| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямсүрэнгийн Баярсүрэн |
| Хэргийн индекс | 104/2017/0266/И |
| Дугаар | 282 |
| Огноо | 2017-08-29 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 282
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, Засгийн газрын автобаазын байр 115 тоотод оршин байгаа, “УБТТС” ХХК /РД: 5357799/-ийн
Хариуцагч: Налайх дүүрэг, 7 дугаар хороо, Өвөршандын 15-25 тоотод оршин суух, Тайж нар овгийн Бямбасүрэнгийн Мөнгөншагай /РД: ХЗ82033112/-д холбогдох
Худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 51.303.233 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ундармаа, Б.Баатарцогт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бямбасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ихэрбаяр нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ундармаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “УБТТС” ХХК болон Б.Мөнгөншагай нар нь 2012 оны 08 дугаар сарын 29-ний өдөр тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Уг гэрээгээр “УБТТС” ХХК нь Б.Мөнгөншагайгийн ашиглалтад 21-71 улсын дугаартай хьюндай элентра маркийн автомашиныг шилжүүлэх, түрээслэгч Б.Мөнгөншагай нь үндсэн төлбөр болон хүү нийлээд 24.841.446 төгрөгийг 4 жилийн хугацаанд гэрээнд заасан хуваарийн дагуу төлөх үүрэг хүлээж харилцан тохиролцсон. Мөн 2012 оны 10 дугаар сарын 12-ны өдөр “УБТТС” ХХК болон Б.Мөнгөншагай нар нь дахин тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ байгуулж “УБТТС” ХХК нь Б.Мөнгөншагайгийн ашиглалтад 23-14 улсын дугаартай хьюндай элентра маркийн автомашиныг шилжүүлэх, түрээслэгч Б.Мөнгөншагай нь үндсэн төлбөр болон хүү нийлээд 26.221.526 төгрөгийг 4 жилийн хугацаанд гэрээнд заасан хуваарийн дагуу төлөх үүрэг хүлээж харилцан тохиролцсон. Гэтэл Б.Мөнгөншагай нь гэрээний дагуу төлбөр төлөх үүргээ гүйцэтгэхгүй өнөөдрийг хүрсэн ... Иймд Б.Мөнгөншагайгаас дээрх 2 гэрээний дагуу төлөх ёстой үндсэн төлбөр, хүү нийлээд түүний барьцаа болгон өгсөн 450.000 төгрөгийг хасч, нийт 51.303.233 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Б.Мөнгөншагай шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нь “УБТТС” ХХК-иас 2012 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 21-71 улсын дугаартай хьюндай элентра маркийн автомашиныг, мөн 2012 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 23-14 улсын дугаартай хьюндай элентра маркийн автомашиныг тус бүр 4 жилийн хугацаатай хуваарийн дагуу төлбөрийг төлөхөөр гэрээ байгуулж авсан болно. Ингээд төлбөрөө цаг тухайд нь төлж байсан боловч эрүүл мэндийн шалтгааны улмаас төлбөрийг төлж чадахгүй болж тухайн үед машинаа буцаах хүсэлт тавьсан боловч буцааж авахгүй харин сардаа 1.000.000-1.500.000 төгрөг төлөх шаардлага тавьсан болохоор ингэж төлөх боломж байхгүй учир тохиролцож чадаагүй ... нэхэмжилсэн 51.303.233 төгрөгийг яаж тооцоолж гаргасан нь ойлгомжгүй байгаа тул шүүхээр хянуулах хүсэлтэй байна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бямбасүрэн шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Б.Мөнгөншагай бол миний хүү. Нэгэнт гэрээ байгуулсан учраас нэхэмжлэлийн шаардлага болох 51.303.233 төгрөгийг хүлээн зөвшөөрөхөөс өөр арга байхгүй. “УБТТС” ХХК-ийн захирал, хуулийн зөвлөхтэй уулзаж эвлэрэх санал хоёр удаа тавьсан боловч зөвшөөрөөгүй. Бидний хувьд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа ... нэхэмжлэгч талын гаргасан авлагын тооцоон дээр маргах зүйл алга. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримт болон зохигчдын өгсөн тайлбар зэргийг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “УБТТС” ХХК нь хариуцагч Б.Мөнгөншагайд холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 51.303.233 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бямбасүрэн нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа нь түүний шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т “Хариуцагч шүүхийн шийдвэр гарах хүртэл нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ... хүлээн зөвшөөрч болно”, 106.5-д “Энэ хуулийн ... 106.4-т зааснаар хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь ... бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрлийг ... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж гаргана” гэж тус тус заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу дуусгавар болж байгаатай холбогдуулан нэхэмжлэгч “УБТТС” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 414.467 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Мөнгөншагайгаас улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 207.233 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “УБТТС” ХХК-д олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “УБТТС” ХХК-ийн нэхэмжлэлтэй Тайж нар овгийн Бямбасүрэнгийн Мөнгөншагайд холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 51.303.233 /тавин нэгэн сая гурван зуун гурван мянга хоёр зуун гучин гурав/ төгрөг гаргуулах тухай хэргийн хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бямбасүрэн нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар “УБТТС” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 414.467 /дөрвөн зуун арван дөрвөн мянга дөрвөн зуун жаран долоо/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Мөнгөншагайгаас улсын тэмдэгтийн хураамжид 207.233 /хоёр зуун долоон мянга хоёр зуун гучин гурав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “УБТТС” ХХК-д олгосугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч Б.Мөнгөншагай нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЯРСҮРЭН