Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 2022/ШЦТ/92

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэрэл даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,

улсын яллагч П.Шижиртуяа,

шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.*******т холбогдох эрүүгийн 2215000000044 дугаартай, 163/2022/0085/Э индекстэй хэргийг 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* овогт *******вын *******, Булган аймгийн Булган суманд 1980 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, 42 настай, эрэгтэй, урьд Булган аймаг дахь сум дундын шүүхийн 2001 оны 10 дугаар сарын 31-ны өдрийн а/217 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.3-т зааснаар 30000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан /РД: *******/,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.******* нь 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Булган аймгийн Бугат сумын Ханжаргалант багийн нутаг Түлүү уул гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүй 4.5 м3 мод бэлтгэж байгаль экологид 361,404 төгрөгийн шууд, 1,084,212 төгрөгийн шууд бус хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон эрүүгийн 2215000000044 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Б.******* нь 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Булган аймгийн Бугат сумын Ханжаргалант багийн нутаг Түлүү уул гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүй 4.5 м3 мод бэлтгэж байгаль экологид 361,404 төгрөгийн шууд, 1,084,212 төгрөгийн шууд бус хохирол учруулсан байна.

 

Энэ үйл баримт нь:

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******ын өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, нэмж хэлэх зүйлгүй гэх мэдүүлэг,

2. Хэрэг болсон гэх газар нь Булган аймгийн Бугат сумын 2 дугаар багийн нутаг карантины даваа гэх газар байв. Б.*******ын тайрч бэлтгэсэн гэх модыг заалгаж үзлэг хийхээр болов. ... гэх хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 5-7 дахь тал/,

3. Уг мод нь Булган аймгийн тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд байх ба модны урт болон диаметрийг хэмжиж хийхээр тогтов. Модыг тоолж үзэхэд нийт 43 ширхэг байв. ... гэх модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 8-11 дэх тал/,

4. Уг тээврийн хэрэгсэл нь ******* ******* улсын дугаартай 2001 онд үйлдвэрлэгдсэн 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Монгол улсад импортоор орж ирсэн, бага оврын ачааны, хөх цэнхэр өнгөтэй, HYUNDAI PORTER маркийн тээврийн хэрэгсэл байв... гэх тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 12-14 дэх тал/,

5. Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хавтаст хэргийн 16, 19 дэх тал/,

6. Уг хөрөө нь цагаан өнгийн төмөр хар тагтай, цагаан өнгийн банктай, хар өнгийн банкны тагтай, хар өнгийн бариултай цахилгаан хөрөө байв гэх цахилгаан хөрөөнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 22-24 дэх тал/,

7. Иргэний нэхэмжлэгч Д.*******ы өгсөн: Надад уг болсон хэргийн талаар мэдэх зүйл байхгүй. Байгаль экологид учруулсан хохирлоо төлбөл надад өөр нэхэмжлэх зүйл байхгүй. ... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34 дэх тал/,

8. Иргэний нэхэмжлэгч Б.*******ийн өгсөн: ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг манай нөхөр Б.******* бид хоёр 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр худалдаж авч байсан юм. Уг тээврийн хэрэгсэл нь нөхөр бид хоёрын дундын өмч байгаа юм гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40-41 дэх тал/,

9. Гэрч Б.*******ийн өгсөн: “...Би *******ыг танина. Эхнэр нь байгаа юм. 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өглөө модонд хамт явах грүшиг олоод модонд явлаа гэж хэлээд явсан. Ингээд тухайн өдрөө гэртээ ирж хоноогүй. Маргааш нь орой нь ууланд мод бэлтгээд буцаж явах замдаа машин эвдрээд орж амжсангүй. Тэгтэл цагдаа нар зогсоогоод мод бэлтгэх эрхийн бичгийн хугацаа нь дууссан байна гэж хэлээд саатууллаа гэж хэлээд гэртээ ирсэн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 45-46 дахь тал/,

10. Шинжээч *******гийн өгсөн: “...Тухайн моднууд нь босоо буюу ургаа мод байсан. Модны шинж чанар нь хатаж хуурайшсан амьдрах чадваргүй болсон мод байна. ...нийт 6 ширхэг босоо мод байсан. Ойн цэвэрлэгээний ажлын мод бэлтгэх эрхийн бичгээр босоо мод унагааж болохгүй. Зөвхөн газарт унасан унианга мод болон гишүү мөчир, модны үзүүр, дорцов, хожуул авч болно...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 71 дэх тал/,

11. Булган сум дахь сум дундын ойн ангийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 02 дугаартай: 1. Шинжлэгдэж байгаа мод нь шинэс төрлийн хуурай мод байна. 2. Уг моднууд түлээний мод байна. 3. ******* ******* улсын дугаартай тээврийн  хэрэгслээр тээвэрлэсэн 43 ширхэг модны нийт эзлэхүүн 4.5м3 болж байна. Уг модын бэлтгэсэн Бугат сумын карантин давлан гэх газар нь Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 325 дугаар тоот тушаалын дагуу 3-р мужийн ойд багтаж байгаа тул Экологи эдийн засгийн үнэлгээг БОАЖ Сайдын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/176 тушаалын 1-р хавсралт “нэг шоо. Метр модны экологи эдийн засгийн үнэлгээ, төг”-өөр ой модны нөөцийн экологи-эдийн засгийн үнэлгээг модон материалд шилжүүлэхэд ашигладаг итгэлцүүрээр түлээний хуурай модыг 1-ээр үржүүлж бодно. Шинэс /түлээний хуурай/ 4.5м3 итгэлцүүр 1, 1м3 модны үнэлгээ 80,312 нийт 361,404 төгрөг /хавтаст хэргийн 62-63 дахь тал/,

12. Байгаль орчны хяналтын улсын байцаагч Х.ын 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 10 дугаартай: Экологи эдийн засгийн хохирлын үнэлгээ нь 361,404 төгрөг болох нь тогтоогдсон бөгөөд уг үнэлгээг Байгаль орчин хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу 3 дахин өсгөн тооцоход 1,084,212 төгрөг болж байна гэх дүгнэлт. ...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 67 дахь  тал/,

13. “Тольдох оюуны өгөөж” хариуцлагатай хувьцаат компанийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн №220039 дугаартай гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Бүгд найрамдах Хятад Ард улсад үйлдвэрлэгдсэн моторт хөрөө 87,500 төгрөг, ******* ******* улсын дугаартай, Hyundai porter загварын тээврийн хэрэгслийн үнэ 2,303,984 төгрөг гэх дүгнэлт /хавтаст хэргийн 64-71 дэх тал/,

14. Сери *******, 22-020352 дугаартай: 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Бугат сумын “Карантины даваа” гэх газраас ойн цэвэрлэгээний аргаар шинэс /унианга/ төрлийн 6м3 модыг бэлтгэх эрхийн бичиг /хавтаст хэргийн 75 дахь тал/,

 

15. Шүүгдэгч Б.*******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэм буруугаа хүлээж өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр гэрт түлээний модгүй болчихоод Бугат сумын 2 дугаар багийн байгаль хамгаалагч ******* гэх хүнээс мод бэлтгэх эрхийн бичиг буюу гоожин аваад, таньдаг дүү болох бүтэн нэрийг нь мэдэхгүй Улаанаа гэж дууддаг залуутай хамт Булган аймгийн Бугат сумын 2 дугаар багийн нутаг “Карантины даваа” гэх газар луу модонд явсан. Тухайн газраас 1 ширхэг ургаа мод унагааж бэлтгэсэн. Ингээд газраас унанги буюу газарт үндсээрээ унасан байсан 4 ширхэг модыг тайрч бэлтгээд машиндаа ачаад явах гэтэл машины диск нь эргээд буцаж амжилгүй уг газарт машиндаа хоносон. Маргааш өглөө нь замын машинд дайгдаж ирээд машины сэлбэг аваад буцаж очоод машинаа засварлаад Булган аймаг руу орж  иртэл цагдаа нар зогсоож шалгаад мод бэлтгэх эрхийн бичгийн хугацаа дууссан байна гэж хэлээд саатуулсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 102-103 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтууд болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан өнгийн төмөр хар тагтай, цагаан өнгийн банктай, хар өнгийн бариултай цахилгаан хөрөөг таньж судалснаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдлоо.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч Д.*******, гэрч Б.******* нарын өгсөн мэдүүлэг, сум дундын ойн ангийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 02 дугаартай дүгнэлт, хэрэг учралын газарт болон модонд үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар хураагдсан хөрөө, ******* сери бүхий 22- 020352 дугаартай мод бэлтгэх эрхийн бичиг зэргийг харьцуулан судалснаар шүүгдэгч Б.******* нь эрх бүхий байгууллагаас 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Бугат сумын “Карантины даваа” буюу ерөнхий нэршлээрээ Ханжаргалант багийн нутаг “Түлүү уул” гэх газраас ойн цэвэрлэгээний аргаар шинэс төрлийн унианга 6 м3 модыг бэлтгэх зөвшөөрөл авсан боловч мод бэлтгэх арга, огтлолтын төрөл зөрчиж 4.5м3 шинэс төрлийн түлшний хуурай мод бэлтгэж Монгол Улсын Үндсэн хууль болон Ойн тухай хуулийг зөрчиж, ойд зөвшөөрөлгүй мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдож тогтоогдлоо.

 

Хууль бусаар мод бэлтгэх гэдэгт мод бэлтгэх зөвшөөрлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байхыг, түүнчлэн зөвшөөрөлтэй боловч уг зөвшөөрөлд зааснаас өөр хугацаанд, өөр газар, илүү хэмжээгээр, эсвэл өөр нэр төрлийн мод бэлтгэсэн, зориулалтын бусаар бэлтгэсэн үйлдлийг тус тус ойлгох бөгөөд шүүгдэгч Б.******* нь эрх бүхий байгууллагаас олгосон мод бэлтгэх эрхийн бичигт заасан ойн цэвэрлэгээний зориулалтаар 6 м3 шинэс /унианга/ төрлийн мод бэлтгээгүй байна. 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн “санаатай” хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.******* нь 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Булган аймгийн Бугат сумын Ханжаргалант багийн нутаг ”Түлүү уул” гэх газраас мод бэлтгэх арга, огтлолтын төрөл зөрчиж 4.5 м3 шинэс төрлийн түлшний хуурай мод зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар бэлтгэж байгаль экологид 361,404 төгрөгийн шууд, 1,084,212 төгрөгийн шууд бус хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ойгоос зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар

Шүүгдэгч Б.*******ын гэм буруутай үйлдлийн улмаас улсын ойн санд 361,404 төгрөгийн шууд хохирол учирсан нь Булган сум дахь сум дундын ойн ангийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2, 49.4-т заасны дагуу модны экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин өсгөсөн хэмжээгээр 1,084,212 төгрөгийн /хавтаст хэргийн 67 дахь тал/ хохирол учирсан байна.

Уг хохирол, нөхөн төлбөрийг төлөөгүй байх тул шүүгдэгч Б.*******аас 1,084,212 төгрөгийг гаргуулж шийдвэрлэв.

 

Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.*******ыг ойгоос зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.*******ын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Б.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Хавтаст хэргийн 80-95 дугаар талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа, Булган аймаг дахь сум дундын шүүхийн 2001 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн а/217 дугаартай шийтгэх тогтоол зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.******* нь ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамтаар Булган аймгийн Булган сумын 4 дүгээр багт амьдардаг, Булган аймгийн Булган сумын 4-р баг Рашаант Домын дэвсэгт 10 дугаар гудамж 1007 тоотод гэр бүлийн хэрэгцээний газар, хувийн сууцтай, урьд нэг удаагийн ял шийтгэлтэй зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Б.*******ын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас байгаль экологид учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, шүүгдэгчийн бэлтгэсэн модны шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын төрлийг сонгож, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв

 

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн хуулийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл ...гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж ...гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно” гэж, 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус заажээ.

 

Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь тээврийн хэрэгслийн лавлагаагаар иргэн Б.*******ийн нэр дээр бүртгэлтэй /хавтаст хэргийн 77 дахь тал/ болох нь тогтоогдож байна.

 

Иймд хэрэгт мөрдөгчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан ******* ******* улсын дугаартай “Hyundai Porter” загварын тээврийн хэрэгслийг өмчлөгч, эзэмшигч Б.*******т нь үлдээж, тээврийн хэрэгслийн үнэ 2,303,984 төгрөгийг шүүгдэгч Б.*******аас гаргуулж, гэмт хэрэг үйлдэж олсон 43 ширхэг 4.5м3 хэмжээтэй хуурай шинэс төрлийн мод зэргийг тус тус хурааж, үнийн дүнгээс хохирлыг нөхөн төлүүлж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 87.500 төгрөгийн үнэлгээ бүхий Бүгд найрамдах Хятад Ард улсад үйлдвэрлэсэн, цагаан өнгийн цахилгаан хөрөөг хурааж, үнийг улсын орлого болгох, энэ хэрэгт шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдаж, шүүгдэгч Б.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт *******вын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3 дахь хэсэгт тус тус зааснаар ялтанд торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2 дахь хэсэгт заасны дагуу тогтоосон хуваариар, тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд оногдуулсан торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.

 

4. Энэ хэрэгт шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдоогүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.*******аас байгаль экологид учруулсан хохирол 1,084,212 /нэг сая наян дөрвөн мянга хоёр зуун арван хоёр/ төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД: 9085084/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд олгосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан мөрдөгчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 2,303,984 /хоёр сая гурван зуун гурван мянга есөн зуун наян дөрөв/ төгрөгийн үнэлгээ бүхий ******* ******* улсын дугаартай Hyundai Porter загварын тээврийн хэрэгсэлийг өмчлөгч эзэмшигч Б.*******т буцаан олгож, тээврийн хэрэгсэлийн үнийг шүүгдэгч Б.*******аас гаргуулж, гэмт хэрэг үйлдэж олсон 43 /дөчин гурав/ ширхэг буюу 4.5 м3 хэмжээтэй хуурай шинэс төрлийн модыг тус тус хурааж, үнийн дүнгээс хохирлыг нөхөн төлүүлж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 87.500 /наян долоон мянга таван зуу/ төгрөгийн үнэлгээ бүхий Бүгд найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэсэн цагаан өнгөтэй, цахилгаан хөрөөг хурааж улсын орлого болгосугай.

 

8. Энэ хэрэгт шүүгдэгч Б.*******аас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүйг тус тус дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Э.ЭНЭРЭЛ