Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/69

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Н

Улсын яллагч Л.О

Хохирогч П.Э

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Э

Шүүгдэгч А.Б  нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1.1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Б-т холбогдох эрүүгийн 2125003330371 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт.

А.Б

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

Шүүгдэгч А.Б  нь 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр, 2021 оны 03 дугаар сарын дундуур Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн ДГТ-ийн 3 дугаар байрны *** тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч П.Э ийг зодсон, 2021 оны 06 дугаар сарын 04, 19-ний өдрүүдэд Улаанбаатар хотод барилгын ажил хийхээр очсон үедээ хамтран амьдрагч П.Э ийг бусадтай хардаж зодсон, 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр П.Э ийг гар утастай болмоор байна гэхэд нь уурлаж зодсон буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,

2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн ***тоотод хамтран амьдарч П.Э ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн ***тоотод оршин суух хамтран амьдарч П.Э ийн Vision загварын 42 инчийн зурагтыг хууль бусаар устгаж гэмтээсний улмаас 600 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А.Б-г гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Б  мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Бүгд миний буруу, дахиж ийм үйлдэл гаргахгүй” гэв.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч П.Э  мэдүүлэхдээ “Надаас уучлалт гуйсан, дахиж зодоогүй. Надад гомдол санал, нэхэмжлэх байхгүй” гэв.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогч П.Э ийн “2021 оны 01 дүгээр сарын 27-ны орчим миний найз Мөнхзулын гэрт Б   бид 2 хамт очсон. Бид нар 2 шил архи хувааж уугаад гэртээ харьсан. Гэртээ хариад Б   ямар ч шалтгаангүйгээр миний толгой гар хөл рүү өшиглөж цохиж зодсон. Миний 2 хөлийн шилбэний булчин 2 гарын бугалга, хөхөрч цус хурсан толгой хавдсан байсан. Миний охин миний ээжийг битгий зодоод бай гэсэн чинь гэрээс гараад явсан. 2021 оны 03 дугаар сарын 8, 18-ны өдрүүдийн хооронд намайг гэртээ байж байсан чинь Б   ажлаа тараад ирэхдээ согтуу гэртээ орж ирээд зохиомол хардалт үүсгээд нүүрлүү 2-3 удаа цохиж гар хөлрүү өшиглөж үснээс зулгааж хоол идэж байсан амны халбагаа нүүрлүү шидэж оносон. А.Б  Улаанбаатар хотод очиж барилгын ажил хийнэ гээд бид хоёр 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод очоод би өөрөө хоёр хүүхдээ Дорнод аймаг руу ээж, аав дээрээ хүргэж өгөхөөр яваад нэг хоноод эргээд 06 сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод очсон. Баянзүрх дүүргийн Сансарын хойд талд байдаг буудалд Б   бид хоёр байрласан. Би хэд хоног замд явчихсан болохоор буудалд амарч байсан чинь Б   найзуудтайгаа уулзчихаад ирье гэж гарч яваад шөнө 02 цагийн орчим согтуу орж ирээд өөрийн найз У  гэж хүнтэй хардаж намайг нүүр лүү 2-3 удаа цохисон. Тэр шөнө миний баруун талын нүд хөхөрч, хавдсан. Буудалд бид хоёроос өөр хүн байгаагүй. Тэр шөнө буудлын ажилчид мэдсэн. Маргааш өдөр нь У , найз хүүхэнтэйгээ хамт ирээд миний нүүрийг харсан. Миний баруун талын нүд хөхөрч, хавдсан байсан. Б   Улаанбаатар хотод ажил хийгээд Хөдөө аж ахуйн их сургуулийн оюутны дотуур байранд байрлаж байсан бөгөөд Б  ын төрсөн өдөр буюу 2021 оны 06 дугаар сарын 19-ний өдөр болоод түүний найзууд болох Зоригт, У ,Н , З  бид нар тэмдэглээд архи уусан. Намайг У  гэж найзтайгаа хардаад миний нүүр лүү нь 4-5 удаа, гар, хөл рүү цохиж зодсон. Тэгэхэд миний зүүн талын нүд хавдаж, нүд болон гар, хөл хөхөрч цус хурсан байсан. Энэ хэрэг болох үед Зоригт, У ,Н , З  нар хамт байсан. Энэ хүмүүс бүгд мэднэ. 2021 оны 08 дугаар сарын эхээр ямар нэгэн шалтгаангүйгээр эрүүл байхдаа надтай маргалдаж байгаад миний нүүр, толгой руу цохиж, зодоод миний хувцсыг цонхоор гаргаж шидэж байсан. Толгой өвдөж байснаас өөр ямар нэгэн гэмтэл, бэртэл учраагүй. 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр орой найзуудтайгаа уулзаж жоохон пиво уучхаад гэртээ байж байхад гаднаас орж ирээд ямар нэгэн шалтгаангүйгээр миний зүүн хөхний доод тал руу нэг удаа гараараа цохиж унагасан. Хөл, гар, толгой руу гараар цохиж, үснээс зулгааж зодсон. Миний хоёр бага насны хүүхэд байсан. Тэгэхэд нь би хөл нүцгэн гарч зугтаагаад орцонд тамхи татаж байсан хүнийг гуйж, цагдаад дуудлага өгүүлсэн. Дуудлагаар гурван цагдаа ирээд А.Б-г аваад явсан. Зүүн хөхний доод талд хавирга гэмтсэн байх шиг байсан. Хэд хоног амьсгал авч чадахгүй байсан. Үүний дараа 2021 оны 10 сарын 02-ны өдөр бид А.Б-т би гар утасгүй хэцүү байна. Гар утастай болмоор байна гэсэн чинь уурлаад миний цээж, гар, хөлийн булчин руу цохиж зодсон. 2021 оны 01 сарын 27-ны өдөр Тэгш-Оргилын гэрээс гараад явж байхад Б   нь намайг замын хажуу талын хашлага давуулаад түлхчихсэн, мөн гэрт очоод зодсон. 2021 оны 03 сард Даваа гэж миний танил залуу манай гэрт охинтойгоо ирсэн юм. Даваа Б   2 танилцаад архи уусан юм. Архи уучихаад унтах гэж байхдаа намайг Д-тай хардаад цохиж зодсон. Б  ын устгасан Vision загварын 42 инчийн зурагтыг би өөрийнхөө мөнгөөр авч байсан. 2021 оны 02 сард 750 000 төгрөгөөр авч байсан. Энэ хэрэг болоход Б   ганцаараа байсан. Намайг гэртээ харьсан чинь зурагтны нүүрийг хага цохьчихсон байсан. Зурагт хагалсан өдрийн орой би Б  тай маргалдаад найзынхаа гэрт очоод хоночихсон юм. Б   надад зурагт авч өгсөн тул гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 10-13, 113 дахь талууд/,

2. Гэрч А.О-н “2021 оны 09 сарын 16-ны шөнө ***-24 цагийн орчим найз ЭрдэнэЗ гийн хамт Э-н  гэрт очсон. Э  2 хүүхдийнхээ хамт хөл нүцгэн орцны үүдэнд зогсож байсан. Б   намайг зодсон гэж байсан. Э  цээж рүү цохьсон чинь зүүн талын хавирга хөндүүр байна баруун талын хацар хөндүүр байна гэж байсан. Улаанбаатар хотод ажил хийж байхдаа надтай дүрс дүрсээ хараад утсаар ярихад нэг нүд нь хөхөрч цус хурсан байсангэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16 дахь тал/

3. Гэрч Л.Э-н “2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр манай найз О , П.Э  бид гурав манай гэрт пиво ууж байгаад Э  нөгөөдөх чинь одоо ирээд уурлах байх гээд гэртээ харина гээд явсан. Түүнийг явсны дараа О  бид хоёр түүний гар утас руу залгасан чинь гар утас нь холбогдох боломжгүй байсан. Тэгэхээр нь О  бид хоёр такси аваад Э-н  байрны гадна яваад очсон чинь Э  хөл нүцгэн, хоёр хүүхдээ дагуулаад орцныхоо үүдэнд зогсож байсан. О  бид хоёр очоод юу болсон бэ гэсэн чинь намайг гэр лүү орсон чинь гаднаас орж ирээд зодчихлоо гэж хэлсэн. О  бид хоёрыг очих үед Б   гэрээсээ гараад ирсэн. Тэгэхээр нь бид нар Э ийг дагуулаад гэр лүү нь оруулсан. Бид нарыг гэрт нь орсон чинь гэрийнхэн эд зүйл ундуй, сундуй болчихсон байсан. Б   2021 оны 06 дугаар сарын эхээр Улаанбаатар хот руу ажил хийхээр явсан. Э  хамт явсан. Тэр хоёр хамт яваад удаагүй байхдаа нэг дүрс, дүрсээ хараад утсаар ярьсан чинь Э-н  нэг талын нүд нь хөхөрч, цус хурсан байсан. Тэгэхээр нь яасан юм бэ гэсэн чинь Б  ын төрсөн өдөр болон тэгээд намайг цохисон юм гэж хэлж байсангэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дахь тал/

4. Гэрч Д.М-н  “Э  найз залуутай болсон нөхрийгөө танай нөхөртэй танилцуулах гэсэн юм гэхээр нь би тэг тэг гэсэн. Э  нөхөр 2 хүүхдээ дагуулаад манайд ирсэн. Манай гэрт ирээд эрчүүд нэг шил архи эмэгтэйчүүд нь пиво уугаад гэртээ харина гээд гарсан. Гэтэл маргааш нь Э  манай нөхөр согтуудаа намайг зодчихлоо гэж ярьсан. Үүнээс 7 хоногийн дараа Э  манай гэрт ирсэн ба үүнийг хардаа гээд хөлөө харуулахад хөлийнх нь дунд шилбэний булчин нь энд тэнд хөх болсон байсан. Үүний дараа цагаан сарын дараа би нэг гэрт нь очиж байж байгаад гэртээ харих гээд гарсан чинь Э-н  нөхөр нь машин дотроо эрэгтэй эмэгтэй хүнтэй архи ууж байсан. Тэгэхээр нь би чи хүний машин тэргэнд ингэж болохгүй гэсэн чинь чамд хамаагүй гээд үсчээд байсан. Тэгэхэд мөн Э  рүү дайраад өмсөж байсан хувцсаар нь боогоод байсангэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22 дахь тал/

5. Гэрч Б.З-н “2021 оны зун 06 дугаар сард А.Б  бид нар хамт Улаанбаатар хотод ажил хийж байсан юм. Тэгэхэд П.Э , А.Б-г дагаад Улаанбаатар хотод очсон байсан. Улаанбаатар хотод байхдаа Хөдөө аж ахуйн их сургуулийн дотуур байранд байрлаж байсан. 06 сарын 19-ний өдөр А.Б  ын төрсөн өдөр нь болоод хамт ажил хийж байсан У ,Н а, П.Э , А.Б  бид нар Туул голын эрэг дээр очиж төрсөн өдрийг нь тэмдэглээд жоохон архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн юм. Голын эрэг дээр байхад П.Э , А.Б  хоёр тамхинаас болоод муудалцаад, хэрүүл хийгээд байхаар нь би У ,Н а, бид гурав байр луугаа явлаа гээд явсан. П.Э , А.Б  хоёр хэрүүл хийгээд үлдсэн. У ,Н а бид гурав дотуур байрны гадна очоод тамхи татаад сууж байсан чинь П.Э , А.Б  хоёр ирсэн. Тэр хоёрыг ирэх үед цагдаагийн эргүүлийн машин ирээд А.Б-г аваад явсан. Тэр шөнөө У  бид хоёр дотуур байрнаас хөнжил гудсаа авч явж голыг эрэг дээр хоночхоод маргааш өдөр нь наашаа гэр лүүгээ ирсэн. Тэгэхэд нэг нэгийгээ цохиж зодсон эсэхийг нь хараагүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дэх тал/

 

6. Гэрч Ш-Б-н “Тэр шөнө З ,Н  бид нар гадуур явж жоохон архи пиво ууж байгаад шөнө Б   буудал руугаа орсон. Маргааш өдөр нь найз хүүхнээ дагуулаад дотуур байранд очиход Э-н  баруун талын нүд нь цус хуураад улайгаад хөхөрсөн байсан. Тухайн үед яасан юм бэ, юу болсон бэ гэж асуугаагүй. Яачихсан юм бол доо гэж бодоод өнгөрсөн. Үүнээс хойш арав гаран хоногийн дараа Б  ын төрсөн өдөр болоод Туул голын эрэг дээр очиж Б  ын төрсөн өдрийг тэмдэглээд архи, пиво уусан. Тэгэхэд тэр хоёр мөн хэрүүл маргаан хийгээд сургуулийн жижүүр эгч цагдаад дуудлага өгөөд бөөн юм болсон. Тэгэхээр нь бид нар тэр шөнө байрандаа хонохгүй голын эрэг дээр хоноод маргааш нь дотуур байранд очих үед Э-н  зүүн талын нүд нь цус хуураад улайгаад хөхөрсөн байсан. Тэгэхэд зодсон юм байна гэж бодсон. Миний мэдэж байгаагаар 10 гаруй хоногийн зайтай Э-н  хоёр нүд нь хөхөрсөн байхыг харж байсан. Яг миний нүдэн дээр Б  , Э ийг зодож байгаагүй. Хэрүүл маргаан бол хийж байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29 дэх тал/

7. Гэрч Б-У Тэр өдрийн орой харуй, бүрий болж байхад цагдаагийн газрын жижүүрээс 5-17 дугаар байрны 5 дугаар орцонд согтуу хүн эхнэрээ зодоод байна гэсэн дуудлага мэдээлэл өгсөн. Тухайн дуудлагаар очих үед 5-17 дугаар байрын гадна 2 эмэгтэй, 1 эрэгтэй хүн байсан. Хэн, ямар дуудлага өгсөн бэ, хаана юу болсон бэ гэж асуухад тэгсэн чинь тэнд байсан хоёр эмэгтэй хүний нэг нь манай хоёр найз хоорондоо маргалдсан юм байна гэж хэлсэн. Тэгэхээр нь энэ хүний эхнэр нь хаана байна гээд 5-17 дугаар байрын 5 дугаар орцны 1 давхрын 00 тоот өрөөнд орсон. Гэрт нь орсон чинь Э  гэж халамцуу эмэгтэй байсан. Тэр эмэгтэйгээс юу болсон юм бэ гэсэн чинь гадаа байгаа хоёр найзтайгаа хамт жоохон пиво уучхаад ирсэн чинь манай нөхөр ажлаасаа ирээд хоол унд байхгүй байна гээд намайг зодсон гэж хэлсэн. Тэгээд цагдаагийн газар луу явж гомдол мэдээллээ гарга гэсэн чинь наад хүнээ аваад явчих, энэ хүнийг аваад явах юм бол миний зүгээс гаргах гомдол санал байхгүй. Тайван баймаар байна гэсэн шаардлага тавьсан. Тэгэхээр нь би танай нөхөр эрүүл саруул байна. Эрүүлжлүүлэх боломжгүй учир бид нар авч явахгүй гэж хэлсэн. Тэгээд нөхрийг нь нэг эмэгтэй найз нь аваад үлдсэн. Б   гэж залуутай байсан хоёр эмэгтэй чинь үнэндээ бол тэр эмэгтэйтэй ч найз биш нөхөртэй нь найзууд гэж байсан” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 31 дэх тал/

8. Сэжигтэн А.Б  ын “2021 оны 10 дугаар сарын 05 билүү 06-ны өдөр П.Э  гэртээ ирж хоноогүй, маргааш нь би Э  рүү залгаад уур хүрээд чи хаагуур хоноод яваад байгаа юм бэ гэсэн чинь чамд хамаагүй манай гэрээс зайлаарай гэсэн. Утсаар хэрэлдэж байхдаа гар утсаа шидчихээд эргэхдээ баруун гарын тохойгоор зурагтыг нь цохиж дэлгэцийг нь хагалчихаад хувцсаа аваад гараад явчихсан юм. 2021 оны 01 дүгээр сард П.Э  бид хоёр маргалдаад нилээд ноцолдож байгаад би нэг удаа баруун гараараа зүүн хацар дээр нь хоёр удаа алгадсан. 2021 оны 06 дугаар сарын 19-ний өдөр миний төрсөн өдрөөр П.Э  манай найз нарын хажууд тамхи татаад байхаар нь тамхиа хаяач гэсэн чинь тамхиа хаяхгүй байхаар нь баруун гараараа П.Э ийн зүүн талын хацар дээр нь хоёр удаа алгадсан” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 33-35 дахь тал/,

9. “Ашид Билгүүн” ХХК-ий шинжээчийн 2021 оны 10 сарын 08-ны өдрийн ТХҮ-621/2002 дугаартай Vision 42 инч лед зурагт 600 000 төгрөг” гэх эд зүйлийн үнэлгээ /хавтаст хэргийн 39 дэх тал/

10. Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 10 сарын 12-ны өдрийн 594 дугаартай “П.Э ийн биед зүүн бугалга, зүүн хөх, баруун хөлийн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр нэг цагийн хугацаанд үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь 5-8 хоногийн өмнө үүссэн ба эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 45-46 дахь тал/

11. Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 10 сарын 25-ны өдрийн 642 дугаартай “П.Э ийн биед нэмэлтээр зүүн талын 6 дугаар хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана” гэсэн нэмэлт дүгнэлт. /хавтаст хэргийн 52-53 дахь тал/

12. Уртбулаг багийн Хамтарсан багийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 01 дугаартай тэмдэглэл /хавтаст хэргийн 88-95 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, өмгөөлөгч нарын санал дүгнэлт:

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Л.О  дүгнэлтдээ “Шүүгдэгч А.Б  нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн,  бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, нийт эдлэх ялыг 1 эилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Э  дүгнэлтдээ “Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нэхэмжлэх зүйлгүй байгаа учир хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.

 

            Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, улсын яллагч, өмгөөлөгч нарын санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

  1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

 

Шүүх хавтаст хэрэгт цугларсан хохирогч П.Э ийн “2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Б   ямар ч шалтгаангүйгээр миний толгой гар хөл рүү өшиглөж цохиж зодсон. Миний 2 хөлийн шилбэний булчин 2 гарын бугалга, хөхөрч цус хурсан толгой хавдсан байсан. 2021 оны 03 дугаар сарын 8-18-ны өдрүүдийн хооронд намайг гэртээ байж байсан чинь Б   ажлаа тараад ирэхдээ согтуу гэртээ орж ирээд зохиомол хардалт үүсгээд нүүрлүү 2-3 удаа цохиж гар хөлрүү өшиглөж үснээс зулгааж хоол идэж байсан амны халбагаа нүүрлүү шидэж оносон. 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод Баянзүрх дүүргийн Сансрын хойд талд байдаг буудалд Б   согтуу орж ирээд өөрийн найз У  гэж хүнтэй хардаж намайг нүүр лүү 2-3 удаа цохисон. Тэр шөнө миний баруун талын нүд хөхөрч, хавдсан. 2021 оны 06 дугаар сарын 19-ний өдөр У  гэж найзтайгаа хардаад миний нүүр лүү нь 4-5 удаа, гар, хөл рүү цохиж зодсон. Тэгэхэд миний зүүн талын нүд хавдаж, нүд болон гар, хөл хөхөрч цус хурсан байсан. 2021 оны 08 дугаар сарын эхээр ямар нэгэн шалтгаангүйгээр эрүүл байхдаа надтай маргалдаж байгаад миний нүүр, толгой руу цохиж, зодоод миний хувцсыг цонхоор гаргаж шидэж байсан. Толгой өвдөж байснаас өөр ямар нэгэн гэмтэл, бэртэл учраагүй. 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр орой найзуудтайгаа уулзаж жоохон пиво уучхаад гэртээ байж байхад гаднаас орж ирээд ямар нэгэн шалтгаангүйгээр миний зүүн хөхний доод тал руу нэг удаа гараараа цохиж унагасан. Хөл, гар, толгой руу гараар цохиж, үснээс зулгааж зодсон. Зүүн хөхний доод талд хавирга гэмтсэн байх шиг байсан. Хэд хоног амьсгал авч чадахгүй байсан. Үүний дараа 2021 оны 10 сарын 02-ны өдөр бид А.Б-т би гар утасгүй хэцүү байна. Гар утастай болмоор байна гэсэн чинь уурлаад миний цээж, гар, хөлийн булчин руу цохиж зодсон. 2021 оны 01 сарын 27-ны өдөр Тэгш-Оргилын гэрээс гараад явж байхад А.Б  нь намайг замын хажуу талын хашлага давуулаад түлхчихсэн, мөн гэрт очоод зодсон. 2021 оны 03 сард Даваа гэж миний танил залуу манай гэрт охинтойгоо ирсэн юм. Даваа Б   2 танилцаад архи уусан юм. Архи уучихаад унтах гэж байхдаа намайг Д-тай хардаад цохиж зодсон. А.Б  ын устгасан Vision загварын 42 инчийн зурагтыг би өөрийнхөө мөнгөөр авч байсан. 2021 оны 02 сард 750 000 төгрөгөөр авч байсан. Б   надад зурагт авч өгсөн тул гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг, гэрч А.О-н мэдүүлэг, гэрч Л.Э-н мэдүүлэг, гэрч Д.М-н  мэдүүлэг, гэрч Б.З-н мэдүүлэг, гэрч Ш-Б-н мэдүүлэг, гэрч Б-У мэдүүлэг, А.Б  ын мэдүүлэг, “Ашид Билгүүн” ХХК-ийн ТХҮ-621/2002 дугаартай эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт, Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 594 дугаартай дүгнэлт, Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 642 дугаартай дүгнэлт, Уртбулаг багийн Хамтарсан багийн 01 дугаартай тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч А.Б  нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр П.Э ийг  2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр, 2021 оны 03 дугаар сарын дундуур Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн ДГТ-ийн 3 дугаар байрны *** тоотод зодсон, 2021 оны 06 дугаар сарын 04, 19-ний өдрүүдэд Улаанбаатар хотод барилгын ажил хийхээр очсон үедээ бусадтай хардаж зодсон, 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр зодсон үйл баримт,

2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн ***тоотод зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт,

2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн ***тоотод Vision загварын 42 инчийн зурагтыг нь эвдэж 600 000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тус тус тогтоогдож байна.

Нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын талаар шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, өмгөөлөгч, хохирогч, яллагдагч нараас зөрүүтэй санал, дүгнэлт гараагүй байна.

 

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтаар шүүгдэгч А.Б  нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгч А.Б-г гэмт хэрэг үйлдсэн гэм бурууд тооцов.

 

Шүүгдэгч А.Б  нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээсэн нь хэд хэдэн гэмт хэргийн шинжийг хангаж байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу гэмт хэрэг тус бүрээр зүйлчлэн яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А.Б-г яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нотлогдож, тогтоогдсон байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

            2.Эрүүгийн хариуцлага, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

 

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогоогүй болохыг дурьдах нь зүйтэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр буюу түүнээс дээш удаа үйлдсэн зэрэг ял шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдож байна. Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж зорчих эрх хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч П.Э ийн биед хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

  1. Хэрэгт хамааралтай бусад нөхцөл байдлын талаар:

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч А.Б  ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч А.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 6 сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, зорчих эрх хязгаарлах ялаар тогтоосугай.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-т оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч нь зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

            7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ц.АЛТАНГАДАС