Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 1944

 

 

 

 

 

 

 

 

 

“Капитал банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2017/01708 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “Капитал банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Альгарб” ХХК-нд холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэг 613 720 381 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлтэй,

Гуравдагч этгээдийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, барьцаа хөрөнгийг чөлөөлүүлэх тухай бие даасан шаардлага бүхий иргэний хэргийг

 

Зохигчдын гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.Лувсанцэрэн, З.Бүжидлхам,

Хариуцагчийн төлөөлөгч: А.Бямбацогт,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Нарантуул,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Эрдэнэбулган нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөлөлөгч Ч.Лувсанцэрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч “Альгарб” ХХК нь 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдөр манай банктай 75 тоот зээлийн гэрээ, барьцааны гэрээнүүдийг байгуулж 380 000 000 төгрөгийг сарын 2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарьтай зээлдэн авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Монтед 1 дүгээр байрны 15 тоот 72,87 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Тэмүүлэл хотхоны 105 дугаар байрны 65 тоот 46 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц, Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Горькийн 7 дугаар гудамжны 183 тоот 574,47 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэргийг барьцаалсан. Зээлийн гэрээний хугацаа 2017 оны 7 дугаар сарын 7-ны өдөр дуусахаар байгаа боловч хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж 2016 оны 1 дүгээр сарын 11-ний өдрөөс хойш ямар нэгэн төлөлт хийхгүй, зээл хэсэгчлэн төлөх графикийг ноцтой зөрчсөний улмаас тухайн зээл нь хугацаа хэтэрч чанаргүйдсэн тул банкны зүгээс гэрээг цуцалж, зээлийн үлдэгдлийг хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт нэхэмжлэхээр шийдвэрлэсэн. Иймд хариуцагч “Альгарб” ХХК-иас үндсэн зээл 352 272 282.89 төгрөг, үндсэн хүү 167 780 206.79 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 33 556 041.36 төгрөг, нийт 553 608 531 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэл гаргаж нэхэмжлэл гаргасан өдрөөс хойш зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг нэмж тооцон 60 111 850 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж нийт 613 720 381 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардаж байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон төлөөлөгч А.Бямбацогт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 75 дугаартай зээлийн гэрээний 3 жилийн хугацаа дуусаагүй, гэрээг дангаараа цуцалж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардсан боловч барьцааны зүйл болох Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Монтед 1-ийн 15 тоот 72,87 м.кв бүхий орон сууцны өмчлөгч нь Ц.Одзаяа бөгөөд түүний эрх ашиг хөндөгдөж байна. Мөн нэхэмжлэгчийн зүгээс зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг үндэслэлгүйгээр ихээр тооцсон, манай компанийн тооцоололтой зөрж байгаа бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэлгүйгээр нэмэгдүүлснийг мөн хүлээн зөвшөөрөх боломжгүй. 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 75 тоот зээлийн гэрээний үндсэн зээл, хүүг эргүүлэн төлөх хуваариас үндсэн зээл 380 000 000 төгрөг, зээлийн хүү 171 871 479 төгрөг, нийт 551 871 497.01 төгрөг байхаар талууд тохиролцсон. Хариуцагчийн зүгээс үндсэн зээл, хүүгийн төлөлтийг хийж байсан учраас үндсэн зээл 380 000 000 төгрөг биш 352 000 000 төгрөг болж хасагдсан байгаа атал 171 000 000 төгрөгөөс хасагдаагүй нэмэгдүүлж үүний дагуу нэмэгдүүлсэн хүүг их хэмжээгээр нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нэхэмжлэгч нь гэрээний үүргээс 88 471 5871.2 төгрөг төлсөн гэж тайлбарлажээ. Наад зах нь л гэхэд зээлийн гэрээний дагуу 2017 оны 7 дугаар сарын 07-ны өдөр хүртэл хугацаанд нийт зээлийн хүү 171 871 479 төгрөг төлөх байсан атал үүнээс зөндөө төлчихөөд байхад одоо 2017 оны 7 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл зээлийн хүү 217 873 415 төгрөг болж байгааг олгохгүй байна гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ц.Одзаяа шүүхэд гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөдөгч Э.Нарантуул шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Монтед 1-ийн 15 тоот, 72,87 м.кв бүхий орон сууцыг банкны зээлийн барьцаанд бариулах, холбогдох гэрээ, хэлцэл, барьцаалбарт төлөөлж гарын үсэг зурах, нотариатаар гэрчлүүлэх, ЭХЭБГазарт бүртгүүлэх, хүлээн авах, үүргийн гүйцэтгэлийг хангуулах үйлдэл хийх эрхийг А.Бямбацогтод олгосон. Дээрх орон сууцтай холбоотой 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 75 тоот барьцааны гэрээг Капитал банк, “Альгарб” ХХК нарын хооронд байгуулагдсан болох нь гэрээнээс харагдаж байна. Ц.Одзаяа нь уг байгаа барьцаалах итгэмжлэлийг А.Бямбацогтод олгосон болохоос биш “Альгарб” ХХК-нд олгоогүй. Иймд Капитал банк, “Альгарб” ХХК-ийн хооронд байгуулагдсан 75 тоот барьцааны гэрээний 2.1 дэх заалтын өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Монтед 1-ийн 15 тоот 72,87 м.кв бүхий орон сууцанд холбогдох хэсгийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 56.1.10-д заасныг тус тус үндэслэн хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, Ц.Одзаяагийн өмчлөлийн дээрх орон сууцыг барьцаанаас чөлөөлж, холбогдох бичиг баримтыг Баянзүрх дүүргийн үл хөдлөх хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хэлтэст хүргэхийг Капитал банкинд даалгаж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2 дах хэсэгт тус тус баримтлан хариуцагч “Альгарб” ХХК-иас 613 720 381 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Капитал банк” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Монтед 1-ийн 15 тоот 72,87 м.кв бүхий орон сууцаар хангуулж өгнө үү гэх хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 56.1, 56.18, 56.-т зааснаар нэхэмжлэгч “Капитал банк” ХХК, “Альгарб” ХХК-ийн хооронд 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдөр байгуулагдсан 75 тоот барьцааны гэрээний 2.1 дэх заалтын “Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Монтед 1-ийн 15 тоот 72,87 м.кв бүхий орон сууц”-нд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцож, Ц.Одзаяагийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Монтед 1-ийн 15 тоот 72,87 м.кв бүхий орон сууцыг барьцаанаас чөлөөлж, үүнтэй холбогдох бичиг баримтыг Баянзүрх дүүргийн Бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг Капитал банкинд даалгаж,

Иргэний хуулийн 175 дугаар зүйл, талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 75 тоот барьцааны гэрээний 2-т зааснаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө буюу Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Тэмүүлэл хотхоны 105 дугаар байрны 65 тоот 46 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц, Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Горькийн 7 дугаар гудамжны 183 тоот 574,47 м.кв талбай бүхий хувийн сууц, Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Горькийн 7 дугаар гудамжны 183 тоот 574,47 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газраар хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3 384 501.6 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 3 384 501.6 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, гуравдагч этгээдээс бие даасан шаардлага гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 828 150 төгрөгийг улсын орлогод үлдээж, нэхэмжлэгчээс 414 075 төгрөг, хариуцагчаас 414 075 төгрөгийг тус тус гаргуулж бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдэд олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: “Капитал банк” ХХК-ийн зүгээс “Альгарб” ХХК-иас зээлийн төлбөрт нийт 553 608 531 төгрөгийг гаргуулж барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. А.Бямбацогт нь “Альгарб” ХХК-ийн ганц хувьцаа эзэмшигч буюу захирал бөгөөд итгэмжлэлгүйгээр компанийг төлөөлөх эрх бүхий этгээдийн хувьд уг дээр дурдсан итгэмжлэлээр уг орон сууцыг Капитал банктай байгуулсан барьцааны гэрээнд гарын үсэг зурж, нотариатаар гэрчлүүлэн зохих журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлсэн. Гуравдагч этгээдийн зүгээс уг итгэмжлэлийг иргэн А.Бямбацогтод олгосон болохоос биш “Альгарб” ХХК-д олгоогүй гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь тухайн итгэмжлэлд иргэн А.Бямбацогтын Капитал банктай байгуулах зээлийн барьцааны гэрээнд төлөөлж гарын үсэг зурах гэж дурдаагүй бөгөөд зөвхөн банкны зээлийн барьцаанд барьцаалуулахад төлөөлөх тухай ерөнхийлөн заасан байна. Иймд энэхүү итгэмжлэлээр гэрээнд А.Бямбацогт нь “Альгарб” ХХК-ийн Капитал банктай байгуулсан барьцааны гэрээнд гуравдагч этгээдийг төлөөлөн гарын үсэг зурсан нь зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл биш юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 болон 2 дах заалтыг тус тус өөрчилж Капитал банкны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байж чадахгүй байна. Учир нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-д “зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдуулэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээннй нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно”, талуудын байгуулсан зээлийн гэрээний 3.14-д “Зээлдэгч нь гэрээнд заасан ерөнхий хугацаанд хавсралт 1-д заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, зээлийн хүүг төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нөхцөлд зээл төлөгдөх ерөнхий болон хэсэгчилсэн хугацааны эцсийн өдрийн дараах өдрөөс төлбөр дутуу гүйцэтгэсэн зээлийн үлдэгдлээс үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү тооцож, зээл төлөгдөж дуустал үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг тус тус тооцож авна” гэж заасны дагуу гүйцэтгэсэн зээлийн үлдэгдлээс ногдох үндсэн хүүгийн 20 хувиар л зөвхөн нэмэгдүүлсэн хүүг тооцох ёстой. Гэтэл шүүх хариуцагч “Альгарб” ХХК-иас үндсэн зээл 352 272 282,89 төгрөг, үндсэн хүүнд 167 780 206,79 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 93 667 891,36 төгрөг, нийт 613 720 381 төгрөгийг гаргуулж байгаа нь нэмэгдүүлсэн хүүг тооцохдоо үндсэн хүүний 20 хувиас хэтрүүлэн тооцож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-д нийцэхгүй хууль зүйн үндэслэлгүй шийдвэрлэсэн байна. “Капитал банк” ХХК болон “Альгарб” ХХК-ийн хооронд байгуулсан 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 75 тоот зээлийн гэрээний хавсралт банкны зээл, хүүний төлбөрийг буцаан төлөх хуваарь, /хавтаст хэргийн 18-р хуудас/-аар үндсэн зээл 380 000 000 төгрөг, зээлийн хүү 171 871 479,01 төгрөг нийт 551 871 479,01 төгрөгийг 36 сар буюу (2014.07.07-ны өдрөөс 2017.07.07-ныг хүртэл хугацаанд) жилийн хугацаанд төлж дуусахаар талууд тохиролцсон. Гэтэл хариуцагчийн зүгээс үндсэн зээл болон хүүгийн төлөлт хийгдсэн учраас үндсэн зээлийг 380 сая биш 352 сая болгож хасагдсан байгаа атал зээлийн хүү 171 871 479,01 төгрөгөөс хасагдах нь битгий хэл маш их хэмжээгээр нэмэгдэж 217 873 415,49 төгрөгөөр нэхэмжилсэн төдийгүй үүнийгээ дагаад нэмэгдүүлсэн хүүг их хэмжээгээр нэхэмжилж, шүүх нэхэмжлэгчид нийт 613 720 381 төгрөгийг олгохоор шийдвэрлэж байгааг огт хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Тодруулбал, нэхэмжлэгчийн 2016 оны 11 сарын 10-ны өдрийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулгадаа манай компанийг зээлийн гэрээний  үндсэн төлбөрт 27 727 717,11 төгрөг, зээлийн хүү 60 743 864,09 төгрөг, нийт 88 471 581,2 төгрөг төлсөн гэж тайлбарласан байгаа билээ. Наад зах нь л гэхэд талуудын хоорондын зээлийн гэрээ ёсоор 2017 оны 7 сарын 07-ны өдөр хүртэл 3 жилийн хугацаанд нийт зээлийн хүү 171 871 479 төгрөг төлөх байсан атал үүнээс зээлийн хүүнд 60 743 864,09 төгрөг (нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулга хэсэгт) төлчихөөд байхад нэхэмжлэгч 2017 оны 7 сарын 07-ны  өдөр хүртэл зээлийн үндсэн хүү гээд 217 873 415 төгрөг нэхэмжилж, шүүх үүнийг нь хангаж шийдвэрлэж байгаа нь хариуцагчийг маш их хохироосон, бодит тооцоололд нийцээгүй шийдвэрийг гаргасанд гомдолтой байна. Би банкны ажилтан, санхүүч, эдийн засагч хүн биш учраас ойлгохгүй байна гээд өөрийн компанийн нягтлан бодогчийн бодсон тооцоолол болон Капитал банкнаас гаргаж өгсөн хэд хэдэн тооцоолол ч хоорондоо цаг хугацаа, үнийн дүнгээрээ зөрж байгаа тул энэхүү зөрүүг гаргалгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх боломжгүй хэмээн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасны дагуу зээлийн гэрээний эргэн төлөлт, тооцоололыг мэргэжлийн шинжээч томилох талаар хүсэлтийг удаа дараа буюу шүүхэд гаргасан боловч хүсэлтийг хангаагүй төдийгүй гомдол гаргах эрхгүй шүүгчийн захирамж гаргаж, хариуцагч “Альгарб” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хохироосон. Хариуцагч “Альгарб" ХХК нь зээлийн ерөнхий хугацааны дотор үндсэн зээлээс 27 727 717,11 төгрөг, зээлийн хүү 60 743 864,09 төгрөг, нийт 88 471 581,2 төгрөг төлсөн талаар зохигчид огт маргаагүй. Харин уг зээлийн гэрээ болон түүний хавсралт 1-д заасны дагуу үндсэн зээл 380 000 000 төгрөгөөс 27 727 717,11 төгрөг төлж үндсэн зээлийн үлдэгдэл 352 272 282,89 төгрөг, үндсэн зээлийн хүү 171 871 479,01 төгрөгөөс зээлийн хүү 60 743 864,09 төгрөг төлж зээлийн хүүгийн үлдэгдэл 111 127 614,92 төгрөг буюу одоо үндсэн зээлийн үлдэгдэл 352 272 282.89 төгрөг, зээлийн         хүүгийн үлдэгдэл 111 127 614,92 төгрөг, нийт 463 399 897.81 төгрөгийн үндсэн үүрэгтэй билээ. Хариуцагч “Альгарб” ХХК нь үндсэн зээлд 352 272 282,89 төгрөг, зээлийн хүү 111 127 614,92 төгрөг, зээлийн хүүгийн 20 хувийн нэмэгдүүлсэн хүү 22 225 522,984 төгрөг, нийт 485 625 420,794 төгрөгийг нэхэмжлэгч “Капитал банк” ХХК-д төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа болно. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 128 094 960,206 төгрөгөөр багасгаж, 485 625 420,794 төгрөгийг нэхэмжлэгч “Капитал банк” ХХК-д олгох нь хууль зүйн үндэслэлтэй болно. Иймд “Альгарб” ХХК-иас нийт 613 720 381 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Капитал банк” ХХК-д олгож, ...” гэсэн заалтыг 128 094 960,206 төгрөгөөр багасгасан утгатай өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

                                     

            Нэхэмжлэгч “Капитал банк” ХХК нь хариуцагч “Альгарб” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 613 720 381 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ц.Одзаяа нь Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Монтед 1 дүгээр байр, 15 тоот орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх, холбогдох бичиг баримтыг улсын бүртгэлийн газарт хүргэхийг “Капитал банк” ХХК-д даалгах тухай шаардлага гарган оролцжээ.

            Зохигчид 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, зээлдүүлэгч “Капитал банк” ХХК нь 380 000 000  төгрөгийг зээлдүүлэх, зээлдэгч “Альгарб” ХХК нь сарын 2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаанд зээлийн мөнгөн хөрөнгийг төлж барагдуулах үүргийг тус тус хүлээж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Монтед 1 дүгээр байрны 15 тоот 72,87 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Тэмүүлэл хотхоны 105 дугаар байрны 65 тоот 46 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц, Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Горькийн 7 дугаар гудамжны 183 тоот, 609 м.кв талбай бүхий хувийн сууц, 574,47 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэргийг тус тус барьцаалсан байна. /хх-ийн  15-21 дүгээр тал/                                         

                                                                                                           

            Зохигчдын байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт заасан хэлбэрийн шаардлагыг хангасан, талууд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэн хийсэн хүчин төгөлдөр хэлцэл байх тул нэхэмжлэгч “Капитал банк” ХХК нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүргийг шаарах, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хариуцагч “Альгарб” ХХК-иас шаардах эрхтэй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

            Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “… зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгө болон хүүг буцаан төлөх үүрэгтэй” гэж зааснаас гадна талууд зээлийн гэрээний 3.2-т зээлийн хүүг сар бүр төлөх хуваарийг, 4.2.5-д нэмэгдүүлсэн хүүг нарийвчлан тохиролцсон байгаа нь хуулиар хориглоогүй хэлцэл тул уг хэлцлээр хүлээсэн үүргээ хариуцагч нь гэрээ цуцлах хүртлэх хугацаанд биелүүлэх үүрэгтэй болно.

 

Хариуцагч “Альгарб” ХХК нь зээлийн гэрээний дагуу зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээн авсан боловч зээлийн төлбөрийг хуваарийн дагуу хугацаанд нь төлөх үүргээ зөрчиж, биелүүлээгүй үйл баримтын талаар маргаагүй тул нэхэмжлэгч “Капитал банк” ХХК нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг хариуцагчаас шаардсан нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Зээлдэгч нь зээлийн гэрээний үндсэн төлбөр 352 272 282,89 төгрөг, зээлийн хүү 217 873 415,49 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 43 574 683,10 төгрөг, нийт 613 720 381 төгрөгийг төлөөгүй болох нь зээл, зээлийн хүүний тооцоолол, зээлийн дансны хуулга зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдож байх тул анхан шатны шүүх дээрх мөнгөн хөрөнгийг хариуцагч “Альгарб” ХХК-иас гаргуулж нэхэмжлэгчид  олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцнэ.

 

            Хариуцагч “Альгарб” ХХК нь зээлийн тооцоолол буруу, нэмэгдүүлсэн хүү төлөх үндэслэлгүй гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

             Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Монтед 1 дүгээр байр, 15 тоот орон сууцны өмчлөгч иргэн Ц.Одзаяа нь орон сууцаа бусдад барьцаалах эрхийг олгосон итгэмжлэлийг иргэн А.Бямбацогтод 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдөр олгосон байна. /хх-ийн 26 дугаар тал/

            Гэвч төлөөлүүлэгчээс олгосон итгэмжлэлд заасан бүрэн эрхийг төлөөлөгч иргэн А.Бямбацогт бус хуулийн этгээд болох “Альгарб” ХХК хэрэгжүүлж, Ц.Одзаяагийн өмчлөлийн орон сууцыг барьцаалахаар банктай гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1-д заасныг зөрчсөн гэж үзэхээр байна. Түүнчлэн Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.1-т “итгэмжлэлд төлөөлүүлэгч гарын үсэг зурсан байх, хуулийн этгээдийн итгэмжлэлд эрх баригч гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарсан байх” гэж заасан. Дээрх итгэмжлэлийг иргэн Ц.Одзаяагаас “Альгарб” ХХК-д олгоогүй, Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.1-т заасан шаардлагыг хангаагүй байх тул анхан шатны шүүх 15 тоот орон сууцыг үүргийн гүйцэтгэлд барьцаалсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасныг зөрчсөн гэж үзэж уг барьцаалбарыг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэж, гуравдагч этгээдийн гаргасан бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

            Харин анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт хуулийн заалт орхигдуулсан, найруулгын алдаа гаргасан байгааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой байна.

 

             Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь  заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2017/01708 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 452 дугаар зүйлийн 452.1, 452.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Альгарб” ХХК-иас 613 720 381 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Капитал банк” ХХК-д олгосугай” гэж,

2 дахь заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Капитал банк” ХХК, хариуцагч “Альгарб” ХХК-ийн хооронд 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдөр байгуулагдсан 75 тоот барьцааны гэрээний 2.1 дэх заалтын Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Монтед 1 дүгээр байр, 15 тоот орон сууцыг барьцаанаас чөлөөлсүгэй” гэж,  

3 дахь заалтын “Иргэний хулуийн 175 дугаар зүйл, ...” гэснийг “Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1” гэж, “... Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай” гэснийг “Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж,  нэхэмжлэлийн шаардлагаас Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Монтед 1 дүгээр байрны 15  тоот, 72.87 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 828 150 төгрөг, хариуцагчаас төлсөн 798 430 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

              

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Э.ЗОЛЗАЯА     

 

                  ШҮҮГЧИД                                              Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                                                                 

                                                                                             Г.ДАВААДОРЖ