Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 2022/ШЦТ/157

 

 2022          4              26                                 2022/ШЦТ/157

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                  

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.А,

улсын яллагч Г.А,

шүүгдэгч Ц.Б,

хохирогч Б.Д-гийн өмгөөлөгч Д.Н нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Б-д холбогдох 2225000020113 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн, Ц.Б

Шүүгдэгч Ц.Б нь 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Орхон аймаг  Баян-Өндөр сум Баянбулаг баг 2-234 тоотод иргэн Б.Д-г зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт;

шүүгдэгч Ц.Б мэдүүлэхдээ “...тухайн өдрийн оройн 21.00 цагийн үед ажлаа тараад харьсан, би найз охин Дөлгөөнөөтэй хамт амьдардаг бөгөөд Батзаяа, Пүрэвням, Гансүх гэсэн манай гурван дүү хамт байсан. Бид нар унтах гээд шөнө 02.00 цаг өнгөрч байхад хашаанд хүн хашгираад байхаар нь Гансүх гэрийн хаалгыг онгойлгож “чимээгүй байгаач унтаж амармаар байна” гэж хэлэхэд урдаас нь “дуугүй бай” гэж муухайгаар хэлсэн. Гансүх хашаанаас гарахаар нь би Гансүхийг авах гээд гадаа гарахад Даваахүү ахын эхнэр нь миний хажуугаар Дөлгөөнөөг үсдэж авсан, Даваахүү ахын дүү бид хоёр хүмүүсийг салгачихаад буцаж гэр рүүгээ орсон. Гэтэл Даваахүү ах араас орж ирээд “хаашаанаас зайлаарай” гэж хэлсэн, тэгээд би “цагдаа дуудсан” гэж хэлэхэд намайг түлхэж ор руу суулгасан. Гансүх ах гэрт орж ирчихээд байж байхад хэсэг хугацааны дараа Даваахүү ах орж ирэхдээ үүдний босгыг мөргөсөн юм, Дөлгөөнөө Даваахүү ахыг босгох гэж очиход Дөлгөөнөөгийн нүүр рүү нь өшиглөсөн, тэгэхээр нь би нүүр рүү нь нэг өшиглөсөн, тэгтэл эхнэр нь орж ирээд зөндөө хэрэлдсэн, хэсэг хугацааны дараа цагдаа ирсэн.” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;

хохирогч Б.Д-гийн “...2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр найзуудын шинэ жилийг Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут багийн нутаг дэвсгэрт байрлах “Хүннү” ресторанд тэмдэглээд 23 цаг өнгөрч байхад гарсан. Манай гэрт эхнэр Уянга, Ганзориг, Ууган-Очир, Эрдэнэзул, Дэмбэрэл, Отгонбаяр нарын хамт хоёр таксинд суугаад ирсэн. Гэртээ ирсний дараа миний нойр хүрээд байсан болохоор түрүүлээд орон дээр гараад унтсан, харин хамт ирсэн найз нар маань манайд нэг шил архи хувааж уугаад, инээж хөөрөөд сууж байсан. Миний ам цангаж байгаа мэдрэмж төрөөд сэрэхэд Эрдэнэзул, Ганзориг нар байсан ба эхнэр Уянга байхгүй байсан, би босоод ус уучихаад сууж байхад эхнэр Уянга гаднаас орж ирээд, “хажуу талын айлын залуучууд янз бүрийн зүйл хэлээд байна” гэсэн. Тухайн үед эхнэр Уянгын үс арзайчихсан, айсан байдалтай байсан. Би гэрээсээ ганцаараа гарахад хүн байхгүй байсан тул хажуу талын хашаанд байх монгол гэр лүү ороход хоёр эмэгтэй, 3-4 эрэгтэй хүмүүс архи уучихсан сууж байсан. Би тэр хүмүүст хандаж “та нар адилхан архи уучихсан байж яагаад нэгнийгээ янз бүрээр хэлдэг юм бэ” гэж уурлахад гэрийн зүүн талын орон дээр сууж байсан залуу босож ирээд намайг цохих гээд гараа далайхаар нь би түлхсэн чинь хойшоо ороо налаад суучихсан. ...Нэг залуу нь миний куртикнээс бариад намайг гэрээс гаргаад газар унагааж цохисон, өшиглөсөн, би газар хэвтэхдээ гараараа толгойгоо хамгаалж байгаад дээшээ өндийхөд нэг нь миний нүүрэн тус газарт хөлөөрөө өшиглөсөн, тэр үед нүдэнд оч манарсан. Намайг газар хэвтэж байхад миний хоёр талаас хоёр хүн өргөж босгохоор нь харахад манай эхнэр Уянга, Эрдэнэзул нар байсан, миний хамраас цус гараад тогтохгүй байсан. Эхнэр Уянга “манай нөхрийг та нар ямар аймар болгочихсон юм бэ” гээд хашхираад байсан, тэр үед Ганзориг намайг дагуулаад гэрт оруулсан, нүүрээ угаасан боловч хамраас цус гараад тогтохгүй байсан.” /хавтаст хэргийн 26-27 дахь тал/,

“...Б гэдэг нэртэй, гацаж ярьдаг залуу миний нүүрэн тус газарт өшиглөсөн талаар мэдсэн. Хашаан дотор өшиглүүлсэн, газраас өндийх гэхэд миний нүүрэн тус газарт өшиглөсөн. ...Би айлын хаалга мөргөөгүй.” /хавтаст хэргийн 29 дэх тал/,

“...Эмчилгээний зардалд 353.725 төгрөгийн баримттай нэхэмжлэлийг гаргаж өгсөн. Хамрын хагалгаанд орох шаардлагатай гэсэн боловч мөнгөгүй болохоор орж чадаагүй. Хагалгааны хөлс нь 1.700.000 төгрөг болно, буруутай этгээдээс нийт 2.053.725 төгрөг нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 31 дэх тал/,

          гэрч М.У “...Би Эрдэнэзулын хамт гэрээс гараад хажуу талын хашаанд ороход Даваахүү зодуулчихсан, газар хэвтэж байсан. ...Даваахүүгийн хамрын яс хугарчихсан, нүүр нь тэр чигтээ хөхөрч, хавдсан, одоо биеийн байдал гайгүй болж байгаа.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 33-35 дахь тал/,

          гэрч Э.Г “...Эрдэнэзулын хамт хажуу талын айлын хашаанд ороход монгол гэрийн гадаа Даваахүү ах газар нүүрээ гараараа дараад хэвтэж байсан, ...Даваахүү ахыг газраас босгоод гэр лүү нь оруулахад нүүр хэсэг нь битүү цус болчихсон, хамраас нь гарч байгаа цус нь тогтохгүй байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 39-40 дэх тал/,

          гэрч Г.Д “...2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр би төрсөн дүү Пүрэвням, түүний найз охин Батзаяа нарын хамт гэртээ байж байхад 21 цагийн үед Бямбадорж, Гансүх нар орж ирсэн. ...шөнийн 01.00 цагийн үед хажуу талын хашаанд согтуу хүмүүс инээгээд чанга яриад байсан. Гансүх гэрээсээ гараад “чимээгүй байгаач ээ, хүмүүс унтаж байна” гэж хэлээд маргалдаж эхлэнгүүт Бямбадорж гэрээс гарсан. ...хажуу талын айлын эгч Уянга миний үснээс шууд зулгаасан, тэр үед би Уянга эгчийн үснээс зулгаахад Бямбадорж, Гансүх нар салгасан. Би хашаа руугаа орох гэхэд Уянга эгч миний үснээс дахиад зулгаасан. ...манай гэрт гаднаас Даваахүү ах орж ирээд “та нар манай хашаанд байдаг, байнга асуудал гаргадаг” гээд над руу уурлахад Гансүх, Бямбадорж хоёр “гэрээс гараа, цагдаа ирэхээр учраа олно” гэж хэлэхэд Даваахүү ах газар байсан нохойны идүүрийг аваад Батзаяа руу шидсэн боловч оноогүй. Бямбадорж, Даваахүү ахыг “гэрээс гар” гэхэд Даваахүү ах Бямбадоржийг түлхээд орон дээр суулгасан, Гансүх Даваахүү ахын араас татаад гэрээс гаргачихаад ганцаараа орж ирсэн, үүнээс хойш 2-3 минутын дараа Даваахүү ах гаднаас орж ирэхдээ гэрийн хаалганы дээд хэсгийг хамар, нүд хэсгээрээ мөргөөд хойшоогоо газар унасан. ...Даваахүү ах газраас босож ирээд миний баруун талын хацар хэсэг рүү гараараа нэг удаа цохисон, би нүдээ дараад доошоо суухад миний эрүү хэсэг рүү урт үстэй ах хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Бямбадорж “та эмэгтэй хүнийг яаж байгаа юм бэ” гээд Даваахүү ахыг цохисон, биеийн аль хэсэг рүү цохисон талаар сайн хараагүй, нэг харахад гэрийн гадаа Бямбадорж, Гансүх хоёр урт үстэй залуутай зодолдож байсан. ...Үүнээс хойш болсон асуудлыг Батзаяа гар утсаараа бичлэг хийсэн. Тэр хүмүүс бид нарыг хэлэх, хэлэхгүй үгээр доромжилж байгаад гэрээс гарахад цагдаа нар ирсэн.” гэсэн мэдүүлэг /хавтас хэргийн 44 дэх тал/,

          гэрч А.Э “...Б.Д ах орноос босоод байшингаас гараад явсан, Даваахүү ах гарснаас хойш 3-4 минутын дараа манай нөхөр Түвшинбаатар “ах яасан удаж байна аа” гэж хэлээд Уянга эгч бид гурав хамт гараад хажуу талын айлд ороход Даваахүү ах гэрийн дотор талд, хаалганы хажууд куртикнийхээ юүдэнгээ өмсөөд нүүрээ дараад газар хэвтэж байсан.” гэсэн мэдүүлэг /хавтас хэргийн 46-47 дахь тал/,

          гэрч Б.Т “...Би хамаатны ах Хүрэлчулууны гэрт сууж байхад миний утас руу эхнэр Эрдэнэзул “ирээд авчих” гэж хэлсэн, би ганцаараа Даваахүү ахын гэрт очиход найзууд нь байсан, тэд нар архи уугаад сууж байсан. ...хашааны гадаа хүмүүс хашхирах чимээ сонсогдохоор нь би ганцаараа гараад харахад хажуу талын айлын хашааны үүдэнд бэр Уянга эгчийн үснээс намхан нуруутай эмэгтэй зулгаачихсан зогсож байхаар нь би салгах гээд очиход цаад талаас нь өндөр нуруутай, бараан өнгийн хувцастай залуу гарч ирээд миний нүүрэн тус газар луу цохисон, би “энэ хүмүүсийг салгах гэж байна” гэсэн. Тэгээд Уянга эгчийг салгаад хашаа руу нь оруулчихаад өөрөө нойл орж бие зассан, би байшинд ороход Уянга эгч надаас “Даваахүү ах чинь хааччихсан юм бэ” гэж асуухаар нь “мэдэхгүй, та түрүүлээд байшиндаа орсон биз дээ” гэж хэлэхэд Уянга эгч ганцаараа байшингаас гарсан, 4-5 минутын дараа Уянга эгчийн хашхирах чимээ сонсогдохоор нь би Даваахүү ахын байшингаас гарахад Уянга эгч хажуу талын хашаанд орчихсон, “ахыг чинь зодчихсон байна” гэж хэлсэн. Би хажуу талын айлын хашаанд ороход Даваахүү ахыг 2-3 залуу зодчихсон зогсож байхаар нь “та нар хүн аллаа, болиоч ээ” гэж хашхирсан, тэр үед нөгөө залуучууд, нэг эмэгтэй нар гэртээ орчихсон. Тэр хүмүүсийн араас Даваахүү ах гүйгээд гэр лүү орохоор нь би араас нь дагаад очсон, Даваахүү ах монгол гэрийн дотор үүд хэсэгт дээшээ харсан байрлалтай, хамар хэсгээр нь цус гарчихсан хэвтэж байсан, хашааны гадаа намайг цохисон бараан хувцастай, өндөр нуруутай залуу Даваахүү ахын нүүрэн тус газарт нь хөлөөрөө өшиглөсөн. Би тэр залууг “болиоч ээ” гээд цааш нь түлхээд Даваахүү ахыг мөр хэсгээс нь бариад гэрээс татаж гаргасан. Гэрээс нэг залуу гарч ирээд миний үснээс зулгаасан, тэр залуутай хашаанд дотор зууралдаж, зодолдсон.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 49-50 дахь тал/,

          насанд хүрээгүй гэрч Л.Г “...миний араас Даваахүү ах гэрт орж ирэхдээ хамар хэсгээрээ гэрийн хаалганы дээд талыг мөргөөд биеийн цээж хэсэг нь гэрийн дотор талд унасан. ...Бямбадорж Даваахүү ахыг газар уначихсан байхад нүүрэн тус газарт нь нэг удаа өшиглөсөн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 52-53 дахь тал/, 

          Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ч.Буянзаяагийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 39 дугаартай “...1.Б.Дгийн биед хамрын ясны хугарал, хамрын нуруунд шарх, зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний урд булан, хамрын нуруу хамарсан цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг ба түүнээс олон удаагийн үйлчлэлээр үүсгэгджээ. 3.Хамрын ясны хугарал, хамрын нуруунд шарх, зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний урд булан, хамрын нуруу хамарсан цус хуралт нь 1-3 хоногийн өмнө, нэг цаг хугацаанд үүссэн байхаар шинэ гэмтлүүд байна. 4.Хамрын ясны хугарал, хамрын нуруунд шарх, зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний урд булан, хамрын нуруу хамарсан цус хуралт нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хавтас хэргийн 61-62 дахь тал/,

          Ц.Б сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...Даваахүүг надаас өөр хүн өшиглөж, цохисон зүйл байхгүй. Даваахүү ах Дөлгөөний гэрт гаднаас орж ирэхдээ хаалганы дээд талын хамраараа мөргөөд нүүрэн хэсгээрээ гэрийн дотор талд унасан. Даваахүү ахын ард явж байсан урт үстэй ах араас нь түлхчихсэн. Тухайн үед гадаа цас орчихсон, Дөлгөөний гэрийн хаалга руу ордог хэсгийн газар нь өгсүүр тул халтирчихсан байж магадгүй. ...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хохиролтой холбоотой нэхэмжлэлийг төлж барагдуулна.” гэсэн мэдүүлэг /хавтас хэргийн 84-85, 92 дахь тал/,

хохирогч Б.Д-гийн “...2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Баянбулаг багийн 2-234 тоотод бусдад зодуулсан.” гэх гомдлыг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл, түүний өргөдөл /хавтаст хэргийн 3, 4 дэх тал/,

камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 21-22 дахь тал/, дээрх бичлэгийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 23 дахь тал/,

Ц.Бямбадоржийн иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хавтас хэргийн 94, 95, 102 дахь тал/,

Ц.Бямбадоржоос гаргаж өгсөн гэрэл зураг /хавтас хэргийн 106-107, 111 дэх тал/,

хохирогч Б.Д-гээс гаргаж өгсөн нэхэмжлэл, эмчилгээтэй холбоотой 2.053.725 төгрөгийн баримтууд /хавтас хэргийн 114-123 дахь тал/,

Шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаанд шүүгдэгч Ц.Бямбадоржийн хохирогчийн хохирол, төлбөрт 354.000 төгрөг төлсөн тухай баримт зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, хохирогч, гэрч нараас мөн Ц.Б сэжигтэн, яллагдагчаар мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

Шүүгдэгч Ц.Б гэм буруутайд тооцох;

Шүүгдэгч Ц.Б нь 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Баянбулаг баг 2-234 тоотод иргэн Б.Дг зодож, түүний биед  хамрын ясны хугарал, хамрын нуруунд шарх, зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний урд булан, хамрын нуруу хамарсан цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;

хэргийн үйл баримтын талаарх,

хохирогч Б.Д-гийн “...Нэг залуу нь миний куртикнээс бариад намайг гэрээс гаргаад газар унагааж цохисон, өшиглөсөн, би газар хэвтэхдээ гараараа толгойгоо хамгаалж байгаад дээшээ өндийхөд нэг нь миний нүүрэн тус газарт хөлөөрөө өшиглөсөн, тэр үед нүдэнд оч манарсан. ...Бямбадорж гэдэг нэртэй, гацаж ярьдаг залуу миний нүүрэн тус газарт өшиглөсөн талаар мэдсэн. Хашаан дотор өшиглүүлсэн, газраас өндийх гэхэд миний нүүрэн тус газарт өшиглөсөн.” гэх,

гэрч М.У “...Даваахүү зодуулчихсан, газар хэвтчихсэн байсан. ...Даваахүүгийн хамрын яс хугарчихсан, нүүр нь тэр чигтээ хөхөрч, хавдсан.” гэх,

          гэрч Э.Г “...монгол гэрийн гадаа Даваахүү ах газар нүүрээ гараараа дараад хэвтэж байсан, ...Даваахүү ахыг газраас босгоод гэр лүү нь оруулахад нүүр хэсэг нь битүү цус болчихсон, хамраас нь гарч байгаа цус нь тогтохгүй байсан.” гэх,

          гэрч Г.Д “...Бямбадорж “та эмэгтэй хүнийг яаж байгаа юм бэ” гээд Даваахүү ахыг цохисон.” гэх,

          гэрч А.Э “...хажуу талын айлд ороход Даваахүү ах гэрийн дотор талд, хаалганы хажууд куртикнийхээ юүдэнгээ өмсөөд нүүрээ дараад газар хэвтэж байсан.” гэх,

          гэрч Б.Т “...Би хажуу талын айлын хашаанд ороход Даваахүү ахыг 2-3 залуу зодчихсон зогсож байхаар нь “та нар хүн аллаа, болиоч ээ” гэж хашхирсан, ...хашааны гадаа намайг цохисон бараан хувцастай, өндөр нуруутай залуу Даваахүү ахын нүүрэн тус газарт нь хөлөөрөө өшиглөсөн.” гэх,     

          насанд хүрээгүй гэрч Л.Гансүхийн “...Бямбадорж Даваахүү ахыг газар уначихсан байхад нүүрэн тус газарт нь нэг удаа өшиглөсөн.” гэх,

          Ц.Б сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...Даваахүүг надаас өөр хүн өшиглөж, цохисон зүйл байхгүй.” гэх мэдүүлгүүдээр,

          Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ч.Буянзаяагийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 39 дугаартай “...Б.Дгийн биед хамрын ясны хугарал, хамрын нуруунд шарх, зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний урд булан, хамрын нуруу хамарсан цус хуралт нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт,     

          хохирогч Б.Д-гийн “...2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Баянбулаг багийн 2-234 тоотод бусдад зодуулсан.” гэх гомдлыг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл, түүний өргөдөл, камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлэгдсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд уг нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй, шүүгдэгч Ц.Б шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

Хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд, шүүгдэгч Ц.Бямбадоржийн хохирогч Б.Д-гийн эсрэг бие махбодийн хүчирхийлэл үйлдэж, түүний нүүрэнд цохих, өшиглөх зэргээр зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Шүүгдэгч Ц.Б хүний эрүүл мэндийн халдашгүй байдал, эрүүл аюулгүй орчинд амьдрах хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэй бөгөөд уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Иймд шүүхээс шүүгдэгч Ц.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүх шүүгдэгчийг “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхээр нь хангасан болно.

Шүүгдэгч Ц.Б эрүүгийн хариуцлага оногдуулах;

Шүүх шүүгдэгч Ц.Б “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Ц.Б үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед;

улсын яллагчаас “...зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах.” гэсэн санал, дүгнэлтийг гаргаж,

шүүгдэгч Ц.Бөөрөө өөрийгөө өмгөөлөн шүүх хуралдаанд оролцож  “...хөнгөн ял өгнө үү.” гэсэн болно.

          Шүүгдэгч Ц.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдсон, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хувийн байдал, ар гэрийн ахуй амьдрал зэргийг тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор түүний гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

          Эрүүгийн хариуцлагын зорилго нь дан ганц гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх бус, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог бөгөөд шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлан шүүгдэгчид оногдуулах ялын биелэгдэх нөхцөл боломжийг харгалзан үзэв. 

         Шүүх шүүгдэгч Ц.Бямбадоржид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тус тус харгалзан,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага нь тухай хүн, ...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан,

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, зорчих эрхийг хязгаарлах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрийн оршин суух газраас явахыг хориглох буюу Орхон аймаг Баян-Өндөр сумаас явахыг хориглож,

         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж,

         шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ц.Б эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг,

1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн.”-ийг,

1.4-т заасан “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн.”-ийг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 

мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Бусад асуудал;

         Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хуулиар олгогдсон эрхтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан байна. 

          Хохирогч Б.Д нь Медипас эмнэлэгт КТГ хийлгэх зардалд 290.000 төгрөг, Баян-Өндөр мед эмнэлэгт рентген зураг авахуулсны төлбөр 30.000 төгрөг, эмийн зардалд 20.225 төгрөг, 13.500 төгрөг, хагалгааны зардалд 1.700.000 төгрөг нийт 2.053.725 төгрөгийг шүүгдэгч Ц.Бямбадоржоос нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нотлох баримтуудыг хавтаст хэргийн 114-123 дахь талуудад хавсаргуулжээ.

          Шүүх нотлох баримтуудыг шинжлэн судлаад, Медипас эмнэлэгт КТГ хийлгэсэн зардал,  рентген зураг авахуулсны төлбөр, эмийн зардлын 353.725 төгрөгийг шүүгдэгч Ц.Б гаргуулах хохирогч Б.Д-д олгохоор шийдвэрлэхэд шүүгдэгч нь “хохирол төлбөр төлөхөөр шүүх хуралдааныг ажлын 5 өдрийн хугацаагаар завсарлуулах” хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрөөс 4 дүгээр сарын 26-ны өдрийн 08.00 цаг хүртэл хугацаагаар шүүх хуралдааныг завсарлуулсан болно.

          Шүүгдэгч Ц.Б нь шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаанд хохирогчийн өмгөөлөгч Д.Наранхүүд 354.000 төгрөг төлж барагдуулсан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.

          Харин Б.Д-гийн биед хамрын ясны хугарал гэмтэл учирсан нь Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ч.Буянзаяагийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 39 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон, хохирогч болон түүний өмгөөлөгч нараас энэ гэмтлийг мэс засал эмчилгээ шаардлагатай талаар мэдүүлж байгаа тул хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан талаарх нотлох баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар бүрдүүлж нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг хуурцагийг хэрэгт хавсарган үлдээж, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдаж,

шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан “хувийн баталгаа” гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Ц.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-г 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

          3.Шүүгдэгч Ц.Б-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрийн оршин суух газраас явахыг хориглох буюу Орхон аймаг Баян-Өндөр сумаас явахыг хориглож,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол түүний зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

          4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

          5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт зааснаар хохирогч Д.Д нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэмтлийг эмчлүүлж, эд хөрөнгийн хохирол учирсан талаарх нотлох баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар бүрдүүлж нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хураан авсан бичлэг бүхий хуурцагийг хэрэгт хавсарган үлдээж,

энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.  

8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.ЭНХТУНГАЛАГ