Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 04 өдөр

Дугаар     2022/ШЦТ/109

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,

улсын яллагч П.Шижиртуяа,

шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.*******т холбогдох эрүүгийн 2215000660085 дугаартай, 163/2021/00111/Э индекстэй хэргийг хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* овогт *******ын *******, Хөвсгөл аймгийн Их-Уул суманд 1998 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн, малчин, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, аав, ээж, дүү нарын хамт амьдардаг, 24 настай, эрэгтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй, РД: *******.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.******* нь 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 4 дүгээр багийн нутаг Намнангийн ар гэх газарт улсын дугаартай Toyota Prius-30 загварын тээврийн хэрэгсэл жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч Б.*******ийн амь нас хохирч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2215000660085 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Б.******* нь 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр ээж *******, дүү ******* нарын хамт Хөвсгөл аймгийн Их-Уул сумаас Орхон аймаг руу золголт хийхээр улсын дугаартай Toyota Pruis-30 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 4 дүгээр баг Намнангийн ар гэх газарт В ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодож, хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг Замын хөдөлгөөний дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан явна гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх заалтыг зөрчсөний улмаас өөрийн төрсөн дүү Б.*******ийн амь насыг хохироосон үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Энэ үйл баримт нь:

1. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч Г.*******ийн өгсөн: 2021 оны хавар манай хамаатны хүргэн нь банк бусаас өөрийн нэр дээр мөнгө аваад манай хүү *******т тэр машиныг авч өгсөн юм. Тэгээд манай хүү унадаг байсан. Зээлийн төлбөрийг бид нар төлдөг юм. Одоо ямар ч байсан төлдгөөрөө төлөөд дуусна. Хүү ******* машин барьж явсан ба *******, эхнэр ******* хоёр бүсээ зүүсэн байсан гэсэн. Харин талийгаач хүү минь зүүсэн эсэхийг мэдэхгүй байна. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би нэг хүүгээ ослоор алдлаа. Одоо дахиад нэг хүүгээ алдмааргүй байна. ... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дэх тал/,

2. Иргэний нэхэмжлэгч М.Уран-Эрдэнийн өгсөн: 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр сарын 3.2 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай 8,500,000 төгрөгийн зээлийг М. нь авч байсан. Энэ зээл нь зогсоолын биш унах зээл учраас нь улсын дугаартай машинаа өөрөө унаж хэрэглэж байсан. Одоо тухайн 8,500,000 төгрөгийн зээлээс 5,586,200 төгрөг өнөөдрийн байдлаар төлөх үлдсэн байна. Зээлдэгч М.той байгуулсан гэрээ ёсоор бол зээлдэгч нь манай нэр дээр байдаг тээврийн хэрэгслийг унаж ашиглаж байхдаа ямар нэгэн хэрэг, зөрчил, осол, торгууль, татвар зэргийг өөрөө бүрэн хариуцах бөгөөд бүрэн бүтэн байлгах үүрэг хүлээдэг. Мөн тухайн тээврийн хэрэгслийг гэрээнд заагдсанаас өөр хүнд шилжүүлэхийг нэг ёсондоо зарахыг хориглоно. ...Одоо тухайн 8,500,000 төгрөгийн зээлээс 5,586,200 төгрөг үлдсэн бөгөөд энэ мөнгийг нэхэмжилж байна.  /хавтаст хэргийн 24 дэх тал/,

3. Гэрч Т.*******ын өгсөн: ...2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Т.Батсүрэн гэх хүнтэй золгохоор төрсөн хүүхэд *******ийн *******, *******ын ******* нарын хамт өөрийн эзэмшлийн 21-19 ОРБ улсын дугаартай приус-30 маркийн тээврийн хэрэгсэлтэй замд явж байгаад Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутаг дэвсгэрт дөхөж явтал гэнэт асфальтан замын урд талаас цагаан өнгийн машин гараад ирсэн. Би маркийн мэдэхгүй байна. Тэгээд замын хажуу тийш унасан, тэгээд сайн санахгүй байна. Нэг мэдсэн том хүү намайг татаж гаргаж байсан ба бага хүүгээ асуугаад машины хажууд очиход хүү маань доошоо харсан байдалтай хэвтсэн байсан. Хүүгээ аваад тэвэртэл хүү минь намайг тавь гэж орилоод байсан. Би “миний хүү ингэж айж болохгүй” гэж хэлээд л байсан. Тэгээд замын хүмүүс ирж би бага хүүгээ тэврээд замын машинд сууж Хутаг-Өндөр сумын эмнэлэгт хүргүүлсэн. Тэр үед хүү минь орилоод байсан ба эмнэлэг ороход ухаангүй болсон. Эмч нар зүрх нь зогссон байна гэж хэлсэн. Хүү минь өнгөрсөн бусад юмаа сайн санахгүй байна. ...   гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29-31 дэх тал/,

4. Тольдох оюуны өгөөж хувьцаат хариуцлагатай компанийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 220102 дугаартай: улсын дугаартай Toyota Pruis-30 маркийн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнийг 16,500,000 төгрөг, нийт хохирлын хэмжээг 6,950,000 төгрөг гэх дүгнэлт /хавтаст хэргийн 85-89  дүгээр тал/,

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 34 дугаартай: Амь хохирогч Б.*******ийн цогцост хэвлийн хөндийн битүү гэмтэл: элэг ба дэлүүний задрал, хэвлийн хөндийн дэх 625 мл сул цус, дотор эрхтний доргилт, хоёр талын бөөрний өөхөн эд, бөөрний дээд булчирхай, нурууны баруун доод хэсэг, цээжинд цус хуралт, баруун хацар, шанаа, баруун чихний доод хэсэг, цээжинд цус хуралт, баруун хацар, шанаа, баруун чихний доор, нурууны баруун хэсэгт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу, мохоо зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтлүүд байна. Амь хохирогч нь дээрх хэвлийн хөндийн битүү гэмтлийн улмаас нас барсан байх тул гэмтлийн зэрэг тогтоохгүй. Амь хохирогчид үхэлд хүргэхээр архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Амь хохирогч нь цогцосны гадна үзлэг хийгдэхээс  8-12 цагийн өмнө нас баржээ. Амь хохирогч нь хэвлийн хөндийн битүү гэмтлийн улмаас нас баржээ гэх дүгнэлт  /хавтаст хэргийн 53-56 дахь тал/,

6. Мөрдөгчийн 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн: Жолооч *******ын ******* нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.б, 3.7.а, 12.1 дүгээр зүйлд  заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан байна гэх магадлагаа /хавтаст хэргийн 39 дэх тал/,

7. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Б.*******ийн гэм буруугаа хүлээж өгсөн: 2022 оны 02 дугаар сарын 11-ний өглөө би ээж *******, дүү ******* нарын хамт Хөвсгөл аймгийн Их-Уул сумаас гэрээсээ улсын дугаартай Toyota pruis маркийн тээврийн хэрэгсэлтэй Орхон аймаг руу хамаатнуудтайгаа золголт хийх гээд 11 цагийн орчимд гарсан. Анх хөдлөхдөө би машинаа барьж гарсан бөгөөд бид нар замдаа зогсолгүйгээр явж байгаад 14 цагийн орчим Булган аймгийн Хутаг-Өндөр сум руу орох гээд явж байсан. Замын нөхцөл байдал нь хоёр талаараа цастай, цас нь замын хэсэг рүү ороод ирчихсэн байсан бөгөөд би машинаа замын гол хэсгээр зорчиж байсан. Зам дээшээ өгсөж байхад өөдөөс приус-20 маркийн саарал өнгийн тээврийн хэрэгсэл зам голлох маягтай гараад ирсэн. Тэгээд тэр машин бид хоёр тийшээгээ дараад хоорондоо зөрсөн. Тэр үед машины тэнцвэр алдагдаж 1 удаа шарвасан ба би тормозоо гишгэсэн боловч замын баруун тийшээ орчихсон. Тэгээд машин маань 1-2 удаа бүтэн эргээд тогтсон. Замд явсан хүмүүс ирж би ээжийгээ машинаас гаргасан ба машинаас шидэгдсэн байсан ******* дүүгээ аваад ээжтэй хамт Хутаг-Өндөр сумын эмнэлэг рүү явсан. Дүү маань анх осолдоход амьд байсан. Эмнэлэг рүү явж байхдаа эсхүл эмнэлэг дээр очоод нас барсан эсэхийг нь би сайн мэдэхгүй байна. ... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Г.*******, гэрч ******* нарын хохирол, хор уршиг болон гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, үйлдэгдсэн цаг хугацаа, орон зайн талаар хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг гэрчилж өгсөн мэдүүлгүүд, шүүгдэгч Б.******* нь хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх, тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглох,  жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна гэсэн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн дээрх заалтуудыг зөрчсөн нь зам тээврийн осол гарах шалтгаан болсон гэх мөрдөгчийн 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн магадалгаа, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 34 дугаартай цогцсын шүүх эмнэлгийн шинжилгээгээр амь хохирогч нь хэвлийн хөндийн битүү гэмтлийн улмаас нас барсан зэргийг харьцуулан судалж, эх сурвалжийг нягтлан шалгаснаар шүүгдэгч Б.******* нь 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 4 дүгээр баг Намнангийн ар гэх газарт улсын дугаартай Toyota Pruis-30 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсний улмаас зам тээврийн осол гаргаж, зорчигч өөрийн төрсөн дүү Б.*******ийн амь насыг хохироосон гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож байна.

 

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр амь хохирогч нь хэвлийн хөндийн битүү гэмтлийн улмаас нас барсан нь эргэлзээгүй нотлогдсон, энэ хохирол, хор уршиг нь шүүгдэгч Б.*******ийн замын хөдөлгөөний дүрэм зөрчиж зам тээврийн осол гаргасан үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

 

Өөрөөр хэлбэл тээврийн хэрэгслийг шүүгдэгч Б.******* нь тээврийн хэрэгслийг жолоодож явсан, тэрээр Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг баримтлах ёстой, зөрчвөл хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх үүрэг бүхий этгээд юм.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгч Б.******* нь Замын хөдөлгөөний дүрмийн дээрх холбогдох заалтуудыг зөрчсөн үйлдлийнхээ хууль бус шинжтэйг ухамсарлаж хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учруулсан байх тул гэм буруугийн хувьд болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн гэж дүгнэх үндэслэл болсон болно.

 

Улмаар шүүгдэгчийн автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал,  ашиглалтын журмыг зөрчсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн”, 3 дахь хэсэгт “энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас  хохирсон” гэсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн” гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан улсын яллагчийн саналыг хүлээн авч тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт “...хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй” гэж хуульчилсан боловч амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Г.******* нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагааны шатанд илэрхийлжээ.

Мөн Б.*******ийн гаргасан зам тээврийн ослын улмаас “” ХХК-ийн эзэмшлийн Toyota pruis-30 маркийн тээврийн хэрэгсэлд 6,950,000 төгрөгийн эвдрэл гэмтэл учирсан нь “Тольдох оюуны өгөөж” хариуцлагатай хувьцаат компанийн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 220102  дугаартай дүгнэлтээр тогтоогдсон байна.

М. нь 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр “Бэрс финанс” банк бус санхүүгийн байгууллагаас автомашин худалдан авах зориулалтаар барьцаат зээлийн гэрээ байгуулан Toyota prius-30 загварын тээврийн хэрэгслийг хамаатны дүү Б.*******т худалдан авч өгсөн байна. Шүүгдэгч Б.******* нь зээлийн гэрээний дагуу сар бүр эргэн төлөлтийг тогтмол төлдөг, тээврийн хэрэгсэл нь Б.*******ийн эзэмшил, өмчлөлд байдаг болох нь гэрч М., иргэний нэхэмжлэгч М. нарын мэдүүлгээр тус тус тогтоогдсон, тээврийн хэрэгслийн эзэмшил, өмчлөлийн асуудалд хэн аль нь маргаан гаргаагүй, барьцаат зээлийн гэрээ хүчин төгөлдөр байгааг дурдах нь зүйтэй.

 

“” ХХК нь зээлийн үлдэгдэл 5,586,200 төгрөгийг зээлийн гэрээний дагуу төлүүлэх, шүүгдэгч Б.******* нь дээрх мөнгийг сар бүрийн 25-нд эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлнө гэдгээ илэрхийлж байх тул шүүгдэгч Б.*******ийг энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.*******ийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалгүйг тус тус харгалзан үзэх нь зүйтэй.

 

Хавтаст хэргийн 138-141 дүгээр талд авагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа зэрэг шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Б.******* нь ам бүл 6, аав, ээж, дүү нарын хамт Хөвсгөл аймгийн Их-Уул сумын 4 дүгээр багт оршин суудаг, оюутан, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Б.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, “Бэрс финанс” банк бус санхүүгийн байгууллагад учруулсан хохирлыг зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхөө илэрхийлснээр хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, түүний хүсэлтийг прокурор хангаж, 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 4/39  дугаартай тогтоолоор яллагдагчид холбогдсон хэргийн зүйлчлэл болон оногдуулсан ялын төрөл, хэмжээний талаар прокурорын саналыг танилцуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.

 

Шүүгдэгч Б.*******ийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн, хэргийн зүйлчлэл болон прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаврыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

 

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

Энэ хэрэгт шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт хураагдаж ирсэн 03060080 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг тогтоол хүчин төгөлдөр болмогц өмчлөгч, шүүгдэгч Б.*******т буцаан олгохоор шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасныг баримтлан шүүгдэгч Б.*******т оршин суух газар, сургуулиа өөрчлөх болон зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуульд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Б.*******т сануулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Иргэний нэхэмжлэгч “Бэрс финанс” банк бус санхүүгийн байгууллагын  итгэмжлэгдсэн төлөөлөгч М. нь зээлийн үлдэгдэл 5,586,200 төгрөгийг зээлийн гэрээний дагуу гаргуулан авах хүсэлтэй, шүүгдэгч Б.******* нь “Бэрс финанс” банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээлийн үлдэгдэл 5,586,200 /таван сая таван зуун наян зургаан мянга хоёр зуу/ төгрөгийг сар бүрийн 25-ны өдөр эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхөө илэрхийлсэн болохыг, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Г.******* гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг тус тус дурдсугай.

8. Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт  битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэгт хавсаргагдаж ирсэн “Бэрс финанс” банк бус санхүүгийн байгууллагын нэр дээрх улсын дугаартай Toyota prius-30 загварын тээврийн хэрэгслийн 03060080 дугаартай гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тээврийн хэрэгслийн өмчлөгч, шүүгдэгч Б.*******т буцаан олгож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Э.ЭНЭРЭЛ