Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 1916

 

 

 

 

 

 

 

 

 

“Голомт банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч  Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2017/01400 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “Голомт банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Эс жи майнинг эрдэс” ХХК-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 1 181 260.60 ам.доллар гаргуулж, барьцаа хөрөнгөөс болон батлан даагчийн хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай маргаантай хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:  Н.Оюун-Эрдэнэ, С.Батхүлэг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:  Л.Очбаяр,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Оюунзул,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Эрдэнэбулган нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батхүлэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Харицагч “Эс жи майнинг эрдэс” ХХК нь 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдөр ЗГ8145110269 дугаар тоот зээлийн гэрээ байгуулж, 1 сая ам.долларын зээлийг 18 хувийн хүүтэй, 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаатайгаар зээлдэж авсан. Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар ипотекийн гэрээгээр “ЛЧ” ХХК-ийн улсын бүртгэлийн Ү2203089663 дугаартай Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 3 дугаар хороолол, Сөүлийн гудамжинд байрлах хамтран өмчлөлийн зориулалттай 3795 м.кв тайлбартай, 5 давхар барилга, мөн уг газарт байршиж байгаа нэг талбарын 80040003 дутаартай 511 м.кв газрын хамт барьцаалагдсан. … тоот барьцааны гэрээг “Эс жи майнинг эрдэс” ХХК-ний 86.3 килограмм алт, түүний борлуулалтыг тус тус барьцаалсан. Мөн батлан даалтын гэрээгээр иргэн И.Сүхбат нь уг зээлийн гэрээг өөрийн хөрөнгөөр батлан даасан юм. Зээлийн гэрээний хугацаа 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр дуусах ёстой байсан. Гэвч “Эс жи майнинг эрдэс” ХХК нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Уг зээлийн гэрээнээс 15723 ам.доллар 48 цент төлсөн байдаг боловч үлдэгдэл үндсэн зээлийн 1 сая ам.доллар дээр нэмээд хүү, нэмэгдүүлсэн хүү 181260 ам.доллар 63 цент нийт 1,181,260 ам.доллар 63 центийн зээлийн өртэй байгаа нь 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн тооцоогоор гарч байна. Нэхэмжлэлийн шаардлага үндсэндээ 3 хэсгээс бүрдэж байгаа. Үүнд: 1. Тухайн зээлийн гэрээний үүрэгт 1,181,260 ам.доллар 63 центийг хариуцагч “Эс жи майнинг эрдэс” ХХК-иас гаргуулах, 2. Тухайн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн хангах баталгаа болгож барьцаалагдсан “ЛЧ” ХХК-ийн өмчлөлийн Ү2203089663 дугаартай үл хөдлөх хөрөнгө болон газар эзэмших эрх, алт болон түүний борлуулалтын орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү 3. И.Сүхбатын хөрөнгөөс батлан даалтын гэрээгээр бүх хариуцлагаа буюу тухайн барьцааны хөрөнгө хангахгүй болсон тохиолдолд И.Сүхбатын хөрөнгөөс гаргуулах эрхтэй болохыг шүүхийн шийдвэрт дурдаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Очбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Голомт банк” ХХК-тай 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдөр зээлийн гэрээ байгуулаад, 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 700 мянган ам.доллар, 2016 оны 6 дугаар сарын 15-ны 400 мянган ам.долларыг тус тус шилжүүлсэн. Дараах 4 үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд: 1. Ам.долларын ханшийг тооцохдоо Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-т зааснаар үүрэг үүсэх үеийн ханш буюу гэрээ байгуулсан өдрийн ханшаар тооцож өгнө үү. 2. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг гэрээний 2.5, 3.1.2-т заасан стандарт нөхцөлтэй заалт өөрөө Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1-д заасны дагуу стандарт нөхцөл нь хүчин төгөлдөр бус болно. Иймээс нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтүй гэж үзэж байгаа. 3. Голомт банк ХХК-ийн зүгээс бид нарт 1 сая ам.долларыг шилжүүлсэн гэж үзэхгүй байгаа. Өөрөөр хэлбэл, 1 сая ам.доллараас 990 мянган ам.долларыг олгосон гэж үзэж байна. Энэ нь гэрээний 2.1.6-т “1 хувийг шимтгэлд авна гэж заасан байгаа. Гэтэл нэхэмжлэгчийн 2.1.6-т заасан заалт нь өөрөө нэхэмжлэгч зээл олгохдоо шимтгэлийн тухай заалтаа зөвхөн нэг удаагийн оруулсан гэж бодохгүй иймээс урьдчилсан нөхцөлөөр бодитой 1 сая ам.долларын зээл олгоогүй, 990 ам.долларын зээл олгосон. Энэ нь стандарт нөхцөлтэй зээлдэгчийн эрхийн хязгаарлагдсан зээлийг бүрэн хэмжээгээр ашиглах эрхийг нь хязгаарласан заалт гэж үзэж байгаа. Иймээс дээрх 3 үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

           

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “ЛЧ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунбат шүүх хуралдаанд тайлбартаа: Хариуцагчийн тайлбар, татгалзлыг дэмжиж байна. Нэхэмжлэлийг гүйцэтгэх захирлын орлогч н.Нямсүрэн гарын үсэг зурж гаргасан байна. Иймд тухайн хүнд нэхэмжлэл гаргах эрх олгосон эсэх асуудал нь тодорхойгүй байна. Хэрэгт эрх олгосон тушаал нь байна. Гэхдээ Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8-т “гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна” гэж заасан байгаа. Тэгэхээр н.Нямсүрэн гэдэг хүн нэхэмжлэл гаргах эрхтэй гэсэн баримт нь хэрэгт авагдаагүй байна. Тийм учраас нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна. Мөн н.Нямсүрэнгээс итгэмжлэл авсан итгэмжлэгдсэн төлөөлөгчийн бүрэн эрх нь ч бас тодорхой тусгагдаагүй байна. Иймээс нэмэгдүүлсэн шаардлага гаргах зохих эрх олгогдоогүй байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлага хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

            Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Эс жи майнинг эрдэс” ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт нийтдээ 1 181 260.63 ам.доллар гаргуулж “Голомт” банкинд олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар барьцааны зүйл болох ЗБ/8145100269 тоот ипотекийн гэрээгээр барьцаапагдсан улсын бүртгэлийн Ү-2203009663 дугаартай, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, 5 дугаар хороолол, Сөүлийн гудамжид байрлах контор, үйлчилгээний зориулалттай 37,956 м.кв талбайтай 5 давхар барилга, ГД-0172712 дугаартай Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороонд байрлах нэгж талбарын 8004/0003 дугаар бүхий 511 м.кв газар эзэмших эрх, БГ/8145100269 тоот барьцааны гэрээгээр барьцаалагдсан “Эс жи майнинг эрдэс” ХХК-ийн 86,3 кг алт, түүний борлуулалтын орлого зэрэг барьцаа хөрөнгүүдээс болон БД8145100269 тоот батлан даалтын гэрээгээр батлан аасан иргэн И.Сүхбатын хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 15 134 817.59 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 15 134 817.59 төгрөг гаргуулж Голомт банкинд олгуулахаар шийдвэрлэжээ.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Очбаяр давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул давж заалдах журмаар дараах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүх хэрэглэх ёстой хуулийг буруу тайлбарлан хэрэглэж хариуцагчийн хуулиар хамгаалагдсан эрх хууль ёсны ашиг сонирхолыг хохироосонд гомдолтой байна. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 2.5-д “Зээлдэгч энэхүү гэрээний хавсралт 1-д заасан эргэн төлөх график хугацаанд зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй бол зээл төлөгдөх хуваарьт өдрийн дараах өдрөөс эхлэн энэхүү гэрээний 2.1.1-т заасан зээлийн хүүг үргэлжлүүлэн төлөхөөс гадна, 2.1.1-т заасан хүүний 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг зээлийн эргэн төлөлтийн графикт хугацаанд нийцүүлэн төлөхөөр талууд харилцан тохиролцов” гэж тодорхойлсон нь Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1-т заасан стандарт нөхцлийн шинжийг агуулсан, хууль зөрчсөн бөгөөд Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1-т “Стандарт нөхцөлийг гэрээнд тусгасан ч тэр нь харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш, уг нөхцөлийг хүлээн зөвшөөрөгч нөгөө талдаа хохиролтой бол уг нөхцөл хүчин төгөлдөр бус байна” заасны дагуу хүчин төгөлдөр бус байна. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т “Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно”, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24.3-т “Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж тус тус зааснаас үзэхэд зээлийг заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү тооцож болохоор л заасан байхад нэхэмжлэгч нь зээлийн гэрээний 2.5-д шууд 20 хувьтай тэнцэх хэмжээний гэж өөрт ашигтайгтайгаар тодотгон тодорхойлсон зээлдэгчид хохиролтой, шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Тус хуулийн заалтыг үзэхэд 1-20 хувь хүртэл хэмжээний нэмэгдүүлсэн хүүг Монголбанкнаас гаргасан аргачлалын дагуу бодож тооцохоор байхад зээлдүүлэгч нь зээлдэгчид илт хохиролтойгоор буюу зээлийг хугацаанд төлөөгүй тохиолдолд шууд 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү тооцож байгаа нь Иргэний хуулийн 202.1-т заасны дагуу хүчин төгөлдөр бус байна. Мөн хариуцагчийн зүгээс гэрээний үүргээс санаатай зайлсхийгээгүй ба санхүүгийн хувьд хүндрэлтэй нөхцөл байдалд орж, үйл ажиллагааны төлөвлөгөө тасалдсан ба энэ тухайгаа ч нэхэмжлэгч талд удаа дараа мэдэгдэж байсан болно. Иймд нэмэгдүүлсэн хүүг бүхэлд нь буюу 22 951.25 ам.долларыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийн энэ хэсэгт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

           

 

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч “Голомт банк” ХХК нь хариуцагч “Эс жи майнинг эрдэс” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1 181 260,60 ам.доллар гаргуулж, барьцаа хөрөнгөөс болон батлан даагчийн хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийг нэхэмжлэгч өөрөө тодорхойлох эрхтэй.  Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь зээлийн гэрээний барьцаа хөрөнгийн өмчлөгч буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцсон “ЛЧ” ХХК-ийг хариуцагчаар оролцуулах тухай хүсэлт гаргасан байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийн дээрх хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлд хамаарч байна. /хх-ийн 99/

 

Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр И.Сүхбатыг оролцуулсан атлаа түүний эдлэх эрх, хүлээх үүргийг болон хэргийн материалтай танилцуулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4 дэх хэсэгт “бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нэхэмжлэл гаргасан үндэслэл ба нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээс татгалзах, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх, эвлэрэхээс бусад зохигчийн эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ” гэж заасныг зөрчжээ.

 

  Дээрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.2, 168.1.3-т тус тус заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.2, 168.1.3-т заасныг тус тус  удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2017/01400 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 436 300 төгрөгийг буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ                                        

                                                          ШҮҮГЧ                                      Ч.ЦЭНД                                                                                                           

                                                                                                          Г.ДАВААДОРЖ