Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/103

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,

улсын яллагч Э.Гантулга,

шүүгдэгчийн өмгөөлөгч П.*******,

шүүгдэгч С.******* нарыг оролцуулан,

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн С.*******д холбогдох эрүүгийн 2215000000079 дугаартай, 163/2022/0090/Э индекстэй хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* овогт *******н *******, Булган аймгийн Хутаг-Өндөр суманд 1982 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн, эрхэлсэн тодорхой ажилгүй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, 40 настай, эрэгтэй, /РД: *******/,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.******* нь Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 1 дүгээр багийн нутаг Сэлэнгийн 1000 тоотод оршин суух иргэн *******ын байшинд байх модон шүүгээн дотроос 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 500,000 төгрөг хулгайлан авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.*******гийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2215000000079 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч С.******* нь Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 1 дүгээр багийн нутаг Сэлэнгийн 1000 тоотод оршин суух иргэн *******ын байшинд байх модон шүүгээн дотроос 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хохирогч *******ын тэтгэврийн 500,000 төгрөгийг хулгайлсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Энэ үйл баримт нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.*******гийн өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж хэлэх зүйлгүй гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

1. Хохирогч *******ын өгсөн: ... авсан тэтгэврийн мөнгөө гэртээ байдаг хуучин модон шүүгээндээ хийсэн. Модон шүүгээгээ хуучин монгол төмөр цоожоор цоожилдог байсан ба тухайн үед мөнгө хийсэн гэх шүүгээгээ цоожилсон гэж бодоод амарсан. Харин дараа нь мөнгө алдсан байхыгаа хараад шүүгээгээ дутуу цоожилсон байна гэж бодсон. ...манай гэрт С.Банзрагч мөн гаднаас *******, түүний найз хүүхэн Баярцэцэг нар байсан. *******, Баярцэцэг хоёр нь 2022 оны 03 дугаар сарын 03-ны орой 21 цагийн үед архи уусан байдалтай согтуу орж ирсэн. Тэр хоёр гаднаас орж ирэхдээ 1 шил архи авч ирсэн ба тэрийгээ ууцгаасан. Тэгээд сүүлдээ шахаад байхаар нь би уурлаад унтаад өгсөн. Нөгөө хоёр архиа ууж хоноод өглөө явсан. Түүний дараа мөнгөө авах гээд мөнгө хийсэн газраа хартал мөнгө байхгүй байсан.... миний мөнгийг аваад түрүүвчийг нь хүүхдийн орны гудсан доогуур хийсэн байсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дахь тал/,

 

2. Гэрч Б*******ийн өгсөн: ...2022 оны 03 дугаар сарын 02-ны орой ******* манай гэрт ирсэн. Бид хоёр манайхаас гараад Сэр-Од гэдэг айлд хамт очсон. Тэр айлд нь очоод ******* 1 шил архи гаргаад түүнийгээ хувааж уусан. Тэгээд бид хоёр тэр айлдаа хоноод маргааш өглөө 10 цагийн үед гарцгаасан. ...сүүлд *******г мөнгө авсан гэж мэдсэн. Би уг нь *******гээс мөнгө байна уу гэхэд надад мөнгө байхгүй  гэж ярьж байсан. Надаас нуусан байна гэж бодсон.... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дахь тал/,

 

3. Шүүгдэгч С.*******гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн: “...Сэр-Од ахын гэрийн хойморт байх модон авдрын таг нь дутуу цоожтой байсан, тэгэхээр нь би авдрын тагийг нь онгойлгоход авдар дотор бор хүрэн өнгийн хэтэвч байсан, би уг хэтэвчийг онгойлгож үзэхэд дотор нь мөнгө байсан, мөнгийг би аваад хэтэвчийг орны гудсан доогуур хийж орхиод гэрээс нь гарсан....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 55-56 дахь тал/,

 

4. Хохирогч *******ын 0218657 дугаартай тэтгэврийн дэвтрийн хуулбар /хавтаст хэргийн 32-33 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч *******, гэрч Б******* нарын мэдүүлэг, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч С.*******гийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулан судлахад шүүгдэгч С.******* нь Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 1 дүгээр багийн нутаг Сэлэнгийн 1000 тоотод оршин суух иргэн *******ын гэрт Б*******ийн хамт очиж хоноод, гэрт байх модон шүүгээн дотроос 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хохирогч *******ын 03 дугаар сарын тэтгэвэр болох 500,000 төгрөгийг хулгайлсан гэм буруутай нь нотлогдож байна.

 

Шүүгдэгч С.*******гийн үйлдэл идэвхтэй, бусдын эд хөрөнгийг өмчлөгч эзэмшигчдэд нь мэдэгдэлгүй нууц далд аргаар авч буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэж, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

 

Санаатай гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч шүүгдэгч С.*******г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотолж, яллах байр сууринаас, шүүгдэгчийн өмгөөлөгч П.******* шүүгдэгчийн гэм буруу дээр маргахгүй, гэм бурууг хүлээн зөвшөөрч, хөнгөрүүлэх байр сууринаас тус тус оролцсон болно.

 

Шүүгдэгч С.******* нь гэм буруугийн талаар маргаагүй, бусдын эд хөрөнгийг өмчлөгч эзэмшигчдэд нь мэдэгдэлгүй нууц далд аргаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийн шинжийг агуулсан гэм буруугийн санаатай, нийгэмд аюултай, бусдын эд хөрөнгийг өмчлөгч эзэмшигчдэд нь мэдэгдэлгүй нууц далд аргаар авсан үйлдэл мөн тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч С.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг өмчлөгч эзэмшигчдэд нь мэдэгдэлгүй нууц далд аргаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Шүүгдэгч С.*******гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч *******од хохирол төлбөрт 500,000 төгрөгний хохирол учирсан ба шүүгдэгч нь хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан, хохирогч гомдол саналгүй /хавтаст хэргийн 34 дэх тал/ гэдгээ мөрдөн шалгах ажиллагааны шатанд илэрхийлсэн байх тул шүүгдэгч С.*******г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв

 

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч С.*******г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч С.*******гийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч С.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан учруулсан хохирлыг төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй гэж үзэв.

 

Хавтаст хэргийн 31-33, 36-42 дугаар талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний хуулбар, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 1 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч С.******* нь ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 1 дүгээр багт амьдардаг, нэр дээр үл хөдлөх хөрөнгөгүй, урьд ял шийтгэлгүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч С.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 4/29 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

 

Шүүгдэгч С.*******гийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл болон прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг хүлээн зөвшөөрч үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон, төлөх төлбөргүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээний хүрээнд шүүгдэгч С.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

 

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.

 

Энэ хэрэгт шүүгдэгч С.******* нь цагдан хоригдоогүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч С.******* нь бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол саналгүйг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт *******н *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******д хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч С.*******д зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч хяналт тавихыг Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.     

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг сануулсугай. 

 

5. Энэ хэрэгт шүүгдэгч С.******* нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шүүгдэгч С.******* нь бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч ******* гомдол саналгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Э.ЭНЭРЭЛ