Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2016/0029

 

 

Иргэн Ч.Агийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Дэлгэрмөрөн, нэхэмжлэгч Ч.А нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 610 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор иргэн Ч.Агийн нэхэмжлэлтэй, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Сонгон шалгаруулалтын комисст холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б/38 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлсийг нөхөн гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд шүүхэд гаргасан хариу тайлбартааАлбан ёсоор лаборатори сургууль болоогүй гэсэн тухайд:

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2013 оны А/229 дүгээр тушаалаар Булган аймгийн Хишиг-Өндөр сумын сургуулийг ерөнхий боловсролын лаборатори сургууль болгох шийдвэр гарч, захирлын үүрэг гүйцэтгэгч Ч.Атай хөдөлмөрийн гэрээ байгуулсан болно.

Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан хуулийн өмнө эрх тэгш байна гэсэн заалтыг зөрчсөн гэсэн тухайд:

Булган аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2010 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 06 дугаар тогтоол, мөн зөвлөлийн 2010 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 98 дугаар, 2010 оны 12 дугаар сарын 07-ны 104 тоот албан бичиг, 2014 оны 07 дугаар сард манай яаманд иргэн Ж.Бгийн ирүүлсэн өргөдлийг тус тус үндэслэн сонгон шалгаруулалт зарлахаар шийдвэрлэсэн байх тул хуулийн өмнө эрх тэгш байх Үндсэн хуулийн зарчмыг алдагдуулаагүй болно.

Сонгон шалгаруулалт: а/ Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолд зааснаар 14 хоногийн өмнө сул орон тоо болгосон байх ёстой байтал шууд зарласан гэсэн тухайд:

Булган аймгийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Б/38 дугаар тушаалаар Хишиг-Өндөр сумын бүрэн дунд сургуулийн захирлын ажлаас Ч.Аг 2014 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн чөлөөлж, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2013 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Б/82 дугаар тушаалаар Булган аймгийн Хишиг-Өндөр сумын ерөнхий боловсролын лаборатори сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр 2014 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн түр томилон ажиллуулснаар ажлын байрны сул орон тоо гарсан.

б/ Комиссын бүрэлдэхүүн дутуу орсон тухайд:

Комиссын гишүүн Ч.Б шалгалт зохион байгуулсан өдөр өвчтэй байсан тул Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Төрийн албаны салбар зөвлөлөөс Төрийн албаны зөвлөлд шалгалтыг зохион байгуулах захиалга өгсний дагуу сорилын, бичгийн, мэдээллийн технологийн мэдлэгийн, ярилцлагын шалгалтыг Төрийн албаны зөвлөлийн шалгалтын танхимд зохион байгуулж шалгалтын дүнг албажуулан сонгон шалгаруулалтын үйл явцын тэмдэглэл хөтлөн баримтжуулсан болно.

в. Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь заалтад дурдагдсан боловсролоор нь хязгаарлах, давуу байдал тогтоохыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн тухайд:

Ерөнхий шаардлагын үнэлгээнд хамаарах боловсрол, туршлага, мэргэшсэн байдал гэсэн 3 шалгуурын нийлбэр үнэлгээгээр Ч.А нь өрсөлдөгчөөсөө 1,5 оноо илүү үнэлэгдсэн байх тул давуу байдал тогтоосон гэх нь үндэслэлгүй болно.

д. Хөтөлбөр бэлтгэсэн байдалд харьцангуй доогуур оноо өгсөн тухайд:

Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтын үнэлгээ хөгжүүлэх хөтөлбөр төсөл болон өөрийн чадавхийг илэрхийлсэн тухайн албан тушаалд томилогдох хүсэлт /өргөдөл/-ийг комисст хэрхэн танилцуулснаар нь үнэлсэн болно.

Сонгон шалгаруулалтын дүнг 24 цагийн дотор танилцуулаагүй тухайд:

Комиссын сонгон шалгаруулалтын үйл ажиллагааны талаарх дүгнэлтийг 24 цагийн дотор оролцогчид танилцуулах талаар холбогдох журамд зохицуулаагүй. Харин мөн хугацаанд төрийн албаны салбар зөвлөлд танилцуулахаар зохицуулсан байдаг. Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан журмын 7.2-т заасны дагуу комиссын дарга нь сонгон шалгаруулалт явуулсан тухай албажуулж 2015 оны 01 дүгээр сарын 22-ний өдөр буюу 24 цагт багтаан төрийн албаны салбар зөвлөлд танилцуулсан.

Хөдөлмөрийн гэрээг үндэслэсэн нь ажлаас чөлөөлсөн тушаалын 3 дахь үндэслэл болохгүй тухайд:

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2 дахь заалтын дагуу Хөдөлмөрийн гэрээг сонгон шалгаруулалтын дүн гарах хүртэлх хугацаатай байгуулсан. Сонгон шалгаруулалтын дүнгээр захирлын үүрэг гүйцэтгэгч Ч.А нь 01 дүгээр байр эзлээгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь заалтын дагуу хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан.

Сонгон шалгаруулалтын талаар 2015 оны 01 дүгээр сарын 26-нд гомдол гаргасан боловч ямар нэг хариу өгөөгүй тухайд:

Сонгон шалгаруулалтын комисс дүгнэлтээ Төрийн албаны салбар зөвлөлд хүргүүлснээр үйл ажиллагаа нь дуусгавар болж Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Төрийн албаны салбар зөвлөл нь өргөдөл гомдолд хариу өгөх журмын дагуу 2015 оны 02 дугаар сард бичгээр хариу өгсөн болно. Иймд, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын иргэн Ч.Агийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангахгүй орхиж, хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 192 дугаар шийдвэрээр: Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.12, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 11 дүгээр зүйлийн 11.6, 27 дугаар зүйлийн 27.1.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б/38 дугаар тушаалыг хүчингүй болгож, Ч.Аг өмнө ажиллаж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн томилохыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдад даалгаж,

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан лаборатори сургууль болсноос хойш 18 сар ажилласан хугацааны зохих нэмэгдлийг өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговроор зохих журмын дагуу тооцон олгохыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдад даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагч Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т давж заалдах гомдолдоо: 1. Анхан шатны шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 18 сар ажилласан хугацааны зохих нэмэгдлийн талаар шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч талаас ямар нэгэн тайлбар өгөөгүй бөгөөд энэ талаар огт яригдаагүй. Шүүхийн шийдвэр хууль тогтоомжид нийцсэн, алив нотлох баримтад тулгуурласан байх ёстой. Гэтэл анхан шатны шүүх иргэн нэмэгдэлтэй холбогдуулан хүчин төгөлдөр үйлчилж буй холбогдох хууль тогтоомжийг огт судлаагүй, талуудын тайлбар нотолгоог огт хэлэлцэлгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна.

2. Булган аймгийн Хишиг-Өндөр сумын бүрэн дунд сургуулийн захирлыг томилсон нь анхнаасаа хууль бус байсантус салбар зөвлөлийн зохион байгуулсан сонгон шалгаруулалтын дүнг үндэслээгүй гэдгийг нотлох баримтаар тайлбарлан нотолсоор байтал шүүх нотлох баримтыг дутуу шинжлэн судлан асуудлыг сайтар судлалгүй шийдвэр гаргасан.

3. Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2013 оны тушаалын хавсралтад нэмэлт оруулах тухай А/229 дүгээр тушаалаар Булган аймгийн Хишиг-Өндөр сумын ерөнхий боловсролын сургуулийг ерөнхий боловсролын лаборатори сургууль болгосон нь Боловсролын тухай хуульд зааснаар бага, дунд боловсролын судалгаа, арга зүйн туршилтыг зохион байгуулах ерөнхий боловсролын сургууль юм. 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тус лаборатори сургуулийн захирлыг Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага сонгон шалгаруулалтын дүнд үндэслэн томилохоор хуульчилсан. Хуулийг хэрэгжүүлэхээр Төрийн албаны зөвлөлөөс 2013 оны Журам батлах тухай 60 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журмын дагуу сонгон шалгаруулалтыг явуулсан. Тус журмын 1.3-д тухайн ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангасан удирдах ажилтныг сонгон шалгаруулах талаар зохицуулсан. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт ажил олгогч нь ажлын байрны тодорхойлолтыг батлах тухай зохицуулсан.

Дээр дурдсан хууль тогтоомжийг хэрэгжүүлэхээр Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2014 оны Ажлын байрны тодорхойлолт батлах тухай А/140 дүгээр тушаалаар Ерөнхий боловсролын лаборатори сургуулийн захирлын ажлын байрны тодорхойлолтыг баталсан. Энэхүү тодорхойлолт нь ердийн ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажлын байрны тодорхойлолт болон түүнд тавих шаардлагаас өөр бөгөөд онцлог шинжтэй юм. Шүүх энэ асуудлыг огт судлан үзсэнгүй.

Иймд, анхан шатны шүүхийн 2015 оны 610 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэг. Булган аймгийн Хишиг-Өндөр сумын сургуулийн захирлаар сумын Засаг даргын 2010 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 154 дүгээр захирамжаар[1] томилогдон ажиллаж байсан нэхэмжлэгч Ч.Аг Булган аймгийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Б/38 дугаар захирамжаар[2] Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2013 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А/229 дүгээр тушаалаар[3] тухайн сургуулийг ерөнхий боловсролын лаборатори сургууль болгосонтой холбогдуулан Хишиг-Өндөр сумын бүрэн дунд сургуулийн захирлын ажлаас 2014 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс чөлөөлсөн, үүний дараа Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2014 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Б/82 дугаар тушаалаар Ч.Аг Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Ерөнхий боловсролын лаборатори сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр 2014 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн түр томилж, 2014 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 2014/16 дугаар Хөдөлмөрийн гэрээ[4] байгуулж, гэрээний хугацааг Сонгон шалгаруулалтын эцсийн шийдвэр гаргах хүртэл тогтоосон нь өнөөг хүртэл хүчин төгөлдөр байгаа нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Ч.А түүнийг сургуулийн захирлаас чөлөөлсөн 2014 оны Б/38 дугаар захирамжийн талаар Булган аймгийн Засаг даргатай эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь зөрчсөн гэж үзэж огт маргаагүйгээс гадна захирлын үүрэг гүйцэтгэгчээр түр томилж, тус сургуулийн захирлын албан тушаалд сонгон шалгаруулалт явуулахыг даалгасан Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2014 оны Б/82 дугаар тушаалын 1, 5 дахь заалтыг хүчингүй болгуулах тухай нэмэгдүүлсэн шаардлагыг нь хүлээн авахаас татгалзсаныг хүлээн зөвшөөрч шүүгчийн захирамжид ямар нэгэн гомдол гаргаагүй байна.

Эдгээрээс үзэхэд нэхэмжлэгч нь маргаан бүхий актыг гаргах үед Булган аймгийн Хишиг-Өндөр сургуулийн захирлаар бус үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан бөгөөд энэ тохиолдолд тухайн албан тушаалд Төрийн албаны тухай хуульд заасан журмын дагуу сонгон шалгаруулалт явагдах нь зайлшгүй байжээ.

Үүнийг ч мөн тэрээр хүлээн зөвшөөрч Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр зохион байгуулсан сонгон шалгаруулалтад оролцсон байна.

Хэдийгээр нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны комиссын тогтоолуудыг үл зөвшөөрч хүчингүй болгох-оор нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн боловч тухайн шаардлагаасаа өөрөө татгалзжээ[5].

Тиймээс сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн захирлын үүрэг гүйцэтгэгч Ч.Аг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б/38 дугаар тушаал Боловсролын тухай хуулийн 28.1 /Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ/, 28.1.12 /төрийн өмчит их сургууль, дээд сургууль, коллеж, боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллага, боловсролын үнэлгээний байгууллага, албан бус боловсролын сургалт, судалгаа, арга зүйн байгууллага, төрийн өмчит олон улсын хөтөлбөрийн сургалттай ерөнхий боловсролын сургууль болон ерөнхий боловсролын лаборатори сургуулийн захирлыг сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн томилох, хуульд заасан үндэслэлээр чөлөөлөх/-д нийцсэн бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

Эдгээр асуудлаар анхан шатны шүүх үндэслэлгүй дүгнэлт хийснээс нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь буруу байна.

Хоёр. Шүүх нэхэмжлэгчээс лаборатори сургууль болсноос хойш 18 сар ажилласан хугацааны олгогдоогүй нэмэгдлийг нөхөн гаргуулах-аар[6] нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг хүлээн авч тухайн шаардлагыг ажилгүй байсан хугацааны олговортой адилтган хангаж шийдвэрлэсэн нь буруу байна. Зүй нь тухайн нэмэгдүүлсэн шаардлагыг шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1-д зааснаар хүлээн авахаас татгалзах байжээ.

Тодруулбал, захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байх хугацаанд нь Ч.Ад албан тушаалынх нь цалинг хууль тогтоомжид заасны дагуу бүрэн гүйцэд олгоогүй буюу ур чадварын болон бусад хугацааны нэмэгдлүүдийг нөхөн гаргуулах тухай асуудлыг захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэхгүйгээс гадна үүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасан ажлаас буруу халсан үеийн олговортой адилтгах боломжгүй.

Дээрх нөхцөл байдлуудыг үндэслэн шүүхийн шийдвэрт нэхмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан, нэхэмжлэгч Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 12 жилийн дунд сургуулийн захирлын ажлын байранд сонгон шалгаруулалт явуулсан Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны комиссын тогтоолуудыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон, нэхэмжлэгчээс илүү төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг шийдвэрлэлгүй орхигдуулсныг залруулсан өөрчлөлтүүдийг оруулахаар шийдвэрлэв.

Лаборатори сургуулийн захирлын үүрэгт ажлыг гүйцэтгэсэн 18 сарын хугацааны олгогдоогүй нэмэгдлийг гаргуулах тухай нэхэмжлэлээ харьяалах шүүхэд гаргуулж шийдвэрлүүлэх Ч.Агийн эрх нээлттэйг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 192 дугаар шийдвэрийн Тогтоох нь хэсгийн 1, 2, 3 дахь заалтыг 1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1, 74 дүгээр зүйлийн 74.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Агийн Лаборатори сургууль болсноос хойш 18 сар ажилласан хугацааны зохих нэмэгдлийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4, 74 дүгээр зүйлийн 74.1-д заасныг баримтлан Сонгон шалгаруулалт явуулсан Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны комиссын тогтоолуудыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч Ч.А татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 3. Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.12-т заасныг баримтлан Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б/38 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэгч Ч.Агийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. 4. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа төлсөн 140.400 төгрөгөөс 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай гэж, Тогтоох нь хэсгийн заалтын 4 дугаарыг 5 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ Ц.ЦОГТ

ШҮҮГЧ Д.БАТБААТАР