Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/155

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                  

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Буджав,

Улсын яллагч Г.Анх-Ирээдүй,

Шүүгдэгч Э.Ц нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Ц-д холбогдох эрүүгийн 2225000000*** дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Э.Ц

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Ц нь 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Орхон аймаг Жаргалант сум Дулаан-Уул багийн нутаг дэвсгэр Банзын ам гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр ой мод бэлтгэж, тээвэрлэн 215,727 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

    Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Э.Ц мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт: “...2022 оны 01 дүгээр сарын 24-ний өглөө 10 цагийн үед би тус сумын Даваат багт байх гэрээсээ миний төрсөн ах Цэщн-ын улсын дугаартай тээврийн хэрэгслийг унаж гарсан. Замаараа найз Отгонбаярыг Шанд багт байх гэрийнх нь гаднаас очиж авсан. Тэгээд бид хоёр Орхон аймгаас зүүн зүгт гарч яваад тус аймгийн Вокзал өнгөрөөд жоохон явж байгаад баруун тал руу эргэж ертөнцийн зүгээр зүүн урд зүг рүү явсаар Жаргалант сумын Банзын ам гэх газарт очсон. Энэ газар нь Орхон аймгаас 20-25 км зайтай байдаг. Тухайн газарт очиж модны гишүү түүж, газарт унасан байсан том, том модыг хөрөөдөж, машиндаа ачсан... Модоо бэлтгэж дуусах үед 14 цаг болж байсан. Тэгээд бид хоёр буцаад Орхон аймаг руу ороод Вокзал өнгөрөөд явж байх үед байгаль хамгаалагч нар тааралдаж бид хоёрыг түр саатуулж, миний бичиг баримт болон модны зөвшөөрөл зэргийг асуусан. Тухайн үед би бичиг баримтаа шалгуулж, модны зөвшөөрөл байхгүй талаар хэлсэн... 2021 оны 09 дүгээр сард Баян-Өндөр сумаас зохион байгуулж байсан хожуул төслийн ажилд ажилласан. Тухайн үед Жаргалант сумын Банзын ам гэх газарт хожуул мод бэлтгэж байсан. Намайг тухайн үед ажиллаж байх үед уг Банзын ам гэх газарт түүвэр гишүү мод, унасан том моднууд ихтэй байсан болохоор тухайн газарт очсон... Би Өвөрхангай аймгийн Хархорин суманд амьдардаг юм. Манай аав бурхан болоод ажил явдалд нь ирсэн. 49 хоногийг нь дуусгаад Өвөрхангай явахын өмнө гэртээ түлээний мод бэлдэж өгөх гээд ахынхаа машинтай модонд найзыгаа дагуулаад явсан. Ээж маань галын түлээгүй болоод тэгээд мөнгөний боломж муу, ахын машиныг гуйгаад галын түлээтэй болгочихоод буцах гээд ийм зүйл болчихлоо... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг,

 

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Б мөрдөн шалгах ажиллагаанд: “... Би Орхон аймаг Жаргалант сумын Дулаан-Уул багийн Банзын ам гэх газраас иргэн Э.Ц нь зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэх эрүүгийн 2225000000*** дугаартай хэрэгт хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байна. Э.Ц нь 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Орхон аймаг Жаргалант сумын Дулаан-Уул багийн Банзын ам гэх газраас зөвшөөрөлгүйгээр хуурай мод бэлтгэж 215,727 төгрөгний хохирол учруулсан байна. Экологи эдийн засгийн үнэлгээгээр гарсан 215,727 төгрөгийг нэхэмжилж байна. Өөр ямар нэгэн санал хүсэлт байхгүй. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19х/,

 

         - Гэрч Б.Т мөрдөн шалгах ажиллагаанд: “... Би 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 15 цагийн үед Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт эргүүл шалгалтын үүрэг гүйцэтгэн ажиллаж байхад *****улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоон шалгахад иргэн Э.Ц нь Жаргалант сумын Банзын ам гэх газраас зөвшөөрөлгүй ойгоос мод бэлтгэж, тээвэрлэж явсан. Нэг залуутай хамт явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23х/,

 

- Гэрч Д.О мөрдөн шалгах ажиллагаанд: “... Би мэдээгүй. Модоо бэлтгээд машиндаа ачаад төв рүү орж ирээд байгаль орчны хүмүүст баригдахад зөвшөөрөлгүй юм байна гэдгийг мэдсэн. Би ч Э.Цээс асуугаагүй. Э.Ц ч надад хэлээгүй. Би гоожинтой юм бодоод л хамт модонд явсан... Би эхний бөгөөд эцсийн удаа модонд явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25х/,

 

- Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, жолоочийн үнэмлэхийн хуулбар /хх-ийн 5х/,

 

- Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 6-7х/,

 

- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-13/,

 

- Орхон аймгийн Сум дундын Ойн ангийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 08 дугаартай дүгнэлтэд: “... экологи-эдийн засгийн үнэлгээний нийт 215,727 төгрөгөөр тогтов... бэлтгэсэн модны хэмжээ 1,2791 м3 бүх төрлийн хуурай мод нийт хохирол 215,727 төгрөг...” гэсэн  дүгнэлт /хх-ийн 42-43х /,

 

- “Тольдох оюуны өгөөж” ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 22/0054 дугаартай дүгнэлтэнд “... *****улсын дугаартай Mitsubishi Minicab тээврийн хэрэгсэл 968.777 төгрөг, 2 хүний гар хөрөө 27.000 төгрөг нийт 995,777.34 төгрөг ...” гэсэн эд хөрөнгийн үнэлгээ /хх-ийн 33-37х/,

 

- Шүүгдэгч Э.Цийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, мөрдөн шалгах ажиллагааны үед хийсэн тодорхойлолт /хх-ийн 56х, 65х, 81х/, хохирол төлсөн талаарх баримт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

   Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч болон хохирогчийг байцаах, мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна. Иймд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Э.Цийг гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Ц нь 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Орхон аймаг Жаргалант сум Дулаан-Уул багийн нутаг дэвсгэр Банзын ам гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэж, *****улсын дугаартай Mitsubishi Minicab тээврийн хэрэгсэлд ачаад явж байхад нь байгаль хамгаалагч шалгасан үйл баримт болсон байна.

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Э.Ц нь зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Б-ийн “...Э.Ц нь 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Орхон аймаг Жаргалант сумын Дулаан-Уул багийн Банзын ам гэх газраас зөвшөөрөлгүйгээр хуурай мод бэлтгэж 215,727 төгрөгний хохирол учруулсан байна...” гэсэн, гэрч Б.Т-ын: “... Би 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 15 цагийн үед Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт эргүүл шалгалтын үүрэг гүйцэтгэн ажиллаж байхад *****улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоон шалгахад иргэн Э.Ц нь Жаргалант сумын Банзын ам гэх газраас зөвшөөрөлгүй ойгоос мод бэлтгэж, тээвэрлэж явсан...” гэсэн, гэрч Д.О-ын “... Би мэдээгүй. Модоо бэлтгээд машиндаа ачаад төв рүү орж ирээд байгаль орчны хүмүүст баригдахад зөвшөөрөлгүй юм байна гэдгийг мэдсэн. Би ч Э.Цээс асуугаагүй. Э.Ц ч надад хэлээгүй. Би гоожинтой юм бодоод л хамт модонд явсан...” гэсэн мэдүүлгүүд, Орхон аймгийн Сум дундын Ойн ангийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 08 дугаартай шинжээчийн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Э.Цийн дээрх үйлдэл нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай, Эрүүгийн хуулийн тусгай ангид хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, байгаль орчин, экологийн тэнцвэрт байдалд хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул  прокуророос зүйлчилж ирүүлсэн зүйлчилэл тохирсон байна.

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Э.Цийг зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хохиролын талаар:

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Б-н “...экологи эдийн засгийн үнэлгээгээр гарсан 215,727 төгрөгийг нэхэмжилнэ...” гэсэн бөгөөд шүүгдэгч Э.Ц нь 215,727 төгрөгийг төлсөн талаарх Хаан банкны шилжүүлгийн баримт хэрэгт авагдсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

 

Шүүгдэгч Э.Цийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

 

Улсын яллагч: “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Цийг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах... шүүгдэгчээс тээврийн хэрэгслийн үнэ 968,977 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах, мөн гар хөрөөг улсын орлого болгох  саналтай...” гэв.

Шүүгдэгч: “...Ялын талаар хэлэх зүйлгүй...” гэв.

 

  Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Э.Ц нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

 Шүүх шүүгдэгч Э.Цийн үйлдсэн хэргийн шалтгаан нөхцөл, хохирол, хор уршигийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500,000 төгрөгийн торгох ялаар шийтгэх нь шүүгдэгчийн гэм бурууд тохирсон гэж үзэв.

 

Бусад асуудлын талаар:

Шүүгдэгч Э.Ц нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн хуулийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж  зохицуулсан байна.

Шүүгдэгч Э.Цийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан  *****улсын дугаартай Mitsubishi Minicab тээврийн хэрэгсэл нь Э.Ц-ын өмчлөлийнх болох нь хавтаст хэргийн авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбараар нотлогдож байх тул уг тээврийн хэрэгслийн үнэ болох  968,777 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан улсын орлогод оруулах, мөн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 27,000 төгрөгний хоёр хүний гар хөрөөг улсын орлого болгохыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

         1. Шүүгдэгч Э.Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

         2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Эрдэнэхуягийн Э.Цийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Э.Цэд оногдуулсан 500,000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч Э.Ц нь 500,000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг 5 /таван/ сарын хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Э.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Цээс гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 968,777 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах, мөн 27,000 төгрөгний үнэ бүхий хоёр хүний гар хөрөөг улсын орлого болгохыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 

 

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Цэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.НАРМАНДАХ