Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 1945

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.Лхагвасүрэнгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2017/02185 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ц.Лхагвасүрэнгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Лэнд мэжор” ХХК болон Б.Болдмөр, Н.Баярсайхан нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 78 000 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, 13 200 000 төгрөг гаргуулах тухай “Лэндмэжор” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч нарын гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Ц.Лхагвасүрэн,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч:А.Зоригтбаатар,

Хариуцагч “Лэндмэжор” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:  Б.Энхзаяа,

Хариуцагч Б.Болдмөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Нарантуул,

Хариуцагч Н.Баярсайханы өмгөөлөгч: Т.Мөнхсүлд,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие “Грейт парагон групп” ХХК-ийн охин компани “Лэндмэжор” ХХК-нд нягтлан бодогчоор ажиллахаар хүний нөөц Д.Баттөртэй хөдөлмөрийн гэрээ байгуулж 2008 оны 4 сарыг 03-ны өдрөөс ажиллах болсон. Тус компани 18 охин компанитай аж ахуйн нэгжийн захиалгаар хөдөө явж газар дээр нь соронзон хайгуул, хэмжилт хийх, зураглалыг гаргаж тайлан бичих зэргээр геофизик, геодезийн зураглалын ажил үйлчилгээ явуулдаг. Миний бие нягтлан бодогч хийдэг ч гэсэн группийн ерөнхий нягтлан бодогч Оюунгэрэлийн удирдлагын дор ажилладаг байсан. Хөдөө ажилласан хүмүүсийн цагийн бүртгэл, хээрийн нэмэгдэл, хоол хүнсний зарцуулалт, бензин тосны зардал гэх мэт бүх тооцоог компанийн ажилтан А.Золсайханы гаргаж өгсөн баримтыг үндэслэн инженер Н.Баярсайханы хяналт дор ажилчдын цалин мөнгийг бодож өгдөг байсан билээ. Манай компани 2012 онд ажиллагсдын 9, 10, 11, 12 дугаар сарын цалин, нийгмийн даатгал, ээлжийн амралтын мөнгө олгогдоогүй маш хүнд байсан тул ажилчид цалин мөнгөө нэхдэг, зарим нарийн мэргэжлийн хүн ажлаасаа гарах болсон. Инженер Н.Баярсайхан бид хоёр дээр хүмүүс байнга цалингаа нэхэж орж ирдэг байсан. Б.Болдмөр захирал инженер Н.Баярсайхан бид хоёрыг “аргалаад мөнгө олоод цалинг тавь, Лхагваа чи мөнгө олдог биз дээ” гэсэн. Намайг энэ удаад мөнгө зээлээд ажилчдын цалин тавьчихвал дараа нь чиний мөнгийг хамгийн түрүүнд хүүтэй нь төлчихнө гээд байсан. Ингээд ажилчдын цалин тавихын тулд 2012 оны 12 сарын 26-нд өөрийн хоёр өрөө байраа барьцаалж, н.Нацагаас 30 000 000 төгрөгийг 5 хувийн хүүтэйгээр 6 сарын хугацаатай авсан. А.Золсайханы гаргаж ирсэн баримтаар цалинд Буяндэлгэрт 2 435 000 төгрөг, Ганзоригт 1 915 000 төгрөг, Үнэнбаярт 1 070 000 төгрөг, Энхжаргалд 1 007 500 төгрөг, Авирмэдэд 1 026 000 төгрөг, Оргилд 1 191 600 төгрөг, Лхагвасүрэнд 2 771 000 төгрөг, Н.Баярсайханд 2 678 000 төгрөг, амралтын мөнгөнд 4 835 000 төгрөг, 2012 оны 9 дүгээр сарын цалинд 4 916 000 төгрөг нийт 23 645 100 төгрөг зарцуулсан. Компанийн ажилчдын нийгмийн даатгалын 2010 оны төлөгдөөгүй мөнгө 3 000 000 төгрөг төлсөн. Н.Баярсайхан 2012 оны 9 дүгээр сарын 21-нд хөдөө явахаар болтол мөнгө байхгүй гээд намайг мөнгө ол, ажилчид хоол хүнс байхгүй, бензин тос гээд мөнгө хэрэгтэй байна гээд миний ээмэг бөгжийг барьцаанд тавиад 2 750 000 төгрөгөөр нэг сарын хугацаатай 4 хувийн хүүтэй тавьсан. н.Нацагтай байгуулсан гэрээний хугацаа 2013 оны 6 дугаар сарын 26-нд дууссан. Энэ хугацаанд 2013 оны 5 дугаар сард Лэнд мэжор компанийн дансанд 10 000 000 төгрөг орж ирснийг н.Нацагийн өрөнд өгсөн. Энэ үед хүү ч төлөөгүй байсан боохоор алданги тооцож 4 500 000 төгрөг хүүнд 7 500 000 төгрөг төлөх тооцоо гарч байсан. Зээлээ төлж чадахгүй байсан тул Н.Баярсайхан, Б.Болдмөр нар ззэлээ чөлөөлүүл гэж зөвлөсөн. Би 42 000 000 төгрөгийг н.Нацагт төлөхгүй бол байраа алдчих гээд компанид мөнгө орж ирэхгүй байсан юм. Ингээд байраа чөлөөлүүлэхийн тулд н.Ичинхорлоогоос мөнгө зээлэхээр тохиролцож, 2 өрөө байраа чөлөөлүүлээд ээж Бархасын нэг өрөө байрыг Ичинхорлоод барьцаанд тавьж 2014 оны 03 сарын 14-нд 40 000 000 төгрөгийг 9 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн тохиолдолд 0.5 хувийн алданги төлөхөөр зээлийн гэрээ байгуулж, уг мөнгийг н.Нацагт өгч өрөө төлсөн юм. Өөрөөр хэлбэл Нацагт алданги төлөх хугацаа энэ өдрөөр тооцогдож 274 хоног болсон юм. Ийнхүү компаниасаа мөнгөө авч чадахгүй цалин ч үгүй болсон тул Ичинхорлоотой гэрээ хийсэн өдрөө буюу 2014 оны 03 сарын 14-нд “Лэндмэжор” ХХК-ийн захирал Б.Болдмөр, Н.Баярсайхан нартай өмнөх зээлж өгсөн мөнгөө баталгаажуулан баримтжуулахын тулд Ичинхорлоотой хийсэн гэрээний нөхцөлөөр зээлийн гэрээ хийж Б.Болдмөр, Н.Баярсайхан нар гарын үсгүүдээ зурж тамгаа дарсан. Би компанид мөнгө орж ирэхийг сураглаж, найдаж нэхсээр байсан. “Лэндмэжор” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2014 оны 12 сарын 14-нд дууссан бөгөөд үндсэн зээл 40 000 000 төгрөг,  9 сарын хүү 18 000 000           төгрөг, “Ариг” банкнаас мөнгө зээлэх хүртэл буюу 2014 оны 9сарын 25-ны өдөр хүртэл 163 хоног 0.5 хувийн алданги 16 300 000 төгрөг нийт 74 300 000 төгрөг болсон. Би “Лэнд мэжор” ХХК-иас мөнгөө аваад Ичинхорлоод төлчихнө гэсэн итгэлтэй байсан. “Ариг” банктай 2014 оны 9 сарын 25-нд н.Нацагт барьцаалж байсан өөрийнхөө 2 өрөө байраа тус банкинд барьцаалж 30 000 000 төгрөгийг 4 хувийн хүүтэй, 2 жилийн хугацаатай, хугацаа хэтэрсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээ байгуулж аваад Ичинхорлоод 30 000 000 төгрөг төлөөд  44 300 000 төгрөг үлдсэн. Тухайн үед 2 өрөө байр барьцаалахад 30 000 000 төгрөгөөс илүү мөнгө өгөхгүй байсан юм. “Лэндмэжор ХХК” болон Б.Болдмөр, Н.Баярсайхан нар надад мөнгөө төлөхгүй байсан тул “Ариг” банканд барьцаалсан байраа зарж орон байргүй болж гудамжинд гарсан. Би тухайн үед зах зээлийн ханшаар 110 000 000 төгрөгийн үнэтэй байраа 84 000 000 төгрөгт худалдаж өрөө дарсан. Тухайлбал, Ичинхорлоод 44 300 000 төгрөг, Ариг банкинд 39 288 000 төгрөг төлж өөрт 412 000 төгрөг үлдсэн. Миний бие “Лэнд мэжор” ХХК-ийн буруутай үйл ажиллагаанаас нийт 83 588 000 төгрөг өөрөөсөө төлж сэтгэл санааны асар их хямралд 3 жилийн турш явж хохирсон. Эхний үед мөнгийг чинь өгнө гэдэг байсан бол сүүлдээ уул уурхай зогсчихсон чамд юу өгдөг юм гэхчлэн элдвээр хэлдэг, утсаа ч авахаа больсон. Иймд хариуцагч нараас 2014 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн зээлийн гэрээнд заасны дагуу үндсэн зээл 40 000 000 төгрөг, зээлийн хүү 18 000 000 төгрөг, гэрээнд заасны дагуу алданги 20 000 000 төгрөг, нийт 78 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Лэнд мажор” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхзаяа шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Ц.Лхагвасүрэнгийн нэхэмжилсэн “Лэнд мэжор” ХХК-д холбогдох иргэний хэрэгт миний бие Б.Болдмөр нь ямар ч холбогдолгүй бөгөөд тухайн үед “Лэнд мэжор” ХХК-ийн захирлаар ажиллаж байгаагүй. Мөнгийг гардаж аваагүй тул нэхэмжпэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй болно гэжээ.

 

Хариуцагч Н.Баярсайхан шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би тус нэхэмжлэлд дурдсан зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч Ц.Лхагвасүрэнгээс нэг ч төгрөг дансаар болон гар дээр аваагүй болно. Иймд хариуцагч Н.Баярсайхан нэхэмжлэгч Ц.Лхагвасүрэнд тус зээлийн гэрээний дагуу үндсэн зээл, зээлийн хүү алдангид нийт 78 000 000 төгрөгөөс төлөх хууль зүйн үндэслэлгүй гэжээ.

 

 Хариуцагч “Лэнд мэжор” ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Ц.Лхагвасүрэн нь 2008 оноос 2013 он хүртэл манай компанийн нягтлан бодогч хийдэг байсан бөгөөд, 2013 оны 2 дугаар сарын 14-ний өдөр 05/02-13 тоот “Ажлаас чөлөөлөх тухай” захирлын тушаалаар Ц.Лхагвасүрэнг ажлаас нь чөлөөлсөн билээ. Ц.Лхагвасүрэн нь ажлаас халагдах үедээ манай компанийн санхүүгийн холбогдолтой баримт бичгүүд болон тамга тэмдгийг хүртэл авч явсан бөгөөд, бид араас нь хөөцөлдөж байж тамга тэмдгээ олж авсан байдаг. Гэтэл Ц.Лхагвасүрэн нь ажлаас халагдсанаасаа хойш буюу, 2013 оны 4 сарын 16-ны өдөр Голомт банкан дахь “Лэнд мэжор” ХХК-ийн 1601411550 тоот данснаас 1 700 000 төгрөг, мөн данснаас 2013 оны 7 сарын 09-ны өдөр 4 000 000 төгрөг, 2013 оны 09 сарын 30-ны өдөр 7 500 000 төгрөгийг тус тус дур мэдэн зарлагадсан баримт илэрсэн болно. Иймд “Лэнд мэжор” ХХК-ийн данснаас Ц.Лхагвасүрэнгийн дур мэдэн авсан 13 200 000 төгрөгийг гаргуулан өгнө үү. Мөн зээлийн гэрээнд анх гарын үсэг зурж байхдаа байгууллагын ажилчдын цалинд л зарцуулахаар зээл авсан юм байх гэж бодож байсан боловч сүүлдээ энэ талаар бодитой баримт байхгүй нь түүний цагдаагийн байгууллагад бидний талаар гаргасан гомдлыг шалгасан мөрдөн байцаалтын явцад ч, өөрийнх нь гаргасан нэхэмжлэлтэй иргэний хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ч тодорхой харагдаж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нийгмийн даатгалын байгууллага, эрүүгийн хэргийн архиваас авсан материалуудаас харахад бид Ц.Лхагвасүрэнгийн хэлсэнд итгэж анхнаасаа ноцтой төөрөгдөж уг гэрээнд гарын үсэг зурсан нь бүр тодорхой болж байгаа тул 2014 оны 3 сарын 14-ний өдрийн иргэд хоорондын зээлийн гэрээг Иргэний хуулийн 58 дугаар зүйлд заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү  гэжээ.

 

Нэхэмжлэгч Ц.Лхагвасүрэн сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:  Намайг ажлаас чөлөөлөх тушаалыг 2013 оны 2 дугаар сарын 14-ний өдөр нөхөж бичсэн байна. Намайг ажиллуулахгүй гэж хөөж явуулчихаад дараа нь 2013, 2014 оны татварын тайлан /жилд 4 удаа гаргадаг нийт 8 удаа/-г гуйхаар нь гаргаж өгч байсан. Ажлаас чөлөөлөгдсөн хүн тайлан гаргана гэж байхгүй шүү дээ. Захирал Б.Болдмөрийн бичиж өгсөн гарын үсэг тамгатай чекээр мөнгө авдаг авангуут өөрт нь авчирч өгдөг, би өөрийн дураар мөнгө авах ямарч боломжгүй. Дээрх мөнгийг аваад захиралд өгсөн, өгөхгүй байна гэсэн зүйл хэзээ ч үгүй. Хэдийгээр “Голомт” банкинд 2 дугаар гарын үсгийн баталгаа байдаг ч захирлын өөрийнх нь гарын үсэг тамга тэмдэггүй мөнгө авна гэх ойлголт байдаггүй. Б.Болдмөр төөрөгдөлд ороогүй, мөрдөн байцаалтанд өөрөө төөрөгдсөн талаар мэдүүлээгүй, харин ч зээлээ төлөх талаар мэдүүлсэн байдаг. “Лэнд мэжор” ХХК-ийн сөрөг нэхэмжлэл, нэмэгдүүлсэн сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх эрх зүйн үндэслэл алга гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг хангахгүй орхихыг хүсэж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.6 дах хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Болдмөрөөс 29 250 000 төгрөг, хариуцагч Н.Лхагвасүрэнгээс 29 250 000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ц.Лхагвасүрэнд олгож, нэхэмжлэлээс үлдэх 19 500 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ц.Лхагвасүрэнгээс 13 200 000 төгрөг гаргуулах, 2014 оны 3 сарын 14-ний өдрийн иргэд хоорондын зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай “Лэнд мэжор” ХХК-ний сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

нэхэмжлэгч Ц.Лхагвасүрэн хариуцагч “Лэндмажор” ХХК-ийг татахаас татгалзсаныг баталж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 575 890 төгрөгийг хариуцагч “Лэндмажор” ХХК-иас төлсөн 581 900 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Болдмөрөөс 304 200 төгрөг, хариуцагч Н.Баярсайханаас 304 200 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ц.Лхагвасүрэнд олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Б.Болдмөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх компанийн өмнөөс хувьцаа эзэмшигч хариуцлага хүлээх ёсгүй, хувьцаа эзэмшигчийн өмнөөс компани хариуцлага хүлээх ёсгүй гэсэн хуулийн үндсэн зарчмыг зөрчиж Б.Болдмөрөөс төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. Шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаан дээр ч нэхэмжлэгчийн зүгээс энэ зээлийн гэрээгээр зээлдэгч хувь хүнд мөнгө өгөөгүй, компанийн ажилчдын цалинд тавьсан мөнгөө л баталгаажуулах гэж гэрээ хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрч “... Болдмөр захирал ч хувьдаа зээлээгүй гэдгээ илэрхийлж компанийн тамгаа дарсан ...” гэсээр байхад, шүүх өөрөө ч “”Лэнд мэжор” ХХК ажилчдынхаа 2012 оны 9, 10, 11, 12 сарын цалингаа олгохын тулд нягтлан бодогч Лхагвасүрэнгээр бусдаас зээл авхуулсан ...” гэж дүгнэсэн атлаа эцэст нь “... Б.Болдмөрөөс 29 250 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Лхагвасүрэнд олгож ...” гэж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бус болсныг харуулж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн 1 дэх заалтаас “... Б.Болдмөрөөс 29 250 000 төгрөг ..." гэснийг мөн, 4 дэх заалтаас “... хариуцагч Б.Болдмөрөөс 304 200 төгрөг  гаргуулан ...” гэснийг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Лэнд мэжор” ХХК давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэр нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд, үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байгаа тул давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх манай компанийн сөрөг нэхэмжлэлийн нэг шаардлага болох Ц.Лхагвасүрэнгээс 13 200 000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо шүүх өөрөө 2013 оны 4 сарын 16-нд 1 700 000 төгрөг, 2013 оны 7 сарын 09-нд 4 000 000 төгрөг, 2013 оны 9 сарын 30-нд 7 500 000 төгрөг, нийт 13 200 000 төгрөгийг Ц.Лхагвасүрэн авсан болох нь “Голомт” банкны 1601411550 тоот депозит дансны хуулгаар тогтоогдож байгааг тодорхойлсон атлаа нэхэмжлэгч Г.Лхагвасүрэн шүүх хуралдаан дээр шүүхийн дээр тогтоосон хугацаанаас өмнө ажлаас гарснаа “...Ийм нөхцөлд байж суух аргагүй болсон уйлаад гэр рүүгээ харьсан. Энэ хугацаа бол 2013 оны 3 сарын 20-ны өдөр юм ...” гэж тодорхой хэлсээр байхад уг 13 200 000 төгрөгийг Ц.Лхагвасүрэн хууль бусаар буюу дур мэдэн авсан болох нь баримтаар тогтоогдохгүй, Ц.Лхагвасүрэнгийн ... Б.Болдмөр захирал өөрөө зөвшөөрч надаар авхуулж, мөнгөө авсан... гэх тайлбар үндэслэлтэй байна.” гэж дүгнэж байгаад үнэхээр харамсаж байна. Түүнчлэн анхан шатны шүүх 2-р гарын үсэг зурах эрхийг дуусгавар болгоогүй нь Ц.Лхагвасүрэнг “буруутгах үндэслэлгүй” гэж дүгнэж байгаа нь хуулийн ямар ч үндэслэлгүй, хэн нэгэн этгээд бусдын хөрөнгийг ямар нэгэн боломжийг ашиглан дураар эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулж болох юм шиг ойлгогдохоор, бусдын үндэслэлгүй хөрөнгөжиж байгаа зөвтгөсөн дүгнэлт болсон. Мөн түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан баримт болох зээлдүүлэгч Ц.Лхагвасүрэн нь зээлдэгчид болох “Ланд мэжор” ХХК, Н.Баярсайхан, Б.Болдмөр нар 2014 оны 3 сарын 14-ний өдөр байгуулсан 40 000 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэйгээр 9 сарын хугацаатай зээлдүүлсэн утгатай иргэд хоорондын зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгохдоо “... 30 000 000 төгрөгийг зээлж, зээлийн гэрээ байгуулсан нь тогтоогдсон тул ноцтой  төөрөгдлийн улмаас зээлийн гэрээ байгуулсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна” гэж үзсэн нь учир дутагдалтай боллоо. Хэргийн гол нь Ц.Лхагвасүрэн нь анх 2014 оны эхээр “2012 оны сүүлийн саруудын байгууллагын ажилчдын цалинд зориулан анх 30 000 000 төгрөгийн зээл авсан, хүүгийн хамт 40 000 000 төгрөг боллоо. Иймд энэ зээлийн гэрээг дуусгавар болгохын тулд дахин  өөр хүнтэй шинэ гэрээ байгууллаа хэмээн авсан зээлийнхээ баталгаа болгон энэхүү гэрээг нөхөж байгуулах хэрэгтэй байна гэсний дагуу бид уг гэрээнд анх гарын үсэг зурж байхдаа байгууллагын ажилчдын цалинд л зарцуулахаар зээл авсан юм байх гэж бодож байсан. Сүүлдээ энэ талаар бодитой баримт байхгүй нь өөрийнх нь цагдаагийн байгууллагад бидний талаар гаргасан гомдлыг шалгасан мөрдөн байцаалтын явцад ч, өөрийнх нь гаргасан нэхэмжлэлтэй иргэний хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ч тодорхой харагдсан бөгөөд гэрээнд гарын үсэг зурж байхдаа ноцтой төөрөгдсөн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нийгмийн даатгалын байгууллага, эрүүгийн хэргийн архиваас авсан материалуудаас тодорхой болсон тул 2014 оны 3 сарын 14-ний өдрийн иргэд хоорондын зээлийн гэрээг Иргэний хуулийн 58 дугаар зүйлд заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бусад тооцуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагад нэмэлт оруулсан юм. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгч Г.Лхагвасүрэнгийн талаас дээрх 30 000 000 төгрөгийг компанийн үйл ажиллагаанд ингээд зарчихсан юм гэж тоо ёсоор нь гаргасан нэг ч баримт гаргаж өгөөгүй байхад биднийг төөрөгдөөгүй гэж үзсэнд гомдолтой байгаа тул шүүхийн шийдвэр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн утгатай өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

                                     

Нэхэмжлэгч Ц.Лхагвасүрэн нь хариуцагч “Лэнд мэжор” ХХК болон Б.Болдмөр, Н.Баярсайхан нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 78 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрөн маргаж, хариуцагч “Лэнд мэжор” ХХК нь зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, 13 200 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган мэтгэлцжээ.

 

            Нэхэмжлэгч Ц.Лхагвасүрэн, хариуцагч Б.Болдмөр, Н.Баярсайхан нар нь 2014 оны 3 дугаар сарын 14-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, зээлдүүлэгч Ц.Лхагвасүрэн нь 40 000 000 төгрөгийг зээлдүүлэх, зээлдэгч Б.Болдмөр, Н.Баярсайхан нар нь уг мөнгөн хөрөнгийг сарын 5 хувийн хүүтэйгээр 9 сарын хугацаанд төлөх, хугацаандаа төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0,5 хувийн алданги төлөхөөр тохиролцжээ. /1-р хх-ийн 41 дүгээр тал/

 

            Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасан.

 

            Нэхэмжлэгч нь 2014 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн зээлийн гэрээний  дагуу мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн гэх үндэслэлээ “Лэнд мэжор ХХК-ийн өмнөөс ажилчдын цалинг бусдаас зээл авч олгосон, мөн бусад өр төлбөрийг нь төлсөн” гэж тайлбарласан нь үндэслэл бүхий байна. Учир нь: “Лэнд мэжор” ХХК-ийн ажилчдын цалинг нэхэмжлэгч Ц.Лхагвасүрэн нь өөрийн мөнгөн хөрөнгөөр төлсөн ба хэрэгт авагдсан 2012 оны 12 сарын 26, 2014 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн зээлийн гэрээнүүд, цалин олгосон баримт, зээлийн төлбөр төлсөн баримт зэрэг бичгийн нотлох баримтуудаар дээрх зээлийн гэрээнүүдийн мөнгөн хөрөнгийг “Лэнд мэжор” ХХК-ний ажилчдын цалинд зарцуулсан болох нь тогтоогдож байна. /1-р хх-ийн 39-52 дугаар тал/

 

            Нөгөө талаар хариуцагч Б.Болдмөр, Н.Баярсайхан нар нь “Лэндмэжор” ХХК-иас нэхэмжлэгч Ц.Лхагвасүрэнд төлөх өр төлбөрийг хүлээн зөвшөөрч, Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт зааснаар өрийг буюу компанийн хүлээх үүргийг шилжүүлэн авч, мөн хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т зааснаар өмнөх үүргийг солихоор талууд тохиролцож, 2014 оны 3 дугаар сарын 14-ний өдөр зээлийн гэрээ байгуулсан гэж үзэхээр байна. Иймд анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн, зээлдүүлэгч нь 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар мөнгөн хөрөнгийг зээлдэгч нарт шилжүүлэн өгсөн талаар зөв дүгнэжээ.

 

            Талууд зээлийн гэрээний үндсэн үүргийг 40 000 000 төгрөгөөр тохиролцсон байх боловч компанийн төлөх үүрэг 30 000 000 төгрөг байсан болох нь баримтаар тогтоогдсон тул шүүх бодитоор 30 000 000 төгрөг зээлдүүлсэн гэж үзэж, уг үүргээс зээлийн гэрээгээр тохиролцсон хүү, алданги тооцож, нийт 58 500 000 төгрөгийг хариуцагч Б.Болдмөр, Н.Баярсайхан нараас хувь тэнцүүлэн гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1,  282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай тус тус нийцжээ.

 

            Нэхэмжлэгч нь Ц.Лхагвасүрэн нь хариуцагч Б.Болдмөр, Н.Баярсайхан нартай зээлийн гэрээ байгуулсан, хариуцагч “Лэнд мэжор” ХХК-тай тэрээр зээлийн гэрээний харилцаа үүсгээгүй  тул уг компанид холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

            Хариуцагч “Лэнд мэжор” ХХК нь зээлийн гэрээг ноцтой төөрөгдөж байгуулсан гэж маргаж, хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Учир нь хариуцагч “Лэнд мэжор” ХХК нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна. Харин нэхэмжлэгч зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа ноцтой төөрөгдсөн буюу Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар тайлбарласан байхад анхан шатны шүүх  хууль зөрчсөн хэлцлийн эрх зүйн зохицуулалтыг баримталсан нь буруу байна. Иймд дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс залруулна.

 

            Түүнчлэн нэхэмжлэгч Ц.Лхагвасүрэн нь 2013 оны 2 дугаар сарын 14-ний өдөр “Лэнд мэжор” ХХК-ийн нягтлан бодогчийн албан тушаалаас чөлөөлөгдсөн болох нь ажлаас чөлөөлсөн тушаалаар тогтоогдсон, тэрээр уг тушаалыг хариуцагч нь нөхөж гаргасан гэх тайлбараа баримтаар нотолж чадаагүй байхад анхан шатны шүүх Ц.Лхагвасүрэнг компаний данснаас 13 200 000 төгрөг авсаныг буруутгах үндэслэлгүй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна.

 

            Нэхэмжлэгч Ц.Лхагвасүрэн нь ажлаас чөлөөлөгдсөний дараа буюу 2013 оны 4 сараас 9 сар хүртэл хугацаанд “Лэнд мэжор” ХХК-ийн данснаас 13 200 000 төгрөг авсан болох нь дансны хуулгаар тогтоогдсон, уг мөнгөн хөрөнгийг тэрээр авсанаа хүлээн зөвшөөрч, компанид буцаан төлсөн гэх боловч уг тайлбараа баримтаар нотлоогүй байна. /1-р хх-ийн 156-157 дугаар тал/ Иймд түүнийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан гэж үзэж 13 200 000 төгрөгийг гаргуулах тухай хариуцагч “Лэнд мэжор” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

 

             Мөн анхан шатны шүүх хариуцагч нараас 58 500 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн атлаа түүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжийг /450 450 төгрөг/ буруу тооцсон алдааг мөн давж заалдах шатны шүүхээс залруулна.

 

            Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 101/ЕШ2017/01004 дүгээр захирамжаар уг иргэний хэргийг хянан хэлэлцэх шүүх бүрэлдэхүүнд Б.Батцэцэг, Э.Энэбиш, Б.Цолмонгэрэл нарыг томилж, шийдвэрийг албажуулсан байна. /2-р хх-ийн 158 дугаар тал/ Талуудын хооронд үүссэн  эрх зүйн маргаан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлд зааснаар шүүгч дангаар хянан шийдвэрлэх маргаан байх тул Ц.Лхагвасүрэнгийн нэхэмжлэлтэй иргэний  хэргийг дангаар хянан шийдвэрлэсэн нь буруу биш болно.

 

             Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3 дахь  заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2017/02185 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтын “... нэхэмжлэлээс 19 500 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “нэхэмжлэлээс 19 500 000 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагч “Лэнд мэжор” ХХК-д холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2 дахь заалтыг “Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-т тус тус зааснаар  хариуцагч “Лэндмэжор” ХХК-ийн 2014 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн Иргэд хоорондын зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай  сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Ц.Лхагвасүрэнгээс 13 200 000 төгрөг гаргуулж хариуцагч “Лэндмэжор” ХХК-д олгосугай” гэж,

3 дахь заалтыг хүчингүй болгож,

4 дэх заалтыг “3” болгон дугаарлаж “... хариуцагч Б.Болдмөрөөс 304 200 төгрөг, хариуцагч Н.Баярсайханаас 304 200 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ц.Лхагвасүрэнд олгосугай” гэснийг “хариуцагч Б.Болдмөрөөс 225 225 төгрөг, хариуцагч Н.Баярсайханаас 225 225 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ц.Лхагвасүрэнд олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 223 950 төгрөг гаргуулж хариуцагч “Лэнд мэжор” ХХК-д олгосугай” гэж,

5 дахь заалтыг “4” болгон дугаарлаж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар хариуцагч “Лэнд мэжор” ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 581 900 төгрөгийг буцаан олгохыг дурдсугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

              

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Э.ЗОЛЗАЯА     

 

                  ШҮҮГЧИД                                              Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                                                                 

                                                                                             Г.ДАВААДОРЖ