Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/149

 

2022         04          21                                        2022/ШЦТ/149

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                  

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нармандах даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Буджав,

улсын яллагч Л.Энхтайван,

шүүгдэгч Ж.А,

шүүгдэгч Б.Г нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот  танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жаргалтайн Ж.А, Б.Г нарт холбогдох эрүүгийн 22250021*0**** дугаартай хэргийг 2022 оны 04  дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Ж.А, /

Монгол Улсын иргэн, Б.Г /

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.А, Б.Г нар нь бүлэглэн 2022 оны 03 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум нутаг дэвсгэрт Б.Сыг олон удаа цохин зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

    Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Ж.А шүүх хуралдаанд: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг,

 

- Шүүгдэгч Б.Г шүүх хуралдаанд: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг,

 

- Шүүгдэгч Ж.А мөрдөн шалгах ажиллагаанд: “...Б.Г баарнаас түрүүлээд гарсан. Намайг тооцоо хийж байхад Б.Г “Д” төвийн буудал руу хүмүүстэй хамт явж байна. Хамт нэмж ууна, араас хүрээд ир гэхээр нь би араас такси бариад очсон. Намайг “Д” төвийн гадна очиход Б.Г намайг хүлээгээд байж байсан. Түүнтэй уулзсан чинь баарны гадна нэг хүүхэн, залуу хоёртой танилцсан, мөнгөө адилхан гаргаад буудалд уух уу гэхээр нь зөвшөөрөөд хүрээд ирлээ гэсэн. Тэгээд бид хоёрыг буудал руу орох гэсэн чинь буудлын жижүүр нь танай хоёр хүн мөнгөө өгөөгүй, та нар мөнгөө өгч байж ор гэхээр нь би мөнгө гаргаж буудлын 40,000 төгрөгийг өгч, нэг өрөө хоногоор авсан. Тэгээд буудлын өрөөнд орсон чинь үсээ шараар будуулсан залуу, 30 орчим насны эмэгтэй хоёр байсан бөгөөд тэд нар архи, пиво авсан байсан... Пиво ууж байгаад миний нойр хүрээд байхаар нь унтсан... Б.Г намайг дуудаад Энхтөр гадаа ирчихсэн байна, бос явья гээд дуудахаар нь сэрсэн чинь нөгөө хүүхэн залуу хоёр байхгүй, Б.Г ганцаараа байсан. Тэгэхээр нь нөгөө хоёр чинь яасан гэсэн чинь мөнгөө өгөхгүй явчихлаа гэж хэлсэн. Тэгээд буудлаас гарсан чинь миний төрсөн ах Э-р машинтайгаа буудлын гадна зогсож байсан. Энхтөр ахын машинд суугаад хотын төв рүү явж байсан чинь Б.Г буудалд байсан нөгөө хоёр чинь явж байна гэхээр нь би мөнгөө авах гээд зогс гэж хэлээд машинаас буусан чинь буудалд байсан хүүхэн нэг залуутай явж байхаар нь нөгөө залууг нь бариад авсан. Энэ үед Б.Г машинаас бууж ирээд шар толгойтой залуу чинь хаана байна гээд байсан. Тухайн үедээ би үнэндээ учраа олоогүй буудалд байсан залуу гэхээр нь тэр залуутай ноцолдсон... Машинд суусны дараа Б.Г нөгөө залуугаас шар толгойтой залуу хаана байна гээд асуугаад, мөнгөө авъя гээд байхаар нь би мөнгө өгөөч гээд тэр залуугийн толгой, нүүр рүү нь хоёр гурван удаа цохиод дүүгээ Яргуйтын цаад талд хүрээд ир гээд дуудчих гэж хэлээд Энхтөр ахыг Яргуйт руу яв гэж хэлсэн. Тэгээд явж байхад нөгөө залуу Б.Г бид хоёртой анх буудалд хамт орсон шар үстэй залуу руу утсаар яриад хүрээд ир гэж дуудсан боловч гэртээ байна гэж утсаар ярьчихаад утсаа салгасан. Дахин залгасан боловч утсаа авахгүй байсан. Энэ хооронд бид нар Яргуйт багийн цаад талын уулан дээр очсон. Уулан дээр очиж нөгөө залууг машинаас буулгаад дүүгээ дуудаж мөнгө гаргаж өг гээд Б.Г бид хоёр түүний нүүр, толгой руу нь хэд хэдэн удаа цохисон. Энхтөр эрүүл байсан болохоор зүгээр бай гээд бид нарыг салгаад машиндаа суулгасан. Тэгсэн чинь нөгөө залуу би гар утсаа та нарт үлдээгээд явъя маргааш дүүтэйгээ уулзаж та нарын мөнгийг өгөөд утсаа авъя гээд сим картаа аваад гар утсаа тавьсан. Тэгэхээр нь тэнд нь үлдээгээд явъя гэсэн чинь Энхтөр ах болохгүй гээд машиндаа суулгаж яваад гэрийнхээ ойролцоо буюу Согоот багийн 9 дүгээр байрны гадна нөгөө залууд гар утасны дугаараа хэлж буулгаад гэртээ орсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 44-46х/,

 

- Шүүгдэгч Б.Г мөрдөн шалгах ажиллагаанд: ...Найз Ж.А бид хоёр 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр цэргийн баяр тэмдэглэх гээд нэгдүгээр микрт байдаг “Шугир” нэртэй бааранд орж үйлчлүүлээд пиво уусан. Баар хаах дөхөөд Ж.А тооцоогоо хийх гээд үлдсэн. Би ганцаараа баарны гадна гарч ирээд байж байхад танихгүй хүүхэн, залуу хоёр ирээд надтай танилцаж буудал авч архи уух уу гэхээр нь тэгье гэсэн. Тэгсэн чинь нөгөө хоёр “Д” төвийн буудал орох уу гэхээр нь тэгье гээд баарны үүднээс такси аваад “Д” төв рүү явсан. Би Ж.Ад “Д” төвийн буудал руу явлаа араас хүрээд ирээрэй гэж утсаар хэлсэн. Д рүү явж байх замдаа 3 дугаар микрт байдаг дэлгүүр орж 0.75 литрийн Соёрхол нэртэй архи нэг шилийг, ундаа, 2.5 литрийн пиво авсан. Тухайн үед мөнгөө хувааж гаргах гэсэн чинь нөгөө хоёр чи уух юмаа авчих, бид хоёр буудлын тооцоог хийнэгэж хэлсэн. Тэгээд “Д” төвийн буудалд очсон. Буудлын үүдэнд байхад Ж.А над руу утсаар яриад очиж байна гэхээр нь би Ж.Аг хүлээгээд үлдсэн. Нөгөө хүүхэн, залуу хоёр буудал руу түрүүлээд орсон. Ж.Аг ирсний дараа буудал руу орох гэсэн чинь нөгөө хүүхэн, залуу хоёр буудлын тооцоог хийгээгүй, бид нарыг буудлын жижүүр нь оруулахгүй гэхээр нь Ж.Агаас мөнгө аваад буудлын 40,000 төгрөгийг өгсөн. Тэгээд буудлын өрөөнд ороод буудлын мөнгийг би өгчихлөө надад өгөөрэй гэж хэлчихээд авч орсон архи пиво уусан... Ж.А авч ирсэн пивоноосоо нэг савыг нь нөгөө хүүхэнтэй хувааж ууж дуусгаад унтсан. Энэ үед бид нартай хамт байсан шар толгойтой залуу хүнтэй утсаар ярьж байгаад гараад нэг залуу дагуулаад ороод ирсэн. Тэгсэн чинь тэр залууг хараад нөгөө хүүхэн гаръя, явъя гээд гурвуулаа ууж байсан зүйлүүдээ орхиод гарсан. Би тооцоогоо яах юм бэ гэж хэлсэн ямар нэгэн юм хэлээгүй. Гараад явчихсан. Ж.А унтчихсан байсан... Тэгээд найз Энхтөр рүү утсаар ярьсан... Энхтөр удаагүй хүрээд ирлээ гэхээр нь Ж.Аг сэрээгээд нөгөө хүмүүс чинь мөнгө өгнө гэж ярьчихаад мөнгөө өгөхгүй явчихлаа гэж хэлээд буудлаас гарсан. Энхтөрийн машинд суугаад хотын төв рүү явж байсан чинь буудалд сүүлд ирсэн залуу, нөгөө хүүхэнтэй зам дагаад явж байсан. Тэгэхээр нь Ж.Ад буудалд байсан хүмүүс явж байна гэсэн чинь Ж.А зогс гэж хэлсэн. Машинаа зогсоосон чинь Ж.А машинаас түрүүлж буугаад нөгөө залуу дээр очоод барилцаад авсан. Би араас нь бууж очоод нөгөө залуугаас шар толгойтой залуу чинь хаана байна вэ гэж асуусан. Энэ үед Энхтөр бууж ирээд Ж.Аг салгаад нөгөө залууг хамт байсан залуугаа олж өг, мөнгөө авна гээд машинд суулгасан. Энэ үед нөгөө хүүхэн алга болсон байсан. Хохирогчийг машинд суулгачихаад нөгөө залуугаа Яргуйтын цаад талд хүрээд ир гээд дуудчих гэж хэлээд Энхтөрийг Яргуйт руу яв гэж хэлсэн. Тэгээд явж байхад хохирогч анх буудалд хамт орсон залуу руу утсаар яриад хүрээд ир гэж дуудсан боловч гэртээ байна гээд утсаар ярьчихаад утсаа авахгүй байсан. Энэ хооронд бид нар Яргуйт багийн цаад талын уулан дээр очсон. Уулан дээр очоод хохирогчийг дүүгээ дуудаач гээд Ж.А бид хоёр нүүр, толгой руу нь хэд хэдэн удаа цохисон. Энхтөр эрүүл байсан болохоор зүгээр бай гээд бид нарыг салгасан. Тэгсэн чинь хохирогч би гар утсаа үлдээгээд явъя маргааш та нартай уулзаад мөнгийг чинь өгөөд утсаа авъя гээд сим картаа аваад гар утсаа тавьсан. Тэгэхээр нь тэнд нь үлдээгээд явья гэсэн чинь Энхтөр болохгүй гээд машиндаа суулгаж ирээд гэрийнхээ гадна буюу Согоот багийн 9 дүгээр байрын гадна хохирогчийг буулгаад гэртээ орсон... Ж.А бид хоёр архи уучихсан байсан болохоор нөгөө шар толгойтой залуугаас мөнгөө авах гээд хохирогч Б.Сыг тэр хүнээ дуудаж уулзуул гээд зодчихсон юм. Ж.А бид хоёр түүний нүүр, толгой хэвлий рүү нь хэд хэдэн удаа цохисон. Гэхдээ тийм аймар зодоогүй... Б.С өөрөө гар утсаа үлдээгээд, маргааш нөгөө хүнээ уулзуулаад гар утсаа авъя гээд үлдээсэн юм...гэсэн мэдүүлэг /хх-ийн 42х/,

 

- Хохирогч Б.С мөрдөн шалгах ажиллагаанд “...Намайг машинд суусан чинь буудалд байсан хоёр залуу 200,000 төгрөг зарцуулсан, танай дүү чинь хаана байна. Танай дүүгээс мөнгө авах ёстой гэдэг зүйл яриад байсан ба машинаа асаагаад явсан нэг мэдсэн чинь Яргуйт багийн цаад талын уулын бэлд очиж зогсоод намайг машинаас буулгасан. Машинаас буулгаад буудалд байсан хоёр залуу намайг зодсон. Буудалд байсан хоёр залуу дүүтэй чинь уулзаж төлбөр тооцоо хийнэ гээд байхаар нь тэд нараас хурдан салахын тулд өөрийнхөө барьж байсан айфоне 8 маркийн гар утсыг форматлаад нөгөө хоёр залууд өгсөн. Тэгээд нөгөө залуучууд намайг машиндаа суулгаж яваад Согоот багийн 9 дүгээр байрны орчим буулгасан... Буудалд байсан хоёр залуу дүүгээс чинь төлбөр тооцоо авна гээд байхаар нь л би хуурай дүү О-рыг таньдаг, найз нөхөд нь юм чинь маргааш өдөр нь уулзаж байгаад гар утсаа авъя гээд өөрөө гар утсаа форматлаад өгсөн. Миний гар утсыг авахдаа намайг цохиж зодоогүй. Мөнгө төгрөг, төлбөр тооцоо яриад байхаар нь л би барьцаа болгоод өгчихсөн юм... Миний гар утсыг бүрэн бүтэн эргүүлж өгсөн, надад эмчилгээний зардал өгсөн, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18х/,

 

 Гэрч Ж.Э мөрдөн шалгах ажиллагаанд: “...Яргуйт багийн цаад талд очоод зогссон чинь Ж.А, Б.Г хоёр дүүгээ дууд, яагаад тооцоогоо хувааж хийнэ гэж буудал, архи авч уучхаад яваад өгч байгаа юм бэ гээд Б.Г, Ж.А хоёр хоёр гурван удаа нүүр толгой руу нь цохисон. Би өөрөө эрүүл байсан болохоор салгаад бараг зодуулаагүй. Дүү чинь яасан бэ ирж байна гээд байсан чинь нөгөө залуу манай хуурай дүү та нарт мөнгө өгөх ёстой юм бол би та нарт гар утсаа үлдээгээд явъя. Маргааш мөнгийг чинь өгөөд гар утсаа авъя гээд өөрөө гар утасны сим картаа аваад утсаа машины дунд талын хайрцаг руу хийсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28х/,

 

- Гэрч Г.О-р мөрдөн шалгах ажиллагаанд “...маргааш өдөр нь Б.С ах над руу утсаар яриад чи хүрээд ирээч гэхээр нь очоод уулзсан чинь Б.С ахын баруун талын нүд нь хөхөрсөн байсан бөгөөд өчигдрийн найзууд чинь чамаас мөнгө авна, олж өг гээд намайг зодчихлоо, чамайг олж өг гээд байхаар нь гар утсаа үлдээчихсэн. Найзуудаа олж өг гэж хэлсэн. Тэгэхээр нь би Б.С ахад тэр залуучуудтай бааранд танилцсан гэдгээ хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23х/,

 

- Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн *** дугаартай “... Б.Сын биед баруун нүдний дээд, доод зовхи, дух, хүзүү, хэвлийд зөөлөн эдэд 4 тооны цус хуралт, баруун нүдний салстад цус харвалт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байж болно. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Гэмтлүүд нь нийлээд шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Гоо сайхан болон ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй... “ гэсэн дүгнэлт /хх-ийн 33-34х/,

 

- Шүүгдэгч Б.Гын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 74, 76х/,

 

- Шүүгдэгч Ж.А эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 78, 83/ зэрэг шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

    

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хуульд нийцсэн, нотолгооны ач холбогдолтой, хэргийн үйл баримтад хамааралтай хийгээд мөрдөн байцаалт болон шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Дээрх нотлох баримтуудаар 2022 оны 03 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө шүүгдэгч Ж.А, Б.Г нар нь Ш нэртэй баарнаас гарч байхдаа зүс үл таних Б-а, Г.О нартай танилцаж, төлбөр тооцоогоо хувааж төлөөд буудалд орж согтууруулах ундаа хэрэглэхээр ярилцаж Д зочид буудалд орж согтууруулах ундааны зүйл хэрэглэж, Г.О нь хуурай ах болох Б.Сын дуудаж Б.С, Г.О, Б-а нар явсан байна. Ж.А, Б.Г нар нь Н.Э-ийг дуудаж буудлаас гараад явж байхдаа зам дагуу явж байсан Байгалмаа Б.С нартай таарч Б.Сыг Г.О-ыг дуудаж ир, мөнгөө авна гэж хэлээд Б.Сыг машинд суулгаад Яргуйт багийн уулын хажууд очиж нүүр болон хэвлий хэсэг рүү нь цохиж баруун нүдний дээд, доод зовхи, дух, хүзүү, хэвлийд зөөлөн эдэд 4 тооны цус хуралт, баруун нүдний салстад цус харвалт бүхий гэмтэл учруулсан үйл баримт болсон байна.

 

Прокуророос шүүгдэгч Ж.А, Б.Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тус бүр зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ж.А, Б.Г нар нь бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Сын мэдүүлэг, гэрч Ж.Э, Г.О нарын мэдүүлгүүд, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн *** дугаартай шинжээчийн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Ж.А, Б.Г нарын гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул шүүгдэгч Ж.А, Б.Г нарыг прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

 

Шүүгдэгч Ж.А, Б.Г нарын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгч нарын гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Ж.А, Б.Г нарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул тэднийг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

   Хавтаст хэрэгт хохирлын талаар нотлох баримт авагдаагүй байх бөгөөд хохирогч Б.С нь “...гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн тул  шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

 Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Ж.А, Б.Г нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

 

 Шүүгдэгч Ж.А, Б.Г нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

 

   Улсын яллагчаас “...тус бүр 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай...” гэсэн болно.

 

   Шүүх шүүгдэгч Ж.А, Б.Г нарын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй түүний хувийн байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600,000 төгрөгийн торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

            Шүүгдэгч Ж.А, Б.Г нар нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх боловч сард 400,000-600,000 төгрөгний орлоготой гэх тул тэдэнд оногдуулсан 600,000 төгрөгийн торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв. 

 

       Шүүгдэгч Ж.А, Б.Г нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримт болон тэдний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

         1. Шүүгдэгч Ж.А, Б.Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

         2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.А, Б.Г нарыг тус бүр зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

          

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Ж.А, Б.Г нарт тус бүр оногдуулсан 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч Ж.А, Б.Г нар нь тус бүр оногдуулсан 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Ж.А, Б.Г нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.А, Б.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.НАРМАНДАХ