Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/93

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,

улсын яллагч М.Сайнзаяа,

шүүгдэгч*******э нарыг оролцуулан Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн*******эд холбогдох эрүүгийн 2215000680084 дугаартай, 163/2022/0093/Э индекстэй хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Тариачин овогт*******ын*******, Булган аймаг,******* суманд 1991 оны 12 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, Булган аймаг,******* сум, 5 дугаар баг,******* тоотод оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, 31 настай, эрэгтэй, РД:*******.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч*******э нь 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Булган аймаг,******* сум, Жаргалант багийн нутагт байрлах өөрийн гэртээ эхнэр *******тай миний ах, дүү нараас мөнгө зээлээр авсан гэх үл ялих зүйлээр маргалдаж, улмаар бие эрх чөлөөнд халдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн 2215000680084 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч*******э нь 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Булган аймаг,******* сум, Жаргалант багийн нутагт байрлах өөрийн гэртээ эхнэр *******тай миний ах, дүү нараас мөнгө зээлээр авсан гэх үл ялих зүйлээр маргалдаж, улмаар бие эрх чөлөөнд халдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Энэ үйл баримт нь

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч*******ийн өгсөн: 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр гэр бүлийн хүндээ гэмтэл учруулсан нь миний буруу. Манай эхнэр ахаас мөнгө зээлж авсан. Тэр мөнгөө өгөхийн тулд хүнээс их хэмжээний хүүтэй мөнгө аваад их өртэй болсон. Тэгээд би машинаа зараад төлбөрийг нь төлсөн. Эхнэртээ гар хүрсэндээ харамсаж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

2. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч *******гийн өгсөн: 2022 оны 02 дугаар сарын 10-ны өглөө 10 цагт******* гэнэт уурлаад чи манай ах, дүү нараас мөнгө асуулаа, мөн ах, дүү нараас мөнгө авсан байна гэж над руу уурласан. Миний гарын хоёр талын булчин хэсэгт гараараа 1 удаа цохисон. Тэгэхээр нь би мөнгө аваад буцаагаад өгсөн шүү дээ гэж хэлсэн. Гэтэл чи ер нь миний ах, дүүгээс мөнгө асуудаг хэн бэ? гэж хэлээд өөрийн барьж байсан машины түлхүүрээр миний гарын баруун шуу хэсэгт 1 удаа хатгасан. Бас гарын булчин хэсэгт 3 удаа хатгасан. Тэгээд хоёр хөл рүү өшиглөж, сэрээгээр нуруу хэсэгт 1 удаа хатгасан. Тухайн үед манай хоёр хүүхэд хамт байсан. Тэгээд охиноо хөхүүлээд сууж байхад миний толгой хэсэгт гараараа цохиод, хөлөн дээр дэвсэх гээд цохиод тамлаад зүгээр суулгахгүй байсан. ...Одоо би нөхөртэйгөө эвлэрсэн хэвийн амьдарч байгаа, нөхөр маань надаас уучлалт гуйсан. Надад одоо гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26 дахь тал/,

3. Гэрч*******гийн өгсөн: Тэр өдөр Гантуяа бид хоёр Орхон аймаг явна гээд тохирчихсон байсан юм. Би гэртээ байж байгаад******* сумаас Орхон аймгийн чиглэлд явдаг такси ирэхээр нь гэрт орсон. Намайг гэрт ороход тэр хоёр маргалдаж, муудалцсан шинжтэй хоёулаа ууртай байж байсан. Гантуяагийн баруун гарын бугалган хэсэгт нүх гарсан мэт, мөн нүхнээс цус гарсан байдалтай байж байсан. Би гараа яасан юм бэ? гэхэд нөхөр******* машины түлхүүрээ миний гарт зоочихлоо гэж хэлж байсан. Гантуяаг хувцсаа өмсөөд гараад явах гэхэд нь нөхөр******* явуулахгүй гэж хэлэхээр нь гадаа машин хүлээгээд байна, явах юм уу?, үгүй юм уу? гэж асуухад******* яв, яв гэж хэлсэн. Гантуяаг бага охинтой нь аваад машинд суугаад Орхон аймаг руу явсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34 дэх тал/,

4. Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 189 дугаартай шинжээчийн: *******гийн биед баруун гарын бугалга, зүүн гарын шуунд цус хуралт, баруун гарын бугалга, шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр үүссэн байх боломжтой. Баруун гарын бугалга, зүүн гарын шуунд цус хуралт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хавтаст хэргийн 15-16 дахь тал/,

5. Мөрдөн шалгах ажиллагаанд*******ийн яллагдагчаар гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн: 2022 оны 02 дугаар сарын 10-ны өглөө би хөдөө гараад аав, ээж дээрээ очсон. Манай аав намайг та хоёр мөнгөний асуудалтай байгаад байгаа юм уу? гэхээр нь би юун мөнгө билээ гэж ааваас асуусан чинь Гансүхээс та хоёр мөнгө зээлсэн юм биш үү? гэсэн. Би мэдэхгүй, анх удаа сонсож байна гэж хэлээд аавынд удаагүй байж байгаад сумын төв рүү гэртээ харьсан. Гэрт орж ирээд эхнэр Гантуяагаас чи Гансүх ахаас юун мөнгө зээлдсэн юм бэ? гэж асуутал эхнэр миний өмнөөс юун мөнгө, юу яриад байгаа юм гэж хэлээд уурласан. Миний зүүн гарын булчин хэсэгт зөөлөн 2 удаа цохисон. Чи юу гэсэн үг юм бэ?, чи манай ахаас мөнгө зээлдэж авсан юм биш үү?, чи намайг мэдэхгүй гэж бодоо юу?, аав, ээж надад хэлж байна гэсэн. Би уурлаад эхнэрийн баруун гарын булчин хэсэгт 3 удаа цохисон. Тэгэхэд эхнэр би Гансүх ахаас мөнгө авсан, эргээд буцаагаад өгсөн гэж хэлсэн. Тэгээд бид хоёр тухайн үед эвлэрсэн. ...мөн хоёр хөлийн шилбэ хэсэгт 1 удаа зөөлөн өшиглөсөн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40-41 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

  Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

  Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч *******, гэрч******* нарын өгсөн мэдүүлэг, шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулан судлахад шүүгдэгч*******э нь 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Булган аймаг,******* сум, Жаргалант багийн нутагт байрлах өөрийн гэртээ эхнэр *******тай миний ах, дүү нараас мөнгө зээлээр авсан гэх үл ялих зүйлээр маргалдаж, улмаар бие эрх чөлөөнд халдан зодож биед нь баруун гарын бугалга, зүүн гарын шуунд цус хуралт, баруун гарын бугалга, шуунд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.

  Шүүгдэгч*******ийн хохирогчийг өшиглөж, цохисон гэм буруутай үйлдэл, хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл хоёрын хооронд шалтгаант холбоотой, энэ нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

  Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.

  Шүүгдэгч*******э нь гэм буруугийн талаар маргаагүй, түүний бусдын бие, эрх чөлөөнд халдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй санаатай, нийгэмд аюултай, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл тул прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар хохирогч ******* нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхэд гэмт хорын хохирлын баримт ирүүлээгүй, хавтаст хэргийн 61 дэх талд миний бие ямар ч гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэдгээ илэрхийлж хүсэлт гаргасан байна.

Шүүхээс хохирогч *******д шүүх хуралдааны товыг мэдэхэд “за ойлголоо, нөхөр бид хоёр эвлэрсэн, надад одоо гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэдгээ илэрхийлсэн байна.

Иймд шүүгдэгч*******ийг бусдад төлөх төлбөргүйд тооцож, хохирогч нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүйг дурдав.

 

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч*******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч*******ийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч*******эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйг дурдах нь зүйтэй гэж үзэв.

Хавтаст хэргийн 55-61 дэх талд авагдсан урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, багийн засаг даргын тодорхойлолт зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч*******э нь ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Булган аймаг,******* сум, 5 дугаар багийн******* тоотод амьдардаг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын нөхцөл байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч*******э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 4/30 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

Шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч хохирол төлсөн, хэргийн зүйлчлэл болон прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг хүлээн зөвшөөрч үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, бусдад төлөх төлбөргүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялын төрөл, хэмжээний хүрээнд шүүгдэгч*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар болон түүний хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.

 

Энэ хэрэгт шүүгдэгч*******э нь цагдан хоригдоогүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Тариачин овогт*******ын Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3-т тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.

 

4. Энэ хэрэгт шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнэ нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч*******эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Шүүгдэгч*******э нь бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.ОТГОНБААТАР