Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/152

 

2022         4             22                                    2022/ШЦТ/152

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                  

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.А, 

улсын яллагч Л.Э,

шүүгдэгч Ш.Х нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ш.Х-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж,

хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2225001920193 дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;  

Монгол Улсын иргэн, Ш.Х

Шүүгдэгч Ш.Х нь согтуугаар, 2022 оны 2 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сумын Цагаанчулуут баг “Энжой” зочид буудлын өрөөнөөс Ц.Э-н “Samsung S21” загварын гар утас, Ц.Э-н “Samsung А-52” загварын гар утас зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 2.300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ш.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, улмаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд;

Шүүхийн хэлэлцүүлэгт;

шүүгдэгч Ш.Х мэдүүлэхдээ “...мэдүүлэг өгөхгүй.” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн;

хохирогч Ц.Э-н “...“Энжой” зочид буудалд хоносон орой Энхбат, Анхаа бид гурав архиндаа муудаад унтсан, зам дээрээс машинд сууж танилцсан эмэгтэй явсны дараа Хишигээ араас нь гараад гадуур явж байгаад буцаж орж ирээд унтсан юм байна лээ. ...Хишигээ орой гараад явсан талаараа цагдаад хэлээд хоёр гар утсыг хоёуланг нь авсан талаараа ярьчихсан, Samsung А-52 загварын гар утас нь байгаа” гээд надад өөрөө авч ирж өгөөд, нөгөө гар утсыг “900.000 төгрөгөөр зарчихсан” гэж байсан. Хишигбаяр манай ихэр Энхбатын гар утсыг нь буцаагаад өгчихсөн, харин миний Хаан банкны данс руу 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 700.000 төгрөг, 4 дүгээр сарын 03-ны өдөр 800.000 төгрөгийг төлсөн, нэхэмжлэх зүйлгүй.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14 дэх тал/,

хохирогч Ц.Э-н “...2022 оны 2 дугаар сарын 19-ний орой 21 цагийн үед би ихэр Энхбаяр, найз Анхбаяр, Хишигээ нарын хамтаар Хишигээгийн машинтай явж байгаад гэр хорооллын эцсийн буудал дээр нэг үл таних эмэгтэй гараа өргөөд зогсож байхаар нь авсан. Тэгээд бид нар нийлж бааранд орсон, үргэлжлүүлээд Цагаанчулуут баг “Энжой” буудалд орж архи, пиво уусан, нэг мэдсэн манай ихэр, найз Анхбаяр бид гурав тасраад унтаад өгсөн байсан. Би 2022 оны 2 дугаар сарын 20-ны 03.00 цаг өнгөрч байх үед сэртэл миний Samsung А-52” загварын, ихэр Энхбаярын Samsung S21” загварын гар утаснууд байхгүй болчихсон байсан. ...бид нар цагдаа дээр ирээд өргөдөл гаргах гэтэл согтуу байсан учраас 2022 оны 2 дугаар сарын 21-ний өдөр өргөдөл гаргаж шалгуулсан, гэтэл манай найз Хишигбаяр манай ихэр, бид хоёрын гар утсыг авсан гэдгээ цагдаад хэлсэн байсан. Миний гар утсыг надад бүрэн бүтэн хүлээлгэн өгсөн, харин манай ихрийн утсыг Хишигбаяр бусдад зарчихсан байсан, бэлэн мөнгөөр нь төлж барагдуулсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дахь тал/,

гэрч Б.А-н “...Би маргааш өглөө нь 10 цагийн үед сэрэхэд Энхбат, Энхбаяр хоёр “утас алга болчихсон байна” гээд хайгаад байсан, намайг сэрэхэд буудалд цуг орсон Энхбаяр, Энхбат, Хишигбаяр бүгд байсан, гэр хорооллын эцэс дээрээс манай машинд суугаад танилцсан эмэгтэй явчихсан байсан. Тэгэхээр нь тэр эмэгтэйг сайн таньж мэдэхгүй болохоор бүгд тэрийг авсан гэж хардаж байсан, бүүр дараа нь Хишигбаяр гар утсыг авсныг мэдсэн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23 дахь тал/,

Ш.Х-ын сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...эцэс дээр танилцсан эмэгтэй “явлаа” гээд гараад явсан, би араас нь гарахдаа Энхбаяр, Энхбат хоёрын гар утсыг аваад гарсан, намайг буудлаас гарахад нөгөө эмэгтэй явчихсан байсан. Тэгэхээр нь би авч гарсан хоёр утсаа машиныхаа хойд багажид нуучихаад буцаж ороод унтчихсан. ...Би Ц.Энхбатын гар утсыг буцаагаад өгсөн, харин Ц.Энхбаярын гар утасны төлбөр болох 1.500.000 төгрөгийг төлж барагдуулсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 25, 65 дахь тал/, 

“Ашидбилгүүн” ХХК-ийн 2022 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн ТХҮ- 621/3129 дугаартай “...Samsung А-52” загварын гар утас 800.000 төгрөг, Samsung S21” загварын гар утас 1.500.000 төгрөг.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 34-37 дахь тал/,

иргэн Ц.Э-н “...2022 оны 2 дугаар сарын 19-ний өдөр “Энжой” зочид буудлаас “Samsung S21”, “Samsung А-52” загварын гар утсаа хулгайд алдсан.” гэх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 4 дэх тал/, түүний өргөдөл /хавтаст хэргийн 6 дахь тал/,

“Энжой” зочид буудлын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 8-9 дахь тал/,

“Энжой” зочид буудлын хяналтын камерын бичлэгтэй хуурцагийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 10 дахь тал/,

Ш.Х-аас Ц.Энхбаярын Хаан банк дахь 5040233293 дугаартай дансанд 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 700.000 төгрөг шилжүүлсэн тухай баримт /хавтаст хэргийн 15 дахь тал/,

Ш.Х-ын иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, холбогдох бусад баримтууд /хавтаст хэргийн 43-48 дахь тал/,

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 199 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 50-51 дэх тал/,

Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих ангийн 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 04/647 дугаартай “...Ш.Хт эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдөр торгох ялыг бүрэн эдлүүлж хувийн хэргийг хаасан байна.” гэсэн албан бичиг /хавтаст хэргийн 53 дахь тал/,

яллагдагч Ш.Х-ын “...Энхбат, Энхбаяр хоёрын гар утсыг хулгайлж авсан гэх гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг бүрэн барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү.” гэсэн хүсэлт /хавтас хэргийн 69 дахь тал/ зэрэг болно.

   Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, хохирогч, гэрч нараас мөн Ш.Х-аас сэжигтэн, яллагдагчаар мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар;

Шүүгдэгч Ш.Х нь согтуугаар, 2022 оны 2 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сумын Цагаанчулуут баг “Энжой” зочид буудлын өрөөнөөс Ц.Э-н “Samsung S21” загварын гар утас, Ц.Э-н “Samsung А-52” загварын гар утас зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 2.300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;

хэргийн үйл баримтын талаарх, хохирогч Ц.Э-н “...Хишигээ ... хоёр гар утсыг хоёуланг нь авсан талаараа ярьчихсан, Samsung А-52 загварын гар утас нь байгаа” гээд надад өөрөө авч ирж өгөөд, нөгөө гар утсыг “900.000 төгрөгөөр зарчихсан” гэж байсан. Хишигбаяр манай ихэр Энхбатын гар утсыг нь буцаагаад өгчихсөн, харин миний Хаан банкны данс руу 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 700.000 төгрөг, 4 дүгээр сарын 03-ны өдөр 800.000 төгрөгийг төлсөн.” гэх,

хохирогч Ц.Э-н “...манай найз Хишигбаяр манай ихэр, бид хоёрын гар утсыг авсан гэдгээ цагдаад хэлсэн байсан. Миний гар утсыг надад бүрэн бүтэн хүлээлгэн өгсөн, харин манай ихрийн утсыг Хишигбаяр бусдад зарчихсан байсан, бэлэн мөнгөөр нь төлж барагдуулсан.” гэх,

гэрч Б.А-н “...Хишигбаяр гар утсыг авсныг мэдсэн.” гэх,

Ш.Х-ын сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...Би Ц.Энхбатын гар утсыг буцаагаад өгсөн, харин Ц.Э-н гар утасны төлбөр болох 1.500.000 төгрөгийг төлж барагдуулсан.” гэх мэдүүлгүүдээр,

“Ашидбилгүүн” ХХК-ийн 2022 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн ТХҮ- 621/3129 дугаартай “...Samsung А-52” загварын гар утас 800.000 төгрөг, Samsung S21” загварын гар утас 1.500.000 төгрөг.” гэсэн дүгнэлтээр,

иргэн Ц.Э-н “...2022 оны 2 дугаар сарын 19-ний өдөр “Энжой” зочид буудлаас “Samsung S21”, “Samsung А-52” загварын гар утсаа хулгайд алдсан.” гэх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Ш.Х-аас Ц.Э-т хохирол төлсөн баримт зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлэгдсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд уг нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүйгээс гадна шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

          Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заажээ.

          Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.6 дахь заалтад зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан,

          шүүгдэгч Ш.Х-т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд яллагдагч нь прокурортой хуульд заасны дагуу оногдуулах ялыг тохирсныг шүүх хүлээн авч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэлээ.

          Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ш.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон тул шүүх шүүгдэгч Ш.Х-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар;

Шүүх шүүгдэгч Ш.Х-т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал байгаа эсэхийг хянав.

Шүүгдэгч Ш.Х нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдсон, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хувийн байдал зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

          Шүүхийн хэлэлцүүлгийн үед улсын яллагчаас “...шүүгдэгч Ш.Х-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг  журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 9 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “зан үйлээ засах сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй.” гэсэн дүгнэлтийг гаргасан болно.

Бусад асуудал;

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий хуурцагийг эрүүгийн хэрэгт хавсарган үлдээж,

битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдаж,

шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1.Шүүгдэгч Ш.Х-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

         2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Ш.Х-ыг 9 /ес/ сарын хугацаагаар тэнссүгэй.

3.Шүүгдэгч Ш.Х-т 9 сарын хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “зан үйлээ засах сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн   шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Ш.Х-т анхааруулсугай.

5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн хорьдугаар бүлэгт зааснаар шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

          6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Х-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий хуурцагийг эрүүгийн хэрэгт хавсарган үлдээж,

энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ш.Х нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдсугай.  

8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч нар, тэдний өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.ЭНХТУНГАЛАГ