Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/75

 

 

 

 

 

 

 

 

   2022       01         06                                         2022/ШЦТ/75

 

                            

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хулан,  

улсын яллагч Х.Еркебулан,  

шүүгдэгч Ш.Р   нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Ш.Р д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2106 02747 2287 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ш.Р   нь 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “.... ” зочид буудлын 41 тоот өрөөнд хохирогч А.Б ийг “түргэн хоолны газраас хоол захиалах гэсэн юм, гар утсаараа яриулаач” хэмээн хуурч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, түүний Самсунг А Стар-8 загварын гар утас өмчлөх эрхийг шилжүүлэн авч, 290.000 төгрөгийн хохирол учруулж залилах гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Р   мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

            - Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 9/,

            - “Алдагдсан Самсунг А-8 маркийн гар утас нь зах зээлийн үнэлгээгээр 280.000 төгрөгийн үнэлгээтэй болохыг тогтоов.” гэх мөрдөгчийн магадлагаа /хх-ийн 14-15/,

            - Хохирогч А.Б  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “Тэгтэл үл таних Г  гэх залуу би хоолонд гараад ирье, нэгжтэй утас байна уу? хүргэлтийн хоол руу залгах гэсэн юм, болохгүй бол Сансар руу яваад хоол аваад ирье гээд миний А стар-8 маркийн гар утсыг аваад явсан. Тухайн үед миний гар утасны цэнэг нь дуусах гэж байсан. Би гар утасруугаа залгасан боловч холбогдох боломжгүй гэсэн ба үл таних залуу дахиж буудлын өрөөнд орж ирээгүй. Үл таних залуу 94209056 гэсэн дугаар барьдаг гээд хамт архи ууж байсан Г  гэх залуу нь хэлж байсан. Бид нар үл таних залууг хүлээж байгаад ирэхгүй болохоор нь цагдаад дуудлага өгсөн, тэгтэл цагдаа ирээд манай хэлтэс дээр очиж өргөдөл гаргаж өг гэхээр нь би тухайн үед архи уусан болохоор очиж өргөдөл өгөөгүй өнөөдөр л ирж байна. Үл таних залуугийн утас руу нь Э  эгч залгасан боловч гар утас нь дуудаад гар утсаа авахгүй байна гэсэн. Өнөөдөр бүр холбогдох боломжгүй гэсэн. Г  гэх хүний дугаарыг Э  эгч мэдэж байгаа. Үл таних хүн миний гар утсыг 12:00-13:00 цагийн хооронд аваад явсан. Би гар утсаа 2021 оны 05 дугаар сард 500.000 төгрөгөөр БНСУ-руу захиж авч байсан. Би гар утсаа авсан үнээрээ үнэлж байна. Гар утсаа ямар үйлдвэрийнх гэдгийг нь мэдэхгүй байна. Маркийн бас сайн санахгүй байна. А стар 8 маркийн байх гэж санаж байна. Гар утас хар өнгөтэй гадуураа улаан хүрэн өнгийн кейстэй шилэн наалтынхаа дээд талд нь жаахан цуурсан, хойд талын таг дээрээ цагаан солонгос бичигтэй. Дэлгэцэн дээр зүгээр гар утасны зураг байсан. Гар утсанд ямар нэгэн и-мейл кодоо мэдэхгүй. Зочид буудалд хяналтын камер байсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 21/,

            - Гэрч С.Г  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “..Удалгүй Э  залгаад манай дүү юу ч гэсэн уулзаад үзье гэнээ гэхээр нь бид 3 Сансарын нэг паб ороод хүлээж сууж байхдаа хэдэн пиво уусан. Удалгүй дүү нь орж ирээд бид 1 шил архи, арваад пиво уугаад за ер нь 2 дүүг танилцуулж байгаа юм чинь хоёулаа явъя гэсэн чинь Га   би буудал авчихъя гээд бид 4 тэр хавьд байдаг буудал руу 2 шил архи, пиво, ус гэх зүйлс аваад орсон. Ороод уугаад сууж байтал Э гийн дүү явах боллоо гээд яваад өгсөн. Удалгүй Э  бид 2 согтоод сэрэхэд тэр 2 архи уугаад сууж байсан. Маргааш өдөр нь Э гийн дүү танай дүү чинь миний утсыг аваад явчихлаа гэхээр нь би эндээс хэн ч гарч болохгүй ээ, бүгдээрээ цагдаа дуудъя гээд цагдаа дуудсан. Тэгээд би Га   руу залгахад утсаа огт аваагүй..” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25/,

            - “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 30-31/,

            - Яллагдагч Ш.Р   мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “Би 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “.... ” зочид буудалд зүс таних А.Б ий А стар-8 маркийн гар утсыг худал хэлж авч гараад зарсан хэрэгт 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой санал нийлж байна. Надтай цуг өрөөнд байсан А.Б , С.Г , Э  нар ууж идсэн төлбөр тооцоогоо хуваагаад төлөх шинжгүй байхаар нь миний дургүй хүрээд ширээн дээр байсан 3 утасны нэгийг нь авч гараад хөдөө явж байхдаа 100.000 төгрөгөөр зарсан юм. Манай найзууд намайг ихэнхдээ Га   гэж дууддаг юм. Би хохирлыг барагдуулна..” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39/,

            - Ш.Р  гийн хувийн байдлын талаарх баримтууд /хх-ийн 42-45/,

            - Урьд Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56/,

            - 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 4/22692 тоот шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан тоот /хх-ийн 74/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Ш.Р   нь 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “.... ” зочид буудлын 41 тоот өрөөнд хохирогч А.Б ийг “түргэн хоолны газраас хоол захиалах гэсэн юм, гар утсаараа яриулаач” хэмээн хуурч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, түүний Самсунг А Стар-8 загварын гар утас өмчлөх эрхийг шилжүүлэн авч, 290.000 төгрөгийн хохирол учруулж залилсан болох нь:

            - Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 9/, 

            - Хохирогч А.Б ы мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “... Тэгтэл үл таних Г  гэх залуу би хоолонд гараад ирье нэгжтэй утас байна уу? хүргэлтийн хоол руу залгах гэсэн юм, болохгүй бол Сансар руу яваад хоол аваад ирье гээд миний А стар-8 маркийн гар утсыг аваад явсан. Тухайн үед миний гар утасны цэнэг нь дуусах гэж байсан. Би гар утасруугаа залгасан боловч холбогдох боломжгүй гэсэн ба үл таних залуу дахиж буудлын өрөөнд орж ирээгүй.”, гэрч С.Г ын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “.. Маргааш өдөр нь Э гийн дүү танай дүү чинь миний утсыг аваад явчихлаа гэхээр нь би эндээс хэн ч гарч болохгүй ээ, бүгдээрээ цагдаа дуудъя гээд цагдаа дуудсан. Тэгээд би Га   руу залгахад утсаа огт аваагүй..” гэх мэдүүлэгүүд, шүүгдэгч Ш.Р  гийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Би 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “.... ” зочид буудалд зүс таних А.Б ий А стар-8 маркийн гар утсыг худал хэлж авч гараад зарсан хэрэгт 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой санал нийлж байна. ...Манай найзууд намайг ихэнхдээ Га   гэж дууддаг юм. Би хохирлыг барагдуулна..” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39/  зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

            Залилах гэмт хэргийг бусдын эд хөрөнгийг өөрийн мэдэлд авч, захиран зарцуулах бодит боломж бүрдсэнээр төгс үйлдэгдсэнд тооцохоор хуульчилжээ. Ш.Р   нь хохирогч А.Б ий утсыг өөрийн мэдэлд авсан болох нь “Надтай цуг өрөөнд байсан А.Б , С.Г , Э  нар ууж идсэн төлбөр тооцоогоо хуваагаад төлөх шинжгүй байхаар нь миний дургүй хүрээд ширээн дээр байсан 3 утасны нэгийг нь авч гараад хөдөө явж байхдаа 100.000 төгрөгөөр зарсан юм.” /хх-ийн 38-39/ гэх мэдүүлэгээр тогтоогдож байна.

            Иймд дээрх үндэслэлээр шүүгдэгч Ш.Р  г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзсэн бөгөөд Ш.Р  д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

            Шүүгдэгч нь хохирогч А.Б ы гар утасны үнэ 290.000 төгрөгийн төлөөгүй байх тул шүүгдэгчээс гаргуулж, хохирогчид олгохоор шийдвэрлэлээ.  

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Ш.Р  д ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг тус тус харгалзан 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж шийдвэрлэв.

Шүүгдэгч Ш.Р   нь Төв аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 172 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэнээс 164 цагийн ялыг эдэлж, 76 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын үлдэгдэлтэй болох нь Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газрын 2022 оны 1 сарын 3-ны өдрийн 4/25654 дугаартай албан бичгээр нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ гэмт хэрэгт нь оногдуулсан ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тогтоов.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

        ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш.Р г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Р  д 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 172 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 76 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт Ш.Р  гийн нийт эдлэх ялыг 556 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Ш.Р  д мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ш.Р  гаас 290.000 төгрөг гаргуулж хохирогч А.Б-д олгосугай.

            6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ш.Р  д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.МӨНХТУЯА