Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/73

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Нарийн бичгийн дарга Ө.Е

Улсын яллагч Ц.Л 

Шүүгдэгч Х.Г нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Г-т холбогдох эрүүгийн 2125004300032 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Х.Г

            Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Х.Г нь 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эрдэнэт уйлдвэр” ТӨҮГ-ын үйлдвэрлэлийн бүсэд ажлын байран дээрээ хамт ажиллаж байсан С.Х-н  нүүр, шанаа руу нь цохих, толгойн хэсгээр нь контейнер мөргүүлэн зодож, “хамрын таславчийн муруйлт” гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Х.Г-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Г мэдүүлэхдээ “мэдүүлэг өгөхгүй, ажил дээр битон буулгаж байгаад маргалдаж зодсон буруугаа ойлгож байна. Цалин 3 дугаар сарын 5-нд орно гэсэн. Тэгэхээр хохирлыг төлнө” гэв.

 

Хохирогч С.Х  “гомдолгүй, хохирлоо нэхэмжилнэ” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Хохирогч С.Х-н  “2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр "Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын харъяа “Ремугс” ХХК-д мужаан хийж байхад хамт ажилладаг ах Г    намайг сапутны түгжээ аваад өгөөч гээд над руу уурлаж орилоод байхаар нь би авч өгөх гэж байна шдээ гэсэн. Г    ах намайг ямар том болсон юм бэ гэсэн. Тэгээд орой цайндаа орох гээд оффис руугаа явж байхад Г    ах намайг агаан дүү ингэж болохгүй гэж хэлэхээр нь би яасан юм бэ гэтэл чи яасан том болсон юм бэ, чи намайг барахгүй шүү гээд шууд миний нүүрэн тус газарт гараараа 2-3 удаа цохихоор би Г    ахын бөгс рүү нь 2 удаа өшиглөсөн. Г    ах намайг хөлөөрөө хавсарч цементэн дээр унагаагаад нүүр, цээж рүү хөлөөрөө өшиглөсөн. Манай найз А  намайг Г    ахаас салгаж авсан. Би газраас босоод байж байтал Г    ах хоолойноос заамдаж байгаад контейнер ар дагзаар мөргүүлсэн. Зодуулчихаад хамар болон хамаг бие янгинаж өвдөөд байхаар нь ээж рүүгээ залгаж, ажлынхаа хүнд зодуулсан талаараа хэлсэн гэсэн мэдүүлэг. /хавтаст хэргийн 9 дэх тал/,

2. Гэрч А.Б-н “2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах фабрикийн өргөтгөл манай компани барьж байхад би жорлонгоос гараад контейнер тойроод гараад ирэхэд Г   , Х  хоёр нэг нэгийгээ заамдаад авахаар нь би шууд дундуур нь ороход хоорондоо каскаараа цохилцсон. Тэгээд намайг боль гээд байхаар нь эрэгтэй улсууд хоорондоо учраа ололцоно биз гэж бодоод салгаж чадалгүй хоолондоо орсон. Удалгүй Х  Г    хоёр цувраад хоолондоо орж ирсэн. Х ийн шанаанаас нь цус гарчихсан байсан” гэсэн мэдүүлэг. /хавтаст хэргийн 11 дэх тал/

3. Гэрч Б.А ын “Намайг ирэхэд Г    ах Х ийг 2 удаа нүүрэн тус газар нь баруун гараараа цохиж байсан. Дараа нь хоолойноос нь боож байгаад чи амжихгүй шүү гээд уурлаж байсан. Би очоод Г    ахыг боль гээд салгаж авсан” гэсэн мэдүүлэг. / хавтаст хэргийн 15 дах тал/,

4. Сэжигтэн Х.Г   ийн “Хамт ажилладаг дүү Х ийг сапутны түгжээ аваад өгөөч гэхэд Х  нь авч өгөх гэж байна гээд уурласан. Тэгээд оройн хоолны цаг болж хоолондоо орох гээд явж байхдаа би Х эд ажлаа хийж байж уурлаад байх шаардлагүй гэж хэлсэн. Х  нь уурлаагүй гэж хэлсэн бөгөөд бид хоёр заамдалцаж байгаад би Х ийн шанаа руу нь гараараа цохиод харилцан цохилцож байхад Батдорж ах бид хоёрын дундуур орж, бид хоёрыг салгасан. Үүний дараа Х  над руу каскаа шидэхээр нь би гуя, гэдэс рүү нь нэг нэг өшиглөж бид хоёр барьцалдаад газар унасан. Би газраас босож ирээд Х  гараараа нүүрээ дарчихсан байхад нь нүүр лүү нь нэг удаа өшиглөсөнгэх мэдүүлэг. / хавтаст хэргийн 17 дахь тал/

5. Орхон аймгийн шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 12 сарын 16-ны өдрийн 24 дугаартай “С.Х-н  биед хамрын таславчийн муруйлт, хамрын нуруунд зөөлөн эдэд цус хуралт, өвдөг доор 1 тооны зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Хамрын таславчийн муруйлт нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 20-21 дэх тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Ц.Л   дүгнэлтдээ “Шүүгдэгч Х.Г нь 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэрт “Эрдэнэт уйлдвэр” ТӨҮГ-ын ажлын байран дээрээ С.Х ийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгж буюу 900 000 төгрөгөөр торгох ял шийтгэх саналтай байна гэв.

 

Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч С.Х-н  “чи намайг барахгүй шүү гээд шууд миний нүүрэн тус газарт гараараа 2-3 удаа цохихоор би Г    ахын бөгс рүү нь 2 удаа өшиглөсөн. Г    ах намайг хөлөөрөө хавсарч цементэн дээр унагаагаад нүүр, цээж рүү хөлөөрөө өшиглөсөн. Би газраас босоод байж байтал Г    ах хоолойноос заамдаж байгаад контейнер ар дагзаар мөргүүлсэн гэх мэдүүлэг, гэрч А.Б-н “Г   , Х  хоёр нэг нэгийгээ заамдаад авахаар нь би шууд дундуур нь ороход хоорондоо каскаараа цохилцсон. Х ийн шанаанаас нь цус гарчихсан байсан” гэх мэдүүлэг, гэрч Б.А ын “Намайг ирэхэд Г    ах Х ийг 2 удаа нүүрэн тус газар нь баруун гараараа цохиж байсан. Дараа нь хоолойноос нь боож байгаад чи амжихгүй шүү гээд уурлаж байсан” гэх мэдүүлэг, сэжигтэн Х.Г   ийн “бид хоёр заамдалцаж байгаад би Х ийн шанаа руу нь гараараа цохиод харилцан цохилцсон. Үүний дараа Х  над руу каскаа шидэхээр нь би гуя, гэдэс рүү нь нэг нэг өшиглөж бид хоёр барьцалдаад газар унасан. Би газраас босож ирээд Х  гараараа нүүрээ дарчихсан байхад нь нүүр лүү нь нэг удаа өшиглөсөнгэх мэдүүлэг, Шүүх эмнэлгийн 24 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Х.Г нь 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэр “Эрдэнэт уйлдвэр” ТӨҮГ-ын үйлдвэрийн байранд ажиллаж байхдаа С.Х-н  маргалдаж, нүүр, шанаа руу нь цохих, контейнер мөргүүлэх зэргээр зодож, “хамрын таславчийн муруйлт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтын талаар улсын яллагч болон хохирогч, шүүгдэгч нараас зөрүүтэй санал дүгнэлт гараагүй бөгөөд хэрэг учрал болсон цаг хугацаа, газар, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шалтгаан, оролцогчдын үйлдэл оролцоо, учирсан хохирол хор уршиг зэрэг нотлогдвол зохих зүйлүүд хангалттай нотлогдож тогтоогдсон байна

            Шүүгдэгч Х.Г   ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Х.Г-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулж, тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

            2. Эрүүгийн хариуцлага, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэл, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 1.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлснийг ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч С.Х-н  биед хөнгөн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь шүүх хуралдааны явцад хохирогч С.Х-н  нэхэмжилсэн 614 100 төгрөгийг төлсөн байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х.Г   ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Г-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Г-т оногдуулсан 450 000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС