Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/111

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэрэл даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,

улсын яллагч П.Шижиртуяа,

шүүгдэгч Ж.******* нарыг оролцуулан

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.*******ад холбогдох эрүүгийн 2115000110059 дугаартай, 163/2022/0099/Э индекстэй хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* овогт *******ийн *******, Булган аймгийн Тэшиг суманд 1962 оны 07 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 1, 60 настай, эрэгтэй, урьд Орхон аймгийн Сум дундын шүүхийн 1983 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 14 дүгээр  шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 88.б-д зааснаар 5 жилийн хорих ялаар, 2011 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Булган аймаг дахь Сум дундын шүүхийн 81 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, РД:*******.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.******* нь 2021 оны 11 дүгээр сард иргэн С.*******, С.******* гэх хүмүүсийг хөлсөлж тэдэнд “зөвшөөрлийн бичиг баримт байгаа талбайн тусгаарлалт хийсэн газар” гэж ойлгуулан Булган аймгийн Хангал сумын нутаг “Хандгайт” гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүй 9.6 м3 нарс төрлийн хуурай хэрэглээний мод, 2.9 м3 нарс төрлийн түлээний хуурай модыг тус тус бусдаар бэлтгүүлж байгаль экологид 1,620,696 төгрөгийн шууд, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 дахин өсгөн тооцоход 4,862,088 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд хууль бусаар бэлтгэсэн модыг ******* улсын дугаартай Mazda Bongo Truck загварын тээврийн хэрэгслээр Улаанбаатар хот руу тээвэрлэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон эрүүгийн 2215000110059 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Ж.******* нь 2021 оны 11 дүгээр сард Булган аймгийн Хялганат тосгонд үйл ажиллагаа явуулдаг “Бэлсэг”, “Хялганат залуус”, “Хялганат Оргил” хариуцлагатай хувьцаат компаниудаас тус бүр 20 м3 мод худалдан авахаар тохиролцож, модыг “Хялганат Оргил” хариуцлагатай хувьцаат компанийн хашаанд цуглуулан буулгахад “Бэлсэг” хариуцлагатай хувьцаат компаниас ирүүлсэн модны хэмжээ 20м3-т хүрээгүй шалтгаанаар иргэн С.*******, С.******* гэх хүмүүсийг хөлсөлж тэдэнд “зөвшөөрлийн бичиг баримт байгаа талбайн тусгаарлалт хийсэн газар” гэж ойлгуулан Булган аймгийн Хангал сумын нутаг “Хандгайт” гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүй 9.6 м3 нарс төрлийн хуурай хэрэглээний мод, 2.9 м3 нарс төрлийн түлээний хуурай модыг тус тус бэлтгүүлж байгаль экологид 4,862,088 төгрөгийн шууд бус хохирол учруулсан, хууль бусаар бэлтгэсэн модыг ******* улсын дугаартай Mazda Bongo Truck загварын тээврийн хэрэгслээр Улаанбаатар хот руу гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Энэ үйл баримт нь:

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.*******ын өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж хэлэх зүйлгүй гэх мэдүүлэг,       

2. Орхон аймгийн том оврын тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаан дотор хураалгасан 5 хэсэн буулгасан моднуудын эргэн тойронд гарч байгаад ертөнцийн зүгээр баруун талын захын хэсэг модноос 3 метрийн урттай 10 ширхэг мод, баруун талаасаа хоёр дахь хэсэгт байсан модноос 2 метрийн урттай 60, 61, 62 ,63, 64 дугаартай моднуудыг зааж миний ачиж буулгасан моднууд мөн байна. Уг моднууд нь ******* улсын дугаартай цагаан өнгийн тээврийн хэрэгслээс буусан моднууд байв.... гэх С.*******, С.******* нараас таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 77-81 дэх тал/,

3. Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоны 504 дугаартай хашаан доторх бор ногоон өнгийн Зил-131 маркийн тээврийн хэрэгслийг гэрч С.******* нь зааж уг тээврийн хэрэгслээр мод тээвэрлэсэн гэж хэлэв. гэх тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 86-88 дахь тал/,

4. Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут баг Ачит худалдааны төвийн грашид И.гийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилж эд хөрөнгийг хадгалах, хамгаалах үүргийг И.д хариуцуулсан эд хөрөнгө битүүмжлэх санал, тогтоол, тэмдэглэл /хавтаст хэргийн 68-71 дэх тал/,

5. Цагаа өнгийн цахилгаан хөрөө байв. Уг хөрөө нь бусад цахилгаан хөрөөг бодвол том хэмжээтэй буюу бензиний сав нь их ордог сав байв гэх цахилгаан хөрөөнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 81-82 дахь тал/,

6. Иргэний нэхэмжлэгч П.*******ын өгсөн: ...Манай сум орон нутагт болохоор экологи эдийн засгийн хохирлыг нэхэмжилнэ. Мөн холбогдох хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. ... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 99 дэх тал/,

7. Иргэний нэхэмжлэгч С.*******гийн өгсөн: ...Би өөрийн эзэмшлийн цахилгаан хөрөөг хураалгасан учир энэхүү хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Би хууль бусаар мод бэлтгэж байгааг мэдэлгүй өөрийн цахилгаан хөрөөг ашигласан. ... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 111 дэх тал/,

8. Иргэний нэхэмжлэгч И.гийн өгсөн: ...Би өөрийн эзэмшлийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг өөрт эргүүлэн авмаар байна. Уг модыг хууль бус мод гэдгийг мэдээгүй тээвэрлэсэн... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 108 дэх тал/,

9. Гэрч Мын өгсөн: “...Би 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 0064747, 0064747, 0064746 дугаартай гарал үүслийн бичиг бичиж өгсөн, Хино маркийн 90-33 УАН улсын дугаартай тээврийн хэрэгсэлд “Бэлсэг” ХХК-ийн 047186, 047160 дугаартай мод бэлтгэх эрхийн бичгийг үндэслэж 20 метр куб нарс төрлийн мод, Хино маркийн 00-21 ОРН улсын дугаартай тээврийн хэрэгсэлд “Хялганат залуус” ХХК-ийн 047734 дугаартай мод бэлтгэх эрхийн бичгийг үндэслэж 20 метр куб нарс төрлийн мод нийт 60 метр куб нарс төрлийн модонд гарал үүслийн бичиг бичиж өгсөн ....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 127  дахь тал/,

10. Гэрч П.Бат-Эрдэнийн “... Орхон аймгийн тээврийн хэрэгсэл саатуулах хашаанд байрлах моднуудыг хартал 3 метрийн урттай моднууд байсан. 3 метрийн урттай моднуудыг бол би хараагүй хаанаас гарч ирсэн талаар би мэдэхгүй байна. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 135 дахь тал/,

11. Гэрч Бийн “... Булган аймгийн Сэлэнгэ сумын 4 дүгээр багийн нутаг Цүүц гэх газрын Баруун салаа гэх уулын аманд талбайн тусгаарлалт хийлгэсэн. Тухайн газраас нарс төрлийн модыг бэлтгэж тээвэрлэсэн тухайн газарт ойролцоогоор 50-60 орчим тооны үндсээрээ унасан мод байсан байх. Би нэг бүрчлэн тоолж үзээгүй мод бэлтгэх явцад болохоор хуурай нарс төрлийн 5-6 тооны модыг унагааж бэлтгэсэн. Түүнээс бусад бүх модыг газарт уначихсан унианг моднуудыг авч бэлтгэж тээвэрлэсэн. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 153 дахь тал/,

12. Гэрч Ш.ийн өгсөн: “... Талбайн тусгаарлалт хийх явцад болохоор үндсээрээ уначихсан нарс төрлийн моднууд их таардаг. “Хялганат Оргил” ХХК-ийн талбайн тусгаарлалтыг 2021 оны талбайн тусгаарлалт хийх үед үндсээрээ уначихсан нарс төрлийн маш их моднууд байсан мөн Хандгайт  хавцуу гэх газруудад болохоор их хэмжээгээр биш ч маш их моднууд байсан. Мөн Хандгайт хавцуу гэх газруудад болохоор их хэмжээгээр биш ч гэсэн цөөн тооны үндсээрээ уначихсан нарс төрлийн моднууд байсан. Зүүн гэх газар нь болохоор “Хялганат Оргил” ХХК-ийн талбайн тусгаарлалт хийлгэсэн газраас ойрхон байдаг учир мөн адил үндсээрээ уначихсан мод олон байдаг ....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 158  дахь тал/,

13. Гэрч С.*******гийн өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын үед санагдаж байна. Манай нутгийн ах болох өндөр Мөнхөө гэж дууддаг ах мод хот руу аваад явах гэсэн чинь дутчихлаа чи модонд яваад өгөөч гэсэн. Тухайн газар нь мод бэлтгэх эрхийн бичигтэй талбайн тусгаарлалт хийлгэчихсэн газар байгаа гэж хэлэхээр нь “за тэгье гэж зөвшөөрөөд *******гийн хамтаар Булган аймгийн Хангал сумын Хандгайт гэх газраас ******* ахын зааж өгсөн талбайгаас нарс төрлийн 3 болон 2 метрийн урттай модыг бэлтгэж ачаад улмаар “Хялганат Оргил” ХХК-ийн хашаанд нэг удаа буулгасан....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 165 дахь тал/,

14. Гэрч С.*******гийн өгсөн: “...Манай төрсөн дүү ******* нь 2021 оны 11 дүгээр сарын үеэр санагдаж байна. Над дээр ирээд мод хөлсөөр ачаад өгөөч ******* ахын мод нь дутчихсан юм гэнэ ээ гээд над дээр ирсэн. Тэгээд бид Хангал сумын Хандгайт гэх газар луу модонд явсан. Ууланд очоод нарс төрлийн 4 билүү 5 тооны босоо модыг хөрөөдөж унагаагаад 2 болон 3 метрээр модоо тайрч ачаад Хялганат тосгоны төвд байрлах Хялганат тосгоны төвд байрлах “Хялганат Оргил” ХХК-ийн хашаанд аваачиж Сэлэнгэ гэх хүнээс авсан гэх модон дээр нэмж буулгасан  ....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 168 дахь тал/,

15. Булган сум дахь сум дундын ойн ангийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 01/А дугаартай: 1.Булган аймгийн Хангал сумын Хандгайт гэх газарт бэлтгэсэн 5 модны хэмжилтээр нийт эзлэхүүн 12 ,5 м3 болж байна. Монгол орны нарсан ойн сортимент-сортын хүснэгтийн дагуу хэрэглээний 9,6 м3, түлээний 2,9 м3 мод болж байна. Уг модыг бэлтгэсэн Хандгайт гэх газар нь Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 325 дугаар тоот тушаалын дагуу 3-р мужийн ойд багтаж байгаа тул экологи эдийн засгийн үнэлгээг Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/176 тушаалын 1 дүгээр хавсралт “Нэг шоо метр модны экологи эдийн засгийн үнэлгээ, төг”-ээр ой модны нөөцийн экологи-эдийн засгийн үнэлгээг модон материалд шилжүүлэхэд ашигладаг итгэлцүүрээр хэрэглээний бөөрөнхий модыг 1,8-аар, түлээний хуурай модыг нэгээр үржүүлж бодно. 12.5м3 нь 1,620,696 төгрөг” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 186-187 дахь  тал/,

16. Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Золбаярын 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 05 дугаартай: Экологи эдийн засгийн хохирлын үнэлгээ нь 1,620,696 төгрөг болох нь тогтоогдсон бөгөөд уг үнэлгээг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 3 дахин өсгөн тооцоход 4,862,088 төгрөг болж байна гэх дүгнэлт. ...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 190 дэх тал/,

17. “Тольдох оюуны өгөөж” хариуцлагатай хувьцаат компанийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн №2200070 дугаартай гэмт хэрэг үйлдэхэд ашигласан ******* улсын дугаартай Mazda Bongo Truck загварын тээврийн хэрэгслийн үнэ 14,401,258 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн №2200071 дугаартай гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Зил-131 загварын улсын дугааргүй тээврийн хэрэгслийн үнэ 1,812,238 төгрөг гэх дүгнэлт /хавтаст хэргийн 200-204, 213-218 дэх тал/, 

 

18. Шүүгдэгч Ж.*******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэм буруугаа хүлээж өгсөн: “...Би Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгонд үйл ажиллагаа явуулдаг “Бэлсэг” ХХК,  “Хялганат залуус” ХХК, “Хялганат оргил” ХХК нараас тус бүр 20 метр куб мод авахаар ярилцаж тохиролцоод мод авахаар болсон. Тэгээд тухайн моднуудыг “Хялганат Оргил” ХХК-ийн хашаанд буулгаж цуглуулахад “Бэлсэг” ХХК-иас худалдан авсан модны хэмжээ нь маш их дутаж байсан. Энэ талаар “Бэлсэг” ХХК-ний эзэмшигч Сэлэнгээтэй холбоо барих гэтэл төрөөд удаагүй байсан эхнэр, хүүхэд хоёр нь ковид гэх өвчин тусаад биеийн байдал тааруу гээд Улаанбаатар хотруу явчихсан байсан. Сэлэнгээ нь болохоор манай төрсөн ахын охинтой суусан залуу байгаа юм. Тэгээд төрөл садангийн хүмүүс байна даа, өвчин зовлонтой байх үед нь араас нь утасдаад яахав дараа нь уулзаж бариад болох байлгүй дээ гэж бодоод дутсан модоо нөхөж авах гээд нутгийн залуус боох *******, Оргио гэх ах дүү нарыг хөлсөөр мод бэлтгүүлэн “Бэлсэг” ХХК-ийн мод нь дээр нэмээд ачсан. Улмаар дээрх гурван аж ахуйн нэгжээс авсан модоо бүхээгтэй гурван тээврийн хэрэгсэлд ачаад явж байгаад Орхон аймгийн цагдаад саатуулагдсан. Тухайн үед нь би араас нь гарал үүслийг нь аваад явж байсан боловч машины дугуй хагараад очиж чадаагүй байхад гарал үүсэлгүй байна гээд саатуулчихсан байсан.   ...Тэд нар тэр талаар огт мэдээгүй. Би мод бэлтгэх газрыг зааж өгөөд уг газар нь талбайн тусгаарлалт хийгдчихсэн талбай мөн би мод бэлтгэх эрхийн бичиг авчихсан асуудалгүй гэж хэлээд мод бэлтгүүлж, тээвэрлүүлсэн. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 227-228 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтууд болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цахилгаан хөрөөг таньж судалснаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдлоо.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч П.*******, И., гэрч М, Ө., Б.Баянмөнх, П., Ш., С.*******, С.******* нарын өгсөн мэдүүлэг, сум дундын ойн ангийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 01/А дугаартай дүгнэлт, таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэрэгт битүүмжлэгдсэн тээврийн хэрэгсэл, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хөрөө зэргийг харьцуулан судлаж, эх сурвалжийг нягтлан шалгаснаар шүүгдэгч Ж.******* нь 2021 оны 11 дүгээр сард иргэн С.*******, С.******* гэх хүмүүсийг хөлсөлж тэдэнд “зөвшөөрлийн бичиг баримт байгаа талбайн тусгаарлалт хийсэн газар” гэж ойлгуулан Булган аймгийн Хангал сумын нутаг Хандгайт гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүй 9.6 м3 нарс төрлийн хуурай хэрэглээний мод, 2.9 м3 нарс төрлийн түлээний хуурай модыг бусдаар бэлтгүүлж байгаль экологид 4,862,088 төгрөгийн шууд бус хохирол учруулсан бөгөөд хууль бусаар бэлтгэсэн модыг ******* улсын дугаартай Mazda Bongo Truck загварын тээврийн хэрэгслээр Улаанбаатар хот руу тээвэрлэж Монгол Улсын Үндсэн хууль болон Ойн тухай хуулийг зөрчиж ойд зөвшөөрөлгүй мод бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдож тогтоогдлоо.

 

Дээрх нотлох баримтуудыг шүүгдэгч Ж.*******ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг нотолсон, хэрэг үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн нөхцөл байдлыг шууд гэрчилсэн, түүний гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзнэ.

 

Хууль бусаар мод бэлтгэх гэдэгт мод бэлтгэх зөвшөөрлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байхыг, түүнчлэн зөвшөөрөлтэй боловч уг зөвшөөрөлд зааснаас өөр хугацаанд, өөр газар, илүү хэмжээгээр, эсвэл өөр нэр төрлийн мод бэлтгэсэн, зориулалтын бусаар бэлтгэсэн үйлдлийг тус тус ойлгох бөгөөд шүүгдэгч Ж.******* нь эрх бүхий байгууллагаас эрхийн бичиг авч тусгай зөвшөөрлийн дагуу модыг бэлтгүүлээгүй  байна.

 

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэргийг өөрөө, бусадтай бүлэглэн, ял оногдуулах насанд хүрээгүй хүнийг, хэрэг хариуцах чадваргүй хүнийг, гэмт хэргийг хамтран үйлдээгүй ба гэмт хэрэг үйлдэгдэж байгааг ойлгож мэдээгүй бусад хүнийг, мал, амьтан ашиглан үйлдсэн хүнийг гэмт хэргийн гүйцэтгэгч гэнэгэж хуульчилжээ.

 

Иймд шүүгдэгч Ж.******* нь 2021 оны 11 дүгээр сард С.*******, С.******* гэх хүмүүсийг хөлсөлж тэдэнд зөвшөөрлийн бичиг баримт байгаа тайлбайн тусгаарлалт хийсэн газар гэж ойлгуулан Булган аймгийн аймгийн Хангал сумын нутаг Хандгайт гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүй 9.6м3 нарс төрлийн хуурай хэрэглээний, 2.9м3 нарс төрлийн хуурай түлээний модыг тус тус бусдаар бэлтгүүлж байгаль экологид 4,862,088 төгрөгийн шууд бус хохирол учруулсан, хууль бусаар бэлтгүүлсэн модыг ******* улсын дугаартай Mazda Bongo Truck загварын тээврийн хэрэгслээр Улаанбаатар хот руу гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлүүлж яваад баригдсан үйлдэл нь гэм буруугийн хувьд санаатай, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан Байгаль орчины эсрэг гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, байгаль экологид хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирсон байна

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн “санаатай” хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Ж.*******ыг 2021 оны 11 дүгээр сард иргэн С.*******, С.******* гэх хүмүүсийг хөлсөлж тэдэнд “зөвшөөрлийн бичиг баримт байгаа, талбайн тусгаарлалт хийсэн газар гэж ойлгуулан” Булган аймгийн Хангал сумын нутаг “Хандгайт” гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүй 9.6 м3 нарс төрлийн хуурай хэрэглээний мод, 2.9 м3 нарс төрлийн түлээний хуурай модыг тус тус бусдаар бэлтгүүлж байгаль экологид 1,620,696 төгрөгийн шууд, 4,862,088 төгрөгийн шууд бус хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ойгоос зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч Ж.*******ын гэм буруутай үйлдлийн улмаас улсын ойн санд 1,620,696 төгрөгийн шууд хохирол учирсан нь Булган сум дахь сум дундын ойн ангийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2, 49.4-т заасны дагуу модны экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин өсгөсөн хэмжээгээр 4,862,088 төгрөгийн хохирол, нөхөн төлбөрийг тооцсон байна.

Уг хохирол, нөхөн төлбөр төлөгдөөгүй, шүүгдэгч хохирлыг 2 сарын дотор нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул шүүгдэгч Ж.*******аас байгаль экологид учирсан 4,862,088 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД: 9085084/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд олгохоор шийдвэрлэв.

 

Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Ж.*******ыг зөвшөөрлийн бичиг байгаа, тусгаарлалт хийгдсэн газар гэж ойлгуулан бусдаар ойгоос зөвшөөрөлгүйгээр мод бэлтгүүлсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Ж.*******ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ж.*******ын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал болон эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг харгалзан үзэв.

Хавтаст хэргийн 230-242 дугаар талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, автотээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн лавлагаа, Булган аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 81 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.******* нь ам бүл ганцаар, Булган аймгийн Хангал сумын 4 дүгээр баг, Хялганат тосгоны 1-110 тоотод оршин суудаг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, нэр дээр үл хөдлөх хөрөнгөгүй, урьд 2 удаа ял шийтгүүлж байсан зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Ж.*******ын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлыг 2 сарын дотор төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын төрлийг сонгож, 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.

 

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл ...гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж ...гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно” гэж, 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус зохицуулсан.

 

Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ******* улсын дугаартай Mazda Bongo Truck загварын тээврийн хэрэгсэл нь тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр иргэн И.гийн өмчлөл, эзэмшлийнх, Зил 131 загварын улсын дугааргүй тээврийн хэрэгсэл нь Л.Цэрэндоржийн өмчлөл, эзэмшлийнх болох нь тус тус тогтоогдож байна.

 

Иймд мөрдөгчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг тус тус хүчингүй болгож,  хэрэгт битүүмжлэгдсэн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан ******* улсын дугаартай Mazda Bongo Truck загварын, Зил 131 загварын улсын дугааргүй тээврийн хэрэгслийг тус тус өмчлөгч эзэмшигчид нь үлдээж, Mazda Bongo Truck загварын тээврийн хэрэгслийн үнэ 14,401,258 төгрөг, Зил 131 загварын тээврийн хэрэгслийн үнэ 1,812,238 төгрөгийг, гэмт хэрэг үйлдэж олсон 9.6м3 нарс төрлийн хэрэглээний мод, 2.9м3 нарс төрлийн түлээний мод зэргийг тус тус хурааж, үнийн дүнгээс хохирлыг нөхөн төлүүлж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 87,500 төгрөгийн үнэлгээ бүхий Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэсэн цахилгаан хөрөөг түүний өмчлөгч С.*******д шилжүүлж, энэ хэрэгт шүүгдэгч Ж.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хавсаргаж ирсэн бичлэг бүхий 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаанд хадгалахыг тус тус дурдаж, шүүгдэгч Ж.*******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Ж.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3 дахь хэсэгт тус тус зааснаар ялтанд торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2 дахь хэсэгт заасны дагуу тогтоосон хуваариар, тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд оногдуулсан торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.

 

4. Энэ хэрэгт шүүгдэгч Ж.******* нь цагдан хоригдоогүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.*******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ж.*******аас байгаль экологид учруулсан хохирол 4,862,088 /дөрвөн сая найман зуун жаран хоёр мянга наян найм/ төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД: 9085084/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд олгосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасныг журамлан прокурор, мөрдөгчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, 14,401,258 /арван дөрвөн сая дөрвөн зуун нэг мянга хоёр зуун тавин найм/ төгрөгийн үнэлгээ бүхий 90-33 БУА улсын дугаартай тээврийн хэрэгслийг өмчлөгч, эзэмшигч И.д, 1,812,238 /нэг сая найман зуун арван хоёр мянга хоёр зуун гучин найм/ төгрөгийн үнэлгээ бүхий улсын дугааргүй ЗИЛ 131 загварын тээврийн хэрэгслийг өмчлөгч, эзэмшигч Л.Цэрэндоржид тус тус буцаан олгож, үнийг шүүгдэгч Ж.*******аас албадан гаргуулж, гэмт хэрэг үйлдэж олсон 9.6м3 нарс төрлийн хэрэглээний мод, 2.9м3 нарс төрлийн түлээний модыг тус тус хурааж үнийн дүнгээс хохирлыг нөхөн төлүүлж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

7. Хэрэгт хураагдаж ирсэн Бүгд найрамдах Хятад Ард улсад үйлдвэрлэгдсэн 87,500 төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөөг өмчлөгч, эзэмшигч С.*******д буцаан олгож, хэрэгт хавсаргаж ирсэн бичлэг бүхий 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаанд хадгалж, шүүгдэгч Ж.*******аас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүйг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Э.ЭНЭРЭЛ