Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Даваанямын Оюумаа |
Хэргийн индекс | 128/2019/0549/З |
Дугаар | 128/ШШ2019/0568 |
Огноо | 2019-09-16 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 128/ШШ2019/0568
2019 оны 09 сарын 16 өдөр Дугаар 128/ШШ2019/0568 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж тус шүүхийн хоёрдугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Гомдол гаргагч: ******* ХХК
Хариуцагч: Баянгол дүүрэг, Тээвэрчдийн гудамж хаягт байрлах Улаанбаатар хотын Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Н.Ц
Гомдлын шаардлага: Улаанбаатар хотын гаалийн газрын гаалийн улсын байцаагч Н.Ц-ийн 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 0243046 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах.
Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Д, гомдол гаргагчийн өмгөөлөгч Ч.Б, хариуцагч Н.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Түвшинзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гомдол гаргагч ******* ХХК-ийн ерөнхий захирал Д.Гшүүхэд гаргасан гомдолдоо: “... Манай ажилтан Т.Т 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр автомашины гаалийн бүрдүүлэлт бичиж гаалийн байгууллага руу илгээсэн байна. Үүнийг гаалийн байгууллагын бичиг баримтын болон хяналт шалгалтын гаалийн улсын байцаагч нар шат шатандаа хянаж бүрдүүлэлт хийгдэж дууссан юм байна. Гэтэл Гаалийн ерөнхий газрын Гаалийн бүрдүүлэлтийн албанаас 2018 оны гаалийн мэдээллийг шалгах явцад суудлын автомашины онцгой албан татварын ногдуулалтыг буруу тооцсон зөрчил 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр илэрч Т.Т нь тэр дор нь зөрүү татварыг барагдуулсан байна.
Энэхүү зөрчлийг шалган гаалийн улсын байцаагч Н.Ц нь Т.Т-аас гэрчийн мэдүүлэг авч зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, шийтгэлийн хуудсыг Т.Т-д гардуулсан байна. Мэргэжилтэн Т.Т нь манай байгууллагад хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилладаг бөгөөд тус гэрээний 4.2.16-д “Ажилтан ажил үүргээ гүйцэтгэх явцад гаргасан ажил мэргэжлийн буруутай үйлдлийн хариуцлагыг өөрөө хүлээнэ” гэж заасны дагуу өөрийн гаргасан үйлдлийнхээ хариуцлагыг өөрөө хүлээж, зохих ёсоор өмгөөллийн туслалцаа авч холбогдох байгууллагад хандсан байна. Улмаар Т.Т Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан боловч нэхэмжлэлийг буцаажээ. Буцаах болсон үндэслэл нь шийтгэлийн хуудсыг хувь хүнд бус хуулийн этгээдэд ногдуулсан гэж үзэж, холбогдох байгууллага нь энэ асуудлаар шүүхэд хандах ёстойг зааж өгсөн.
Манай байгууллага ажилтныхаа гаргасан хайхрамжгүй алдааны өмнөөс хариуцлага хүлээх үндэслэлгүй боловч шийтгэлийн хуудсыг байгууллага руу чиглэсэн гэж шүүх дүгнэсэн байгааг олж мэдлээ.
Хэрэв гаалийн улсын байцаагчийн шийдвэрийг байгууллага хүлээн зөвшөөрч шийтгэгдвэл, цаашлаад энэ нь давтагдах аваас байгууллагын тусгай зөвшөөрөл шууд хүчингүй болох асар хортой үр дагавартай учир манайх ажилтны өмнөөс хариуцлага тооцуулах үндэслэлгүй гэж үзэж энэхүү гомдлыг гаргаж байна. Хэрэв шийтгэлийг хуулийн этгээдэд оногдуулж байгаа бол шийтгэлийн хуудсыг хуулийн этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эсвэл итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдэд нь гардуулах ёстой. Энэ нь зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1.2 дахь заалттай нийцнэ. Нөгөө талаар төлөөлөл гэдгийг Иргэний хуулийн долдугаар бүлэгт тодорхой заасан байдаг ба зөвхөн итгэмжлэлийн үндсэн дээр явагдаж болохыг хуульчилсан. Улсын байцаагч Н.Ц нь манай байгууллагыг холбогдогчоор огт тогтоогоогүй мэдэгдэлгүй зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн байна. Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь заалтаар “... холбогдогч сайн дураар зөрчил үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн бол” гэсний дагуу холбогдогчоор тогтоогдсон этгээд нь зөрчлөө сайн дураар хүлээсний үндсэн дээр асуудлыг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх энэ хуулийн заалтыг зөрчсөн. Нөгөө талаар зөрчлийн үйлдлийг гаалийн тухай хууль зөрчсөн гэж ерөнхий бичсэн байгаа нь тодорхой ямар зүйл заалтыг зөрчсөн болох талаар огт дурдаагүй. Зөрчлийн тухай хуулийн 2 дугаар бүлгийн 2.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Хуулийн этгээдийг төлөөлөн, түүний ашиг сонирхлын төлөө энэ хуульд заасан зөрчил үйлдсэн бол хуулийн этгээдэд энэ хуулийн тусгай ангид заасан шийтгэл оногдуулсан” гэж заасан байгаа ба Т.-ын хайхрамжгүй үйлдэл нь манай байгууллагад ямар ч ашиггүй, харин ч байгууллагын ажил хэрэг, нэр хүндэд хортой үйлдэл учраас Т.Т үүний хариуцлагыг хүлээх нь шударга ёсонд нийцэх юм. Иймээс Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйл “Хууль ёсны зарчим” 4. “Энэ хуулийг төсөөтэй хэрэглэхгүй” гэж заасан учир зөрчлийн үйлдэл, эс үйлдэхүйг зөв тодорхойлж хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байсан бөгөөд хууль буруу хэрэглэсэн, хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 0243046 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй олгож өгнө үү” гэжээ.
Хоёр. Хариуцагч Н.Ц шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Улаанбаатар хот дахь гаалийн газрын бичиг баримт хариуцсан гаалийн улсын байцаагч Н.Ц миний бие ******* ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар гаалийн зуучлагч байгууллага гаалийн хууль тогтоомжийг зөрчсөн үйлдэлд хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэж, 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр №0243046 дугаартай шийтгэлийн хуудсаар 3000 нэгжтэй тэнцэн хэмжээний төгрөгөөр торгосон.
Дээрх зөрчлийн үйлдлийг Гаалийн ерөнхий газрын Гаалийн бүрдүүлэлтийн газраас илрүүлэн, Улаанбаатар хот дахь гаалийн газарт хариуцлага тооцон, хариу мэдэгд хэмээн албан бичгээр ирүүлсний дагуу зөрчлийг шалгасан.
Миний бие Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан шийтгэлийн хуудасны хувийг зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийдвэр гарснаас хойш ажлын 3 өдрийн дотор биечлэн танилцуулах, эсхүл харилцаа холбооны хэрэгсэл ашиглан хүргүүлнэ” гэж заасны дагуу шийтгэлийн хуудсыг ******* ХХК-ийн гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн Т.Т-д танилцуулж, шийтгэлийн хуудасны 1 хувийг гардуулан өгсөн бөгөөд гарын үсэг зурахаас татгалзсан. ******* ХХК-иас утсаар холбогдоход шийтгэл оногдуулсан тухай мэдэгдсэн.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт “Шийтгэлийн хуудсыг зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд хүлээн аваагүй нь шийтгэл, албадлагын арга хэмжээг албадан биелүүлэхээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасны дагуу ******* ХХК нь шийтгэлийн хуудсан дээр гарын үсэг зураагүй нь шийтгэлээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй хэмээн үзэж байна.
Дээрх зөрчилд ******* ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар гаалийн зуучлагч байгууллага гаалийн хууль тогтоомжийг зөрчсөн үйлдэлд хялбаршуулсан журмаар зөрчлийг шалган шийдвэрлэсэн болно.
Гаалийн тухай хуульд мэдүүлэгч, гаалийн зуучлагч байгууллага, гаалийн бүртгэгдсэн мэргэжилтний эрх, үүрэг, онцлогийг зааж өгсөн байдаг. Гаалийн зуучлагч байгууллага нь тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулах бөгөөд гаалийн үйл ажиллагаанд оролцохдоо гаалийн бүртгэгдсэнээрээ дамжуулан оролцдог.
******* ХХК нь манай байгууллагатай жил бүрийн эхэнд гэрээ байгуулан гаалийн зуучлалын үйл ажиллагаа явуулах суудал авдаг бөгөөд энэ бүх үйл ажиллагаагаа гаалийн бүртгэгдсэн мэргэжилтнээр дамжуулж хэрэгжүүлдэг.
Иймд уг зуучлагч компани нь дээрх автомашины мэдүүлгийн маягтыг гаалийн бүртгэгдсэн мэргэжилтнээрээ дамжуулан нөхөн бичихдээ барааны ангиллыг кодыг буруу бичиж, онцгой албан татварыг дутуу ногдуулсан зөрчилд гаалийн зуучлагч байгууллага дээр зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авсан болно.” гэжээ
ҮНДЭСЛЭХ нь:
Гомдол гаргагч ******* ХХК-иас Улаанбаатар хот дахь гаалийн газрын гаалийн улсын байцаагч Н.Ц-д холбогдуулан “Улаанбаатар хот дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Н.Ц-ийн 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 0243046 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”[1] тухай гомдлын шаардлагын хүрээнд энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж хэргийг хянан шийдвэрлэлээ.
Улаанбаатар хот дахь гаалийн газрын гаалийн улсын байцаагч Н.Ц нь 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 0243046 дугаар шийтгэлийн хуудсаар ******* ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 14-т заасныг үндэслэн 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ[2]. Шийтгэлийн хуудсын он засвартай байх боловч хариуцагчаас 2019 онд үйлдэгдсэн болохыг хүлээн зөвшөөрсөн.
Гомдол гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дээрх шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч “Улсын байцаагчаас гаалийн хууль тогтоомж зөрчсөн гэх боловч аль зүйл заалтыг зөрчсөн нь тодорхойгүй, шийтгэлийн бүртгэгдсэн мэргэжилтэн болох хувь хүнд ногдуулах ёстой байхад хуулийн этгээдэд ногдуулсан Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлд нийцээгүй, холбогдсон этгээдийн гэрчээр асууж, хуулийн этгээдийн төлөөлөх эрх бүхий этгээдэд мэдэгдээгүй нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” гэж маргасан.
Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 14-т “Гаалийн зуучлагч, мэдүүлэгч гаалийн хууль тогтоомжийг зөрчсөн, эсхүл хууль тогтоомжид заасан эрхээ хэтрүүлсэн бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заажээ.
******* ХХК нь гаалийн зуучлагчийн эрхтэй тухайд хэргийн оролцогчид маргахгүй байх ба Т.Т-ыг “гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн”-ээр ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээ байгуулжээ[3].
Эрх бүхий албан тушаалтнаас хэрэгжүүлсэн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад гаалийн зуучлагч ******* ХХК-д бүртгэгдсэн мэргэжилтэн болох Т.Ту нь 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр “АДСА” ХХК-ийн нэр дээр Япон улсаас орж ирсэн Toyota, Prius 1790cc, цайвар цэнхэр өнгөтэй автомашины гаалийн мэдүүлэг[4]-ийг нөхөн бичиж, барааны кодыг мэдүүлэгт нөхөн бичихдээ буруу бичиж гаальд мэдүүлсэн зөрчил үйлдэгдсэн болох нь тогтоогдсон байна.
Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.19-д “гаалийн харилцаанд оролцогч” гэж гаалийн байгууллага болон мэдүүлэгч, гаалийн зуучлагч, тээвэрлэгч, гаалийн түр агуулахын болон баталгаат бүсийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл эзэмшигч, банк, даатгалын байгууллагыг”, 66 дугаар зүйлийн 66.2-т “Гаалийн зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх Монгол Улсын хуулийн этгээд нь тусгай зөвшөөрөлтэй байх бөгөөд уг зөвшөөрлийг гаалийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн олгоно”, 69 дүгээр зүйлийн 69.2-т “Гаалийн зуучлагч энэ хуулийн 57.2-т зааснаас гадна дараахь үүрэг хүлээнэ”, 69.2.2-т “гаалийн бүртгэгдсэн мэргэжилтнээрээ дамжуулан гаалийн үйл ажиллагаанд оролцох” гэж тус тус зааснаас үзвэл гаалийн зуучлагч байгууллага нь тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулж, гаалийн харилцаанд гаалийн бүртгэгдсэн мэргэжилтнээрээ дамжуулан оролцохоор зохицуулжээ.
Дээрхээс дүгнэвэл гаалийн мэдүүлэгчийн үүргийг хүлээн гаалийн харилцаанд оролцож буй этгээд нь мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.2.1-т “гаалийн мэдүүлгийн дагуу өгсөн мэдээллийн үнэн зөвийг хариуцах …”, 57.2.6-д “гаалийн хууль тогтоомжийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх” мэдүүлэгчийн үүргийг хүлээхээр байх тул гомдол гаргагчийн “хуулийн этгээдэд бус хүнд хариуцлага тооцох ёстой байсан” гэсэн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй юм.
Өөрөөр хэлбэл, гаалийн зуучлагч болох хуулийн этгээд нь мэдүүлэгчтэй байгуулсан гэрээний үндсэн дээр мэдүүлэгчийн нэрийн өмнөөс түүний эрх үүргийг хэрэгжүүлэн гаалийн харилцаанд оролцож байх тул гаалийн мэдүүлгийг алдаатай гаргаснаас үүсэх үр дагаврыг мэдүүлэгч өөрөө буюу маргааны тохиолдолд зуучлагч хариуцах нь Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2-т заасан “Зөрчил үйлдсэн ..., хуулийн этгээдэд ... шийтгэл ногдуулах” зарчимд нийцнэ.
Түүнчлэн Т.Ту нь зөвхөн ******* ХХК-ийн мэргэжилтнээр бүртгэгдсэн тухайд хэргийн оролцогчид маргахгүй, бүртгэгдсэн мэргэжилтэн болохынхоо хувьд Т.Т нь гаалийн мэдүүлгийг нөхөн бичих цахим системд нэвтрэх тусгайлсан эрхтэй” хэмээн хариуцагч тайлбарлаж байна.
Мөн Т.Т нь гэрчээр өгсөн мэдүүлэгтээ барааны кодыг буруу бичиж мэдүүлсэн, албан татварын үүссэн зөрүүг бараа хүлээн авагч төлнө гэсэн гэж мэдүүлсэн, суудлын автомашины онцгой албан татварын ногдуулалтыг буруу тооцож мэдүүлэн, гаалийн бүрдүүлэлтийн явцад байцаагч нар онцгой албан татварын ногдуулалтыг шалгаагүй бүрдүүлэлт хийсэн алдаа гаргасан болохоо хүлээн зөвшөөрсөн.
Дээрхээс үзвэл, гаалийн мэдүүлэг гаргахтай холбоотой хуулиар тусгайлан зохицуулсан гаалийн харилцаанд Т.Т-ыг ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэж үзэн зөрчлийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэнд хариуцагчийг буруутгах боломжгүйн дээр зөрчилд холбогдогчийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон гэж үзэхээргүй байна.
Нөгөө талаас, гаалийн байгууллагын сургалтад сууж гаалийн бүртгэгдсэн мэргэжилтний эрх авсан хувь хүн нь дангаараа гаалийн зуучлагчийн үүргийг хэрэгжүүлэх боломжгүй байх ба гаалийн зуучлагчийн эрх бүхий аль нэг хуулийн этгээдэд харьяалагдан, түүний нэрийн өмнөөс гаалийн зуучлагчийн үйл ажиллагааг хэрэгжүүлж байх тул нэхэмжлэгчийн “мэргэжилтний үйл ажиллагаа тусдаа бөгөөд бүртгэгдсэн мэргэжилтний хүлээх хариуцлагыг хуулийн этгээдэд хүлээлгэж байгаа нь шударга бус” гэсэн тайлбар үндэслэлгүй.
Харин гаалийн зуучлагчийн үйл ажиллагаа нь бүртгэгдсэн мэргэжилтний үйл ажиллагаагаар илэрхийлэгдэхийн сацуу зуучлагч нь зуучлалын үйл ажиллагааны төлбөрөөр санхүүжихээр байх тул маргаан бүхий акт нь Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 3-т “Хуулийн этгээдийг төлөөлөн, түүний ашиг сонирхлын төлөө энэ хуульд заасан зөрчил үйлдсэн бол хуулийн этгээдэд энэ хуулийн тусгай ангид заасан шийтгэл оногдуулна” гэж заасанд нийцсэн байна.
Хэдийгээр мэдүүлгийг хүлээж авсан гаалийн улсын байцаагчаас мэдүүлгийг нягтлан шалгалгүйгээр гаалийн бүрдүүлэлтийг хийж, барааг улсын хилээр нэвтрүүлсэн байх боловч энэ төрийн албан хаагчид сахилгын хариуцлага ногдуулах үндэслэл болохоос бус зөрчил үйлдсэн хуулийн этгээдийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.
Мөн эрх бүхий албан тушаалтнаас хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцогчоор тогтоогоогүй, бүртгэгдсэн мэргэжилтнээс гэрчийн мэдүүлэг авсан, шийтгэлийн хуудаст гаалийн хууль тогтоомжийн аль зүйл заалтыг зөрчсөнийг тэмдэглээгүй зэргээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хуульд заасны дагуу албажуулаагүй байх боловч энэ нь шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох хангалттай үндэслэл болохооргүй байна.
Иймд ******* ХХК-иас Улаанбаатар хот дахь гаалийн газрын гаалийн улсын байцаагч Н.Ц-д холбогдуулан “Улаанбаатар хот дахь гаалийн газрын гаалийн улсын байцаагч Н.Ц-ийн 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 0243046 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 14-т заасныг баримтлан гомдол гаргагч ******* ХХК-иас Улаанбаатар хот дахь гаалийн газрын гаалийн улсын байцаагч Н.Ц-д холбогдуулан “Улаанбаатар хот дахь гаалийн газрын гаалийн улсын байцаагч Н.Ц-ийн 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 0243046 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОЮУМАА
[1] Хавтаст хэргийн 1-3 дугаар хуудас
[2] Хавтаст хэргийн 93 дугаар хуудас
[3] Хавтаст хэргийн 128-132 дугаар хуудас
[4] Хавтаст хэргийн 80-81 дүгээр хуудас