Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/106

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,

улсын яллагч Э.Гантулга,

шүүгдэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэн,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан,

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн 2215000000080 дугаартай, 163/2022/0108/Э индекстэй хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Шар Булган овогт *******ийн *******, Завхан аймаг, Эрдэнэхайрхан суманд 1960 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн, Булган аймаг, Булган сум, ..... дүгээр баг, ....... задгайд оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, 62 настай, эрэгтэй, РД: *******.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 03 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймаг, Булган сум, 1 дүгээр баг, Малчны хорооны задгай гэх газарт ямар нэг шалтгаангүйгээр иргэн *******ын цээжин тус газарт нь нэг удаа хутгалж, нуруу хэсэгт сүхээр цохиж биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн 2215000000080 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 03 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймаг, Булган сум, 1 дүгээр баг, Малчны хорооны задгай гэх газарт ямар нэг шалтгаангүйгээр иргэн *******ын цээжин тус газарт нь нэг удаа хутгалж, нуруу хэсэгт сүхээр цохиж биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Энэ үйл баримт нь

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ын өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйлгүй мэдүүлэг,

2. Хэргийн газарт үзлэг хийсэн: Хэрэг учрал болсон гэх газар нь Булган аймаг, Булган сум, 1 дүгээр баг, Малчны хорооны задгай гэх газар байв. ....жижиг илүү гэрийг төмөр даруулгаар дарж, улаан өнгийн төмөр цоожоор цоожилсон байх ба түүний зүүн талд 2м зайд хашааны зүүн хойд буланд 5 ханатай гэр байх бөгөөд гэрийн хаалганы урд зүгт 3.5 метрийн зайд 40х50 см талбайд цус мэт улаан хүрэн өнгийн зүйл асгарч хатсан байсныг №1 гэж дугаарлан гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав. Уг хэсгээс 60 см зайд урт модон иштэй, төмөр толгойтой сүх байх ба №2 гэж дугаарлан гэрэл зургийн аргаар бэхжүүлэн эд мөрийн баримтаар хураан авч тусад нь үзлэг хийхээр тогтов гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 3-7 дахь тал/,

3. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч *******ын өгсөн: ...Тэгээд бид Гантулгынд очих замаараа дэлгүүрээс 2 шил “ELIX” нэртэй архи, 2.5 литрийн пиво 1 ширхгийг авсан. Гантулгынд очоод архиа задлаад сууж байтал ******* ах орж ирсэн. Тэгээд бид нар жаахан юм ярьж сууж байгаад удалгүй ******* ахынд очсон. Тэгээд 0.5 литрийн архи уугаад хөзөр тоглож, юм ярьж суусан. Тэгээд ******* ах авдраасаа 0.5 литрийн Соёрхол нэртэй архи гаргаж ирсэн. Тэр архийг нь уугаад сууж байтал Саруул машинтайгаа ирээд жаахан юм ярьж суусан. Батмөнх, Саруул нар 23 цаг өнгөрч байсан байх цагийг нь сайн мэдэхгүй байна, явах гээд Саруулын эхнэр надаас чи хамт явахгүй юм уу? гэхэд нь би энд хөгшинтэй ханьтай хоночихъё гэхэд за за гээд тэр хэд харьсан. Харин ******* ах бид хоёр амрах гээд Амгаа ахыг ороо засаарай гэж хэлэхэд Амгаа ах ороо зассан. Би зун бүгдээрээ Баян-Өлгий аймаг руу явна шүү машинаа янзлаарай гэж хэлэхэд юм дугарахгүй байсан. Тэгээд би зуухны урд талд гутал, өмдөө тайлаад сууж байхад ******* ах амандаа үглээд, чичрээд сонин болж байснаа томроод байгаарай пизда нар минь гэхээр нь та юу гээд балайраад байгаа юм гэхэд бүгдийг чинь ална шүү, пизда нар минь гэсэн. Би манайхаас хүн алдаг хүн байхгүй шүү гэж хэлэхэд нэг мэдсэн чинь цээж хэсэгт цохих шиг болсон. Тэгээд өндийгөөд харахад цээжний баруун дээд хэсгээс цус гарсан. Цусаа харчаад эргээд доош сөхөрч аллаа шүү дээ гэж хэлээд доош хараад мөлхөж байтал дахиад нуруун дээр хатуу зүйлээр цохих шиг болсон. Тэгээд хэсэг ухаан балартаад нэг мэдэхэд гадаа хальт гарчихсан, нэг сэрэхэд гар маань шороо болон цусаар бохирлогдсон байсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17 дахь тал/,

4. Гэрч *******ийн өгсөн: ...шөнө 00 цаг өнгөрч байхад хаалга хүчтэй балбаж үүдээ, үүдээ гээд байхаар нь за одоохон гээд гэрлээ асаагаад хаалгаа онгойлгохын завдалгүй гэрийн хаалганы түгжээг мулт татаад ******* ах сүх барьчихсан гэрт орж ирсэн. Тэгэхээр нь нөхөр юу болов, яачихсан юм бэ? гэхэд алаад өгье гэх шиг болохоор нь би сандраад сүхийг нь аваач гэж нөхөртөө хэлэхэд буцаад ******* гараад явчихсан. Тэгээд араас нь манай хүн хувцас өмсөж гарсан. Сүхээ өгчих, яагаад байгаа юм бэ? та гэх дуу сонсогдож байсан. Би бас хувцас өмсөөд араас нь гараад очиход сүхээ өгөхгүй байна гэчихсэн манай хүн хүрз барьчихсан өөрийгөө хамгаалах гээд зогсож байсан. Надад ******* ах хүн алчихсан гээд байна, чи очоод Очирбат ахыг хараад ирээч гэхэд нь би цааш ******* ахын гэрт очиход гэрийн үүдний урд талд Очирбат ах доошоо хараад хэвтчихсэн ёо, ёо үхлээ, үхлээ гээд хэвтэж байсан. Хэсэг газар цус урссан байдалтай байсан бөгөөд яасан юм бэ? гээд нурууны хэсгийн хувцсыг сөхөхөд нуруундаа шарх байхгүй байсан. Тэгээд Очирбат ах өөрөө өндийгөөд дээшээ харах гэхээр нь би дээш харуулаад хувцсыг нь сөхтөл баруун хөхний дээд хэсэгт шархтай, шарх нь ангайчихсан цус гоожиж байсан... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 дэх тал/,

5. Гэрч *******ын өгсөн: ...гэрлээ унтраагаад орондоо орж, унтах гээд хэвтэж байтал гэрийн хаалга хүчтэй нүдээд байхаар нь гэрлээ асаагаад хаалга тайлахын завдалгүй цоожийг эвдээд ******* ах хүн алчихлаа гэчихсэн гартаа хутга, сүх, заазуур барьчихсан орж ирсэн. Тэгээд би сандраад гэрээсээ гараад сүх, хутга зэргийг нь авах гэтэл өгөхгүй ална, тална гээд хашхираад байсан. Удалгүй эхнэр араас юу болсон бэ? гээд гарч ирсэн. ******* ах хүн алчихлаа гээд байна цагдаа, түргэн тусламж яаралтай дуудаарай гэж хэлсэн. Тэгээд би эхнэртэйгээ хамт ******* ахын гэрийн урд хэсэгт гүйгээд очиход Очирбат ах ******* намайг хутгалчихлаа гэчихсэн гадаа хэвтэж байсан бөгөөд тухайн хэвтэж байсан газар цус болчихсон, мөн Очирбат ахын хувцас нь цус болчихсон байсан. Тухайн үед ******* ах сүх, хутгаа тавиагүй. Хашаан дотор зогсоод байхаар нь би хүрз аваад сүхийг нь цохиж унагаагаад, гараас нь хутгыг нь авч газар унагаасан... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29 дэх тал/,

6. Хүний биед үзлэг хийсэн Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 253 дугаартай: *******ын биед цээжинд шарх, цээж, зүүн мөр, баруун гарын шуу, нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Цээжинд үүссэн шарх нь үзүүр иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, цээж, зүүн мөр, баруун гарын шуу, нуруунд цус хуралт нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтлүүд байна. Уг гэмтлүүд нь 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр үүссэн байх боломжтой. Цээжинд шарх, цээж, зүүн мөр, баруун гарын шуу нуруунд цус хуралт нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт /хавтаст хэргийн 47-49 дэх тал/,

7. Мөрдөн шалгах ажиллагаанд *******ын яллагдагчаар өгсөн: Би Малчны хороонд эхнэр Догсомын хүргэн болох Гантулгатай нэг хашаанд 2 тусдаа амьдардаг юм. ...Оюунчимэгийг пиво аваад ирэхээр нь манай гэрт орж уухаар болоод танихгүй хоёр залуу, Очирбат, Гантулга, Оюунчимэг нар манай гэрт орж ирсэн. Улмаар авчирсан пивоо уусан, мөн хөзөр тоглосон. Мөн би өөрийнхөө авдраас 0.5 литрийн архи гаргаж уусан. Тэгээд тухай архийг ууж дуусгаад бид нар тарах болоод Очирбат нь манайд хонохоор болсон. Харин бусад хүмүүс нь гэр гэртээ харихаар явцгаасан. Тэгээд би ор дэр засаж өгсөн. Тухайн үед Очирбат нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэндээ согтчихсон над руу элдэв зүйл яриад хэл амаар өдөөд байсан. Очирбат согтуурхаж биеэрээ намайг дараад хэвтсэн. Би Очирбатыг түлхэж босоод уурлаад гал тогооны шүүгээний доор байсан хутгыг зүүн гартаа, сүхийг баруун гартаа барьж аваад Очирбатын нуруу хэсэгт сүхээрээ нэг удаа цохисон. Тэгтэл Очирбат өндийгөөд босоод ирэхээр нь хутгаараа цээж хэсэгт нь нэг удаа хатгасан. Тэгээд сандарсандаа утсаараа түргэн тусламж дуудаж чадахгүй болохоор нь хажуу айл болох Гантулгын гэрт гартаа сүхээ бариад очсон байсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 58-59 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтууд болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хуванцар бариултай хутга, модон иштэй төмөр сүх зэргээр хангалттай нотлогдож байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

  Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

  Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч *******, гэрч *******, *******а нарын өгсөн мэдүүлэг, шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч *******ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг, эд мөрийн баримтаар хураагдсан сүх, хутга зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулан судлахад шүүгдэгч ******* нь 2022 оны 03 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймаг, Булган сум, 1 дүгээр баг, Малчны хорооны задгай гэх газарт ямар нэг шалтгаангүйгээр *******ын цээжин тус газарт нь нэг удаа хутгалж, нуруу хэсэгт сүхээр цохиж биед нь цээжинд шарх, цээж, зүүн мөр, баруун гарын шуу, нуруунд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.

  Шүүгдэгч *******ын хохирогчийг хутгалж, сүхээр цохисон гэм буруутай үйлдэл, хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл хоёрын хооронд шалтгаант холбоотой, энэ нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

  Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.

  Шүүгдэгч ******* нь гэм буруугийн талаар маргаагүй, түүний бусдын бие, эрх чөлөөнд халдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй санаатай, нийгэмд аюултай, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл тул прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч *******ын гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар хохирогч ******* нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхэд гэмт хорын хохирлын баримт ирүүлээгүй боловч шүүгдэгч ******* нь хохирогчид 1.000.000 төгрөгийг төлж, хохирлыг барагдуулсан байна. Хохирогч ******* нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлж хүсэлт гаргасан байна.

Мөн шүүхээс хохирогч *******ад шүүх хуралдааны товыг мэдэхэд “за ойлголоо, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” гэжээ.

Иймд шүүгдэгч *******ыг бусдад төлөх төлбөргүйд тооцож, хохирогч нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүйг дурдав.

 

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч *******ын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйг дурдах нь зүйтэй гэж үзэв.

Хавтаст хэргийн 73-77 дахь талд авагдсан урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, багийн засаг даргын тодорхойлолт, гэрлэсний бүртгэлийн лавлагаа зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч ******* нь ам бүл 2, эхнэрийн хамт ......... аймаг, ........ сум, ..... дүгээр баг, .............. задгайд мал маллан амьдардаг,  урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын нөхцөл байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 4/35 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирол төлсөн, хэргийн зүйлчлэл болон прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг хүлээн зөвшөөрч, үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, бусдад төлөх төлбөргүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялын төрөл, хэмжээний хүрээнд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар болон түүний хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.

Энэ хэрэгт шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн хуванцар иштэй хутга нэг ширхэг, модон иштэй сүх нэг ширхгийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, шүүгдэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Шар Булган овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3-т тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.

 

4. Энэ хэрэгт шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 10 см-н урттай, хар өнгийн хуванцар иштэй хутга нэг ширхэг, 60 см-н урттай, 5 см-н өргөн модон иштэй, төмөр толгойтой сүх нэг ширхгийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

 

6. Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.ОТГОНБААТАР