Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 2022/ШЦТ/156

 

2022         4              26                                2022/ШЦТ/156

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.А,    

улсын яллагч Ц.Л,

шүүгдэгч Ц.У, түүний өмгөөлөгч Р.Б нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Ц.У-т холбогдох эрүүгийн 2225000000056 дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн, Ц.У

Шүүгдэгч Ц.У нь 2021 оны 12 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Говил баг гэр хорооллын 1-5 тоот гэрт нь хонож байсан Л.Оын “Samsung-A12” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 320.000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 1 дүгээр сарын 03-ны шөнө 04.00 цагийн орчимд Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг “Бокс” машин угаалгын газарт найз охин 16 настай Б.О рүү хуванцар сав шидэж, зүүн хөмсөгийг нь гэмтээн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

2022 оны 2 дугаар сарын 03-ны шөнө согтуурсан үедээ Орхон аймаг Баян-Өндөр сум Говил баг 1-5 тоотод Л.Бийн зүүн далны орчимд хутгалж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын тэгш эрх мэтгэлцээний үндсэн дээр явуулж, дараах нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт;

шүүгдэгч Ц.У мэдүүлэхдээ “...Гар утасны хэргийн талаар мэдүүлэг өгнө, тухайн үед би гэрээсээ гараад дэлгүүр орчихоод буцаад явж байхдаа Даш-Очир, Хүслэн хоёртой таарсан, энэ хоёр хүн миний машинд сууж байгаад “гурвуулаа ганц, хоёр шил архи ууя” гэж хэлсэн, “ээж ирж байгаа болохоор би уухгүй” гэж хэлэхэд “машинд чинь сууя” гэж хэлсэн. Тэгээд машиндаа суулгасан, би өөрөө даарч байсан учраас гэр рүүгээ дагуулж очиход Даш-Очир хоёр ахыгаа дуудсан, тэр хоёр ах нь миний таньдаг Мөрөн ахыг дуудсан, мөн миний танихгүй ахыг дуудсан, тэгээд бөөндөө ууж байгаад би өглөө эрт ажилтай, бөөндөө унтаж амръя, эсхүл та хэд харьцгаах юм уу гэж хэлэхэд, Мөрөн ах над руу “ахын дүү, энэ хүмүүс намайг хүрээд ир гэхээр ирсэн, түүнээс ах нь буудалд уух байсан, чамайг гэртээ тайван хамт уух байх гэж бодож ирсэн” гэж хэлэхээр нь “за тэгвэл суу” гэж хэлсэн, би нэлээн согтсон байсан учраас түрүүлж унтсан, үүнээс хойш юу болсныг сайн мэдэхгүй байна, өглөө сэрэхэд миний мэдэхгүй хоёр ахын нэгнийх нь “утас алга болсон байна” гэж хайж эхэлсэн, би хамт хайлцсан, бид хэд гэрт хайж байгаад олдохгүй болохоор нь “Цагдаагийн байгууллагад өргөдөл бичиж өгье” гэж очсон, тэр өдөр бүтэн сайн байсан, “нэгдэх өдөр ирж өргөдөл, гомдлоо гаргаарай” гэж хэлээд бид нарыг явуулсан. Тухайн үед би Хүслэн, Даш-Очир, утсаа алдсан ах гурвыг автобусанд суулгаж өгч, өөрөө ажил руугаа явсан, үүнээс хойш хоёр хоногийн дараа би ажилдаа яваагүй амарч байхад Нямдэлгэр дүү маань гэрийнхээ урд сааданд тоглож байгаад гэрийнхээ хашаа руу орж ирж “00”-д орчихоод гарч ирэхдээ “00-н баруун талын өвсөн дунд халгай, зэрлэг дундаас энэ утсыг оллоо” гэж хэлж орж ирсэн, тухайн үед утас кодтой байсан учраас ямар маркийн утас гэдгийг сайн мэдээгүй, өдөр нь Билгүүнтөгөлдөр “Tedy орж утсаа засуулна” гэж хэлэхээр нь би хамт явсан, нөгөө утасны кодыг тайлуулж зарсан. Тухайн үед би муу утастай байсан, тоглоом тоглох хоббитой болохоор “S8plus” утсыг утас зарсан ахаас авч, зөрүү 120.000 төгрөг авсан, тэр мөнгөнөөс Билгүүнтөгөлдөрийн симийг сунгаж өгсөн, нийт 270.000 төгрөгт утсыг зарсан. Б.О, Л.Б нарт хөнгөн хохирол учруулсан гэмт хэргүүдэд маргах зүйлгүй.” гэв.

1.Хохирогч Л.О-ын “Samsung-A12” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийн тухайд,

мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;

хохирогч Л.О-ын “...2021 оны 12 дугаар сарын 11-ний орой 21.00 цагийн орчимд намайг эгчийндээ байж байхад Уламбаяр, Хүслэн, Мөнгөнжолоо гурав машинтай ирж авсан. Тэгээд Уламбаяр, Хүслэн хоёртой танилцсан, бид дөрөв Уламбаярын гэрт очиход А.Даш-Очир /Цүдээ/, Дэлгэрмөрөн нар байсан, бид 0.75л хоёр шил “Хараа” архи хувааж уусан, нэг шилтэй архиа уугаад сууж байхад Бямба-Очир ганцаараа орж ирсэн, хоёр дахь шил архи дуусах гэж байхад Уламбаяр согтоод түрүүлээд унтаад өгсөн, үлдсэн архийг бид нар хувааж ууж дууссаны дараа А.Даш-Очир “Хүслэнг дөхүүлж өгчихөөд ирье” гээд Уламбаярын гэрээс гараад удалгүй орж ирсэн. Даш-Очирыг эргээд орж ирэхэд би ганцаараа сэрүүн, гэрийн баруун талын орон дээр гар утсаа цэнэглээд утсаараа оролдоод байж байхад Даш-Очир “гар утсаа түр өгөөч, фэйсбүүк орох гэсэн юм” гэхээр нь би утасныхаа кодыг харуулалгүйгээр тайлж өгөөд унтсан. Намайг унтахад шөнийн 03.00 цаг болж байсан, маргааш өглөөний 08.00 цаг болж байхад түрүүлж сэрэхэд миний гар утас байхгүй байхаар нь Даш-Очироос “утас хаана байна” гэж асуухад “баруун талын орны дээд талд цэнэглэж орхиод унтсан” гэж хэлсэн, бид нар бөөнөөрөө Уламбаярын гэрээс гар утсыг хайгаад олоогүй, намайг өглөө сэрэхэд гэрийн хаалга түгжээтэй байсан. ...Даш-Очир миний гар утсыг авснаас хойш гэрээс гараагүй, намайг унтсан хойно гэрээс хүн гараагүй, учир нь би унтахдаа бага зайд унтсан болохоор тухгүй, байнга хөдлөөд сэрвэлзээд байсан, өглөөгүүр л хальт унтсан. Би өөрийн гар утсаа хүлээн авсан тул гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19 дэх тал/,

иргэний нэхэмжлэгч Б.Л-н “...Би 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр “Теди” гар утас худалдааны төвийн 71 дугаартай лангууны эмэгтэй худалдагчаас “Samsung-A12” загварын гар утсыг 370.000 төгрөгөөр худалдан авч байсан. З.Наранцэцэг надад “Samsung-A12” загварын хайрцагтай шинэ утас өгсөн учир нэхэмжлэх зүйлгүй.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дахь тал/,

гэрч Л.Б-ийн “...2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 11 цагийн үед намайг ажил дээрээ байхад Улмаа ирээд “гар утас олсон” гэхээр нь би “хаанаас олсон юм бэ” гэхэд “Говилоос олсон” гэж хэлсэн. Бид хоёр үдээс хойш миний утсыг засуулахаар “Тэди” төв рүү явсан, ...Улмаа олсон гэх гар утасныхаа кодыг гаргуулахаар тэр хавиар явсан. ...Улмаагийн гар утас худалдаж авсан ах дээр очиход тэр хоёр хоорондоо үнэ ханшаа ярилцаад “S8 Plus” загварын цэнхэр өнгөтэй гар утас аваад дээр нь 150.000 төгрөг Улмаа авсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 34 дэх тал/,

гэрч Н.Г-н “...2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 17 цагийн орчимд танихгүй хоёр бандиас 270.000 төгрөгөөр гар утас худалдаж авсан, тэгэхдээ “S8 Plus” загварын гар утсыг 140.000 төгрөгт бодож, 130.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Тухайн үед надад утас зарж байхдаа “S8 Plus” загварын утас авчихаад “энэ утсыг Iphone болгоод өгөөрэй” гэхээр нь нөгөө залуугийн холбоо барих утасны дугаарыг авахад 99594412 гэсэн дугаар өгсөн. Маргааш нь нэг хүүхэд “Iphone утсыг Samsung болгомоор байна” гэхээр нь нөгөө залууг дуудахад ирж утсаа харчихаад тохироогүй яваад өгсөн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 42 дахь тал/,

гэрч А.Д-н “...2021 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Хүслэн Уламбаяр, бид гурав Говил багт явж байгаад Отгонбаяр, Мөнгөнжолоо, Бямба-Очир нартай таарч, Ц.Уын гэрт очихоор болсон. ...Бид нар хоёр дахь архиа ууж дуусах гэж байхад Уламбаяр архиндаа согтоод түрүүлээд 00.00 цаг өнгөрч байхад унтсан. ...би Хүслэнг 02.00 цагийн орчимд гэр лүү нь дөхүүлж өгөөд Уламбаярын гэрт ганцаараа буцаж ирэхэд Отгонбаяр ахаас бусад нь унтсан, Отгонбаяр ах гар утсаа цэнэглэх гээд сэрүүн байсан. Би “гар утсаа өгч байгаач, фэйсбүүк орох гэсэн юм” гээд утсыг нь авсан. ...Отгонбаяр ахын...гар утсыг гэрийн баруун талын орны дээд талд цэнэглэж орхиод унтсан. Өглөө намайг сэрэхэд бүгд сэрсэн байсан бөгөөд Л.О ах “гар утас байхгүй байна” гээд Ц.Уын гэрээс хайгаад олоогүй.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 44 дэх тал/,

насанд хүрээгүй гэрч Ц.Н-н “...2021 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 12 дугаар сарын 15-ны өдрийн хооронд буюу 5 хоногийн хугацаанд өөрийн төрсөн эгч Ц.Номинзулын гэрт ээж, дүү нарынхаа хамт байсан. ...би эгчийнхээс гарч Азбаяр, Тэмүүжин гээд ангийнхаа хоёр найзын хамт ахын байгаа гэрийн ойролцоо тоглож байгаад “00” орж бие засан гарч ирэхэд “00” орох хаалганы баруун талын өвсөн дунд хар өнгийн, товчлуургүй, гар утас доош харсан байхаар нь гар утсыг авахад асаалттай, кодтой байсан. Тэгээд ах гэрт унтаж байгаа байх гэж бодоод гэр лүү ороход ах ганцаараа гэртээ унтаж байсан, ахыг сэрээгээд “...00-н үүднээс гар утас оллоо” гэж хэлээд ахдаа гар утсыг өгөөд гэрээс гаран найзуудынхаа хамтаар тоглохоор явсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 47 дахь тал/,

гэрч О.Б “...2021 оны 12 дугаар сарын 12-ны өглөө Отгонбаяр, Даш-Очир, Уламбаяр нар Отгонбаярын гар утсыг Уламбаярын гэрээс хайгаад байсан, бид нар бүгд хайлцсан. Гар утас руу олон удаа залгахад дуудаж байгаад хэсэг хугацааны дараа холбогдохгүй болсон, бид Уламбаярын гэр болон хашаан дотор, бие засдаг “00”-ын эргэн тойронд зөндөө хайсан боловч олоогүй. Яагаад гар утас алга болсон шалтгааныг мэдэхгүй.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 49 дэх тал/,

          гэрч Э.М “...Тухайн үед Л.О “Samsung-A12” загварын загварын хар өнгийн гар утастай байсан, намайг сэрүүн байхад л лав хэн нэгэнд гар утсаа өгөөгүй. ...өглөө сэрэхэд “Отгонбаярын гар утас байхгүй байна” гээд бид нар Ц.Уын гэр болон хашаанаас хайгаад олоогүй, гар утас руу нь залгахад холбогдож байгаад сүүлдээ холбогдохгүй болсон. Намайг сэрүүн байхад Л.О гар утсаараа PUBG тоглоод сууж байсан, Л.Оын гар утсыг хэн нэгэн авч гараагүй, шөнө А.Даш-Очир гар утсаараа фэйсбүүк орох гээд авсан гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 54 дэх тал/,

өсвөр насны яллагдагч Ц.У-ын “...Хэрэг явдал болсноос хойш 3 хоногийн дараа буюу 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр би өөрийн Говил баг гэр хорооллын 1-5 тоот гэртээ дүү нарынхаа хамт байж байхад дүү Ц.Нямдэлгэр гэрээс гарчихаад эргээд орж ирэхдээ “00”-ын урд талын өвсөн дундаас гар утас оллоо” гээд надад гар утас авч ирж өгсөн. Гар утсыг авахад “Samsung-A12” загварын хар өнгөтэй гар утас байсан, гар утас асаалттай, нууц үгтэй байсан учир дотор байсан зүйлийг нь үзэж чадаагүй, намайг гар утсыг авсан байхад гар утас руу хүн залгаагүй. ...Гар утсыг худалдахдаа Билгүүнтөгөлдөр найзынхаа хамт явсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 77-78 дахь тал/,  

иргэн Ж.Ц-н “...Манай хүүхэд Л.О нь 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гар утсаа алдсан.” гэх гомдол, мэдээллийг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл, түүний өргөдөл /хавтаст хэргийн 5, 6 дахь тал/,

Ц.У 2004 оны 2 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, гэмт хэрэг үйлдэгдсэн 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 17 нас 9 сар 22 хоногтой байсныг тогтоосон нас тоолсон тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 10-11 дэх тал/,

иргэний нэхэмжлэгч З.Наранцэцэгт 270.000 төгрөг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 13 дахь тал/,

2022 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр хохирогч Л.О-т “Samsung-A12” загварын гар утсыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 14-15 дахь тал/,

“Ашидбилгүүн” ХХК-ийн 2022 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн TXY-621/2824 дугаартай “...“Samsung-A12” загварын гар утас 320.000 төгрөг” гэсэн үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 57-61 дэх тал/,  

Ц.Уын иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 82, 91 дэх тал/,

357550940372330, 357935490372337 дугаарын IMEI кодтой утсыг ашиглаж байсан талаар “Мобиком корпораци” ХХК болон “Unitel” ХХК-ийн албан бичиг, лавлагаанууд /хавтаст хэргийн 97-100 дахь тал/ зэрэг,

2.Насанд хүрээгүй хохирогч Б.Оийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн тухайд,

мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;

насанд хүрээгүй хохирогч Б.О-ийн “...Ц.У 2022 оны 1 дүгээр сарын 02-03-нд шилжих шөнө 04.00 цагийн орчимд “намайг ирээд авчих” гээд ээжийн утас руу залгаад байхаар нь хажуу хашааны эгч Эрдэнэчимэгийг гуйгаад Уламбаяр дээр очиход машин угаалгын газрын гаднах хаалга түгжээтэй байсан. Цонхыг нь тогшиход “цонх хагаллаа” гэж уурлаад хэрүүл болоод хаалгаа онгойлгосон, Уламбаяр архи уучихсан байсан. Тухайн өдөр Уламбаяр миний гар утсыг аваад явчихсан байсан, би “гар утсаа авъя” гэхэд “өгөхгүй” гээд намайг түлхээд газар унагаасан, намайг босох гэж байтал юм шидээд зүүн талын хөмсөг сэтэрч цус гарсан, эмнэлэг орж хоёр оёдол тавиулсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 150-151 дэх тал/,

“...Ц.У бид хоёр 2019 оноос хойш нэгийгээ таньдаг болж, 2020 оны 10 дугаар сарын 11-нээс одоог хүртэл үерхэж байгаа. Бид хоёр гэр бүл болж хамт амьдраагүй, нэг, нэгнийхээ гэрээр хааяа орж гардаг, гэр бүлийн хүмүүс маань бид хоёрыг үерхдэг гэдгийг мэддэг. Өргөдөл бичихдээ уур хүрээд гэр бүлийн хүчирхийлэл үйлдээд гээд биччихсэн юм, миний зүгээс гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 153-154 дэх тал/,

насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ц-н “...2022 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн шөнө Б.Оийн гар утас дуугараад ярихаар нь би “шөнө хэнтэй яриад байгаа юм бэ” гэсэн чинь “Уламбаяр согтуу байна, намайг ирээд авчих гэнээ” гэж хэлэхээр нь би “за за” гэж хэлэхэд Б.О гэрээс гараад явсан. ...тэгээд “шөнө Отгонтөгс эгч Ц.Ут зодуулж, хөмсгөө сэтлүүлсэн” гэж Б.Ууганбаяр надад хэлсэн. Б.О өөрөө надад бол хэлээгүй. Б.О өглөө гэртээ орж ирэхэд зүүн хөмсөг нь сэтэрч хоёр оёдол тавиулсан байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 156 дахь тал/,

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Ж.Гэрэлмаагийн 2022 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн 86 дугаартай, “...Б.Оийн биед зүүн хөмсөгт нэг тооны няцарсан шарх, баруун өвдөгт зөөлөн эдэд хоёр тооны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Нэг цаг хугацаанд үүссэн гэмтлүүд байна. Няцарсан шарх нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 162-163 дахь тал/,

өсвөр насны яллагдагч Ц.У-ын “...2022 оны 1 дүгээр сарын 02-ны оройн 22 цагийн үед “Бокс” авто угаалгын ажил дээрээ ганцаараа байж байхдаа шөнө 04.00 цагийн үед өөрийн найз охин Б.Оийг “намайг ирээд аваач” гэхэд “за” гэж хэлээд дүү Б.Отгонсувдын хамтаар ирсэн. Би угаалгын газрын хаалгыг дотор талаас нь түгжсэн байхад Б.О хаалга тогшилгүйгээр, цонх цохихоор нь хаалгыг нээж өгөхөд “яасан удаан онгойлгодог юм бэ, гар утсаа аваач” гээд над руу уурлаад миний гар утсыг булааж аваад бид хоёр хоорондоо маргалдаж байгаад би хөөс хийдэг хуванцар савыг аваад Б.О рүү шидэхэд хөмсөгийг нь онож гэмтээсэн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 177 дахь тал/,

насанд хүрээгүй хохирогч Б.О-ийн “...Манай найз залуу Ц.У миний биед халдаж намайг зодсон.” гэх гомдол, мэдээллийг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл, түүний өргөдөл /хавтаст хэргийн 134, 135 дахь тал/,

Ц.У 2004 оны 2 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, гэмт хэрэг үйлдэгдсэн 2022 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр 17 нас 11 сар 14 хоногтой байсныг тогтоосон нас тоолсон тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 136-137 дахь тал/,

насанд хүрээгүй хохирогч Болдбаатарын Отгонтөгс 2005 оны 5 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, гэмт хэрэг үйлдэгдсэн 2022 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр 16 нас 7 сар 28 хоногтой байсныг тогтоосон нас тоолсон тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 138-139 дэх тал/,

насанд хүрээгүй хохирогч Б.О рүү шидсэн гэх хуванцар саванд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 140-142 дахь тал/,

цагаан өнгийн хуванцар савыг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 143 дахь тал/,

Орхон аймаг Баян-Өндөр Говил багийн 2022 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн ам бүлийн болон хаягийн тодорхойлолтууд /хавтаст хэргийн 186, 187 дахь тал/ зэрэг,

3.Хохирогч Г.Б-н эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн тухайд,

мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;

хохирогч Г.Б-н “...Би үеэл Уламбаярын гэрт хамаатан Алтанбаатарын хамт оройн 22 цагийн үед очсон, бид гурав Уламбаярын гэрээс гараад город орж найз охин Бааскагийн гэрт очоод Бааскаг аваад буцаад Уламбаярын гэрт ирсэн. Бааска нэг эмэгтэй найзыгаа дуудаад 0.5л “Хараа” архи задлаад уусан. ...гаднаас Оюунболд, Хүслэн хоёр орж ирээд Хүслэн, Алтанбаатартай муудалцаж байгаад гараад явсан. ...Нэргүй гэж хүүхэд орж ирээд Уламбаярыг сандал дээр сууж байхад жийж унагаагаад чирээд гарсан, бид нарыг гарахад Улмааг Хүслэн, Оюунболд, Нэргүй нар дээрээс нь дэвсэж байсан. Тэгэхээр нь Хүслэн, Оюунболд хоёрыг Улмаагаас салгаад байж байтал Нэргүй намайг татаж унагаагаад нүүр лүү хоёр удаа цохиод, гэдэс лүү өшиглөөд холдохоор нь бостол нэг хүн нуруун дээр цохичихоод явсан. Яг хэн цохисныг мэдэхгүй, Улмаа, Алтанбаатар хоёр Хүслэн, Оюунболд, Нэргүй гурвын араас гүйсэн, би үлдээд гэр рүү орсон чинь гар дагаад цус гарч байхаар нь би “намайг хутгалчихлаа” гэж орилоод ухаан алдаад уначихсан байсан. Надад гомдол, санал гээд байх зүйл байхгүй, би зөвхөн эмчилгээний зардлаа төлүүлэх хүсэлтэй байна.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 205-206 дахь тал/,

гэрч Ж.А-н “...шөнийн 01.00 цаг өнгөрч байхад Оюунболд гаднаас дөрвөн найзтайгаа орж ирсэн, Оюунболдтой орж ирсэн Нэргүй гэх найз нь орж ирээд Уламбаярын цээжин хэсэгт өшиглөсөн бөгөөд Уламбаяр босож ирээд Нэргүйтэй барьцалдаж аваад гадаа гараад зодолдсон. Уламбаяр доор нь ороход Билгүүнтөгөлдөр очиж салгасан чинь Уламбаяр гэр лүүгээ ороод хутга, заазуур хоёр авч гарч ирээд Нэргүй рүү дайрахад Нэргүй Уламбаяраас хутгыг нь булааж аваад Билгүүнтөгөлдөр тэр хоёрын дундуур орсон. Гэнэт Оюунболдын найзууд нь зугтаад явчихаар нь Уламбаяр бид хоёр араас нь хөөгөөд гүйцэхгүй болохоор нь буцаад гэр лүүгээ орсон чинь Билгүүнтөгөлдөрийн зүүн далны хэсэгт хутганы шархтай цус гарчихсан газар хэвтэж байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 208 дахь тал/,

гэрч Н.Н-н “...Уламбаярын гэрээс Хүслэн, Оюунболд бид гурав гарах гэж байсан чинь Уламбаяр нь Оюунболдтой зодолдоод, Уламбаяр “ална” гээд хутга, заазуур хоёр бариад гараад ирсэн. Билгүүн гэх залуу Уламбаярыг цааш түлхээд “Билгүүнээ байна” гэхэд Уламбаяр бид нарыг “ална” гээд хойноос хөөхөөр нь хашаанаас гараад зугтчихсан. Билгүүнээ гэх залуу Уламбаярыг салгах гээд түлхэж байх хооронд ийм зүйл болсон байх, яах аргагүй “Билгүүнээ байна” гээд Уламбаярыг гэрийн хаалга руу түлхэж байсан, би Уламбаяртай хутга булаацалдаагүй, Билгүүнээ салгах гээд булаацалдаж байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 210 дахь тал/,

насанд хүрээгүй гэрч Э.О-н “...Уламбаяр Нэргүйгийн өөдөөс “яасан” гээд юм яриад байсан чинь Нэргүй Улмааг очоод жийчихсэн. Нэргүй, Уламбаяр хоёр гэрийн хаалгаар гарч хоорондоо барьцалдаж байгаад Нэргүй нь Уламбаярыг унагаасан, тэгсэн Уламбаяр босож ирээд “гэрээсээ хутга, заазуур авч гарч ирнэ” гээд байхаар нь бид нар зугтчихсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 212 дахь тал/,

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Ж.Гэрэлмаагийн 2022 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн 150 дугаартай, “...Л.Бийн биед зүүн даланд нэг тооны хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц үзүүр ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 217-218 дахь тал/,

өсвөр насны сэжигтэн, яллагдагч Ц.У-ын “...намайг дэвсүүлж байхад Билгүүнтөгөлдөр гарч ирээд хүмүүсээс салгаад, Нэргүй намайг хөөгөөд байхаар нь би гэр лүү орж, хоолны шүүгээн дээр байсан хутга билүү заазуур байсныг  санахгүй байна, аваад хүмүүс рүү дайрч байхад Билгүүнтөгөлдөр урдуур ороод “та нар болиоч” гэснээ “Улмаа чи наадхаараа намайг цохичихлоо шүү дээ” гэсэн. ...би Алтанбаатарт “Билгүүнээ сая миний хутганд зүсүүлчихлээ, буцъя” гээд гэр лүү ороход Билгүүнээ шалан дээр цустайгаа холилдчихсон хэвтэж байсан. Би өөрийн хийсэн үйлдэлдээ харамсаж байна.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 224-225, 232-233, 243 дахь тал/,

иргэн Ж.А-н “...Говил багийн Чулуутын 1-5 тоотод хүн хутгалуулчихлаа.” гэх мэдээллийг Орхон аймаг дахь Цагдаагийн газар 2022 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн 21.20 цагт хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 197 дахь тал/,

Говил багийн Чулуутын 1-5 тоот хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 198-199, 200-202 дахь тал/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэргүүдэд хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, хохирогч, гэрч нараас мөн Ц.У-аас сэжигтэн, яллагдагчаар мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

          Шүүгдэгч Ц.У-ыг гэм буруутайд тооцох;

Шүүгдэгч Ц.У нь 2021 оны 12 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Говил баг гэр хорооллын 1-5 тоот гэрт нь хонож байсан Л.Оын “Samsung-A12” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 320.000 төгрөгийн хохирол учруулж, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

          хэргийн үйл баримтын талаарх,

          хохирогч Л.О-ын “...намайг унтахад шөнийн 03.00 цаг болж байсан, маргааш өглөөний 08.00 цаг болж байхад түрүүлж сэрэхэд миний гар утас байхгүй байхаар нь Даш-Очироос “утас хаана байна” гэж асуухад “баруун талын орны дээд талд цэнэглэж орхиод унтсан” гэж хэлсэн.” гэх,

гэрч А.Д “...Өглөө намайг сэрэхэд бүгд сэрсэн байсан бөгөөд Л.О ах “гар утас байхгүй байна” гээд Ц.Уын гэрээс хайгаад олоогүй.” гэх,

гэрч О.Бямба-Очирын “...2021 оны 12 дугаар сарын 12-ны өглөө Отгонбаяр, Даш-Очир, Уламбаяр нар Отгонбаярын гар утсыг Уламбаярын гэрээс хайгаад байсан, бид нар бүгд хайлцсан. Гар утас руу олон удаа залгахад дуудаж байгаад хэсэг хугацааны дараа холбогдохгүй болсон, бид Уламбаярын гэр болон хашаан дотор, бие засдаг нойлын эргэн тойронд зөндөө хайсан боловч олоогүй.” гэх,

          гэрч Э.М-н “...өглөө сэрэхэд “Отгонбаярын гар утас байхгүй байна” гээд бид нар Ц.Уын гэр болон хашаанаас хайгаад олоогүй, гар утас руу нь залгахад холбогдож байгаад сүүлдээ холбогдохгүй болсон.” гэх,

гэрч Л.Б-ийн “...2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 11 цагийн үед намайг ажил дээрээ байхад Улмаа ирээд “гар утас олсон” гэхээр нь би “хаанаас олсон юм бэ” гэхэд “Говилоос олсон” гэж хэлсэн.” гэх,

гэрч Н.Г-н “...2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 17 цагийн орчимд танихгүй хоёр бандиас 270.000 төгрөгөөр гар утас худалдаж авсан, тэгэхдээ “S8 Plus” загварын гар утсыг 140.000 төгрөгт бодож, 130.000 төгрөгийг бэлнээр өгсөн.” гэх мэдүүлгүүдээр болон

иргэн Ж.Ц-н “...Манай хүүхэд Л.О нь 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гар утсаа алдсан.” гэх гомдол, мэдээллийг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл, түүний өргөдөл, 2022 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр хохирогч Л.О-т “Samsung-A12” загварын гар утсыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдээр,

Шүүгдэгч Ц.У нь 2022 оны 1 дүгээр сарын 03-ны шөнө 04.00 цагийн орчимд Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг “Бокс” машин угаалгын газарт найз охин 16 настай Б.О рүү хуванцар сав шидэж, зүүн хөмсөгийг нь гэмтээн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

хэргийн үйл баримтын талаарх,

насанд хүрээгүй хохирогч Б.О-ийн “...би “гар утсаа авъя” гэхэд “өгөхгүй” гээд намайг түлхээд газар унагаасан, намайг босох гэж байтал юм шидээд зүүн талын хөмсөг сэтэрч цус гарсан, эмнэлэг орж хоёр оёдол тавиулсан.” гэх,

өсвөр насны яллагдагч Ц.Уын “...бид хоёр хоорондоо маргалдаж байгаад би хөөс хийдэг хуванцар савыг аваад Б.О рүү шидэхэд хөмсөгийг нь онож гэмтээсэн.” гэх мэдүүлгүүдээр болон

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Ж.Гэрэлмаагийн 2022 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн 86 дугаартай, “...Б.Оийн биед зүүн хөмсөгт нэг тооны няцарсан шарх нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.” гэсэн дүгнэлт,

насанд хүрээгүй хохирогч Б.Оийн “...Манай найз залуу Ц.У миний биед халдаж намайг зодсон.” гэх гомдол, мэдээллийг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл, түүний өргөдөл, насанд хүрээгүй хохирогч Б.О рүү шидсэн гэх хуванцар саванд үзлэг хийсэн тэмдэглэл, цагаан өнгийн хуванцар савыг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол зэргээр,

Шүүгдэгч Ц.У нь 2022 оны 2 дугаар сарын 03-ны шөнө согтуурсан үедээ Орхон аймаг Баян-Өндөр сум Говил баг 1-5 тоотод Л.Бийн зүүн далны орчимд хутгалж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

хэргийн үйл баримтын талаарх,

хохирогч Г.Б-н “...гар дагаад цус гарч байхаар нь би “намайг хутгалчихлаа” гэж орилоод ухаан алдаад уначихсан байсан.” гэх

гэрч Ж.А-н “...Билгүүнтөгөлдөрийн зүүн далны хэсэгт хутганы шархтай цус гарчихсан газар хэвтэж байсан.” гэх

гэрч Н.Н-н “...Уламбаяр “ална” гээд хутга, заазуур хоёр бариад гараад ирсэн. Билгүүн гэх залуу Уламбаярыг цааш түлхээд “Билгүүнээ байна” гэхэд Уламбаяр бид нарыг “ална” гээд хойноос хөөхөөр нь хашаанаас гараад зугтчихсан.” гэх,

өсвөр насны сэжигтэн, яллагдагч Ц.Уын “...би гэр лүү орж, хоолны шүүгээн дээр байсан хутга билүү заазуур байсныг санахгүй байна, аваад хүмүүс рүү дайрч байхад Билгүүнтөгөлдөр урдуур ороод “та нар болиоч” гэснээ “Улмаа чи наадхаараа намайг цохичихлоо шүү дээ” гэсэн. ...би Алтанбаатарт “Билгүүнээ сая миний хутганд зүсүүлчихлээ, буцъя” гээд гэр лүү ороход Билгүүнээ шалан дээр цустайгаа холилдчихсон хэвтэж байсан.” гэх мэдүүлгүүдээр болон  

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Ж.Гэрэлмаагийн 2022 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн 150 дугаартай, “...Л.Бийн биед зүүн даланд нэг тооны хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоодлоо...шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.” гэсэн дүгнэлт,

иргэн Ж.А-н “...Говил багийн Чулуутын 1-5 тоотод хүн хутгалуулчихлаа.” гэх мэдээллийг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл, Говил багийн Чулуутын 1-5 тоот хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд уг нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй байна.

          Шүүхийн хэлэлцүүлгийн үед шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Бямбажав “...Шүүгдэгч Ц.У-ыг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэхэд эргэлзээтэй байна. Өсвөр насны шүүгдэгч анхнаасаа л гар утсыг олсон гэж мэдүүлдэг бөгөөд түүний төрсөн дүү насанд хүрээгүй гэрч Ц.Нямдэлгэрийн “...ганцаараа гэрийнхээ “00” орж бие засан гарч ирэхэд “00” орох хаалганы баруун талын өвсөн дунд хар өнгийн, товчлуургүй, гар утас доош харсан байхаар нь гар утсыг авсан” гэх мэдүүлгээр гар утсыг хулгайлсан гэж үзэх боломжгүй, харин түүний үйлдэл гээгдэл эд хөрөнгийг завших гэмт хэргийн шинжийг агуулж байна, зүйлчлэлийг зөвшөөрөхгүй.” гэж зүйлчлэлийг өөрчлүүлэхээр улсын яллагчтай мэтгэлцсэн болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэгт заасан хулгайлах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломжийг бүрдүүлсэн буюу бүрмөсөн зарцуулсан үйлдэл бөгөөд энэ гэмт хэрэг зөвхөн шунахай сэдэлтээр буюу бусдын өмчлөлийн эд хөрөнгийг хууль бусаар завшиж өөртөө хэрэглэх болон зарж борлуулан ашиг хонжоо олох зорилготой, шууд санаатай үйлдэгдсэн байдаг. Хэрэв эдгээр шинж үгүйсгэгдсэн тохиолдолд шүүх шүүгдэгчид ашигтай байдлаар зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх, улмаар эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх боломжтой.

Гэвч шүүгдэгч Ц.У-ыг гээгдэл эд хөрөнгө ... завшсан гэж үзэх, улмаар зүйлчлэлийг өөрчлөн шийдвэрлэх боломжгүй байна. Үүнд;

хохирогч Л.О-ын “...Даш-Очироос “утас хаана байна” гэж асуухад “баруун талын орны дээд талд цэнэглэж орхиод унтсан” гэж хэлсэн.” гэх,

гэрч А.Д-н “...Отгонбаяр ахын гар утсыг гэрийн баруун талын орны дээд талд цэнэглэж орхиод унтсан. ... Л.О ах “гар утас байхгүй байна” гээд Ц.Уын гэрээс хайгаад олоогүй.” гэх,

гэрч О.Бямба-Очирын “...2021 оны 12 дугаар сарын 12-ны өглөө Отгонбаяр, Даш-Очир, Уламбаяр нар Отгонбаярын гар утсыг Уламбаярын гэрээс хайгаад байсан, бид нар бүгд хайлцсан. Гар утас руу олон удаа залгахад дуудаж байгаад хэсэг хугацааны дараа холбогдохгүй болсон, бид Уламбаярын гэр болон хашаан дотор, бие засдаг “00”-ын эргэн тойронд зөндөө хайсан боловч олоогүй.” гэх,

гэрч Э.М-н “...бид нар Ц.Уын гэр болон хашаанаас хайгаад олоогүй, гар утас руу нь залгахад холбогдож байгаад сүүлдээ холбогдохгүй болсон.” гэх,

гэрч Л.Б-ийн “...2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 11 цагийн үед намайг ажил дээрээ байхад Улмаа ирээд “гар утас олсон” гэхээр нь би “хаанаас олсон юм бэ” гэхэд “Говилоос олсон” гэж хэлсэн. Бид хоёр үдээс хойш миний утсыг засуулахаар “Тэди” төв рүү явсан.” гэх,

гэрч Н.Г-н “...2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 17 цагийн орчимд танихгүй хоёр бандиас 270.000 төгрөгөөр гар утас худалдаж авсан.” гэсэн мэдүүлгүүдээр

насанд хүрээгүй гэрч Ц.Н-н “...“00” орох хаалганы баруун талын өвсөн дунд хар өнгийн, товчлуургүй, гар утас доош харсан байхаар нь гар утсыг авахад асаалттай, кодтой байсан.” гэх,

мөрдөн байцаалтын шатанд өгсөн өсвөр насны яллагдагч Ц.Уын “...хэрэг явдал болсноос хойш гурав хоногийн дараа буюу 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ... дүү Ц.Нямдэлгэр гэрээс гарчихаад эргээд орж ирэхдээ “00-ын урд талын өвсөн дундаас гар утас оллоо” гээд надад гар утас авч ирж өгсөн. Гар утсыг авахад “Samsung-A12” загварын хар өнгөтэй гар утас байсан, гар утас асаалттай, нууц үгтэй байсан.” гэх,  

шүүхийн хэлэлцүүлэг өгсөн шүүгдэгч Ц.Уын “...үүнээс хойш хоёр хоногийн дараа би ажилдаа яваагүй амарч байхад Нямдэлгэр дүү маань гэрийнхээ урд сааданд тоглож байгаад гэрийнхээ хашаа руу орж ирж “00”-д орчихоод гарч ирэхдээ “00-н баруун талын өвсөн дунд халгай, зэрлэг дундаас энэ утсыг оллоо” гэж хэлж орж ирсэн.” гэх мэдүүлгүүд нь үгүйсгэгдэж, няцаагдаж байна.

          Учир нь; гар утас хайлцсан гэрчүүдийн мэдүүлэгт 2021 оны 12 дугаар сарын 12-ны өглөө ... “гар утсыг шүүгдэгчийн гэр болон хашаан дотор, бие засдаг нойлын эргэн тойронд зөндөө хайсан”, “гар утас руу нь олон удаа залгахад дуудаж байгаад хэсэг хугацааны дараа холбогдохгүй болсон” гэсэн байхад насанд хүрээгүй гэрч Ц.Нямдэлгэр, шүүгдэгч Ц.У гар утсыг олох үед утас асаалттай байх,

          гэрч Л.Б, Ц.У нар 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр “Тэди” төв рүү хамт явсан, улмаар энэ өдөр гэрч Н.Гантулга гар утсыг 270.000 төгрөгөөр худалдаж авсан талаар гэрч Л.Б, Н.Гантулга нарын мэдүүлэг хэрэгт авагдсан байхад шүүгдэгч Ц.У нь хоёр хоногийн дараа, гурав хоногийн дараа гэж зөрүүтэй мэдүүлдэгээс гадна 13-ны өдөр худалдагдсан гар утсыг 12-ны өдрөөс хоёр хоногийн дараа буюу 14-ний өдөр, эсхүл гурав хоногийн дараа буюу 15-ны өдөр насанд хүрээгүй гэрч Ц.Нямдэлгэр хашаанаас олох,

          өвлийн улиралд буюу 12 дугаар сард 2-3 хоног гадаа хаягдсан гар утсыг олох үед гар утас асаалттай байх,

          өвлийн улиралд шүүгдэгч Ц.У-ын хашаанд халгай, өвс ногоо ургасан байх боломжгүй нөхцөл байдлууд тогтоогдож байна.  

Хулгайлах гэмт хэрэг гэж бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж халдахгүйгээр, эд хөрөнгийг өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр далд аргаар авч өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэх болон захиран зарцуулсныг ойлгох бөгөөд гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байдаг бол, 

... гээгдэл эд хөрөнгө ... завших гэмт хэргийн хувьд гэмт этгээд бусдын өмчийг өөрт олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийгээгүй, хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа гэмт этгээдэд завших сэдэл төрж, шамшигдуулсан, захиран зарцуулсан байдаг.

Хохирогч Л.О-ын гар утас нь алга болсон гэх үйл баримт нь мөрдөн байцаалтын явцад цуглуулж бэхжүүлсэн, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хөдөлбөргүй нотлогдсон бөгөөд согтуурлын улмаас, мөн шөнийн цагт унтаж амрах үедээ өөрийн өмч хөрөнгийг хадгалах, хамгаалах чадвар түр суларсан нөхцөл байдлыг далимдуулж бусдын эд хөрөнгийг нууцаар авсан шүүгдэгч Ц.Уын үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн тухайд, хэрэгт авагдсан нотлох баримтууд нь шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай бөгөөд шүүгдэгч Ц.У нь хохирогч Б.О, Л.Б нарын эсрэг биемахбодын хүчирхийлэл үйлдэж, тэдний эрүүл мэндийн халдашгүй байдал, эрүүл аюулгүй орчинд амьдрах хуулиар хамгаалагдсан эрхийг нь ноцтой зөрчсөн төдийгүй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д заасан “хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг агуулж байна.

Шүүгдэгч Ц.У-ыг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах” хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, мөн “хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэж Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон,

шүүгдэгч нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэй,

түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл бөгөөд гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

          Иймд шүүх шүүгдэгч Ц.У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах” хулгайлах, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.  

          Шүүгдэгч Ц.У-т эрүүгийн хариуцлага оногдуулах;

Шүүх шүүгдэгч Ц.У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах” гэмт хэрэг,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Ц.Уын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед улсын яллагчаас “...шүүгдэгч Ц.У-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэрэгт 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, нийт 7 сар 10 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулах.” гэсэн,

шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Бямбажаваас “...анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэхдээ өсвөр насны буюу 18 насанд хүрээгүй байсан тул 8 дугаар бүлэгт заасан журмаар хариуцлага хүлээх үндэслэлтэй.” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргав.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж,

8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх энэ хуулийн тусгай ангид зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 5.5 дугаар зүйлд заасан журмаар тусгай ангид заасан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж эдлэх ялыг хоёр дахин багасгана.” гэж тус тус заажээ.

          Шүүх шүүгдэгч Ц.У нь дээрх гэмт хэргүүдийг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн, арван найман насанд хүрээгүй байсан тул эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний нас, биед тохирсон, эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн онцлогийг харгалзсан, нийгэмд өөрийн байр суурийг олоход туслах, боловсрол эзэмшүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах үүднээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тус тус тал бүрээс нь харгалзан,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага нь тухай хүн, ...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 /дөрөв/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,

          мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 4 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 10 /арав/ сарын хугацаагаар тогтоож,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан, шүүгдэгч Ц.Ут оногдуулсан 10 /арав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг хоёр дахин багасгаж, эдлэх ялыг 5 /тав/ сарын хугацаагаар тогтоож,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрийн оршин суух газраас явахыг хориглох буюу Орхон аймаг Баян-Өндөр сумаас явахыг хориглож,

          мөн хуулийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.У нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулав.

Шүүгдэгч Ц.У хохирогч Л.От “Samsung А-12” загварын гар утас хүлээлгэж өгсөн, мөн иргэний нэхэмжлэгч З.Наранцэцэгт 270.000 төгрөг төлж барагдуулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн.”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон болохыг дурьдах нь зүйтэй.   

Бусад асуудал;

Энэ гэмт хэргүүдийн улмаас хохирогч Л.О-т “Samsung А-12” загварын гар утасны үнэ 320.000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч З.Наранцэцэгт 270.000 төгрөгийн хохирол, 16 настай хохирогч Б.О, хохирогч Л.Б нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх боловч хавтаст хэргийн 14 дэх талд хохирогч Л.От “Samsung А-12” загварын гар утсыг хүлээлгэж өгсөн тухай тэмдэглэл,

хавтаст хэргийн 13 дахь талд иргэний нэхэмжлэгч З.Наранцэцэгт 270.000 төгрөг хүлээлгэж өгсөн тухай тэмдэглэл тус тус авагдсаныг,

хохирогч Б.О болон түүний хууль ёсны төлөөлөгч Д.Цэвэгмэд, хохирогч Л.Б нарын “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй.” гэсэн мэдүүлгүүдийг тус тус үндэслэн шүүгдэгч Ц.У-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан өнгийн хуванцар сав нэг ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж,

битүүмжилсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдаж,  

   шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Ут урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Ц.У-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

          2.Шүүгдэгч Ц.У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 /дөрөв/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Ц.У-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 4 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялын хэмжээг 10 /арав/ сарын хугацаагаар тогтоосугай.

          4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан,

          шүүгдэгч Ц.У-т оногдуулсан 10 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг хоёр дахин багасгаж, эдлэх ялыг 5 /тав/ сарын хугацаагаар тогтоож,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрийн оршин суух газраас явахыг хориглох буюу Орхон аймаг Баян-Өндөр сумаас явахыг хориглож,

          мөн хуулийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.У зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

          5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арваннайм дугаар бүлэгт зааснаар шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

          6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.У-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цагаан өнгийн хуванцар сав нэг ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж,

энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй,  шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч нар, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.ЭНХТУНГАЛАГ