Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 276

 

                     Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Налайх дүүрэг, 5 дугаар хороо, Гандан-Уулын 3-19 тоотод оршин суух, Бухнууд овгийн Пэрэнлэйн Лхайжав /РД: УЗ54100914/-ын

Хариуцагч: Налайх дүүрэг, 5 дугаар хороо, Гандан-Уулын 3-19 тоотод оршин суух, Боржигон овгийн Дэлгэрбуянгийн Цогзолмаа /РД: ЧЛ56072083/-д холбогдох

Бусдын хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Лхайжав, хариуцагч Д.Цогзолмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ихэрбаяр нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.Лхайжав шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд бичгээр гаргасан хүсэлтдээ: Иргэн Д.Цогзолмаа нь манай хашаа руу урдуураа 10 метр, хойгуураа 7 метр газрыг өөрийнхөө эзэмшилд оруулж хатгасан болно ... Миний бие Д.Цогзолмаад холбогдуулан газар чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаан бүхий газрын өмчлөгч буюу уг хэргийн хариуцагч Д.Цогзолмаа биш болох нь тодорхой бус тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэв.

Хариуцагч Д.Цогзолмаа шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ... Худалдаж авсан 0.07 га газрынхаа голоор нь ухсан хуучин нүхэнд нь шон зоож хашаагаа барьсан ... П.Лхайжав гэдэг энэ айл байхгүй байж байгаад 2 жилийн дараа ирж шон зоосныг мэдсээр байж хашаа барьсаны дараа маргаан хийж байна гэв.

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримт болон зохигчдын өгсөн тайлбар зэргийг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ  нь:

Нэхэмжлэгч П.Лхайжав нь хариуцагч Д.Цогзолмаад холбогдуулан бусдын хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч П.Лхайжав нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаа нь түүний бичгээр гаргасан хүсэлт /хх-28/-ээр нотлогдож байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу дуусгавар болж байгаатай холбогдуулан нэхэмжлэгч П.Лхайжавын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Бухнууд овгийн Пэрэнлэйн Лхайжавын нэхэмжлэлтэй Боржигон овгийн Дэлгэрбуянгийн Цогзолмаад холбогдох бусдын хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай хэргийн нэхэмжлэгч П.Лхайжав нь хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ татгалзсан байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, 56 дугаар зүйлийн 56.4, 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч П.Лхайжавын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Н.БАЯРСҮРЭН