Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2015/0460

 

 

У ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, Ж.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 411 дүгээр шийдвэрт хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу У ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч У ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсээс хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6-д заасны дагуу Төв аймгийн Засаг даргаас зохих зөвшөөрөл өгөгдсөн тул Төв аймгийн Заамар сумын нутагт Карьерийн урд овоолго нэртэй 24849 тоот, Зүүн дэнж нэртэй талбайд 24850 тоот өргөдлүүдийг үндэслэн хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргуулахыг даалгуулах гэжээ.

Хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс шүүхэд гаргасан тайлбартаа: Тус компани нь Төв аймгийн Заамар сумын Карьерийн урд овоолго, мөн сумын нутагт Зүүн дэнж нэртэй талбайнуудад хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч, өргөдөл гаргасныг Геологи, уул уурхайн Кадастрын газар /хуучин нэрээр/ өргөдлийн бүртгэлийн 24849Х, 24850Х дугаарт бүртгэсэн байна. Өргөдөл гаргасан талбайд тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж Геологи, уул уурхайн Кадастрын хэлтэс үзсэний дагуу Төв аймгийн Засаг даргаас дэмжсэн санал ирсэн боловч 2011 оны 02 дугаар сарын 09, 2011 оны 06 дугаар сарын 03-ны өдөр тус тус Монгол Улсын Их Хурлаас батлагдсан Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохыг хориглох тухай хуулийн заалтын дагуу тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг 2011 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хориглосон. Иймд нэхэмжлэлийг хүлээн авах боломжгүй гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 411 дүгээр шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 19 дүгээр зүйлийн 19.6 дахь хэсэгт заасныг баримтлан У ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгохгүй байгаа Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, Төв аймгийн Заамар сумын нутагт Зүүн дэнж нэртэй талбайд 24850 тоот өргөдлийг үндэслэн тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргахыг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга Н.Ч давж заалдах гомдолдоо: ...1. Нэхэмжлэгч У ХХК нь Төв аймгийн Заамар сумын нутаг Карьерийн урд овоолго, Зүүн дэнж нэртэй талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч, 2010 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 24849, 24850 дугаартай өргөдлүүдийг гаргасан. Ашигт малтмалын газраас хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч, шийдвэрлэх явцад Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохгүй байх хуулийн төсөл УИХ-аар хэлэлцэгдэж байсан бөгөөд 2010 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хууль батлагдаж, мөн өдрөөс эхлэн хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хориглосон.

Иймд Ашигт малтмалын газраас уг хууль хүчин төгөлдөр болсонтой холбогдуулан хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгох ажиллагааг зогсоосон бөгөөд У ХХК-аас дээрх нэр дурдсан 2 талбайд хайгуулын зөвшөөрөл олгохыг даалгуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Шүүх У ХХК-ийн нэхэмжлэлийн дагуу хэрэг үүсгэн 2011-2015 оны хооронд хэргийг хянан хэлэлцэх явцад 24849 дугаартай өргөдлийн талбай нь Алтан дорнод монгол ХХК-ийн XV-17137 дугаартай тусгай зөвшөөрөлтэй талбайтай давхцалтай болох нь тогтоогдсон бөгөөд өнөөдрийг хүртэл шийдвэрлэгдээгүй байна.

2. 24850 дугаартай өргөдлийн талбай /Зүүн дэнж нэртэй/ нь хуулиар хориглосон буюу хязгаарласан, түүнчлэн хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайтай давхцалгүй байсан бөгөөд уг талбайн асуудлаар өөр ямар нэгэн аж ахуйн нэгж маргаан байхгүй тул Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхээс хэргийг тусгаарласан. Улмаар 24850 өргөдлийн дугаар бүхий талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгаж шийдсэн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 411 дүгээр шийдвэр нь үндэслэлгүй байна.

Учир нь, хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг Ашигт малтмалын газар хүлээж аваад Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлд заасны дагуу өргөдлийг хүлээн авах, бүртгэх, шийдвэрлэх дарааллын дагуу холбогдох ажиллагааг явуулж байсан бөгөөд энэ явцад дээр дурдсан хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хориглосон хууль батлагдсан. Нэгэнт хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хуулиар хориглосон тул Ашигт малтмалын газраас 2010 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл /уг хууль хүчингүй болох хүртэл/ шинээр нэг ч хайгуулын тусгай зөвшөөрөл олгоогүй. Өөрөөр хэлбэл, Ашигт малтмалын газраас үл хамаарах шалтгаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болгосон 24850 дугаартай өргөдлийг шийдвэрлэж, хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй болсон. Тиймээс шүүхийн шийдвэрийн үндэслэлд дурдсан ...У ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргаагүй нь хууль бус гэж үзэх үндэслэлтэй байна гэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

3. Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль /2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн/-аар хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгох ажлыг үргэлжлүүлэх боломжтой болсон. Ийнхүү хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохдоо Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсний үндсэн дээр аж ахуйн нэгжүүдэд цахим дугаар олгосны үндсэн дээр тусгай зөвшөөрөл олгож байгаа бөгөөд У ХХК-ийн хувьд уг журмын дагуу шийдвэрлэгдэх үндэслэлтэй. Иймд, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 411 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн Төв аймгийн Заамар сумын нутагт Зүүн дэнж нэртэй талбайд 24850 тоот өргөдлийг үндэслэн тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргахыг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгасугай гэсэн нь үндэслэлгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгоно уу гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв байна.

У ХХК-аас Хайгуулын тусгай зөвшөөл олгохгүй байгаа эс үйлдэхгүйг хууль бус болохыг тогтоож, Төв аймгийн Заамар сумын нутагт Зүүн дэнж нэртэй талбайд 24850 тоот өргөдлийг үндэслэн тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргахыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-т заасантай нийцүүлэнхайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг батлагдсан маягтын дагуу холбогдох баримт бичгийг хавсаргаж, нэхэмжлэгч У ХХК нь Төв аймгийн Заамар сумын нутагт Зүүн дэнж нэртэй 134 гектар талбайд ашигт малтмалын хайгуул хийх-ийг хүссэн өргөдлийг Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтэс /хуучин нэрээр/-т 2010 оны 03 дугаар сарын 11-ний өдөр гаргасан.

Нэхэмжлэгч хуулийн этгээдийн дээрх өргөдлийг Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтэс хүлээн авч, өргөдлийн бүртгэлийн 24850Х дугаарт бүртгэсэн болох нь хариуцагч байгууллагын Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авах тухай өргөдлийн дотоод хяналтын хуудас-аар нотлогдож байна.

Мөн нэхэмжлэгчийн 2010 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 24850Х дугаарт бүртгэгдсэн хайгуулын тусгай зөвшөөрөл авахыг хүссэн өргөдөлд тусгагдсан талбай нь Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаж байгаа, давхцалгүй талбай болох нь зураг зүйн шүүлт хийсэн тодорхойлолтоор нотлогдсон, түүнчлэн Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн зураг зүйн болон мэдээллийн бүртгэлд шүүлт хийхэд Төв аймгийн Заамар сумын Зүүн дэнж нэртэй 134.77 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэсэн Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2010 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай 6-3158 дугаар албан бичгийг Төв аймгийн Заамар сумын Засаг даргад хүргүүлжээ.

Уг албан бичгийн хариуд Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрийн М-48-126 кодтой планшетэд заасан өргөдлийн бүртгэлийн 24850Х дугаарт бүртгэгдсэн Зүүн дэнж нэртэй 134.77 гектар талбайд ашигт малтмал хайхыг хүсч гаргасан өргөдлийн дагуу тусгай зөвшөөрөл олгохыг дэмжсэн саналыг Төв аймгийн Заамар сумын Засаг дарга 2010 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 65 дугаар саналын хуудсаар хүргүүлсэн байна.

Дээрх дүгнэлт болон нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч У ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгох ажиллагаа нь Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2, 19 дүгээр зүйлийн 19.1.1, 19.1.3, 19.1.4-д заасан шаардлагыг хангасан байхад хариуцагч Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн дарга Б.Б 2011 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 6-4733 тоот албан бичгээр, мөн тус газрын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Б.Т-ын 2011 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 3-5149 тоот албан бичгээр 2011 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Монгол Улсын Их Хурлаас Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хууль гаргасан. Энэ хуулиар 2011 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд шинээр хайгуулын зөвшөөрөл олгохыг хориглосон тул танай компанийн гаргасан өргөдлийг одоогоор шийдвэрлэх боломжгүй гэсэн хариуг хүргүүлжээ.

Нэхэмжлэгч У ХХК-ийн өргөдөл нь Ашигт малтмалын тухай хуульд заасан бүхий л шаардлагыг хангасан, аймгийн Засаг даргын дэмжсэн санал ирсэн байхад хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргаагүй хариуцагчийн эс үйлдэхүй нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6-д Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.2.2, 19.2.5-д заасан саналыг дэмжсэн хариу өгсөн бол төрийн захиргааны байгууллага тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргаж, ... гэж заасныг зөрчсөн.

Тодруулбал, 2010 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Монгол Улсын Их Хурлаас баталсан Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөхөөс өмнө хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шаардлагыг У ХХК 2010 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хангасан, уг тусгай зөвшөөрлийг олгох бүрэн боломжтой байхад хариуцагч нь Засаг даргын санал ирснээс хойш 1 жил 1 сарын дараа шинээр дагаж мөрдөхөөр батлагдсан дээрх хуулийг үндэслэл болгож У ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж байгаа нь үндэслэлгүй.

Мөн нэхэмжлэгч У ХХК нь хариуцагчийн гаргасан 2010 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс өмнөх үйл ажиллагаатай маргасан бөгөөд уг хугацаанаас өмнө тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хууль, журмыг биелүүлэхгүй, хэрэгжүүлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болжээ.

Тиймээс хариуцагчийн 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгох ажлыг үргэлжлүүлэх боломжтой болсон. Ийнхүү хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохдоо Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсний үндсэн дээр аж ахуйн нэгжүүдэд цахим дугаар олгосны үндсэн дээр тусгай зөвшөөрөл олгож байгаа бөгөөд У ХХК-ийн хувьд уг журмын дагуу шийдвэрлэгдэх үндэслэлтэй болно гэсэн давж заалдах гомдол нь үндэслэлгүй юм.

Иймд, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын сарын 24-ний өдрийн 411 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧ Ц.ЦОГТ

ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР