тушаалтан эрх бүхий хүмүүсийг тодруулж, эрэн сурвалжилж өгнө үү ...  гэжээ.

Нэхэмжлэгч Ц.Батжаргал шүүхэд гаргасан хүсэлтдээ: Би “Эрин Оюу” ХХК-ийг эрэн сурвалжлах өргөдөл гаргасан. Харин тус компаний захирал Цэрэндэжидтэй биеэр уулзаж түүний өөрийн болон компаний хаяг байршлын талаарх мэдээллийг бүрэн авсан тул эрэн сурвалжлах шаардлагагүй болсон. Иймээс нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын өгсөн тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Батжаргал нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих “Эрин Оюу” ХХК-ийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ц.Батжаргал нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаа нь түүний бичгээр ирүүлсэн хүсэлт /хх-18/-ээр нотлогдож байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаатай холбогдуулан нэхэмжлэгч Ц.Батжаргалын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, уг данснаас улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 35.100 төгрөгийг гаргуулж буцаан олгов.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Борлууд овгийн Цэвээний Батжаргалын нэхэмжлэлтэй иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих “Эрин Оюу” ХХК-ийг эрэн сурвалжлуулах тухай хэргийн нэхэмжлэгч Ц.Батжаргал нь нэхэмжлэлийн шаардлагаасаа бүрэн татгалзсан байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар зааснаар нэхэмжлэгч Ц.Батжаргалын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, уг данснаас 35.100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Батжаргалд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

                                              ШҮҮГЧ                           Н.БАЯРСҮРЭН