Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 1914

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Хосбаярын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч  Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 184/ШШ2017/01311 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Г.Хосбаярын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Л.Түмэннасанд холбогдох

 

  Түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэл, түрээсийн байранд учруулсан хохиролд 32 640 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

   Түрээсийн гэрээ болон тооцоо нийлэх хэлцлийг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Нэргүй,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.Сайнбаяр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Эрдэнэбулган нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2013 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Баянгол дүүрэг, 9 дүгээр хороо, 4 дүгээр гудамжны 73 тоотыг түрээслүүлэхээр түрээсийн гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан. Түрээснийн төлбөрөө нэг мөсөн өгнө гээд хойшлуулдаг байсаар 31 000 000 төгрөг болсон. Мөн түрээслэх явцдаа түрээсийн байранд гал алдаж 1 640 000 төгрөгөөр хохироосон. Л.Түмэннасантай банкнаас зээл авах шаардлага гарсан бөгөөд банкны эдийн засагч нь удаан хугацаагаар түрээслүүлсэн түрээсийн гэрээ байвал зээл гарах боломж өндөр болно гэж хэлсэн. Ингээд 2013 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн огноотой түрээсийн гэрээ байгуулсан. Шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хавсаргаж өгөхдөө 2013 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн гэрээг андуураад 2013 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн түрээсийн гэрээг өгсөн байдаг. Хариуцагч Л.Түмэннасан нь Вьетнам ажилчид нь гал тавиад зугтаасан гэсэн тайлбар өгдөг. Би 2016 оны 2 дугаар сарын 01-ний өдөр тус барилгыг түрээслүүлээгүй. Би 2016 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн түрээсийн гэрээний дагуу ямар ч мөнгө нэхээгүй. 2013 оны 9 дүгээр сарын 18-ний өдрийн түрээсийн гэрээний төлбөрийг хариуцагчаас нэхэмжилж байгаа гэдэг нь тооцооноос тодорхой харагдана. Гал гарах үед нэг сая төгрөгийн өртөгтэй боссон галлагааны өрөө шатсан байдаг. 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн баримтаар энэ байрын үнэ 1 000 000 төгрөг болох нь тогтоогддог. Мөн галд объектэд хураалттай байсан 4 ширхэг сендвичэн хавтан шатсан. Түрээсийн үлдэгдэл 30 000 000 төгрөг, галлагааны өрөөний үнэ 1 000 000 төгрөг, 4 сендвичэн хавтангийн үнэ 1 640 000 төгрөг, нийт 32 640 000 төгрөгийг хариуцагч Л.Түмэннасангаас гаргуулж өгнө үү. Энэ хугацаанд хариуцагч нь түрээсээ төлөхийг удаа дараалан шаардсан боловч олон сайхан зүйл ярьж намайг хуурч байсан гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нэхэмжлэгчийн гараашийг БНСВУ-ын … 4 иргэнтэй нийлж Вьетнам авто засварын газар ажиллуулахаар түрээслэсэн. Гэтэл надтай хамтран ажиллаж байсан БНСВУ-ын иргэд иргэн Г.Хосбаярын гараашийг 2014 оны 2 дугаар сарын 03-ны өдөр шатааж, ажлын байрнаасаа зугтааснаас болж гараашийн эзэн Г.Хосбаяр болон надад их хэмжээний хохирол учирсан. Гарааш шатахаас өмнөх түрээсийн төлбөрийг би бүрэн төлсөн. Гарааш шатсан үеэс хойш би гараашийг буцааж өгье түрээслэх боломжгүй боллоо гэдгээ хэлсэн. Учир нь гал түймэр тавьсан хамтрагчид маань ажлаа хаян зугтсан. Гэтэл иргэн Г.Хосбаяр гараашаа надаас хүлээж аваагүй. Шүүх болохоор намайг гараашийн өмчлөгч биш учраас Вьетнам иргэдээс гараашийн хохирлыг нэхэмжлэх эрхгүй этгээд гээд миний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Иймд гарааш шатсан хохирлыг дээрх нэр бүхий Вьетнам иргэдээс нэхэмжлэх нь зүйтэй. Харин түрээсийн төлбөрийн тухайд би Вьетнам авто засварын газар ажиллуулах боломжгүй болсон тул гараашаа хүлээж аваагүй нь миний зүгээс түрээсийн төлбөр төлөх ёстой гэж үзэхгүй байна. Тиймээс Г.Хосбаярын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Л.Түмэннасан шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Г.Хосбаяр нь түрээсийн гэрээний дагуу хуримтлагдсан түрээсийн төлбөр, хохирлын төлбөрт 32 640 000 төгрөгийг надаас нэхэмжилсэн. Энэ нэхэмжлэлтэй хамт шийдвэрлүүлэхийн тулд сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа болно. Би Баянгол дүүргийн 9 дүгээр хороо Горькийн 4 дүгээр гудамж 73 тоотод орших сэндвичин барилга /авто засварын зориулалтаар/ түрээслэхээр Хосбаяртай 01 тоот гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан. Энэ түрээсийн гэрээг хуульд заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлээгүй юм. Энэ барилга 2014 оны 2 дугаар сарын 03-нд шатсан. Би 2015 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн төлбөр тооцоо нийлэх, 2016 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Г.Хосбаяр бид 2 төлбөр тооцоо нийлэх хэлцлийг хийж нотариатаар батлуулсан. Энэ хэлцлийг тухайн үед хийхдээ уг барилгыг шатаасан вьетнамуудаас хохирлын мөнгийг авч Г.Хосбаярт өгнө гэдэг байдлаар дүр үзүүлэн хэлцэл хийсэн юм. Гэтэл шүүх намайг вьетнамуудаас барилгын хохирлыг нэхэх эрхгүй этгээд гэж үзсэн. Иймд 2013 оны 2 дугаар сарын 01-ний өдөр Г.Хосбаяр бид хоёрын хооронд хийгдсэн авто засварын зориулалтаар сэндвичэн барилга түрээслэх тухай гэрээг хийж хуулийн дагуу уг гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй учраас хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Мөн уг барилгыг ашиглаж байсан вьетнамуудын буруутай үйл ажиллагаанаас барилга шатаж хохирол учирсан байхад учирсан хохирлыг авч Г.Хосбаярт өгнө гэж тооцоо нийлэх хэлцлийг дүр үзүүлэн хийсэн. Энэ нь хүчин төгөлдөр бус гэрээний үндсэн дээр хийсэн тооцоо хийлэх хэлцлийг дүр үзүүлэн хийсэн учир мөн хүчинтөгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Сэндвичэн барилгыг Л.Түмэннасан нь 1 жилийн хугацаатай авто засварын зориулалтаар түрээслэхээр гэрээ байгуулсан. Л.Түмэннасан нь түрээслэж байсан гэдгээ тайлбар болоод сөрөг нэхэмжлэлдээ тодорхой дурдсан бөгөөд вьетнам ажилчдыг ажиллуулж байгаад гал гаргаж барилгын зарим хэсгийг шатаасан байдаг. Л.Түмэннасангийн вьетнам ажилчид ажиллуулж байгаад гал алдсан зэргээс харахад Түмэннасан нь авто засварын газрыг ажиллуулж байсан, нэгэнт авто засварын газар ажиллаж байсан тул үр шимийг нь ч мөн хүртэж ашиг орлого олж байсан нь харагдаж байна. Үүнээс харахад Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээ байгуулагдсан болох нь тодорхой харагдаж байна. Л.Түмэннасан нь өөрийн гарааг бичсэн тайлбар дээрээ түрээсийн төлбөр нийт 31 000 000 төгрөг өгнө, 8 дугаар сарын 18-ны өдөр сэндвичэн чөлөөлж суллаж өгнө гэдгээ баталж бичиж өгсөн байгаа. Сэндвичэн барилгад үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгодоггүй учир улсын бүртгэлд бүртгүүлэх боломжгүй юм. Гэтэл ийм үндэслэлээр түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэл байхгүй гэж үзэж байна. Л.Түмэннасан нь өөрийн хүсэл зоригийн дагуу тодорхой үйл ажиллагаа эрхэлж, ашиг орлого олохоор объект түрээсэлж авто засварын газар ажиллуулсан байдаг. Үүнээс харахад Л.Түмэннасан өөрөө гэрээ байгуулсан, түрээсийн төлбөрийг төлөх нь өөрийнх нь үүрэг учир вьетнам ажилчдаас авч өгөх төлбөрийг өгнө гэж дүр үзүүлэн хийсэн хэлцэлд тооцогдох ямар ч үндэслэл байхгүй. Миний бие ямар нэгэн байдлаар вьетнам иргэдтэй гэрээ байгуулаагүй, тэднийг авч ажиллуулаагүй. Л.Түмэннасанд өөрийнх нь хүсэл зоригийн дагуу ашиг орлого олоход нь зориулж өөрийн сэндвичэн обьектоо түрээслүүлсэн. 2013 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 01 тоот түрээсийн гэрээ, 2015 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн болон 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн төлбөр тооцоо төлөх, тооцоо нийлэх хэлцлийг Л.Түмэннасан бид хоёр харилцан тохиролцож ярилцсаны үндсэнд бичиж нотариатаар батлуулж байсан. Ямар нэгэн дарамт шахалтанд орж, дүр үзүүлэн хийсэн зүйл огт байхгүй тул хүчин төгөлдөр бусад тооцох хууль зүйн ямар ч үндэслэлгүй байна. Иймээс Л.Түмэннасангийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

            Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 288 дугаар зүйлийн 288.2.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Л.Түмэннасангаас 32 640 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Хосбаярт олгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.2.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Л.Түмэннасангийн 2015 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн тооцоо нийлэх хэлцэл, 2016 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн тооцоо нийлсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 2013 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн гэрээг дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэдгийг нэхэмжлэгч Г.Хосбаяр нь хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56, 60 дугаар зүйлийн 60.1, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 321 500 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Л.Түмэннасангаас 321 500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Хосбаярт олгуулах, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 321 150 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

 

            Хариуцагч Л.Түмэннасангийн өмгөөлөгч Т.Сайнбаяр давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шийдвэрийн үндэслэх нь хэсэгт “... хариуцагч Л.Түмэннасан нь 2013 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Баянгол дүүрэг, 9 дүгээр хороо, 4 дүгээр гудамжны 73 тоотод байрлах сэндвичэн байрыг кузов засварын зориулалтаар ашиглахаар 1 жилийн хугацаатай түрээсэлж, түрээсийн нэг сарын төлбөрийг 2 500 000 төгрөгөөр тохиролцон гэрээ байгуулсан болох нь тогтоогдож байгаа бөгөөд талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан гэрээний үүрэг үүссэн байна” гэсэн байна. Гэтэл Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т “Түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ”, мөн зүйлийн 318.4-т “Энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна” гэж тус тус заасныг зөрчин талуудын хооронд түрээсийн гэрээний үүрэг үүссэн байна гэж буруу үнэлсэн. Нэхэмжлэгч Л.Хосбаяр нь хариуцагчтай 2013 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн байгуулсан ба банкнаас зээл авахад зориулж 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гэрээ хийж өгсөн талаар тайлбарлаж, дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэдгийг хүлээн зөвшөөрч байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв” гэж анхан шатны шүүх дүгнэсэн байдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.2-т “нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн талд буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотолно” гэж заасан байдаг. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан 2013 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн түрээсийн гэрээг биш огт өөр 2013 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн түрээсийн гэрээг хангаж шийдвэрлэсэн нь хариуцагчийн эрхийг ноцтой зөрчсөн. Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргасан. Үүнийг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрөөд байхад сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн дугаар 184/ШШ2017/01311 тоот шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

                                         

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч Г.Хосбаяр нь хариуцагч Л.Түмэннасанд холбогдуулан түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэл, түрээсийн байранд учруулсан хохиролд 32 640 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, түрээсийн гэрээ болон тооцоо нийлэх хэлцлийг тус тус хүчин төгөлдөр  бус хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

 

 Зохигчид 2013 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж, түрээслэгч Г.Хосбаяр нь Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, 4 дүгээр гудамж, 73 тоотод байрлах сэндвичэн байрыг түрээслүүлэх, түрээслэгч Л.Түмэннасан нь сарын 2 500 000 төгрөгийн хөлс төлж кузов засварын зориулалтаар ашиглахаар харилцан тохиролцсон талаар талууд маргаагүй байна. /103-109, 235-241 дүгээр тал/

 

 Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэжээ. Түрээсийн гэрээний зүйл нь эрхийн улсын бүртгэлд бүртгэгдээгүй эд зүйл байх тул түрээсийн гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх шаардлагагүй, Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэхгүй. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

 Талууд 2013 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр түрээсийн гэрээ байгуулсны дараа банкнаас зээл авахын тулд гэрээний огноог 2013 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөр огноолсон талаар хэн аль нь тайлбарласан. Хариуцагч Л.Түмэннасан нь  2013 оны 2 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан түрээсийн гэрээг дүр үзүүлсэн хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг нэхэмжлэгч Г.Хосбаяр нь хүлээн зөвшөөрсөн байна.

 

 Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2013 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн гэрээний үүргийг шаардсан, хариуцагч уг гэрээний агуулгын талаар маргаагүй, Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэж маргасан. Иймд анхан шатны шүүх талуудын 2013 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан түрээсийн гэрээнд эрх зүйн дүгнэлт өгсөн нь үндэслэлтэй.

 

Талууд түрээсийн гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан байх боловч түрээслэгч нь 2015 оны 8 сар хүртэл түрээсийн зүйлийг ашигласан, энэ талаар талууд тооцоо нийлж 31 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй байгааг тодорхойлжээ. /хх-ийн 5-6, 33-34 дүгээр тал/

 

Хариуцагч түрээсийн төлбөрийг төлж барагдуулсан, тооцоо нийлэх  хэлцлийг  хүчин төгөлдөр бус гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх боловч тэрээр тооцоо нийлэх гэрээнд гарын үсэг зурсан, Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар хүсэл зоригоо илэрхийлж баримт үйлдсэн байна.  Мөн тэрээр дээрх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байх тул анхан шатны шүүх хариуцагчаас түрээсийн гэрээний үүрэгт  31 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Түрээсийн зүйлийг түрээслэгч Л.Түмэннасан ашиглаж байх хугацаандаа гал алдаж, түрээсийн зүйлийг засан сайжруулах зардалд нэхэмжлэгч Г.Хосбаяр 2 264 000 төгрөг зарцуулсан болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна. Учир нь хариуцагч Л.Түмэннасан нь түрээсийн төлбөрөөс галлагааны өрөөг засахад гарсан 1 000 000 төгрөгийг түрээсийн төлбөрөөс хасуулсан, үлдэх 1 640 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан байна. Иймд анхан шатны шүүх Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.2.3-т заасныг үндэслэн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг талуудын гаргасан тайлбартай харьцуулан дүгнэж хариуцагчаас хохиролд 1 640 000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

 

            Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 184/ШШ2017/01311 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 321 150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                          ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                               

                                          ШҮҮГЧИД                                    Б.НАРМАНДАХ

                                                                                                 

                                                                                   Г.ДАВААДОРЖ