Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/118

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,

улсын яллагч Э.Гантулга,

шүүгдэгч Ч.******* нарыг оролцуулан,

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ч.*******т холбогдох эрүүгийн 2215000000115 дугаартай, 163/2022/0115/Э индекстэй хэргийг 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* овогт *******гийн *******, Увс аймгийн Тариалан суманд 1979 оны 10 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, хувираа хөдөлмөр эрхэлдэг, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг, 43 настай, эрэгтэй, /РД: *******/,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.******* нь 2022 оны 04 дүгээр сарын 22-ны орой Булган аймгийн Орхон сумын 2 дугаар багийн нутагт хохирогч Б.*******той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар бие эрх чөлөөнд нь халдан цаас зүсдэг хутгаар баруун гуя, зүүн өгзөг хэсэгт хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.*******ын өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2215000000115 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Ч.******* нь 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Булган аймгийн Орхон сумын 2 дугаар баг Өвөрмэргэн гэх газарт иргэн Уудамбаатарын зуслангийн байшинд засвар хийхээр өөрийн танил Б.*******ийн хамт очиж 0.75 литрийн нэг шил архи хувааж уугаад унтсан байна. Маргааш нь буюу 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өглөө Б.*******той цахилгааны уртасгагч утас тасаллаа гэх шалтгаанаар хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж улмаар бие эрх чөлөөнд нь халдан цаас зүсдэг хутгаар баруун гуя, зүүн өгзөг хэсэгт хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Энэ үйл баримт нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.*******ын өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж хэлэх зүйлгүй гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

1. Хохирогч Б.*******ийн өгсөн: ... 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр манай найз ******* над руу яриад “2-3 хоногийн хугацаатай хийх ажил байна явах уу” гэж асуусан. Би зөвшөөрч бид Булган аймгийн Орхон сум руу явсан. Уг засах гэж байгаа айлынхаа зуслангийн байшин дээр буулгаад юмаа хараад ******* бид хоёр тэндээ хоносон. Унтахаасаа өмнө бид хоёр 0.5 л хараа архи хувааж уугаад унтсан. ...өглөө нь намайг сэрэхэд ******* босчихсон юм аа хийж байсан бөгөөд цонхоор уртасгагч оруулаад залгачихсан байсан. Тэгэхээр нь би утсаа цэнэглэх гэж байгаад уртасгагчийг нь санаандгүй салгачихсан. Тэгтэл ******* гаднаас орж ирээд юм хийж байхад тог салгалаа гээд цаасны хутга барьж байгаад миний баруун, зүүн гуя руу нэг нэг хатгасан. Тэгээд цус гарахаар нь би даавуугаар боож түргэн дуудсан... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дэх тал/,

 

2. Гэрч Р.*******ын өгсөн: ...Би тухайн үед эмнэлэгт тариа хийлгэчихээд 12 цагийн үед Уудамбаатарын зуслангийн байшинд ирэхэд гадна талд нь Отгоо ажлаа хийж байсан. Гэтэл гэнэт Отгоогийн найз гэх эрэгтэй согтуу явж байсан бөгөөд алхаж яваад Отгоогийн машинд ороод суучихсан байсан. Би тухайн үед Отгоотой гадна талд засвар хийж байтал цагдаа нар ирсэн. Би ирсэн цагдаа нараас юу болсон талаар асуухад Отгоогийн найз гэх эрэгтэй хутгалуулсан гэж цагдаа нараас сонсож мэдсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21 дэх тал/,

 

3. Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 63 дугаартай дүгнэлтэд: Б.*******ийн биед баруун гуя, зүүн өгзөгт хатгагдаж, зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх нь гэмтэл нь хурц ир, үзүүртэй зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй гэх  гэх дүгнэлт /хавтаст хэргийн 23-24 дэх тал/,

 

4. Шүүгдэгч Ч.*******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн: “...би *******ийг ор луу түлхэж унагаад ширээн дээр байсан цаасны хутгаар гуя руу нь хатгасан. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

 

        Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

        Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Б.*******, гэрч Р.*******ын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Ч.*******ын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулан судлахад шүүгдэгч Ч.******* нь 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Булган аймгийн Орхон сумын 2 дугаар багийн нутагт хохирогч Б.*******той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар бие эрх чөлөөнд нь халдан цаас зүсдэг хутгаар баруун гуя, зүүн өгзөг хэсэгт хутгалж, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай нь нотлогдож байна.

 

Шүүгдэгч Ч.*******ын гэм буруутай үйлдэл, хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл хоёрын шалтгаант холбоо тогтоогдсон, энэ нь тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр батлагджээ.

 

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч шүүгдэгч Ч.*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотолж, яллах байр сууринаас, шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, ялыг хөнгөрүүлэх байр сууринаас тус тус оролцсон болно.

 

Шүүгдэгч Ч.******* нь гэм буруугийн талаар маргаагүй, түүний бусдын бие, эрх чөлөөнд халдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулсан гэм буруугийн санаатай, нийгэмд аюултай, бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан үйлдэл мөн тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Ч.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ч.*******ын гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар хохирогчоос мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн шатанд иргэний нэхэмжлэлийн баримт ирүүлээгүй, гомдол саналгүй /хавтаст хэргийн 53 дахь тал/ гэдгээ мөрдөн шалгах ажиллагааны шатанд илэрхийлсэн байх тул шүүгдэгч Ч.*******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв

 

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Ч.*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч Ч.*******ын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Ч.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалгүйг дурдах нь зүйтэй гэж үзэв.

 

Хавтаст хэргийн 42-46 дугаар талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, ******* багийн засаг даргын тодорхойлолт, үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Ч.******* нь гэрлэсэн, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Орхон аймгийн, Баян-Өндөр сумын Даваат баг, 18-15 тоот хаягт амьдардаг, нэр дээр Орхон аймгийн Баян-Өндөр сумын 9-р баг Шандын 56 дугаар гудамжны 07 тоот гэр бүлийн хэрэгцээний үл хөдлөх хөрөнгөтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Ч.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 4/44 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

Шүүгдэгч Ч.*******ын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл болон прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг хүлээн зөвшөөрч үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, төлөх төлбөргүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн торгох ялын төрөл, хэмжээний хүрээнд шүүгдэгч Ч.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

 

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.

 

Энэ хэрэгт шүүгдэгч Ч.******* нь цагдан хоригдоогүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Ч.******* нь бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол саналгүй болохыг тус тус дурдаж,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улбар шар өнгийн цаасны хутга, 4*2 см хэмжээтэй хутганы ирийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.*******ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3-т тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.

 

4. Энэ хэрэгт шүүгдэгч Ч.******* нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Шүүгдэгч Ч.******* нь бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч Б.******* нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улбар шар өнгийн цаасны хутга, 4*2 см хэмжээтэй хутганы ирийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай. 

 

6. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Э.ЭНЭРЭЛ