Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 117

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж, шүүгч Н.Баасанбат, Ч.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй,

Улсын яллагч Э.Гантулга,

Нарийн бичгийн дарга Б.Соёлмаа,

Иргэдийн төлөөлөгч Д.Пүрэвсүрэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Золжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, мөн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар Э.Бат-Эрдэнэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201405000460 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 07 сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт :

Монгол Улсын иргэн, 1973 оны 05 сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2-35Б-10 тоотод оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд Сэлэнгэ аймгийн шүүхийн 1990 оны 05 сарын 15-ны өдрийн 13 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 90 дүгээр зүйлийн 2-т зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж мөн шүүхийн 1990 оны 06 сарын 19-ний өдрийн 27 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 267 дугаар зүйлийн 2-т зааснаар 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж Эрүүгийн хуулийн 38 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан түрүүчийн тогтоолоор оногдуулсан эдлээгүй үлдсэн 3 жил 6 сарын хорих ялын зарим хэсэг болох 3 жил 4 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн бүгд 4 жилийн хугацаагаар хорих ялаар, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 1993 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 63 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 3-т зааснаар 3 жилийн хорих ялаар, Сэлэнгэ аймгийн 2 дугаар шүүхийн 2000 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 04 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 112 дугаар зүйлийн 3-т зааснаар 8 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, НЙ73052236 тоот регистрийн дугаартай, Боржигон овогт Эрдэнэбаатарын Бат-Эрдэнэ,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Бат-Эрдэнэ нь 2014 оны 11 сарын 20-ны өдөр согтуурсан үедээ Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн 16-04 тоотод оршин суух иргэн Ш.Алтанхуягийн гэрт үл ялих зүйлээр шалтаглан танхайн сэдэлтээр иргэн Э.Даваасүрэнгийн зүүн бөөрөн тус газарт нь хутгалж бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан, мөн дээрх гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байх үедээ түүнд урьд 2015 оны 03 сарын 20-ны өдөр авагдсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг зөрчиж 2015 оны 05 сарын 22-ны өдрөөс 2016 оны 03 сарын 18-ны өдрийг хүртэл мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд :

Хохирогч Э.Даваасүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн ... Би 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн орой 18 цаг өнгөрч байхад хадам ээж Баасантай, өөрийнхөө эзэмшлийн 64-30 БНА улсын дугаартай цагаан өнгийн соната-2 маркийн авто машинаар хөдөөнөөс ирсэн юм. Тэгээд хадмынд ороод толгой, хүзүүгээ угаачихаад, цай уусан түүний дараа Номун далай сургуулиас сургуулийн хүүхэд машинаараа очиж авчирсан. Хоол унд идэж уучихаад хадмынхаас гарч алхаад Алтанхуяг ахынд орж мэнд сольсон. Тэр үед тэднийд Алтанхуяг ах, түүний эхнэр, мөн наана нь Монжог Батсайхан гэх хүн хоёр хүүхэдтэйгээ, мөн хар даа хочит Бат-Эрдэнэ нар байсан. Тэр хүмүүс хөзөр тоглоод сууж байсан, тэднийд ороод зогсож байтал хадам ээж араас орж ирээд хоолоо ид гэж хэлсэн. Би тэгээд зөрөөд гарсан, хадмынд хоолоо идчихээд таксинд явах санаатай машины түлхүүрээ халаасандаа үзтэл байхгүй байхаар нь гараад хажуу айл болох Алтанхуягийнд орж түлхүүрээ асуусан. Аптанхуяг ах үзээгүй, мэдэхгүй гэж хэлсэн. Хоёр дахь удаа ороход Алтанхуяг ах, түүний хоёр эмэгтэй хүүхэд нь ээж хөх толгой гарах гээд явсан түүн рүү явах гэж байна гээд зогсож байсан. Надтай хүүхдүүд нь зөрөөд гараад явсан мөн наана нь намайг хутгалсан гэх Бат-Эрдэнэ, хөдөөнөөс ирсэн гэх Жоохноо гэх залуу нар байсан, тэгээд эргээд буцаад гараад явсан, хэсэг хугацааны дараа буцаж орж түлхүүрээ дахин асуугаад та нар түлхүүр авсан бол ах нараа өгчих, Алтанхуяг ахад хандан та Даваадагва ахад яагаад сонин зүйл яриад байгаа юм гэж хэлсэн. Тэгсэн Алтанхуяг ах би тэгж хэлээгүй, нэрээ олж авна гэж хэлсэн. Хар даа хочит Э.Бат- Эрдэнэ чи муу яах гээд байгаа юм гэж хэлээд гадуурх хүрмээ тайлаад орон дээрээс босч ирсэн, тэр үед би тайван зогсож байсан, Алтанхуяг ахын зурагт руу хараад зогсож байтал хутга бариад хажууд ирж зогсоод миний зүүн бөөрний орчимд нэг удаа хутгалсан, тэр үед би газар унаад тэрхэн зуур хурдан босоод зугтсан, хашаанаас гарч гүйсэн, араас Хар даа хөөгөөд хашааны хаалга хүртэл гүйсэн. Би баруун эргээд гүйсэн хүргэн ах Баасанбатынд гүйж очсон тэгээд ороод хутгалуулчихлаа гэж хэлсэн, тэгээд эгч ах нар түргэн тусламж дуудсан юм. Би гомдолтой байна, эрүүл байсан эрхтнээсээ хагацсандаа тун гомдолтой байна. Тэр намайг хутгалаагүй бол огт ийм зүйл болохгүй байх байсан. Эмчилгээ сувилгааны зардал нэхэмжилнэ, түүнийгээ баримтаар гаргаж өгнө ... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 17-18/,

Гэрч Б.Баасангийн мөрдөн байцаалтанд өгсөн ... Би 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 17 цаг өнгөрч байхад хөдөөнөөс хүргэн Э.Даваасүрэн, найзын эхнэр Ариунаа, наана нь 3 настай хүүхэдтэй, хүргэн Даваасүрэнгийн цагаан өнгийн суудлын авто машинаар ирсэн. Хүмүүсээ хүргэж өгчихөөд хүргэн бид хоёр манайд очсон, тэгээд толгой, хүзүүгээ, угааж замын тоосноосоо салсан, түүний дараа манай хүргэн сургуулийн хүүхэд авчрахаар яваад, манай охиныг очиж авчирсан, тэр хооронд би гэртээ хоолоо хийж байсан, хүргэн Даваасүрэн хүүхэд авчирчихаад хажуу айл болох Алтанхуягийнх руу орсон, би араас нь хажуу айлдаа ороход хүмүүс хөзөр тоглоод байж байсан, хүргэн Даваасүрэн, өөрийн хүү Даваасүрэн хоёрыг хоолоо ид гэж хэлсэн, тэр хоёр надтай зөрөөд гарсан, би айл цай хийж өгөхөөр нь түүнийг нь уучихаад буцаж гэр руү орсон, намайг Аптанхуягийнд орох үед Хар даа хочит Бат- Эрдэнэ, Алтанхуяг, Алтанхуягийн эхнэр Нэргүй, Монжог хочит Батсайхан, хар даатай ирсэн гэх нэг эмэгтэй, Жоохноо, эхнэртэйгээ, Алтанхуягийн 3 хүүхэд, Батсайханы 2 хүүхэд нар байцгааж байсан, тэр хүмүүсийн зарим нь хоол идэцгээгээд сууж байсан, зарим нь хөзөр тоглож байсан. Намайг гэртээ орж ирээд хоолоо идчихээд сууж байхад гаднаас Нарантуяа, Нямсамбуу нар ирсэн, бид нар ойр зуурын юм ярилцаад байж байтал хүргэн Даваасүрэн машиныхаа түлхүүрийг хайгаад тэр хаана тавьсанаа мэдэхгүй байсан юм билээ, тэгээд Алтанхуягийнх руу орох шиг болсон. Тэгээд байж байтал 21 цагийн үед манай хүргэн Даваасүрэн намайг хутгалчихлаа гэж гадаа орилох шиг болсон, тэгээд гараад хартал Хар даа хочит Бат-Эрдэнэ нь том хашааны хаалгаар гүйгээд гарч байгаа харагдсан. Баасанбатын гэрийн зүүн талынх нь багананы ард хулдаас дээр хэвтэж байсан, тэр орчмоор нь цус болсон, амьсгаа авч, гаргахаар нь зүүн бөөрнийх нь орчмоос цус олгойдож гараад байсан, тэгээд эргэж гараад хамт байсан хүмүүстэйгээ гэртээ эргэж очиход манай хашааны үдэн дээр Цагдаагийн дуудлагын машин ирсэн байсан ... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 19/,

Гэрч Н.Батгавъяагын мөрдөн байцаалтанд өгсөн ... Бат-Эрдэнэтэй Баян-Овоо сумын нутаг дэвсгэрт орших “Цагаан цахир”-ын уурхай дээр очиж, тэнд гар аргаар ашигт малтмал олборлож байх хугацаандаа танилцаж байсан, шинэ танилууд юм. Би 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн өглөө Бат-Эрдэнэ манайд орж ирсэн, тэр үед би ганц шил архи ганцаараа уугаад байж байтал гаднаас орж ирсэн, тэр архинаас рүнкээр нэг татчихаад ойр зуурын юм ярилцаж байгаад гараад явсан. Хаа хүрэх гэж байгаагаа хэлээгүй юм. Тэр өдөр би найзуудтайгаа архи уусан, тэгчихээд шөнө гэртээ унтаж байхад шөнийн 22 цаг өнгөрч байхад ганцаараа орж ирсэн, ирэхдээ Алтанхуягийнд нэг нөхөр Алтанхуяг ах руу хэл үгээр дайраад байхаар нь чи боль хөгшин хүн рүү гэтэл над руу томроод тэгэхээр хутгалчихлаа гэх шиг болсон, тэгээд манай гэрт ирээд удаагүй, миний гадуур хүрмийг өмсөөд гараад явсан, ирэхдээ нимгэн ноосон цамцтай байх шиг байсан, сайн анзаарч хараагүй юм. Тэгж гарч явснаас хойш маргааш өглөө нь манай гэрт орж ирсэн гэрийн баруун талын буйдан сандал дээр суусан, тэгэхэд ойр зуурын зүйл яриагүй, суух байж байгаад гараад явсан, би тэр үед хаанаас ирэв, хаа явах гэж байгаа талаар нь асуугаагүй ... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 20/,

Гэрч Б.Энхжаргалын мөрдөн байцаалтанд өгсөн … Би 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн 45 дугаар байрны 17 тоотод байх гэртээ байж байтал, Даваасүрэн хүнд хутгалуулчихлаа гэж манай төрсөн дүү Амаржаргал ирж хэлсэн, тэгээд та эрүүл мэндийн дэвтрийг нь аваарай гэж байсан. Түүнтэй хамт эмнэлэг дээр ирсэн. Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хүлээн авах өрөөнд оёдол тавьж байна гэж байсан, тэгээд дээшээ гэмтлийн тасагт шилжүүлсэн, би тэр шөнөө түүнийг сахиж хоносон, маргааш өглөө нь буюу 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Жавзан эмчийн Эход үзүүлсэн, дотогшоо маш их цус алдапттай байна, хагалгаанд орохгүй бол болохгүй гэж хэлсэн, тэгээд тэр өдрөө буюу 14 цагаас хагалгаанд орсон. Тэгсэн өрөөсөн бөөрийг нь авах шаардлагатай байна гэж хэлсэн. Эмч нар мэс засалд ороод зүүн талын бөөрийг нь авсан юм ... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 21/,

Гэрч Ш.Алтанхуягийн мөрдөн байцаалтанд өгсөн ... 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 12-13 цагийн хооронд Гавъяа гэх хүнтэй хамт орж ирж байсан, тэгээд ойр зуурын юм ярилцаж байгаад гарч явцгаасан, түүнээс хойш 15 цагийн үед хар даа буюу Бат-Эрдэнэ ганцаараа ирсэн. Бат-Эрдэнэ урд өдөр нь манай эхнэр Нэргүйгээс 20.000 төгрөг зээлж яваад өдөр 15 цагт ирчихээд буцааж өгсөн. Тэгээд удалгүй өгсөн мөнгөө буцааж аваэд тэр мөнгөөрөө дэлгүүрээс хүүхдээр 0,75-тай Ерөөл архи авчруулсан. Тэгээд тэр архийг Бат-Эрдэнэ, Монжог хочит Батсайхан, Алтантүлхүүр, бид нар хувааж уусан, тэгээд Алтантүлхүүр, эхнэртэйгээ манайхаас гарч явцгаасан. Тэгээд байж байтал Гавъяагийн эхнэр 2 литрийн хэмжээтэй гурван баавгай нэртэй пиво авчирсан. Түүнээс би нэг аягаар нэг удаа уусан, манай хажуу айлын Баасан гэх эмэгтэй, манай эхнэр Нэргүй, Гавъяагийн эхнэр нар хувааж ууцгаасан. Гавъяагийн эхнэр манай эхнэр Нэргүйг дагуулаад гараад явсан, тэгсэн дэлгүүрээс пиво аваад Хөх толгой уулын орой дээр гарсан гэсэн. Монжог Батсайхан манайхаас гарч яваад хажуу айл Энхбатынд байж байсан гэсэн. Манай гэрт Бат-Эрдэнэ, бид хоёр байж байтал манай хажуу айлын хүргэн нь болох Даваасүрэн нь машины түлхүүр танайд байна уу гэж орж ирсэн, тэгэхээр нь наагуур чинь байвал байж магадгүй, байхгүй бол мэдэхгүй гэж хэлсэн. Тэгээд гараад явсан, тэгснээ удаагүй дахиж орж ирээд машины түлхүүр гээд орж ирчихээд гараад явсан, мөн дахиж орж ирээд чонын шагай нь хэрэгтэй юм бол түүнийгээ аваад түлхүүр өгчих хөгшин банди минь гэж намайг хэлсэн, тэгсэн Бат-Эрдэнэ чи юу гээд байгаа юм байхгүй гэж хэллээш дээ гэхэд чамтай юм яриагүй байна, чамайг ч бас ална шүү гэсэн, тэгсэн Хар Даа хочит Бат-Эрдэнэ гэрийн баруун талд эргүүлэг дээр байсан том шаргал иштэй хутгыг аваад Даваасүрэнг нурууных нь орчим хутгалсан, тэгээд тэр гэрийн босгон дээр нэг бүдэрч унаад аллаа гэж орилсон. Тэгсэн Бат-Эрдэнэ гараад явсан, Бат-Эрдэнэ, Даваасүрэн нарыг хаана очсоныг мэдээгүй ... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 22-23/,

Гэрч Э.Пүрэвсүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн ... Би 2014 оны 11 сарын 20-ны өдрийн 20 цаг өнгөрч байхад ажлаа тараад гэртээ очсон. Гэрт ээж Баасан ганцаараа байсан. Тэгээд араас удаагүй манай найз залуу Даваасүрэн, дүү Мягмарсүрэн, ах Даваасүрэн нар хамт ирцгээсэн, түүнээс хойш орой 21 цагийн үед Нямсамбуу ах, Нарантуяа эгч нар ирсэн, тэгээд удаагүй байж байтал манай найз залуу Даваасүрэн хашааны айл Алтанхуяг ахынд орсон, зөрөөд Монжог Батсайхан ах бага охинтойгоо орж ирээд утсаар ярьсан, түүнээс хойш удаагүй Даваасүрэн орилох шиг болсон, тэгээд би хажуу айл руу гүйгээд ортол Алтанхуяг ахынд Алтанхуяг ах өөрөө гэрийнхээ баруун талын орон дээр хэвтэж байсан, мөн Алтанхуяг ахын жаахан охин, Батсайхан ахын охин гурав байсан, өөр хүн байгаагүй. Алтанхуяг ахын гэрийн хаалганы дотор самбар мод, мөн гэрийн үүдний довжоон дээр цус болсон байсан. Би хажуу айлаас гарч гэртээ орж утсаараа Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм. Тэгээд ах Нямсамбуу эгч Нарантуяа, ээж Баасан, ах Даваасүрэн нарын хамт Нямсамбуу ахын машинаар ертөнцийн зүгээр зүүн тийш гудамж уруудаж явсан. Даваасүрэнг тухайн чигт гүйгээд явлаа гэж бодоцгоосон юм. Тэгээд араас нь очтол гудамжны үзүүр дээр Бат-Эрдэнэ буюу хар даа хочит Даваасүрэнг хутгалсан хүн байсан, тэр гартаа нэг зүйл барьсан байсан, машины гэрэлд харагдсан, тэгээд бид нар айгаад түүн дээр очиж чадаагуй. Тэндээсээ Баасанбат ахынх руу явсан, очиход Даваасүрэн Баасанбат ахын гэрийн зүүн тапын баганын ард гулзайтал хэвтсэн харагдсан. Түүний зүүн бөөрний хэсгээс цус гарч байсан, цамц нь хутганы ормоор зүсэгдсэн байсан, бид нарыг байж байхад түргэн тусламжийн авто машин ирсэн түүнийг аваад эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн төв дээр очсон. Даваасүрэнгийн зүүн бөөрний орчимд оёдол тавьсан. Манай найз залуу Даваасүрэнгийн зүүн бөөрийг 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр мэс заслийн аргаар авсан ... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 30/,

Насанд хүрээгүй гэрч Б.Номингийн мөрдөн байцаалтанд өгсөн ... Би 2014 онь 11 дүгээр сарын 20-ны өдрийн 21 цагийн үед аав Батсайхан, дүү Номуны хамтаар гурвуулаа Алтанхуяг ахынхаас хоолны халуун сав авахаар очсон юм. Алтанхуяг ахынд Алтанхуяг ах өөрөө, эхнэр нь, мөн хоёр охин, нэг эгч, эхнэр нөхөр бололтой хоёр ах эгч нар пиво ууцгаагаад сууцгааж байсан. Тэгээд байж байтал Алтанхуяг ахын эхнэр, нэг ахын эхнэр наана нь байсан бас нэг эгчтэй гурвуулаа Хөх толгойн уулан дээр гарахаар явцгаасан. Гэрт Алтанхуяг, Бат-Эрдэнэ ах Алтанхуяг ахын дүү нь, Алтанхуяг ахын хоёр хүүхэд нь үлдсэн юм. Хэсэг хугацааны дараа Алтанхуяг ахын том охин, дунд охин нар нь ээжийнхээ араас уулан дээр гарах гээд явсан. Гэрт Алтанхуяг, Бат-Эрдэнэ ах нар, мөн Алтанхуяг ахын дүү нь, Алтанхуяг ахын бага охин нар үлдсэн юм. Тэднийд аав, дүү бид гурав байсан. Тэдгээр үйл явдлын дараагаар аав, дүүгийн хамт Алтанхуяг ахын хажуу айл болох Энхбат гэх айл руү орохоор явсан. Би Алтанхуяг ахынд түүний бага хүүхдийг нь хараад үлдсэн юм. Тэгээд байж байтал Энхбат ахын хүргэн болох нэг ах орж ирээд машины түлхүүр алга болчихлоо чонын шагайтай гэж байсан. Тэгснээ Алтанхуяг, Бат-Эрдэнэ ах хоёр руу дайраад та хоёр шагайг нь авчихаад түлхүүрийг минь өгчих гэхэд Алтанхуяг ах би яах гэж авдаг юм гэхэд ална шүү пизда минь хурдан өг гэж хэлсэн. Тэгсэн Бат-Эрдэнэ ах чи одоо зүгээр бай хүн унтаж байхад гэсэн, Алтанхуяг, Бат-Эрдэнэ ах нар гэрийн баруун талын орон дээр унтаж байсан юм. Тэр үед Алтанхуяг ах сэрүүн байсан юм. Энхбат ахын хүргэн болох ах Бат-Эрдэнэ ах руу чи хурдан гаргаад өгчих би чамайг ална шүү гэж хэлсэн. Тэгсэн чинь Бат-Эрдэнэ чамд алуулахаасаа өмнө чамайг алчихъя гээд гэрийн баруун талын үүдний орчимд байх эргүүлэг дээрээс том хутга авсан. Тэгээд Бат-Эрдэнэ ахыг тухайн хутгаа аваад босоход би Алтанхуяг ахын бага хүүхдийг хөтлөөд гэрийн зүүн талаар гадагш гараад гүйж байхад Энхбатын ахын хүргэн аллаа болилдоо, уучлаарай даа ахаа гээд орилсон. Алтанхуяг ахын хажуу айл болох Энхбат ахын гэрийн хаалгыг гаднаас нь татаад онгойлтол Энхбат ахын эхнэр нь урдаас гарч ирсэн. Тэгээд аав дүү хоёр гарч ирээд би аавд явъя гэж хэлээд гэр рүүгээ алхаж харьцгаасан юм. Би хутгалахыг нь хараагүй ...гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 34/,

Гэрч Ө.Ганзоригийн мөрдөн байцаалтанд өгсөн ... Бат-Эрдэнэтэй 2015 оны 09 сарын үед уулзаад Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ноён уулруу алтанд явсан, өөр газруудаар яваагүй. Хэргийн талаар дэлгэрэнгүй яриагүй, харин хэрэгт холбогдсон намайг цагдаагаас хайж байгаа гэж байсан ... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 233/,

Гэрч Э.Энхболдын мөрдөн байцаалтанд өгсөн ... 2015 оны 08-р сараас хойш 2016 оны 03-р сарын дундуур хүртэл Улаанбаатар хотод Сүхбаатар дүүрэг Дамбадаржаад байдаг ээжийнд байж байгаад баригдаад явсан. Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ноён -Уул руу явсан. Хэрэгт холбогдсон талаараа ярьж намайг цагдаагаас хайж байгаа гэж ярьсан ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 235/,

Шүүгдэгч Э.Бат-Эрдэнийн мөрдөн байцаалтанд өгсөн ... 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 21 цагийн үед Алтанхуяг ахынд Дуурсах 3-16-04 тоотод байж байтал гаднаас Алтанхуяг ахын хажуу айлын хүргэн нь гэх нэг залуу орж ирээд Алтанхуяг ахыг муу бөөсөө, юу байна гэсэн. Тэгэхээр нь би хөгшин хүнийг болиоч ээ гэтэл чамд ямар хамаатай юм бэ бөөсөө гэсэн утгатай зүйл хэлсэн. Тэгэхээр нь босч очоод гэрийн баруун талд байх эргүүлэг дээр байсан шар иштэй том хутга байсан, түүнийг аваад тэр залууг гэрийн үүдэнд зогсож байхад нь ар нурууны орчим руу нь дүрсэн. Тэгтэл орилоод газарт унасан тэгэхэд би гэрээс гарч яваад Алтанхуяг ахын зүүн талын айлын жорлонд нь ороод зогссон, тэр үед цагдаагийн болон түргэн тусламжийн машинууд ирж байгаа харагдсан. Хүн дүрсэн хутгаа барьж явж байгаад айлын жорлонд хаяад тэндээсээ Гавъяа гэх айлд очсон ... би мөрдөн байцаалтаас оргон зайлах хугацаандаа Баянхонгор аймгийн Шинэ Жинст сумын цаана гарч байсан алтны газарт 2 удаа очсон, хамт очсон хүмүүс бол Төв аймгийн Борнуурын хүмүүс юм. Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ноён уулны алтны газарт 2 удаа Борнуурын хүмүүстэй очсон. Тэгж алтны газруудаар явснаас хойш Улаанбаатар хотод 2015 оны шинэ жилээс хойш ийш тйишээ яваагүй ... би нэмж сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна ... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 57-58, 236/,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2014 оны 11 сарын 25-ны өдрийн 729 тоот шинжээчийн ... Э.Даваасүрэнгийн биед зүүн ууц, бүсэлхий хэсгийн хэвлийн хөндий болон хэвлийн гялтангийн зүүн арын зайн нэвтэрсэн шарх, зүүн бөөрний нэвт шарх, дотуур, гадуур цус алдалт, зүүн гялтангийн арын зайн цусан хураа гэмтэл үүссэн байна. Уг гэмтлүүд нь нэгэн зэрэг, нэг цаг хугацаанд үүссэн байна. Дээрх зүүн ууц, бүсэлхий хэсгийн хэвлийн хөндий болон хэвлийн гялтангийн зүүн арын зайн нэвтэрсэн шарх, зүүн бөөрний нэвт шарх гэмтлүүд нь хурц үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн байна. Э.Даваасүрэнгийн биед үүссэн зүүн ууц, бүсэлхий хэсгийн хэвлийн хөндий болон хэвлийн гялтангийн зүүн арын зайн нэвтэрсэн шарх, зүүн бөөрний нэвт шарх гэмтлүүд нь 2010 оны ХЗДХСайд, ЭМСАйдын хамтарсан 189/385 тоот тушаалын гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11, 3.1.13 дахь заалтуудаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Э.Даваасүрэнгийн биед үүссэн зүүн бөөрний нэвт шархыг яаралтай журмаар 2014.11.21-ний өдөр мэс заслын хагалгаанд орж, зүүн бөөрийг амьдралын заалтаар авах мэс ажилбар хийгдсэн байна. Э.Даваасүрэнгийн биед үүссэн дээрхи гэмтлүүд нь цаашид биеийн эрүүл мэнд болон хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэхийг одоогоор тогтоох боломжгүй гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 38/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 3/,

Хохирогч Э.Даваасүрэнгийн өмсөж явсан гэх хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, хутганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 7-13/,

Хохирогч Э.Даваасүрэнгийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн үеийн өвчний түүхийн хуулбар /1-р хх-ийн 63-90/,

Цагдаагийн АСАП санд Оргодол эрэн сурвалжилсан талаарх бүртгэл /1-р хх-ийн 190-192/,

Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын 2015 оны 08 сарын 25-ны өдрийн 31-2/2237 тоот хүн эрэн сурвалжлах тухай албан бичиг /1-р хх-ийн 198/,

Эрэн сурвалжлах ажил зохион байгуулсан тухай цагдаагийн алба хаагчийн илтгэх хуудас /1-р хх-ийн 213-214/,

Э.Бат-Эрдэнэд батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсан мөрдөн байцаагчийн тогтоол, батлан даагч нараас гаргасан баталгаа /1-р хх-ийн 27-28/,

Мөрдөн байцаалтыг түдгэлзүүлэх прокурорын тогтоол, сэжигтэн, яллагдагчийг эрэн сурвалжлах ажлыг гүйцэтгүүлэх тухай прокурорын тогтоолууд /1-р хх-ийн 203-204/,

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 14/,

Хохирлын баримт /хх-ийн 15-27/,

Овог нэр өөрчилсөн тухай Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Засаг даргын 2016 оны 05 сарын 26-ны өдрийн 117 дугаар захирамж /2-р хх-ийн 29/,

Э.Бат-Эрдэнийн төрсний гэрчилгээ, овог, эцгийн нэр, нэр өөрчилсний гэрчилгээ, иргэний цахим үнэмлэх зэргийг эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргасан тогтоол /2-р хх-ийн 30/ зэрэг болно.

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд ;

Шүүгдэгч Э.Бат-Эрдэнэ нь 2014 оны 11 сарын 20-ны өдөр согтуурсан үедээ Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3-16-04 тоотод оршин суух иргэн Ш.Алтанхуягийн гэрт хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хохирогч Э.Даваасүрэнгийн зүүн бөөрөн тус газарт хутгалсаны улмаас түүний бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан, уг хэрэгт сэжигтнээр татагдан шалгагдаж байх хугацаандаа буюу түүнд 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдөр авагдсан батлан даалтан өгөх таслан сэргийлэх арга хэмжээг зөрчиж 2015 оны 05 сарын 22-ны өдрөөс 2016 оны 03 сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуод зайлсхийсэн гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Э.Даваасүрэн, гэрч Б.Баасан, Н.Батгавъяа, Б.Энхжаргал, Ш.Алтанхуяг, Э.Пүрэвсүрэн, насанд хүрээгүй гэрч Б.Номин, Ө.Ганзориг, Э.Энхболд нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2014 оны 11 сарын 25-ны өдрийн 729 тоот шинжээчийн дүгнэлт, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч Э.Даваасүрэнгийн өмсөж явсан гэх хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, хутганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч Э.Даваасүрэнгийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн үеийн өвчний түүхийн хуулбар, Цагдаагийн АСАП санд Оргодол эрэн сурвалжилсан талаарх бүртгэл, Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын 2015 оны 08 сарын 25-ны өдрийн 31-2/2237 тоот хүн эрэн сурвалжлах тухай албан бичиг, Эрэн сурвалжлах ажил зохион байгуулсан тухай цагдаагийн алба хаагчийн илтгэх хуудас, Э.Бат-Эрдэнэд батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсан мөрдөн байцаагчийн тогтоол, батлан даагч нараас гаргасан баталгаа, мөрдөн байцаалтыг түдгэлзүүлэх прокурорын тогтоол, сэжигтэн, яллагдагчийг эрэн сурвалжлах ажлыг гүйцэтгүүлэх тухай прокурорын тогтоолууд зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хохирогч Э.Даваасүрэн шүүгдэгч Э.Бат-Эрдэнэ, гэрч Ш.Алтанхуяг нарын хооронд машины түлхүүр хаана байгааг мэдэхгүй гэснээс шалтгаалан хувийн таарамжгүй харьцаа үүсэн, харилцан маргалдсаны дараа Э.Бат-Эрдэнэ хохирогч Э.Даваасүрэнг хутгалсан байх тул танхайн сэдэлт гэж үзэх үндэслэлгүй байна.

Э.Бат-Эрдэнэ нь хувийн сэдэлтээр уг гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан

-хохирогч Э.Даваасүрэнгийн ... машины түлхүүрээ халаасандаа үзтэл байхгүй байхаар нь гараад хажуу айл болох Алтанхуягийнд орж түлхүүрээ асуусан. Алтанхуяг ах үзээгүй, мэдэхгүй гэж хэлсэн … хэсэг хугацааны дараа буцаж орж түлхүүрээ дахин асуугаад та нар түлхүүр авсан бол ах нараа өгчих, Алтанхуяг ахад хандан та Даваадагва ахад яагаад сонин зүйл яриад байгаа юм гэж хэлсэн. Тэгсэн Алтанхуяг ах би тэгж хэлээгүй, нэрээ олж авна гэж хэлсэн. Хар даа хочит Э.Бат- Эрдэнэ чи муу яах гээд байгаа юм гэж хэлээд гадуурх хүрмээ тайлаад орон дээрээс босч ирсэн, тэр үед би тайван зогсож байсан, Алтанхуяг ахын зурагт руу хараад зогсож байтал хутга бариад хажууд ирж зогсоод миний зүүн бөөрний орчимд нэг удаа хутгалсан ... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 17-18/,

-гэрч Ш.Алтанхуягийн ... Манай гэрт Бат-Эрдэнэ, бид хоёр байж байтал манай хажуу айлын хүргэн нь болох Даваасүрэн нь машины түлхүүр танайд байна уу гэж орж ирсэн, тэгэхээр нь наагуур чинь байвал байж магадгүй, байхгүй бол мэдэхгүй гэж хэлсэн. Тэгээд гараад явсан, тэгснээ удаагүй дахиж орж ирээд машины түлхүүр гээд орж ирчихээд гараад явсан, мөн дахиж орж ирээд чонын шагай нь хэрэгтэй юм бол түүнийгээ аваад түлхүүр өгчих хөгшин банди минь гэж намайг хэлсэн, тэгсэн Бат-Эрдэнэ чи юу гээд байгаа юм байхгүй гэж хэллээш дээ гэхэд чамтай юм яриагүй байна, чамайг ч бас ална шүү гэсэн, тэгсэн Хар Даа хочит Бат-Эрдэнэ гэрийн баруун талд эргүүлэг дээр байсан том шаргал иштэй хутгыг аваад Даваасүрэнг нурууных нь орчим хутгалсан ... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 22-23/,

-насанд хүрээгүй гэрч Б.Номингийн ... Энхбат ахын хүргэн болох нэг ах орж ирээд машины түлхүүр алга болчихлоо чонын шагайтай гэж байсан. Тэгснээ Алтанхуяг, Бат-Эрдэнэ ах хоёр руу дайраад та хоёр шагайг нь авчихаад түлхүүрийг минь өгчих гэхэд Алтанхуяг ах би яах гэж авдаг юм гэхэд ална шүү пизда минь хурдан өг гэж хэлсэн. Тэгсэн Бат-Эрдэнэ ах чи одоо зүгээр бай хүн унтаж байхад гэсэн, Алтанхуяг, Бат-Эрдэнэ ах нар гэрийн баруун талын орон дээр унтаж байсан юм. Тэр үед Алтанхуяг ах сэрүүн байсан юм. Энхбат ахын хүргэн болох ах Бат-Эрдэнэ ах руу чи хурдан гаргаад өгчих би чамайг ална шүү гэж хэлсэн. Тэгсэн чинь Бат-Эрдэнэ чамд алуулахаасаа өмнө чамайг алчихъя гээд гэрийн баруун талын үүдний орчимд байх эргүүлэг дээрээс том хутга авсан. Тэгээд Бат-Эрдэнэ ахыг тухайн хутгаа аваад босоход би Алтанхуяг ахын бага хүүхдийг хөтлөөд гэрийн зүүн талаар гадагш гараад гүйж байхад Энхбатын ахын хүргэн аллаа болилдоо, уучлаарай даа ахаа гээд орилсон ... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 34/ зэргээр тогтоогдсон байхад шүүгдэгч Э.Бат-Эрдэнийг үл ялих зүйлээр шалтаглан танхайн сэдэлтээр Э.Даваасүрэнг хутгалж хүнд гэмтэл учруулсан гэж дүгнэсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй тул хэргийн зүйлчлэлийг зөвтгөн өөрчлөх үндэслэлтэй гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Э.Бат-Эрдэнийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах, мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож хуульд заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

Хэрэгт авагдсан хохирлын баримтуудыг шалгахад тухайн баримтууд нь хуульд нийцсэн ба хохирлын нийт дүн нь 1.717.300 төгрөг болж байх тул шүүгдэгч Э.Бат-Эрдэнээс 1.717.300 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Даваасүрэнд олгож, цаашид гарах эмчилгээний болон бусад зардалыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.

Шүүгдэгч Э.Бат-Эрдэнэ өмнө нь 4 удаа ял шийтгэгдэж, хорих ял эдэлж байсан тул түүний ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэх боломжгүй байна.

Шүүгдэгч Э.Бат-Эрдэнэ нь бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг 2014 оны 11 сарын 20-ны өдөр үйлдсэн нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар эдлэх ялаас хоёр жилийг хасч тооцов.

Харин мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэргийг 2015 оны 05 сарын 22-ны өдрөөс үйлдсэн байх тул Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэлслэлтэй байна.

Шүүх шүүгдэгч Э.Бат-Эрдэнийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзаж ял шийтгэл оногдуулав.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цэнхэр өнгийн ханцуйгүй цамц 1 ширхэг, шар иштэй хутга 1 ширхэг зэргийг устгаж, Э.Бат-Эрдэнийн иргэний цахим үнэмлэх 1 ширхэг, төрсний Г-195 дугаартай гэрчилгээ 1 ширхэг, овог эцгийг өөрчилсэний Г-22 дугаартай гэрчилгээ 1 ширхэг зэргийг шүүгдэгч Э.Бат-Эрдэнэд буцаан олгож, шүүгдэгчийн хэргийн учир цагдан хоригдсон 268 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13, 246 дугаар зүйлийн 246.2, 248 дугаар зүйлийн 248.1.1, 283 дугаар зүйлийн 283.1, 294 дүгээр зүйлийн 294 дүгээр зүйлийн 294.2, 294.3, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2-т зааснаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Бат-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч Боржигон овогт Эрдэнэбаатарын Бат-Эрдэнийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах, мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар шүүгдэгч Э.Бат-Эрдэнэд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-д заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

4. Шүүгдэгч Э.Бат-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар 5 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

5. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар шүүгдэгч Э.Бат-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар 5 жил 10 хоногийн хугацаагаар оногдуулсан хорих ялаас 2 жилийг өршөөн хасч биечлэн эдлэх ялыг 3 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар шүүгдэгч Э.Бат-Эрдэнэд оногдуулсан 3 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч Э.Бат-Эрдэнийн цагдан хоригдсон 268 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тоолсугай.

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Э.Бат-Эрдэнээс 1.717.300 төгрөг гаргуулж хохирогч Э.Даваасүрэнд олгосугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3, 88.1.7-д тус тус зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Э.Бат-Эрдэнийн иргэний цахим үнэмлэх 1 ширхэг, төрсний Г-195 дугаартай гэрчилгээ 1 ширхэг, овог эцгийг өөрчилсэний Г-22 дугаартай гэрчилгээ 1 ширхэг зэргийг буцаан олгож, цэнхэр өнгийн ханцуйгүй цамц 1 ширхэг, шар иштэй хутга 1 ширхэг зэргийг устгасугай.

10. Шүүгдэгч Э.Бат-Эрдэнийн эдлэх ялыг 2016 оны 08 сарын 16-ны өдрөөс эхлэн тооцож, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогч Э.Даваасүрэн нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаар баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Э.Бат-Эрдэнээс нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай.

11. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

12. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.                        

13. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Э.Бат-Эрдэнэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА

                                    ШҮҮГЧИД Н.БААСАНБАТ

                                                     Ч.БАЙГАЛМАА