Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/99

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэрэл даргалж, Ерөнхий шүүгч С.Цэрэнханд, шүүгч Д.Отгонбаатар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,

улсын яллагч М.Сайнзаяа,

иргэдийн төлөөлөгч Д.*******,

иргэний нэхэмжлэгч Д.*******,

насанд хүрээгүй хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч Г.*******,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.*******,

шүүгдэгч С.******* нарыг оролцуулан

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6, 2.8 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.*******д холбогдох эрүүгийн 2115000000286 дугаартай, 163/2022/0070/Э индекстэй хэргийг 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* овогт *******н *******, Сэлэнгэ аймгийн Сант суманд 1987 оны 02 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, эрхэлсэн тодорхой ажилгүй, 34 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, эрэгтэй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, урьд:

- Сэлэнгэ аймаг дахь сум дундын 3 дугаар шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 3/64 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 270 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар,

- Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2009 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 93 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 4 сар баривчлах ялаар шийтгэж, 2009 оны 07 сарын 09-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт зааснаар 4 сарын баривчлах ялыг өршөөн хэлтрүүлсэн,

         - Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2011 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 56 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сар, мөн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар С.*******д оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь багтаан нийт 2 жил 6 сар хорих ялаар,

         - Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, /РД: МЛ87020231/.   

 

         Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 24-ний орой 22 цаг 20 минутын үед Булган аймгийн Булган сумын 5 дугаар баг 5б-5-1 тоотод оршин суух гэр бүлийн харилцаатай, хамтран амьдрагч иргэн *******тай маргалдаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж улмаар насанд хүрээгүй С., С., П. нарын хамт гэртээ байхад нь бензин цацаж галдан шатааж алахыг завдаж, өвлийн байшин шатаасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн 2115000000286 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч С.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 24-ний орой 22 цаг 20 минутын орчим гэр бүлийн харилцаатай, хамтран амьдрагч иргэн *******тай маргалдаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж улмаар насанд хүрээгүй С., С., П. нарын хамт гэртээ байхад нь бензин цацаж галдан шатааж алахыг завдаж, өвлийн байшин шатаасан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Энэ үйл баримт нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Баттулгын өгсөн: 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Сайхантуяа над руу утсаар яриад хөргөгчөөс мах гаргаарай, орой хариад хүүхдүүддээ пирошки хийж өгнө гэсэн. Би тухайн өдөр гэртээ бага хүү тай хамт байсан. Тэгээд хоолны махаа татсан. Сайхантуяаг ажлаа тараад гэртээ орж ирээд хувцсаа тайлахад нь цай аягалж өгсөн. Тэр үед Сайхантуяагийн сарын тэмдэг нь ирсэн байсан болохоор өглөө ажилдаа явахдаа түрсикээ түмпэнтэй усанд хийгээд үлдээсэн байсан. Тэрийгээ угаахаар нь “дараа нь угааж болохгүй юм уу? эхлээд хоолоо хийж болдоггүй юм уу?” гэсэн чинь “би түрсикээ угаагаагүй, гараа угааж байна” гэхээр нь би “цустай усанд гараа угаана гэж юу байхав дээ” гэж хэлсэн. Тэгсэн Сайхантуяа уурлаад ыг хувцсаа өмс явъя гэхээр нь би Сайхантуяаг аргадсан ч уур нь гарахгүй байсан. Тэгээд би гэрээс гараад гадаа хэсэг байж байгаад буцаад гэрт ороход Сайхантуяа гурил зуураад зогсож байсан. Тэгээд намайг “зайл” гэхээр нь надад энд ах, дүү нар байх биш би хаачдаг юм гэсэн чинь “тэгвэл үхэж далд орооч” гэсэн. Тэгээд уур хүрээд гэрт байсан архийг авч гэрээс гараад хажуугийн амбаарт орж тэр архинаас уугаад найз нартайгаа утсаар ярьж нэлээн удаан сууж байгаад буцаад гэрт орсон. Намайг гэрт буцаад ороход дахиад “зайлаач” гэж хөөсөн. Тэгж хэрүүл болж байтал гаднаас орж ирэхээр нь би зөрөөд гарч яваад амбаарт ороод сууж байхад Сайхантуяа араас орж ирээд “зайлаач, зайлж чадахгүй бол үхэж далд орооч” гэж хэлсэн. Тэгээд найзуудтайгаа утсаар ярьж сууж байгаад хоолоо идье гээд гэрт орсон. Сайхантуяа намайг буцаж түлхэж гаргаад хаалгаа түгжих гэж байсан. Гэхдээ хаалгаа түгжээгүй болохоор нь би хаалгыг түлхээд орсон. Түүнээс хаалганы цоож эвдсэн зүйл байхгүй. Намайг үхэж далд ор гэж олон удаа хэлсэн. Би Сайхантуяатай амьдрахдаа хашаа, байшин түрээслээд олдсон ажлаа хийгээд амьдарч байсан. Сайхантуяатай хамт амьдарч эхлэхээсээ өмнө би өөрийн гэсэн ажилтай, гэр бүлтэй байсан ч Сайхантуяатай хамт амьдраад бүх зүйлээ алдсан. Тэгээд намайг ажилгүй 2-3 хоноход л муухай зан гаргаж, гэрээсээ хөөж, элдвээр хэлж эхэлсэн. Тэр үед Сайхантуяад маш их гомдож байсан. Би бүх зүйлээ орхиод Сайхантуяатай нийлсэн. Намайг байнга яв гэж хөөх нь хэцүү байсан. Тэрнээс би Сайхантуяаг ална шүү гэж хэлээгүй. Гэрт байсан хүмүүс рүү бензин цацаагүй. Өөр дээрээ л асгасан. Надаас гал авалцаад байшин шатсан. Гал гарах үед гэрт байсан хүмүүс бүгд гадаа гарсан байсан. Би гадаа гараад цасан дээр өнхөрсөн зүйл байхгүй. Хашаан дотор угаасаа цас байхгүй байсан. Сайхантуяа, нар цонх хагалж гарсан гэж мэдүүлсэн байсан. Тийм зүйл болоогүй. Хүүхдүүдтэйгээ үгээ нийлүүлж намайг ингэж гүтгэж болохгүй. Би гэрт орж хөргөгчөөс мах гаргаж шидсэн зүйл болоогүй. Сайхантуяатай анх танилцаад туулсан амьдралынхаа талаар ярихыг нь сонсоод түүний хэцүү амьдралыг өрөвдөөд бүх зүйлээ хаяад хамт амьдрах гээд өөрийнхөө амьдралыг золиослоод ирсэн. Сайхантуяа айлын байшин шатсан болохоор бөөн өрөнд орно гэж бодоод бүх зүйлийг надад тохож байна. Сайхантуяа өмнө нь хүүхэдтэйгээ нийлж намайг хүрзээр цохиод, хоолойг маань боогоод хашааныхаа үүдэнд уясан, би бүр өтгөн шингэнтэйгээ холилдож байсан. Тэр үед ирж намайг салгасан. Тэгж хашааны үүднээс хүлэхдээ миний цүнхэнд байсан бүх бичиг баримтыг аваад устгасан. Дараа нь бичиг баримтаа авмаар байна гэхэд би аваагүй, замын хажуу руу хаясан гэж хэлсэн. Тэр болгонд би чимээгүй байсан. Мөн өмнө нь миний толгойг шанагаар цохиод хагалж байсан. 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр би гэр бүлийн хүчирхийлэл үйлдээгүй. Сайхантуяатай хэрүүл хийсэн ч хэл амаар доромжилж, түүний болон хүүхдүүдийн биед гар хүрээгүй. Би зайлаад өгье гээд гарсан. Тэгээд Сайхантуяагаас салахаар шийдээд өөрийн бүх зүйлээ бэлдсэн байсан. Хоёулаа бүтэхгүй юм байна, би хань ижил, үр хүүхэд дээрээ очно гээд явахаар Сайхантуяа араас ирээд хэрүүл маргаан хийдэг байсан. Миний араас ирээд манай эхнэр ыг зоддог, хадам ээж маань хүртэл хараад сууж байсан удаа байгаа. Аргагүйн эрхэнд Сайхантуяаг дагаад гэрээс гарахад миний гарыг хутгаар хатгаад би , Сайхантуяа нартай хамт эмнэлэг орж боолт хийлгэж байсан. Намайг эхнэр, хүүхэд дээрээ очно гэхээр чамайг хамт байхгүй бол би үхэх гээд байна гэж араас ирж, тай хэрүүл маргаан хийдэг байсан. ыг чи дуугүй бай хар хүүхэн минь гээд зоддог байсан. Би хүүхдүүдийнхээ дэргэд хэрүүл маргаан хийлгэхгүй гээд арга буюу Сайхантуяаг дагаад өөрийнхөө гэрээс эхнэр, хүүхдээ орхиод гардаг байсан. Намайг гал тавихад эдгээр хүмүүс гэрт байсан гэдэг нь худал. Гал асахад бүгд гэрээс гарсан байсан. Намайг гэрээс гарахад бүгд гадаа байсан. Сайхантуяа наадхыгаа сайн зод гэж хашхираад ыг хөтлөөд тойроод гүйгээд байсан. Өнөөдөр намайг ийм хүнд зүйл ангиар яллуулах гээд байгаад гомдолтой байна гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч Г.*******ын өгсөн: Шүүгдэгч С.******* нь хүүхдүүдийг гал гарахад гадаа байсан, зодоогүй гэж байна. Би , , Сайхантуяа нарыг хамгаалах байранд авахад ийн ташаа хэсэг хөхрөлттэй байсан. Шатнаас түлхэхэд хөхөрсөн байх гэж бодож байна. Насанд хүрээгүй хохирогч , ийн нарын эд зүйлийг шинжээчийн дүгнэлтээр гарсан үнэлгээгээр нэхэмжилж байна гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Д.*******ийн өгсөн: Булган аймгийн Булган сумын 5б-1-5 тоотод 7*9 харьцаатай байшингийн үнийг нэхэмжилж байна. Би 2006 онд уг хашаа, байшинг худалдаж аваад Эрдэнэтэд ажил хийхээр болоод Болдбаатар гэж дүүдээ байшинг маань сайн хараарай гээд үлдээсэн. Сүүлд *******д түрээсэлсэн гэдгийг мэдсэн. Хэдэн оноос түрээсэлсэн гэдгийг сайн мэдэхгүй байна. Болдбаатарыг хүнд түрээслүүлсэн гэж хэлэхээр нь хоосон байж байхаар хүнтэй байж байг гэж хэлсэн. Дүү Болдбаатар баараггүй, найдвартай томоотой хүнд түрээслүүлсэн гэсэн. Баттулгыг бол би өмнө нь харж байгаагүй. Би өглөө гараад шөнө орж ирдэг ажилтай болохоор нааш, цаашаа явдаггүй байсан болохоор байшингаа эргэж тойрч байгаагүй. Сүүлд 2021 оны 11 дүгээр сарын 24-ний шөнө байшин хашаа чинь шатаад байна гэж хөндлөнгийн хүн утсаар ярьсан. Маргааш нь ажлаасаа чөлөө аваад ирсэн байшин маань шатсан байсан ба би тэр өдрөө цагдаад мэдүүлэг өгсөн. Эхлээд галын байцаагчтай уулзаж юунаас болоод шатсан талаар асуухад цагдаа дээр оч гээд цагдаа орж мэдүүлэг өгөөд орой нь эргээд Орхон аймаг руу явсан. Байшин дотор миний ханын том шкаф, том хэвтэй тавилга, өргөн ор, том, жижиг 2 ширхэг авдар, том хивс байсан. Дүү орыг байшингаас гаргасан гэж хэлсэн ч тэр ор нь олдохгүй байгаа. Хашаагаа нэхээгүй. Байшинд шатсан эд зүйлийн үнийг болон байшингийн үнийг нэхэмжилж байна. Шинжээчийн дүгнэлтээр байшинг сэргээн засахад 3,140,500 төгрөг болно гэж гаргасан. Одоо барилгын материалын үнэ нэмэгдсэн энэ мөнгөөр байшинг засварлах боломжгүй, тиймээс байшингийн үнийг нэхэмжилж байна гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2115000000286 дугаартай хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан:

1. Иргэн *******гаас Булган аймгийн Булган сумын 5 дугаар баг, 5Б 5-1 тоот байшин шатаж байна... гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / 1 дүгээр хавтаст хэргийн 1 дэх тал/,

2. Хэрэг учрал болсон гэх газар нь Булган аймгийн Булган сумын 5 дугаар баг 5 дугаар гудамжны ертөнцийн зүгээр зүүн хойд захын банзан хашаатай тал байх ба уг байшингийн хаалганд онцгой байдлын алба хаагч нар, албаны тээврийн хэрэгсэл байрлаж багаж хэрэгслээ байрлуулж гал унтраах үйл ажиллагаа хийж байв... гэх хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 2-9 дэх тал/,

3. Хохирогч *******гийн өгсөн: ...2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр ******* хэл амаар доромжлоод дуугүй болохгүй болохоор нь тэсэлгүй буцаж босоод хувцсаа өмсөөд хүүхдүүдийг явцгаая гээд бага хүүгээ сэрээгээд хувцаслаад буруу хараад сууж байтал ар талаас үс толгой, өмссөн хувцас руу шингэн зүйл үсрэхээр нь гайхаад эргээд харахад миний нүүр рүү бас цацагдахаар нь гараараа арчихад бензин гэдгийг мэдсэн. Мөн манай хүү “өө энэ чинь бензин байна шүү дээ” гээд хашхирсан. Тэгээд тэрхэн зуур богино хугацаанд гал дүрэлзэж асах зуур бензин цацсан хэсэгт гарсан галын дөлөнд гэрэл буудаад тас харанхуй болоод тэгээд , болохоор хаалгаар гарах гэж оролдоход ******* гаднаас нь хаалгыг ямар нэг зүйлээр дарчихсан гарч болохгүй байхад нь түлхсээр байж байгаад тэр хоёр гарсан. Тэгээд би бага хүүгээ тэврээд хойд өрөөний цонхыг тохойгоороо хагалаад эхлээд хүүгээ гаргачхаад гал команд дуудаарай гэж хашхираад өөрөө араас нь удалгүй цонхоороо гарсан цацсан бензин нь бид нар луу болон хойд өрөөний шал, тааз, хана, буйдан хэсэгт цацагдсан. Мөн миний нүүр хэсэгт их хэмжээгээр цацагдсан байсан ба нүд рүү бензин ороод нүд хорсоод байсан. Тэгсэн ******* нь “ингээд явлдаа, пизда минь гоё ингээд хамтдаа бүгдээрэй үхчихье” гэж хэлээд байсан би тэгээд нүүрнийхээ бензинийг арчаад эргээд харахад л гал 2 өрөөний таазны гол хэсгээс ассан... намайг гадаа гарахад , нар гадаа байсан ба миний том хүү ******* ах та нарыг гаргахгүй гээд гаднаас хаалга хаачихаад арай хийж би нааш нь татаж байж ыг байшингаас гаргалаа гэж хэлсэн... жаахан л удсан бол тэндээ угаартаж үхэх байсан. Ер нь бол ******* бид нарыг алах гэж гал тавиад өөрөө гарч гүйгээд байшингийн хаалгыг гаднаас нь дарсан... миний хохирол мөнгө төлөгдөөгүй. Гомдолтой байна, гал гарсны улмаас учирсан хохирлоо нөхөн төлүүлж авмаар байна гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 22-26 дахь тал/,

4. Насанд хүрээгүй хохирогч С.ийн гэрчээр өгсөн:... Би сургууль дээрээсээ 18 цаг өнгөрч байх үед гэртээ харьсан. Тэр үед гэрт *******, ээж Сайхантуяа, дүү нар байсан. Тухайн үед ******* нь ээж Сайхантуяатай жаахан хэрүүл маргаантай байж байгаад уурлаад “би зайлаад өгье” гэж хэлээд гэрээс гараад явсан. ...Ер нь Тулгаа ах гэрээс ойр ойрхон гарч ороод л хэрүүл маргаан үүсгээд л байсан. Тэгээд нэг орж ирэхдээ нүд нь улайчихсан, явахдаа гуйваад согтуу орж ирсэн. Удалгүй манай ээжийн эгчийнх нь хүүхэд болох сургуулиасаа тараад манайд хонох гээд ирсэн. Тэгээд ээж Сайхантуяатай хэрүүл маргаан хийж байгаад эргээд байшингаас гараад удалгүй байшинд ороод ирсэн. Тухайн үед бид нар ороо засчихсан өөрсдөө орондоо ороогүй сууцгааж байсан. Тэгтэл савтай бензин ******* өөр дээрээ жаахан асгаад бөөндөө үхэцгээе гэж хэлээд байшингийн том өрөөний гол хэсэгт цацсан. Тэгээд асаагуур асаагаад эхлээд өөрийгөө санаатайгаар гал тавьж асаасан. Тэгтэл цамцанд нь гал ихээр ассан. Тэр үед ******* цамцаа тайлаад газар шидэхэд нөгөө цацсан байсан шатахуун авалцаад гал их хэмжээгээр асаж эхэлсэн. ...Тухайн үед нүд рүү шатахуун орчихсон байсан учир нүдээ нухаж байгаад эргээд хартал ******* байшингаас гараад ирчихсэн байшингийн хаалгыг гаднаас нь түлхээд хаалгыг онгойлгохгүй гээд байж байхаар нь би араас нь очоод татсан. Тэр үед ******* эргэж хараад намайг цохисон. Тэгээд би шат руу унаж байх үед байшингийн хаалга суларч байшин дотроос гарч ирсэн. Тухайн үед ******* миний дээр гарч суугаад гар хөл рүү гараараа цохиж байтал дүү ирээд Баттулгыг түлхэж унагаасан. Тэгтэл ******* босож ирээд би дараа та хоёртой таарна томрох болоогүй шүү гэх зүйл ярьчихаад зугтаасан гэх мэдүүлэг / 1 дүгээр хавтаст хэргийн 33-34, 66-67 дахь тал /,

 

5.  Насанд хүрээгүй хохирогч П.ын гэрчээр өгсөн: ...Тухайн үед ******* ах Сайхантуяа эгчтэй маргалдаад бид нарыг хөөж туугаад гэрээсээ зайл гээд маргалдаад байсан. Тэгээд хэсэг байж байгаад гаднаас ******* согтуу орж ирээд хоол асуухаар нь ах хоол тогоонд байгаа гэж хэлсэн. Тэгтэл хөөе хоол хаана байгаа юм гэж асуугаад байгаа юм биш үү гэж дуугаа өндөрсгөсөн. Тэр үед Сайхантуяа эгч “хоолыг чинь хийж өглөө ам руу чинь хийж өгөх ёстой юм уу” гэж хэлтэл ******* би та нарыг тэжээж байгаа биздээ гэж хэлээд хөлдөөгч дотроос мах авч гаргаж шидээд байсан. Тэгээд өөрөө шидсэн махаа эргэж байшингийн гаднаас түүж оруулж ирчихээд эргээд гарсан. Тэр үед нь Сайхантуяа эгч хаалгаа дотроос нь цоожилчихсон. Тэгтэл ******* уурлаад хаалганы цоожийг эвдээд гаднаас ороод ирсэн. Улмаар уурлаж уцаарлатал ах айлд орж ирчихээд аятайхан байгаач гэж хэлтэл ******* “чи муу бацаан дуугүй байгаарай” гэж хэлчхээд эргээд гарсан. Удалгүй гартаа савтай шатахуун авч орж ирээд байшин дотор том өрөөнд цацаад асаагуур гаргаж ирээд “бүгд шатах ёстой юм бол шатъя пизда” гээд асаагуураа асаагаад барьж байтал өөрийнх нь цамц нь шатсан. Тэгээд өөрийнхөө цамцыг тайлаад газарт шидтэл шатахуун асгасан газар байж таараад улмаар байшин дотор гал гарч эхэлсэн. Тэгээд Сайхантуяа эгч дүүгийн хамтаар хаалгаар гарах гэтэл хаалганы цаад талаас ******* түлхчхээд гаргахгүй байхлаар нь би байшингийн баруун талын цонхыг гараараа хагалаад өөрөө хаалга руу гүйтэл хаалга яг хааж байж таараад би хөлөө хавчуулсан. Тэр үед хаалганы гадна талд *******тай ах ноцолдож байсан. Тэгээд удалгүй хаалга жаахан онгойхоор нь би гарсан. Тэр үед ******* байшингийн үүд хэсэгт ахын дээр нь гараад суучихсан гараараа цохиж байсан. Тэгэхээр нь би Баттулгыг түлхэж унагаасан. Тэгтэл ******* босож ирчхээд байшин шатаж байгааг хараад хашаанаас гараад зугтаасан..../ 1 дүгээр хавтаст хэргийн 39-40, 69-70 дахь тал /,

 

6. Насанд хүрээгүй хохирогч С.ын өгсөн: Манай ээж ******* ах 2 хоорондоо хэрүүл маргаан хийсэн. Тэгсэн ******* ах гэрээс гарч ороод байсан ба амбаарт ороод архи уугаад байсан гэдгийг нь би сүүлд нь мэдсэн. Тэгээд ******* ах гаднаас орж ирэхдээ рашааны савтай бензин авч орж ирээд ээж болон , ах бид нар луу цацаад дараа нь өөр дээрээ асгаад “ингээд явахыг чинь харъя, одоо та нар пизда нар минь ингээд үх” гэж хэлээд асаагуур гаргаж ирээд асаагаад өөрийнхөө цамцыг шатаасан. Энэ үед байшингийн шалан дээр асгарсан байсан бензин асаад байшин дотор гал гарсан гэх мэдүүлэг / 1 дүгээр хавтаст хэргийн 45-46 дахь тал /,

 

7. Иргэний нэхэмжлэгч Д.*******ийн өгсөн: Би 2006 онд уг хашаа байшинг худалдаж аваад өөрийнхөө өмчлөлд шилжүүлсэн... дүү Болдбаатар ганцаараа байшин хашааг маань харж амьдарч байгаад 2020 онд найз болох ******* гэгчид түрээслүүлсэн талаар хэлж ярьсан... байшин болон байшин доторх өргөн буйдан ор, хоймрын мөлхөө тавилга, ханын хувцасны шкаф, 2 жижиг 1 том авдар, том хивс зэрэг эд зүйлсийг хүлээлгэж өгсөн. Би хашаа байшингаа 2006 онд 4.800.000 төгрөгөөр худалдаж авч байсан. одоо зөвхөн байшингаа 9 сая төгрөгөөр үнэлж байна. Харин байшин доторх эд зүйлсээ нийтэд нь 2 сая төгрөгөөр үнэлж байна....гэх мэдүүлэг / 1 дүгээр хавтаст хэргийн 50-52 дахь тал /,

 

8. Иргэний нэхэмжлэгч Б.н өгсөн: Байгууллагаас гаргасан 500.000 төгрөгийг нэхэмжилж байна... гэх мэдүүлэг / 1 дүгээр хавтаст хэргийн 58 дахь тал /,

 

9. Гэрч Н.гийн өгсөн: Би 21 цагийн үед гэртээ нөхөр Урианхайн хамт ирээд хувцсаа сольчхоод нойл ороод буцаад гэр рүүгээ ороход нөхөр маань зөрж гарахад нь хөрш айлын эмэгтэй гал гарлаа Онцгой байдал дуудаад өгөөч гээд айж сандарсан байдалтай гарч ирэхээр нь буцаж гарч ирээд охин маань Онцгой байдлын газар дуудлага өгсөн.. тухайн үед гал гарч байх үед Баттулгын хүүхдүүд нь цонхоор гарсан гэж хэлэх шиг болсон  гэх мэдүүлэг / 1 дүгээр хавтаст хэргийн 63-64 дэх тал /,

 

10. Гэрч П.ын өгсөн: Намайг очиход Онцгой байдлын алба хаагч нар гал унтрааж дуусаагүй байсан. мөн цагдаагийн алба хаагч нар ирчихсэн байсан. тэгээд би дүү Сайхантуяа, , нараас юу болсон талаар тодруулж асуухад хамтран амьдрагч болох *******тай маргалдсан улмаар ******* ундааны савтай шатахуун авч орж ирээд байшин дотор цацаад асаагуур шидсэн гэсэн... ******* нь манай дүү Сайхантуяа болон бага хүү нарыг гаргахгүй гээд хаалгаа гаднаас нь түлхээд байсан гэсэн гэх мэдүүлэг / 1 дүгээр хавтаст хэргийн 72-73 дахь тал /,

 

11. Гэрч Б.ы өгсөн: Баттулгын хүзүү нь түлэгдчихсэн байсан ба ******* айлын байшин шатаачихлаа гээд манай гэр лүү ороод 2 хүүхдийн унтаж байсан орны урд хэсэгт сууж байсан чинь гаднаас 3 цагдаа ирээд Баттулгыг аваад явсан гэх мэдүүлэг / 1 дүгээр хавтаст хэргийн 75-76 дахь тал /,

 

12. Булган аймгийн онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 071/11 дугаартай дүгнэлтэд: нотлох баримтаар гал түймэр нь шатах тослох материал ашигласан, санаатай үйлдлээр гарсан байх магадлалтай байна... Гал гэдэг зүйл нь ихэнхдээ шинж тэмдгээ устгадаг. Хэргийн газрын үзлэгт тусгасан шатсан хувцасны үлдэгдэл, ашигласан савны таглаа, гал асаасан асаагуурт гарсан шинж тэмдэг, гэрч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтаар зориудаар буюу албадан гал гаргасан байх магадлалтай гэж дүгнэж байна гэх дүгнэлт, /1 дүгээр хавтаст хэргийн 96-98 дахь тал/,

 

13. “Тольдох оюуны өгөөж” хариуцлагатай хувьцаат компанийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн №21/329 дугаартай: Шатсан тавилга эд хогшлын дүн 4,867,750 төгрөг, ын эд зүйл 549,000 төгрөг, ийн эд зүйлс 1,233,000 төгрөг, ын эд зүйлс 918,000 төгрөг, Сайхантуяагийн эд зүйлс 3,001,500 төгрөг нийт 5,701,500 төгрөг, шатсан байшинг сэргээн засварлахад 3,140,500 төгрөг ба үл хөдлөх эд хөрөнгийг 12,766,582.64 төгрөг гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 108-120 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Мөрдөн шалгах ажиллагаагаар шүүгдэгч С.******* нь Д.*******ийн эзэмшлийн Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн 5Б хэсгийн 5-01 тоот  7*9 харьцаатай байшин хашааг хамтран амьдрагч *******, түүний 3 хүүхдийн хамт түрээслэн түр амьдарч байхдаа буюу 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Сайхантуяатай таарамжгүй харьцаа үүсгэн маргалдаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, улмаар насанд хүрээгүй хохирогч С., П., С. нарын хамт гэртээ байхад нь шатах тослох материалын төрлийн бодис буюу бензин цацаж, асаагуур асааж, өөрийнх нь өмсөж явсан цамцанд гал гармагц цамцаа тайлж шидээд гэрээс гарч, гэрт байгаа хүмүүсийг гэрээс гаргахгүй гэж байшингийн хаалгыг гаднаас дарж галдан шатааж алахыг завдсан, өвлийн байшинг шатаасныг тус тус гэрчилж хэрэг, үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн шалтгаан нөхцөл, учирсан хор уршгийн талаар хэргийн газар дээр байсан насанд хүрээгүй хохирогч П., С., С., хохирогч ******* нарын мэдүүлэг, байшин шатсаныг гэрчилсэн гэрч Н., П., Б., иргэний нэхэмжлэгч Д.******* нарын мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, Булган аймгийн онцгой байдлын газрын гал түймрийн улсын байцаагчийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 071/11 дугаартай дүгнэлт мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч С.Баттулгын мэдүүлгүүдээр тус тус нотлогдож тогтоогдлоо.

 

Булган аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн улсын байцаагчийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 071/11 дугаартай шинжээчийн: Гал түймэр нь шатах тослох материал ашигласан, санаатай үйлдлээр зориудаар буюу албадан гал гаргасан байх магадлалтай гэж дүгнэж байна, байшингийн  гадна тал бүрэн тархаагүй зэргээс гал байшингийн дотор талаас гарч, байшингийн доторх шатах материалаар тархсан байна, гал унтраах анги галыг унтраах хүртэл хугацаанд үргэлжилсэн, тухайн байшингийн хийж бүтэц, гал түймрийн ачаалал зэргээс хэр хурдан шатаж дуусах нь шалтгаална. /байшинд том өрөө хулдаасан доторлогоотой, тааз лампер байсан нь шатлагын хурдыг нэмэгдүүлэхэд нөлөөлсөн байх магадлалтай/ гэх дүгнэлтээр Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн 5Б хэсгийн 5-1 тоот иргэн Д.*******ийн эзэмшлийн 7*9 харьцаатай модон байшин, байшинд байсан хохирогч *******, насанд хүрээгүй хохирогч нарын эд зүйл, хувцас хэрэглэл шатсан нь шүүгдэгч С.Баттулгын бензин цацаж, асаагуур асаасан үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

 

Шүүгдэгч С.******* нь өөрийн түрээслэн амьдардаг модон байшинд бензин цацаж гал тавихад байшинд амьдардаг, түүнтэй гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч *******, түүний хүүхэд С., С., *******гийн эгчийн хүүхэд П. нарын амь нас, эрүүл мэндэд болон иргэн Д.*******ийн эзэмшлийн байшин, эд зүйлд хохирол учирч болно гэдгийг энгийн ухамсрын түвшинд бүрэн ухамсарлаж ойлгох боломжтой бөгөөд тэрхүү эрүүл мэнд, амь насанд болон эд хөрөнгөнд хохирол учруулах үйлдлийг санаатай хийснээрээ ухамсарласан үр дагавартаа өөрийн хүслээр хүргэж, уг үр дагаврын улмаас бусдын амь насыг хохироох эрсдэл бий болгосноор хүнийг алах гэмт хэргийг үйлдэхийг завдсан гэж үзэх хууль зүйн учир шалтгаан болно.

 

Шүүгдэгч С.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт “...би өөрийгөө шатаах гэж өөр дээрээ л бензин асгасан тэгээд миний цамцанд гал асмагц би сандраад цамцаа тайлаад гараад гүйсэн, намайг гадаа гарахад гэрт байсан хүмүүс бүгдээрээ гадаа гарчихсан байсан...” гэж мэдүүлж байх боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэхээр завдах гэдэг нь гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй байдлыг ойлгох бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримт болон мөрдөн шалгах ажиллагааны шатанд насанд хүрээгүй хохирогч С.ийн өгсөн “...тухайн үед бид нар руу цацсан шингэн буюу бензинээс гал дүрэлзээд эхлэхэд би шууд байшингаас гараад хашааны үүдэнд очоод эргээд харахад ******* цасан дээр хэд өнхөрөөд буцаад байшингийн хаалга дарж харагдахаар нь би дахиж гүйгээд Баттулгын баруун гараас нь татаад зуурахад эргэж хараад намайг түлхээд тэр хооронд байшингаас гарч ирсэн. ... Баттулгыг түлхэж унагаагахад босож ирээд та хоёрыг эргэж ирээд заавал гүйцээнэ ээ гэж хэлээд хашаанаас гараад зугтаасан. Тэгээд ыг ээж дуудаад байшингийн баруун талын цонхны доод хэсэгт дүү ыг унжуулчихсан дүүгээ ав гэж хашхираад очиж авсан.” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч П.ын өгсөн ... тухайн үед харанхуй, маш их утаатай, амьсгалах боломжгүй, би ч их айж сандарсан байсан бөгөөд эргээд сандарч гүйгээд хаалгаар гарах гэтэл хаалганы завсраар ******* түлхэж харагдахаар нь хаалганы завсарт хөлөө хавчуулаад хаалгаа онгойлгооч ээ гэж хашхирахад ах цаанаас Баттулгыг татахад хаалга бага зэрэг завсар гарахаар нь би гарсан. Тухайн үед *******, ахыг газар унагаачихсан нүүрний хэсэгт нь гараараа цохиж байхаар нь би Баттулгыг түлхэж унагаахад ******* босож ирээд байшинг шатаж байгааг хараад та хоёрыг эргэж ирээд гүйцээнэ ээ гэж хэлчихээд хашаанаас гараад зугтаасан. Тэгээд Сайхантуяа эгээ байшингийн баруун талын захын цонхны доод талын том хэсгээр ыг унжуулчихсан дүүгээ аваарай гэхээр нь би очиж ыг авсан. Тэгээд бид нар Онцгой байдал, цагдаагийн газарт дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг, хохирогч *******гийн өгсөн “... Тэгээд тэрхэн зуур богино хугацаанд гал дүрэлзэж асах зуур бензин цацсан хэсэгт гарсан галын халуун дөлөнд гэрэл буудаад тас харанхуй болоод тэгээд , нар хаалгаар гарах гэж оролдоход ******* гаднаас хаалгыг ямар нэг зүйлээр дарчихсан гарч болохгүй байхад нь түлхсээр байгаад тэр хоёр гарсан. Би бага хүүгээ тэврээд хойд талын том өрөөний цонхыг тохойгоороо хагалаад эхлээд хүүгээ гаргачихаад, гал команд дуудаарай гэж хашхираад би өөрөө араас нь удалгүй цонхоор гарсан.” гэх мэдүүлгүүдээр шүүгдэгч С.Баттулгыг гэмт хэргийг туйлд нь хүргэхээс сайн дураараа татгалзсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгчийн мэдүүлэг үгүйсгэгдэж байгааг дурдах нь зүйтэй.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6 дахь заалтад "хамтран амьдрагч" гэж гэрлэлтээ бүртгүүлээгүй ч харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байгаа этгээдийг хэлнэ гэж тодорхойлсон ба шүүгдэгч С.*******, хохирогч ******* нар нь гэр бүлийн харилцаатай буюу хамтран амьдрагч болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч, насанд хүрээгүй гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

 

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдэг нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зоддог, догшин авирлаж харгис хэрцгий харьцдаг байдал нь хэвшил, зуршил болсон буюу урт удаан хугацаанд үргэлжилсэн, тасралтгүй байнгын шинжтэй хууль бус үйлдлийг ойлгодог.

Шүүгдэгч нь хохирогчид байнга гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, дарамталж байсан талаарх хохирогч *******гийн өгсөн “... Би С.*******тай албан ёсны гэр бүлийн баталгаа байхгүй, 2018 оны 10 дугаар сараас хамтран амьдарч эхэлсэн. Дундаасаа хүүхэд байхгүй, би дөрвөн хүүхэдтэй. ...С.******* нь эрхэлсэн тодорхой ажилгүй, энэ асуудлаас өмнө байнга намайг хэл амаар доромжилж, удаа дараа цохиж зоддог байсан. Хамгийн сүүлд 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хардаж намайг цохиж зодоод цагдаагийн газарт шалгагдаж 14 хоногийн баривчилгаанд орж байсан. Ер нь эрүүл байсан ч догшин ширүүн зантай хүн байгаа юм. Гэрт аливаа жижиг асуудал гарахад л уурлаж ширээ гараараа цохих, эд зүйл авч шидэх, аяга хагалах, хутга шөвөг барьж айлган сүрдүүлж, судсаа хүртэл ханаж байсан. Би тэгээд хэд хэдэн удаа салах оролдлого хийсэн боловч амиа хорлох үйлдэл хийхээр нь нээрээ л амиа хорлочих юм байна гээд уучлаад өдий хүрсэн. Харин манай хүүхдүүдэд гар хүрч байгаагүй боловч байнга хүүхдүүдийн дэргэд хэрүүл хийж, хүүхдүүд байхгүй үед эсхүл гадуур явж байхад надад гар хүрч цохиж зоддог байсан. ... Өмнө нь 5-6 удаа алах гэж буу хутга, заазуур, цаасны хутга, автерка зэргээр айлгаж 2-3 удаа боож ухаан алдуулж унагааж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22-26 дахь тал/, насанд хүрээгүй гэрч С.ийн өгсөн “... С.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг. Дуртай гэж хэлж болохоор хүн байгаа юм. Намайг харж байх үед бол ээжийг зодож байгаагүй. Надаас далдуур ээжийг маань зоддог байсан. Ер нь бол нэлээн зодож цохидог байсан. Өнгөрсөн жилийн өвөл санагдаж байна манай ээжийг зодоод 3 хавиргыг нь хүртэл хугалж байсан... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 66-67 дахь тал/,  насанд хүрээгүй хохирогч С.ын өгсөн ...Тэгээд байж байхад манай ээж, ******* ах хоёр хоорондоо хэрүүл маргаан хийсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 45-46 дахь тал/, насанд хүрээгүй хохирогч П.ын өгсөн “... Урьд өмнө Сайхантуяа эгч зодуулчихсан буюу биедээ гэмтэл авчихсан байдаг байсан түүнээс би зодуулж байхыг нь харж байгаагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 70 дахь тал/, гэрч П.ын өгсөн “... Урьд өмнө нь ******* нь манай дүү Сайхантуяаг зодож байсан гээд цагдаагийн байгууллагаар шалгагдаж улмаар баривчилгаанд орж байсан. Гэртээ болон манай дүүгийн ажил дээр нь очиж дарамталж зоддог байсан гэж ярьж байсан.” гэх мэдүүлэг, гэрч Б.ы өгсөн “... 2018 оны 11 дүгээр сард Баттулгыг Сайхантуяа гэх хүүхэнтэй явалддаг гэдгийг мэдээд салсан. Салахдаа ******* нь манай гэрээс өөрийнхөө хувцсыг аваад явсан. ******* нь дүрс хийсэн огцом ууртай, хэсэг байж байгаад уур нь гарчихдаг, халамжтай, хааяа нэг архи уудаг улмаар тамхи татдаг.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 75-76 дахь тал/, болон шүүгдэгч С.******* нь 2021 оны 07 дугаар сарын 24-нд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн зөрчилд шийтгүүлж шүүхээс баривчлагдаж байсан /хавтаст хэргийн 179 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагаагаар түүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хоёр, түүнээс олон хүнийг алахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн хэмээн хүндрүүлэн зүйлчилсэн хэргийн зүйлчлэл тохирсон, С.Баттулгын гэм буруутай үйлдэл, гэмт хэргийн сэдэлт шалтгаан, хохирол, хор уршгийн шалтгаант холбоог хангалттай шалгаж тогтоосон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн “санаатай” хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

 

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Д.******* нь дүгнэлтдээ: Хэт нэг талыг барьж яллаж байгаа санагдаж байна. Сайхантуяа болон түүний хүүхдүүдийн мэдүүлэг, Баттулгын мэдүүлэг зөрүүтэй байна. Хүний эрх чөлөөтэй холбоотой хэрэг учраас дахин сайн судалж үзэх хэрэгтэй. Шууд гэм буруутай гэж үзэж энэ зүйл ангиар шийтгэж болохгүй гэж бодож байна. Тиймээс хүний аминд хүрэхийг завдсан гэж үзэхгүй байгаа болохоор гэм буруугүй гэж үзэж байна гэжээ.

 

Шүүгдэгч С.Баттулгын хүний амьд явах эрхэд хууль бусаар халдахыг завдсан үйлдэл нь гэм буруугийн ”санаатай” хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэгт тооцохоор заасан “нийгэмд аюултай” үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна.

 

Хохирогч ******* нь С.*******д хүч хэрэглэсэн зүй бус үйлдэл, түүний үр дүнд шүүгдэгчийн санаа сэтгэл гэнэт хүчтэй цочирч, түргэн зуур хийсэн хариу үйлдлийн улмаас дээрх хор уршиг учирсан гэж үзэх нөхцөл байдал хэрэгт цугларсан нотлох баримтаар тус тус нотлогдоогүй, харин шүүгдэгч архи, согтууруулах ундаа хэрэглэснээс үүдэлтэйгээр өөрийн үйлдэл, түүний үр дагаврыг ухамсарлаж хянах чадваргүй байсан нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэж, иргэдийн төлөөлөгчийн шүүгдэгчийг гэм буруугүй гэх дүгнэлтийг үгүйсгэсэн болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч С.Баттулгыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6, 2.8 дахь заалтад зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хоёр, түүнээс олон хүнийг алахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч С.Баттулгын гэм буруутай үйлдлийн улмаас иргэн Д.*******ийн эзэмшлийн Булган аймгийн Булган сумын 5 дугаар баг 5Б-1 тоот 7*9 харьцаатай модон байшин, эд хогшлын хамт шатаж, байшинд байсан хохирогч *******, насанд хүрээгүй хохирогч С., С., П. нарын хувцас, эд зүйл шатаж хохирол хор уршиг учирчээ.

Хохирогч, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******гаас хувцас, хичээлийн хэрэглэлийн үнийг жагсаалт гарган нийт 7,910, 000 төгрөгийг /хавтаст хэргийн 210-211 дэх талд/, иргэний нэхэмжлэгч Д.******* нь байшин доторх эд зүйлс болон байшинг засварлахад шинжээчийн дүгнэлтээр гарсан үнэлгээний дүн хүрэлцэхгүй тул байшингийн үнийг тус тус нэхэмжилнэ гэжээ.  

Шүүх хохирогч *******гаас гаргаж өгсөн дээрх жагсаалтын агуулга, иргэний нэхэмжлэгч Д.*******ийн нэхэмжлэлийн хэргийн хамаарлыг нэг бүрчлэн хянаад Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж заасны дагуу хохирогч, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******, насанд хүрээгүй хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч Г.*******, иргэний нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хэмжээгээр тус тус гаргуулах нь зүйтэй гэж үзэв.

Үүнд: Тольдох оюуны өгөөж хариуцлагатай хувьцаат компанийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 21/329 дугаартай шинжээчийн дүгнэлтээр:

1. Хохирогч *******гийн хувцас эд зүйлсийн үнэлгээ 3,001,500 төгрөг, байшинд байсан түүний эзэмшил, өмчлөлийн эд зүйлсийн үнэлгээ 193,050₮, 81,000₮, 101,250₮, 94,500₮, 90,000₮, 74,750₮, 45,500₮, 495,000₮, 405,000₮, 32,000₮, 20,000₮, 304,000₮, 96,000₮ нийт 2,032,050 ₮ буюу 5,033,550 төгрөгийг хохирогч *******д,

2. Насанд хүрээгүй хохирогч С.ын хувцас, эд зүйлс, сурах бичгийн үнэлгээ 1,030,500 төгрөгийг хууль ёсны төлөөлөгч *******гаар дамжуулан насанд хүрээгүй хохирогч С.т,

3. Насанд хүрээгүй хохирогч П.ын хувцас, эд зүйлсийн үнэлгээ 549,000 төгрөг, насанд хүрээгүй хохирогч С.ийн хувцас, гар утас, хичээлийн сурах бичиг, эд зүйлсийн үнэлгээ 1,602,000 төгрөгийг тус тус гаргуулж хууль ёсны төлөөлөгч Г.*******аар дамжуулан насанд хүрээгүй хохирогч П., С. нарт,

4. Иргэний нэхэмжлэгч Д.*******ийн байшинд байсан эд зүйлсийг шинжээчийн үнэлгээгээр тогтоогдсон буюу мөлхөө тавилга 357,500₮, том авдар 125,000₮, жижиг авдар 85,000₮, 3*4 хэмжээтэй хивс 382,950₮, хувцасны шкаф 128,000₮ нийт 1,078,450 төгрөг, байшинг сэргээн засварлахад гарах зардалд 3,140,500 төгрөг нийт 4,218,950 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Д.*******т,

5. Шинжээчийн дүгнэлт гаргуулахад гарсан зардал буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 500,000 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Б.гаар дамжуулан Булган аймаг дахь Цагдаагийн газрын төрийн сангийн дансанд тус тус олгох буюу шүүгдэгч С.*******ас нийт 12,934,000 /арван хоёр сая есөн зуун гучин дөрөв/ төгрөгийг гаргуулж шийдвэрлэв.

Иргэний нэхэмжлэгч Д.******* нь барилгын материалын үнэ өссөн тул байшинг сэргээн засахад шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 3,140,500 төгрөг хүрэлцэхгүй тул байшингийн үнийг гаргуулж авна гэх боловч шинжээчийн дүгнэлтээр уг байшинг сэргээн засварлах боломжтой гэж тогтоосон байх тул иргэний нэхэмжлэгч нь байшинг сэргээн засварлахад гарсан илүү зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэв. 

 

 Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 Шүүгдэгч С.Баттулгыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хоёр, түүнээс олон хүнийг алахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч С.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6, 2.8 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн дүгнэлтээр шүүгдэгч С.******* нь ерөнхий мэдлэгийн түвшин доогуур боловч, сэтгэцийн хувьд эрүүл, хэрэг учрал болох үед ямар нэгэн сэтгэцийн өвчин эмгэггүй, өөрийн хийж байгаа үйлдлийг удирдан жолоодох, ухамсарлан ойлгох, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, хэрэг хариуцах чадвартай болох нь тогтоогдсон байна.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон 1 дүгээр хавтаст хэргийн 173-190, 194, 199, 201 дэх талд авагдсан иргэний дэлгэрэнгүй лавлагаа, захиргааны шийтгэл болон зөрчил шалгах шийдвэрлэлтийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2011 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 56 дугаартай шийтгэх тогтоол, Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2009 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 93 дугаартай шийтгэх тогтоол, Сэлэнгэ аймаг дахь сум дундын 3 дугаар шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 3/64 дугаартай шийтгэх тогтоол, Булган аймгийн автотээврийн төвийн тодорхойлолт, төрсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, хэрэг бүртгэлтийн хэрэг хаах тухай 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн прокурорын тогтоол, Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоол зэрэг нотлох баримтаар шүүгдэгч С.******* нь нэр дээр хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, хамтран амьдрагч *******, түүний 3 хүүхдийн хамт Булган аймгийн Булган сумын 5 дугаар баг 5-1 тоотод түр оршин суудаг, урьд 4 удаагийн ял шийтгэлтэй зэрэг түүний хөрөнгө орлогын болон хувийн байдал тус тус тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч С.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч С.******* нь өөрийн буруутай үйлдлийн улмаас хүний амь нас хохирох боломжтой байсан гэдгийг хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн түүний хувийн байдал, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, нийгмийн аюулын шинж чанар зэрэг хэргийн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6, 2.8 дахь заалтад зааснаар шүүгдэгч С.*******д 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдал болон шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Энэ хэрэгт шүүгдэгч С.******* нь 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс шүүгчийн зөвшөөрөлгүй баривчилж, 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл яллагдагчаар цагдан хоригдсон 153 /нэг зуун тавин гурав/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.*******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч С.******* нь Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн ба уг ял биелэгдээгүй, 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн шүүхийн шийдвэр биелүүлэх хугацааг сунгах тухай тогтоолоор 30 хоногийн хугацаагаар сунгагдсан байх тул энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ял, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тусад нь эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Leon нэртэй 4 литрийн улаан өнгийн хуванцар сав 1 ширхэг, 600 гр орчим бензин мэт шингэн зүйлтэй Leon нэртэй 4 литрийн улаан өнгийн хуванцар сав 1 ширхэг, Coca cola  нэртэй 900 мл ундаа 1 ширхэг, Parliament  нэртэй тамхины иш 4 ширхэг, хөх өнгийн хуванцар савны таг 1 ширхэг, монгол бичгээр “Дөл”  гэх бичиглэлтэй цагаан өнгийн асаагуур 1 ширхэг, тайрч огтолсон мэт хуванцар сав 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, хэрэгт хавсаргагдаж ирсэн бичлэг бүхий 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаанд хадгалахаар шийдвэрлэв. 

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 2, 3, 4, 6 дахь хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******н Баттулгыг Эрүүгийн хуулийн ерөнхий 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6, 2.8 дахь заалтад заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хоёр, түүнээс олон хүнийг алахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6, 2.8 дахь заалтад зааснаар шүүгдэгч С.Баттулгыг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хорих ял, Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******д оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Баттулгын цагдан хоригдсон 153 /нэг зуун тавин гурав/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.*******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******ас 12,934,000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Д.*******т 4,218,950 төгрөг, хохирогч *******д, 5,033,550 төгрөг, насанд хүрээгүй хохирогч С.т түүний хууль ёсны төлөөлөгч *******гаар дамжуулан 1,030,500 төгрөг, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.*******аар дамжуулан насанд хүрээгүй хохирогч П.өд 1,602,000 төгрөг, насанд хүрээгүй хохирогч П.д 549,000  төгрөг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 500,000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.гаар дамжуулан Булган аймаг дахь Цагдаагийн газрын төрийн сангийн 100040012001 тоот дансанд олгож, иргэний нэхэмжлэгч Д.******* нь байшинг сэргээн засварлахад илүү гарсан зардлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Leon нэртэй 4 литрийн улаан өнгийн хуванцар сав 1 ширхэг, 600 гр орчим бензин мэт шингэн зүйлтэй Leon нэртэй 4 литрийн улаан өнгийн хуванцар сав 1 ширхэг, Coca cola  нэртэй 900 мл ундаа 1 ширхэг, Parliament  нэртэй тамхины иш 4 ширхэг, хөх өнгийн хуванцар савны таг 1 ширхэг, монгол бичгээр “Дөл”  гэх бичиглэлтэй цагаан өнгийн асаагуур 1 ширхэг, тайрч огтолсон мэт хуванцар сав 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, хэрэгт хавсаргагдаж ирсэн бичлэг бүхий 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаанд хадгалсугай.  

 

9. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Э.ЭНЭРЭЛ

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    С.ЦЭРЭНХАНД

                                           ШҮҮГЧ                                    Д.ОТГОНБААТАР