Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/098

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч: *******,

Нарийн бичгийн дарга: *******,

Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овогтой *******ы *******, / Регистрийн дугаар: ******* /,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Баянхонгор аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт иргэн тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр

 ТОДОРХОЙЛОХ нь:

Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

 1. Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Энэ хэрэгт урьд нь мэдүүлэг өгсөн. Тус мэдүүлэгт бүгдийн үнэн зөвөөр мэдүүлсэн тул одоо ярих шаардлагагүй гэж бодож байна. Өөрийнхөө хийсэн хэрэгт гэмшиж байна. Миний бие эхнэр гурван хүүхдийн хамт Баянхонгор аймгийн ******* сумын 5 дугаар багт мал маллаж амьдардаг. Хөдөө мал дээр эхнэр маань хэдэн хүүхдүүдийн хамт хоцрох тул надад хөнгөн ял оноож өгнө үү... Тус гэмт хэргийг үйлдэх болсон шалтгаан нь гэвэл малаа хариулаад сууж байхад хохирогч миний малыг элдээд ороод ирэхээр нь бид хоёрын дунд малын бэлчээртэй холбоотой хэрүүл, маргаан үүссэн. Түүнээс улбаалан түүнийг цохих болсон. Эмчилгээтэй холбоотой гарсан зардлын талаар нөхөн барагдуулах болно...гэх мэдүүлэг / хх-ийн 51 /

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Бэлчээрээс болж маргалдан тэгээд цохисон гэв.

3. Хохирогч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Би 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 15 цагийн үед өөрийнхөө малыг хариулаад явж байсан чинь манай хаваржааны доод талаас мал гараад ирсэн. Тэгэхээр нь би доошоо туугаад явж байсан. ******* гэх залуу өмнөөс ирэхээр нь “чи малаа ав” гэсэн чинь “мориноосоо буугаад ир” гэхээр нь буусан чинь надтай барилцаад аваад намайг заамдаж, боож унагасан. Тэгээд доороо оруулж байгаад нүүрэн хэсэгт гараараа 4-5 удаа цохисон. Тэгсэн чинь миний хамраас цус гарсан... хэрүүл маргаан хийж байгаад салаад босоод ирсэн чинь миний урд 2 үүдэн шүд хөдөлсөн байсан. Тэгээд гэр гэр лүгээ явсан... Тухайн мал нь манай хаварждаг газар руу өдөр болгон гарч ирэхээр нь би тухайн өдөр туусан...гэх мэдүүлэг / хх-ийн 7 /,

4. Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны 2022 оны 02 дугаар сарын 11-ны өдрийн 163 дугаартай шинжээчийн:

1. ийн биед хамрын мөгөөрсний цөмрөл, таславчийн хугарал, мурийлт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, духны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулын цус хуралт, баруун, зүүн үүдэн 1-р шүдний сулрал, эмтрэл гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюулгүй болно.

3. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..гэх дүгнэлт / хх-ийн 20-21 /,

5. Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны 2022 оны 02 дугаар сарын 14-ны өдрийн 166 дугаартай

1. *******ийн биед гэмтэл тогтоогдсонгүй...гэх дүгнэлт / хх-ийн 17 /,

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь 2022 оны 02 дугаар сарын 08-ний өдөр Баянхонгор аймгийн ******* сумын 5 дугаар багиЙН дэвсгэрт иргэн ийг малаа хариулж явахад нь хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу малын бэлчээрээс болж маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн үйл баримт болсон байна.

Энэ үйл баримт нь хохирогч ийн мэдүүлэг болон шинжээчийн 163 дугаар дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.

Иймд шүүхээс шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч нь 280.000 төгрөг нэхэмжлэх талаар мэдүүлсэн боловч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* нь 150.000 төгрөг төлсөн нотлох баримтыг гаргаж өгсөн бөгөөд хохирогч нь 130.000 төгрөг нэхэмжилж байгаа талаарх нотлох баримтыг хавтаст хэрэгт хавсаргаагүй шүүхэд ирүүлээгүй тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогтой *******ы *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогтой *******ы *******ийг таван зуун / 500 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган / 500.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй,хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ