Шүүх | Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Донийн Отгонбаатар |
Хэргийн индекс | 163/2022/0112/Э |
Дугаар | 2022/ШЦТ/112 |
Огноо | 2022-05-05 |
Зүйл хэсэг | 24.6.1., |
Улсын яллагч | М.Сайнзаяа |
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 2022/ШЦТ/112
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,
улсын яллагч М.Сайнзаяа,
шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Гүнбилэг /онлайнаар/,
шүүгдэгч ******* нарыг оролцуулан,
Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн 2115002700083 дугаартай, 163/2022/0112/Э индекстэй хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* овогт *******гийн *******, Булган аймаг, ******* суманд 1966 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн, Булган аймаг, ******* сум, ...... дугаар баг, Өлөнтийн сайр гэх газарт оршин суух бүртгэлтэй, малчин, мэргэжилгүй, бүрэн дунд боловсролтой, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, 56 настай, эрэгтэй, РД: *******.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Булган аймаг, ******* сум, Халиун баг, Хүдий гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 1м3 шинэс төрлийн хэрэглээний хуурай модыг хууль бусаар бэлтгэж байгаль экологид хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн 2115002700083 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч ******* нь 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Булган аймаг, ******* сум, Халиун баг, Хүдий гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 37 ширхэг буюу 1м3 шинэс төрлийн хэрэглээний хуурай модыг хууль бусаар бэлтгэж байгаль экологид хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь
1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ын өгсөн: Зөвшөөрөлгүйгээр мод авсан нь миний буруу. Сумын удирдлагуудад ойгоос мод авах тухай өргөдлөө өгсөн ба энэ талаараа хэлсэн. Гэхдээ би тэр модыг аваад зараагүй, малынхаа хашааг сэлбэсэн. Дараа дараагийн удаад зөв зохистой шийдмээр байна. Би модыг аваад зарсан бол нэг өөр юм. Гэхдээ би малдаа хашаа барьсан ба тэрийг үр, хүүхдүүд маань цаашдаа ашиглаад явна гэх мэдүүлэг,
2. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэргийн газарт үзлэг хийсэн: Хэрэг учрал болсон гэх газар нь Булган аймаг, ******* сум, 2 дугаар баг, Хүдий гэх нэртэй уулын энгэр, орой хэсэгт сийрэг ой модоор хүрээлэгдсэн газар байв. ...Тус газрын модны хожуулуудыг Булган аймаг, ******* сум, Халиун багт оршин суух *******аар заалгаж, хожуулуудыг дугаарлаж тус бүр хэмжилт хийхээр тогтов гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 9-22 дахь тал/,
3. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн: Тухайн тээврийн хэрэгсэл нь цагаан өнгийн Бүгд Найрамдах Солонгос Улсад үйлдвэрлэгдсэн, хойд хэсэгт 2 метр, 93 см-н урттай ачааны хэсэгтэй, ачаан дээрээ тармуур болон хүрзтэй, бор өнгийн сэмэрсэн уяатай, 38-91 ОРХ улсын дугаартай, хажуу тал дээр MGL, Mongolia гэсэн бичиглэлтэй, Hyundai Porter загварын хэвийн ажиллагаатай тээврийн хэрэгсэл байв гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 27-32 дахь тал/,
4. Мод бэлтгэхэд ашигласан хөрөөнд үзлэг хийсэн: Уг хөрөө нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэгдсэн, YD-95 загварын, 156 см хэмжээтэй, 18 HP KW хүчтэй, харагдах байдал их бие болон бариул хэсгээрээ ногоон болон хар өнгөтэй, бариул хэсэг нь хар өнгийн хаймран материалтай байх бөгөөд цахилгаан хөрөөний урд хэсэгт байрлалтай таслагч нь бага зэрэг зэвэрч бохирлогдсон байх бөгөөд таслагчийн баруун хэсэгт нь бүдгэрч үзэгдэх байдал нь муудсан байв гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 47-50 дахь тал/,
5. Иргэний нэхэмжлэгч ын өгсөн: Халиун багийн малчин *******ын гэрт яваад очиход гэрийнх нь гадаа шинэс төрлийн чийгтэй шургааг моднууд байсан. *******аас тухайн модны эрхийн бичгийг асууж тодруулахад сум орон нутгаас ойгоос мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй байсан юм. *******аас тухайн модыг хаанаас бэлтгэсэн талаар асууж тодруулахад Булган аймаг, ******* сум, Халиун баг, Хүдий гэх нэртэй газраас бэлтгэсэн гэж байсан. ...Байгаль экологид учруулсан хохирлыг нэхэмжилнэ гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 80-84 дэх тал/,
6. Гэрч ы өгсөн: ******* нь ойгоос мод бэлтгэхдээ эрхийн бичиг аваагүй. *******ын мод бэлтгэсэн Хүдий нэртэй газарт 2021 онд ойгоос мод бэлтгэх талбайн тусгаарлалт хийгдээгүй учир ойгоос мод бэлтгэх эрхийн бичиг олгогдохгүй гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 87-88 дахь тал/,
7. Ойгоос бэлтгэсэн модны экологид эдийн засгийн үнэлгээг тогтоосон шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 31 дугаартай: Булган аймаг, ******* сум, Халиун баг, Хүдий гэх газарт 2021 онд ойгоос мод бэлтгэх талбай тусгаарлалтын ажил хийгдээгүй болно. Бэлтгэсэн мод нь шинэс төрлийн хуурай мод, хэрэглээний зориулалтаар бэлтгэсэн байна. ...нийт 37 ширхэг моднууд нь 7-13 см-н диаметртэй байсан. Уг модны эзлэхүүн нь 1м3 болж байна. Нийт төлбөр 303.579 төгрөг болж байна гэх дүгнэлт /хавтаст хэргийн 110-111 дэх тал/,
8. Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэлгээ тогтоосон Ашид Билгүүн хариуцлагатай хувьцаат компанийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 1001054 дугаартай: Г.Отгончимэгийн эзэмшлийн 38-91 ОРХ улсын дугаартай 2003 онд үйлдвэрлэгдсэн, 2012 онд Монгол Улсад орж ирсэн, Hyundai Porter загварын тээврийн хэрэгслийн зах зээлийн дундаж үнийг 2.200.000 төгрөгийн үнэтэй байгаа болно гэх дүгнэлт /хавтаст хэргийн 136-137 дахь тал/,
9. Хохирлын үнэлгээ тогтоосон шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн: экологи эдийн засгийн үнэлгээ нь 303.579 төгрөгөөр тогтоогдсон бөгөөд уг үнэлгээг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасны дагуу 3 дахин өсгөн тооцоход 910.737 төгрөг болж байна гэх дүгнэлт /хавтаст хэргийн 185дахь тал/,
10. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд *******ын яллагдагчаар өгсөн: Би 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр өөрийн эзэмшлийн 38-91 ОРХ улсын дугаартай цагаан өнгийн Hyundai Porter загварын тээврийн хэрэгслээр Булган аймаг, ******* сум, Халиун баг, Хүдий гэх газраас өвөлжөө барих зориулалтаар зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн нь үнэн. ...Би ганцаараа мод бэлтгэхээр явсан бөгөөд уг газраас 15 ширхэг ургаа, хуурай модыг моторт хөрөөгөөр хөрөөдөн унагааж бэлтгэсэн. Энэ асуудлаар цагдаа нар Хүдий гэх газар очиж үзлэг хийхэд хөрөөдсөн хожуулаа өөрийн биеэр очиж зааж өгсөн юм. Мөн манай өвөлжөөн дээр цагдаа нар очиход бас бэлтгэсэн модоороо барьсан хашаагаа зааж өгсөн гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 179-180 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтууд болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн моторт хөрөө зэргээр хангалттай нотлогдож тогтоогдлоо.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч , гэрч нарын өгсөн мэдүүлэг, сум дундын ойн ангийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 31 дугаартай дүгнэлт, хэрэг учралын газарт болон эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хөрөө, малын саравч, хашаанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нь шүүгдэгч *******ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг нотолсон, хэрэг үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн нөхцөл байдлыг шууд гэрчилсэн, түүний гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзнэ.
Хууль бусаар мод бэлтгэх гэдэгт мод бэлтгэх зөвшөөрлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байхыг, түүнчлэн зөвшөөрөлтэй боловч уг зөвшөөрөлд зааснаас өөр хугацаанд, өөр газар, илүү хэмжээгээр, эсвэл өөр нэр төрлийн мод бэлтгэсэн, зориулалтын бусаар бэлтгэсэн үйлдлийг тус тус ойлгох бөгөөд шүүгдэгч ******* нь эрх бүхий байгууллагаас мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй, дур мэдэн ойгоос ургаа мод огтолж бэлтгэсэн байна.
Шүүгдэгч *******ын зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж буй өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй Булган аймаг, ******* сум, Халиун багийн Хүдий гэх газар нутгийн ойгоос мод хөрөөдөн унагаж, бэлтгэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн “санаатай” хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүй хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч *******ыг 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Булган аймаг, ******* сум, Халиун баг, Хүдий гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 37 ширхэг буюу 1м3 шинэс төрлийн хэрэглээний хуурай модыг хууль бусаар бэлтгэж, байгаль экологид хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ойгоос зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар:
Шүүгдэгч *******ын гэм буруутай үйлдлийн улмаас улсын ойн санд 303.579 төгрөгийн шууд хохирол учирсан нь Булган суман дахь сум дундын ойн ангийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2, 49.4-т заасны дагуу модны экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин өсгөсөн хэмжээгээр 910.737 төгрөгийн /хавтаст хэргийн 185 дахь тал/ хохирол учирсан байна.
Уг хохирол, нөхөн төлбөрийг төлөөгүй байх тул шүүгдэгч *******аас 910.737 төгрөгийг гаргуулж шийдвэрлэв.
Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч *******ыг ойгоос зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шүүгдэгч *******ын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Хавтаст хэргийн 155-161 дэх талуудад авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, багийн засаг даргын тодорхойлолт, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, цагдаагийн газрын цахим хайлтын системийн иргэний бүртгэлийн мэдээлэл зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь ам бүл 2, эхнэрийн хамт Булган аймаг, ******* сум, ........ дугаар баг, Өлөнтийн сайр гэх газарт мал маллан амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 4/37 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.
Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл болон прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг хүлээн зөвшөөрч үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, байгаль экологид учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялын төрөл, хэмжээний хүрээнд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар болон түүний хувийн байдалд тохирно гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн хуулийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл ...гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж ...гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно” гэж, 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж, 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус хуульчилсан.
Хэрэгт мөрдөгчийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 38-91 ОРХ улсын дугаартай Hyundai Porter загварын тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг хүчингүй болгож, өмчлөгч Г.Отгончимэгийн эзэмшилд үлдээж, прокурорын 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 4/08 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн гэмт хэрэг үйлдэж олсон 1м3 хэмжээтэй, тайрч бэлтгэсэн 37 ширхэг шинэс төрлийн хэрэглээний хуурай модны битүүмжлэлийг хүчингүй болгож, *******т үлдээж, шүүгдэгчээс тээврийн хэрэгслийн үнэ 2.200.000 /хоёр сая хоёр зуун мянга/ төгрөгийг, 1м3 хэмжээтэй, тайрч бэлтгэсэн 37 ширхэг шинэс төрлийн хэрэглээний хуурай модны үнэ 318.000 /гурван зуун арван найман мянга/ төгрөгийг тус тус гаргуулж, үнийн дүнгээс хохирлыг нөхөн төлүүлж хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэсэн YD-95 загварын ногоон өнгийн банктай, хөрөөний гар хар өнгөтэй, маниул хэсэг ногоон өнгөтэй, гинжний хамгаалах таг ногоон өнгөтэй Мон УРАЛ гэсэн бичиглэлтэй моторт хөрөөг хурааж, улсын орлого болгов.
Энэ хэрэгт шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, иргэний нэхэмжлэгч санал гомдолгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3 дахь хэсэгт тус тус зааснаар ялтанд торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2 дахь хэсэгт заасны дагуу тогтоосон хуваариар, тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд оногдуулсан торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.
4. Энэ хэрэгт шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч *******аас байгаль экологид учруулсан хохирол 910.737 /есөн зуун арван мянга долоон зуун гучин долоо/ төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД: 9085084/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд олгосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан мөрдөгчийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 38-91 ОРХ улсын дугаартай Hyundai Porter загварын тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг хүчингүй болгож, өмчлөгч Онход овогт Галсангийн Отгончимэг /РД: ИБ70010621/-ийн эзэмшилд үлдээж, прокурорын 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 4/08 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн гэмт хэрэг үйлдэж олсон 1 м3 хэмжээтэй, тайрч бэлтгэсэн 37 ширхэг шинэс төрлийн хэрэглээний хуурай модны битүүмжлэлийг хүчингүй болгож, *******т үлдээж, шүүгдэгчээс тээврийн хэрэгслийн үнэ 2.200.000 /хоёр сая хоёр зуун мянга/ төгрөгийг, 1 м3 хэмжээтэй, тайрч бэлтгэсэн 37 ширхэг шинэс төрлийн хэрэглээний хуурай модны үнэ 318.000 /гурван зуун арван найман мянга/ төгрөгийг тус тус гаргуулж, үнийн дүнгээс хохирлыг нөхөн төлүүлж хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 80000 /наян мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэсэн YD-95 загварын ногоон өнгийн банктай, хөрөөний гар хар өнгөтэй, маниул хэсэг ногоон өнгөтэй, гинжний хамгаалах таг ногоон өнгөтэй Мон УРАЛ гэсэн бичиглэлтэй моторт хөрөөг хурааж улсын орлого болгосугай.
8. Энэ хэрэгт шүүгдэгч *******аас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, иргэний нэхэмжлэгч санал гомдолгүй, хэрэгт хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүйг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОТГОНБААТАР