Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/97

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  М.Сувд-Эрдэнэ,

улсын яллагч М.Сайнзаяа,

шүүгдэгч Э.******* нарыг оролцуулан,

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Э.*******д холбогдох эрүүгийн 2115002940082 дугаартай, 163/2022/0100/Э индекстэй хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,******* овогт *******ы *******, Булган аймгийн Сэлэнгэ суманд 1995 оны 07 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, эрхэлсэн тодорхой ажилгүй, бүрэн дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, 27 настай, эрэгтэй, /РД: *******/,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.******* нь 2021 оны 08-09 дүгээр сард Оросын холбооны улсад үйлдвэрлэсэн Беларус 1221 загварын трактор зарна гэж хохирогч Л.*******г хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 9,000,000 төгрөг шилжүүлэн авч залилсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Мөнх-Эрдэнийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2115002940082 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Э.******* нь 2021 оны 07 дугаар сард хохирогч Л.*******гийн Т-150 маркийн трактор засуулна гэсэн зарын дагуу фейсбүүкээр танилцаж, түүнтэй холбогдож, тракторын засварчин байна гэж танилцаж,  хохирогчтой холбоо тогтоож Улаанбаатар хотод очиж уулзаж хохирогч Л.*******гийн итгэлийг олж, хохирогч Л.*******д иргэн Б.*******ийн эзэмшил, өмчлөлийн Оросын холбооны улсад үйлдвэрлэсэн Беларус 1221 загварын тракторыг зарна гэж итгүүлэн, тракторын зургийг нь явуулж хохирогч Л.*******г хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өөрт байхгүй тракторын худалдахаар урьдчилгаа болгож өөрийн Хаан банкны 5090696571 дугаартай дансаар 3 удаагийн гүйлгээгээр 9,000,000 төгрөг шилжүүлэн авч залилсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Энэ үйл баримт нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Мөнх-Эрдэнийн өгсөн: Би Л.*******тэй 2021 оны 06 дугаар сарын сүүлээр фэйсбүүк чатаар холбогдсон. Би тракторын үнийг 40,000,000 төгрөг гэж хэлсэн ба 2021 оны 08 дугаар 03-ны өдөр урьдчилгаа 500,000 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 8,000,000 төгрөг, 09 дүгээр сарын 16-ны өдөр 500,000 төгрөгийг хийсэн. Трактор өгч чадахааргүй болоод *******д хохирлыг нь барагдуулж мөнгийг нь 2022  оны 02 дугаар сарын 14-ний өдөр бүрэн төлж барагдуулсан гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

1. Хохирогч Л.*******гийн өгсөн: ... Э.*******тэй 2021 оны 08 дугаар сард танилцаж Оросын холбооны улсад үйлдвэрлэсэн 1221 маркийн трактор зарна гэж зураг явуулахаар нь хараад худалдаж авахаар тохиролцсон. Л.*******д би 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 500,000 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 8,000,000 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 500,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Э.******* нь надаас авсан 9,000,000 төгрөгийг 2022 оны 02 сарын 10-ны өдөр бүрэн шилжүүлж өгсөн. Одоо надад гомдол, нэхэмжлэх зүйлгүй ...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дэх тал/,

 

2. Гэрч Б.*******ийн өгсөн: ...Надад улаан хүрэн өнгөтэй 1221 маркийн трактор байдаг. Энэ тракторын 2007 онд Улаанбаатар хотоос Тариалан эрхлэлтийн дэмжих сангаас 40,000,000 төгрөгөөр худалдаж авч байсан. .... Би *******тэй трактор борлуулахаар ярьж тохирсон зүйл үгүй. Надад болон миний данс руу мөнгө шилжүүлсэн зүйл үгүй. Одоо энэ трактор хашаанд байгаа” ...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дахь тал/,

 

5. Шүүгдэгч Э.Мөнх-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн: “...Би 2021 оны 07 дугаар сард фэйсбүүкээр ******* гэх хүнтэй танилцсан. ******* Т-150 маркийн трактор засуулна гэх зар байршуулсан байсан ба зарын дагуу би холбогдсон. ...Би “надад 1221 маркийн зарах трактор байгаа, 40,000,000 төгрөгөөр зарна” гэж түүнд хэлсэн. Мөнгөө бүтээчхээд эргээд холбогдоно гэсэн. ... 2021 оны 08 дугаар сарын 31-ний орой бид хоёр уулзаад ******* трактор авахаар тохирсон. ....нийт 9,000,000 төгрөгийн урьдчилгаа авсан. ...Би 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр *******гийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 55 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

 

        Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

        Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Л.*******, гэрч Б.*******, Б.******* нарын мэдүүлэг, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Э.Мөнх-Эрдэнийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулан судлахад шүүгдэгч Э.******* нь 2021 оны 08-09 дүгээр сард Оросын холбооны улсад үйлдвэрлэсэн Беларус 1221 загварын трактор зарна гэж хохирогч Л.*******г хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 9,000,000 төгрөг шилжүүлэн авч залилсан гэм буруутай нь нотлогдож байна.

 

Залилах гэмт хэрэг нь хохирогчоос буюу эд хөрөнгийн эзэмшигч, өмчлөгчөөс тодорхой эд хөрөнгийг залилагч этгээд шилжүүлэн авах зорилгоор тодорхой идэвхтэй үйлдэл хийж (хуурч, хуурамч баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нууж, сүсэг бишрэлийг далимдуулж), өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдлийг төрүүлж, улмаар тэдгээр үйлдлийн үр дүнд эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх, мөнгө, валют зэргийг шилжүүлэн авснаар төгсдөг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

Өөрөөр хэлбэл залилах гэмт хэрэг нь эд хөрөнгийг нь сайн дурын үндсэн дээр шилжүүлэн авч, гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө тухайн эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй байх, хариу төлбөрийг хийхгүй байх санаа зорилгыг агуулдаг ба шүүгдэгч Э.Мөнх-Эрдэнийн хохирогч Л.*******д өөрт байхгүй тракторыг зарна гэж хууран мэхэлж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан залилах гэмт хэргийн шинжийг агуулсан гэм буруугийн санаатай, нийгэмд аюултай үйлдэл мөн тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Э.Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууран мэхэлж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.  

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч шүүгдэгч Э.Мөнх-Эрдэнийг хууран мэхэлж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотолж, яллах байр сууринаас, шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, ялыг хөнгөрүүлэх байр сууринаас тус тус оролцсон болно.

 

Шүүгдэгч Э.Мөнх-Эрдэнийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Л.*******д 9,000,000 төгрөгний хохирол учирсан ба шүүгдэгч нь хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан, хохирогч гомдол саналгүй /хавтаст хэргийн 14 дэх тал/ гэдгээ мөрдөн шалгах ажиллагааны шатанд илэрхийлсэн байх тул шүүгдэгч Э.Мөнх-Эрдэнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Э.Мөнх-Эрдэнийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч Э.Мөнх-Эрдэний хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Э.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан учруулсан хохирлыг төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйг дурдах нь зүйтэй гэж үзэв.

 

Хавтаст хэргийн 57-71 дүгээр талд авагдсан Булган аймгийн Сэлэнгэ сумын 4 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа, байнга оршин суугаа хаягийн болон гэрлэсний бүртгэлгүй лавлагаа зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Э.******* нь ам бүл 3, Булган аймгийн Сэлэнгэ сумын 4 дүгээр багт амьдардаг, нэр дээр үл хөдлөх хөрөнгөгүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Э.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 4/33 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

 

Шүүгдэгч Э.Мөнх-Эрдэнийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл болон прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг хүлээн зөвшөөрч үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирол төлбөрийг төлж барагдуулсан, төлөх төлбөргүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчтай тохиролцсон ялын төрөл, хэмжээний хүрээнд шүүгдэгч Э.Мөнх-Эрдэнийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

 

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.

 

Энэ хэрэгт шүүгдэгч Э.******* нь цагдан хоригдоогүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Э.******* нь бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч Л.******* нь гомдол саналгүйг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хохирогчийг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мөнх-Эрдэнийг  500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3-т тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.

 

4. Энэ хэрэгт шүүгдэгч Э.******* нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Шүүгдэгч Э.******* нь бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч Л.******* гомдол саналгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Э.ЭНЭРЭЛ