Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 2022/ШЦТ/158

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                  

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.А,    

улсын яллагч Г.А,  

шүүгдэгч Д.Т нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Т-д холбогдох 2125000000381 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн, Д.Т

Шүүгдэгч Д.Т нь 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Орхон аймаг Жаргалант сумын нутаг дахь ойн бүсээс зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэн тээвэрлэж, байгаль орчинд 429.564 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

шүүхийн хэлэлцүүлэгт;

шүүгдэгч Д.Т мэдүүлэхдээ “...Тухайн өдрийн орой 20.00 цагийн үед Насантөгөлдөр лүү яриад трактортой хөшөөнөөс салаад хойшоо яваад мод ачаад явж байгаад цагдаад баригдсан.” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;

хохирогчийн төлөөлөгч Н.Б-н “...Надаас Д.Т гэх хүн мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй, хуурайшлын улирал гээд мод бэлтгэх эрхийн бичиг өгөхгүй байсан. Орхон аймгийн Жаргалант сумаас Орхон аймаг Баян-Өндөр сум руу мод тээвэрлэхэд гарал үүслийн бичиг шаарддаггүй. Би шинжээчийн 2 дугаартай дүгнэлттэй танилцлаа, хуурай мод учир 429.564 төгрөгөөр үнэлэгдсэн байна, энэ дүгнэлт дээр санал хүсэлт байхгүй. Хуурай мод ер нь л бол ингэж үнэлэгддэг.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дахь тал/,

иргэний нэхэмжлэгч П.О-н “...хуурай дүү Насантөгөлдөр нь манай гэрт ирээд “ахаа машинаа өгөөч юм зөөчихөөд аваад ирье” гэхээр нь би өөрийн эзэмшлийн 32-51ОРА улсын дугаартай КIA BONGO 3 загварын тээврийн хэрэгслээ өгөөд явуулсан. ...мод ачиж бэлтгэсэн талаар мэдэхгүй байна, хэрэв мод ачих гэж байгааг нь мэдсэн бол би юу гээл өөрийн тээврийн хэрэгслээ өгч явуулах билээ дээ. ...Би өөрийн эзэмшлийн 32-51ОРА улсын дугаартай КIA BONGO 3 загварын тээврийн хэрэгслээ л гаргуулан авмаар байна.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23 дахь тал/,

гэрч Д.Э-н “...Би 2021 оны 10 дугаар сарын 22-ны шөнийн 02.00 цагийн үед Дэнж багт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаандаа 32-51ОРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад О.Насантөгөлдөр нь зохих зөвшөөрөлгүйгээр мод тээвэрлэж явсныг илрүүлж, цагдаагийн газрын жижүүрт хүлээлгэн өгч тээврийн хэрэгслийг түр саатуулж шийдвэрлэсэн. ...Тухайн үед надад “Жаргалант сумаас өвөлжөөнөөсөө бэлтгээд хураасан байсан модоо тээвэрлэж явна” гэж байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 25 дахь тал/,

гэрч О.Н-н “...2021 оны 10 дугаар сарын 21-ний орой ажил тараад 22 цагийн үед гэр лүүгээ явж байхад найз Тэлмэн утсаар яриад “модонд яваад ирье” гэхээр нь “за” гээд таньдаг Одбилэгийн машиныг нь худлаа хэлж аваад найз Тэлмэнгийн хамт Жаргалант сум руу модонд явсан. Модоо Жаргалант сумаас зүүн тийшээ трактортой хөшөөний хажуугаар гараад дээшээ өгсөж яваад мод руу очсон. Тэндээс бид нар модоо бэлтгээд шөнийн 02.00 цаг болж байхад Эрдэнэт рүү орж ирээд Дэнж багт явж байсан юм. Босоо мод унагаагүй, унасан байсан моднуудыг дундуур нь хуваагаад ачсан. ...Мод бэлтгэх эрхийн бичиг байхгүй байсныг нь цагдаад баригдахад л мэдсэн. ...тээврийн хэрэгсэл миний таньдаг ах Одбилэг гэдэг хүний машин, мод хөрөөдсөн хөрөө Тэлмэнгийн аавынх нь хөрөө байсан.”

“...2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Тэлмэнтэй модоо хуваана гэж ерөөсөө яриагүй.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 119 дэх тал/,

Д.Т-гийн яллагдагчаар өгсөн “...2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр  О.Насантөгөлдөрийн хамт Жаргалант сумын нутаг дэвсгэрээс трактортой хөшөөг өнгөрөөд зүүн хойд зүгт байх уулын ам руу өгсөөд мод бэлтгэсэн. Тухайн газар мод байгааг яаж мэдсэн гэхээр хэд хоногийн өмнө...хоёр үрээ гүйгээд алга болохоор нь араас нь хайж яваад “тэнд модтой юм байна, мод бэлтгэж болох юм байна” гэж бодсон. Тэгээд тэндээс нэг портер мод бэлтгэсэн, босоо мод бэлтгээгүй, унасан байсан модыг дундуур нь хувааж машинд ачсан. Би гоожингийн зөвшөөрөл Орхон сумын Халиун багийн байгаль хамгаалагчаас асуухад “өгөхгүй байгаа” гэсэн юм. ...хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 61 дэх тал/,

“...тухайн модыг би өөрөө гэртээ авах гэж байсан, Насантөгөлдөрт ямар ч хамаарал байхгүй.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 121 дэх тал/,

 Орхон аймгийн Сум дундын Ойн ангийн мэргэжилтэн, шинжээч Х.Э-н 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2 дугаартай “...32-51ОРА улсын дугаартай машин дээр ачсан байгаа мод нь гадна шинж байдал нь давирхай гоожоогүй, чийгтэж бантаагүй хуурай шинэс мод /Larix sibirica/ болно. Тухайн мод нь MNS5413:2011 түлшний зориулалтаар бэлтгэж хэрэглэх модны төрөл, түүнд тавих техникийн шаардлагыг хангасан мод байна. Экологи эдийн засгийн үнэлгээний нийт дүн 429.564 төгрөгөөр тогтоов.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 34-35 дахь тал/,

“Тольдох Оюуны өгөөж” ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн шинжээчийн “...Kia Bongo-3 маркийн 32-51ОРА улсын дугаартай тээврийн хэрэгслийн зах зээлийн үнийг 1.499.063 төгрөг гэж 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар тогтоолоо.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 41-46 дахь тал/,

“Ашидбилгүүн” ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн шинжээчийн “...хятад цахилгаан хөрөө...зах зээлийн үнэ цэнийг 78.000 төгрөг байх боломжтойг тодорхойллоо.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 51-54 дэх тал/,

Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагт цагдаа-зохицуулагч ажилтай Д.Э-н “...2021 оны 10 дугаар сарын 22-ны шөнийн 02.00 цагийн үед эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад 32-51ОРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад О.Насантөгөлдөр нь зохих зөвшөөрөлгүй мод тээвэрлэж явсан.” гэх мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 4 дэх тал/, түүний бичсэн илтгэх хуудас /хавтаст хэргийн 5 дахь тал/,

зөвшөөрөлгүй мод тээвэрлэсэн 32-51ОРА улсын дугаартай тээврийн хэрэгсэл болон хөрөөнд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн үеэр бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 6, 7,8, 9 дэх тал/,

улаан өнгөтэй, цагаан өнгийн иштэй цахилгаан хөрөөг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн тогтоол /хавтаст хэргийн 10 дахь тал/,

32-51ОРА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачсан модонд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн үеэр бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 11, 12 дахь тал/,

Д.Т-гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 65, 66 дахь тал/, Оршин суугаа газрын болон ам бүлийн тодорхойлолтууд /хавтаст хэргийн 69, 70 дахь тал/,

32-51ОРА улсын дугаартай тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолт, тээврийн хэрэгслийг 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр иргэний нэхэмжлэгч П.Одбилэгт хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 71, 79 дэх тал/,

2.547м3 эзэлхүүнтэй 53ш хуурай шинэс модыг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтас хэргийн 116 дахь тал/,

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шүүгдэгч Д.Т-гээс шинээр гаргасан 429.564 төгрөгийг Байгаль орчин уур амьсгалын сангийн дансанд шилжүүлсэн тухай Төрийн банкны баримт зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрч нараас мөн Д.Тгээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

Шүүгдэгч Д.Т-г гэм буруутайд тооцох;

Шүүгдэгч Д.Т нь 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Орхон аймгийн Жаргалант сумын нутаг дахь ойн бүсээс зөвшөөрөлгүйгээр 2.547м3 эзэлхүүнтэй 53ш хуурай шинэс мод бэлтгэж, Kia Bongo-3 маркийн 32-51ОРА улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэн ойн санд 429.564 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;

хэргийн үйл баримтын талаарх,

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Т-гийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогчийн төлөөлөгч  Н.Б-н “...Д.Т гэх хүн мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй.” гэх,

гэрч Д.Э-н “...Би 2021 оны 10 дугаар сарын 22-ны шөнийн 02.00 цагийн үед Дэнж багт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаандаа 32-51ОРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад О.Насантөгөлдөр нь зохих зөвшөөрөлгүйгээр мод тээвэрлэж явсныг илрүүлж, цагдаагийн газрын жижүүрт хүлээлгэн өгч тээврийн хэрэгслийг түр саатуулж шийдвэрлэсэн.” гэх,

гэрч О.Н-н “...Модоо Жаргалант сумаас зүүн тийшээ трактортой хөшөөний хажуугаар гараад дээшээ өгсөж яваад мод руу очсон. Тэндээс бид нар модоо бэлтгээд шөнийн 02.00 цаг болж байхад Эрдэнэт рүү орж ирээд Дэнж багт явж байсан юм. Босоо мод унагаагүй, унасан байсан моднуудыг дундуур нь хуваагаад ачсан. ...Мод бэлтгэх эрхийн бичиг байхгүй байсныг нь цагдаад баригдахад л мэдсэн.” гэх,

Д.Т-гийн яллагдагчаар өгсөн “...Тухайн газар мод байгааг яаж мэдсэн гэхээр хэд хоногийн өмнө...хоёр үрээ гүйгээд алга болохоор нь араас нь хайж яваад “тэнд модтой юм байна, мод бэлтгэж болох юм байна” гэж бодсон. Тэгээд тэндээс нэг портер мод бэлтгэсэн, босоо мод бэлтгээгүй, унасан байсан модыг дундуур нь хувааж машинд ачсан.” гэх мэдүүлгүүдээр,

Орхон аймгийн Сум дундын Ойн ангийн мэргэжилтэн, шинжээч Х.Э-н 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2 дугаартай “...32-51ОРА улсын дугаартай машин дээр ачсан байгаа мод нь гадна шинж байдал нь давирхай гоожоогүй, чийгтэж бантаагүй хуурай шинэс мод /Larix sibirica/ болно. Тухайн мод нь MNS5413:2011 түлшний зориулалтаар бэлтгэж хэрэглэх модны төрөл, түүнд тавих техникийн шаардлагыг хангасан мод байна. Экологи эдийн засгийн үнэлгээний нийт дүн 429.564 төгрөгөөр тогтоов.” гэсэн дүгнэлт,

Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагт цагдаа-зохицуулагч ажилтай Д.Эрдэнэтөгсийн “...2021 оны 10 дугаар сарын 22-ны шөнийн 02.00 цагийн үед эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад 32-51ОРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад О.Насантөгөлдөр нь зохих зөвшөөрөлгүй мод тээвэрлэж явсан.” гэх мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, түүний бичсэн илтгэх хуудас, зөвшөөрөлгүй мод тээвэрлэсэн 32-51ОРА улсын дугаартай тээврийн хэрэгсэл болон хөрөөнд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн үеэр бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд,улаан өнгөтэй, цагаан өнгийн иштэй цахилгаан хөрөөг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, 32-51ОРА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачсан модонд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн үеэр бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, 2.547м3 эзэлхүүнтэй 53ш хуурай шинэс модыг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Д.Т шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийн үндсэн шинж нь байгаль орчинд хохирол учирсан байхыг шаардахгүй, хууль бусаар мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авснаар төгсдөг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм.

Зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн гэдгийг Сум дундын болон сум дүүргийн ойн анги /байхгүй бол сум, дүүргийн эрх бүхий албан тушаалтан/-аас мод бэлтгэх эрхийн бичиг авалгүйгээр, эсхүл эрхийн бичигт заасан хэмжээнээс хэтрүүлж, эрхийн бичигт зааснаас өөр төрлийн мод, өөр ойгоос мод бэлтгэснийг,

Гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан гэдгийг иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллага нь ойгоос бэлтгэсэн мод, гуалин, шургааг, дүнз, зүсмэл материал, түлээг өөр аймаг, сум, хот, суурингийн хооронд тээвэрлэх, худалдахдаа сум дундын болон сум, дүүргийн ойн анги /байхгүй бол эрх бүхий албан тушаалтан/-аас гарал үүслийн гэрчилгээ авалгүйгээр тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсныг тус тус ойлгоно. 

Ойн тухай хуульд ойгоос мод бэлтгэх, ойн дагалт баялаг, түүнийг ашиглах журмыг хуульчилсан бөгөөд дээрх тохиолдолд зохих байгууллагаас зөвшөөрөл авахаар заасан байхад зохих зөвшөөрөл, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод бэлтгэсэн, тээвэрлэсэн шүүгдэгч Д.Тгийн үйлдэл нь “хууль бусаар мод бэлтгэсэн, тээвэрлэсэн” гэмт хэргийн шинжийг хангах бөгөөд түүнд Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон,

шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул шүүхээс түүний “зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

          Шүүгдэгч Д.Т нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүх шүүгдэгчийг “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхээр нь хангасан болно.

Шүүгдэгч Д.Т-д эрүүгийн хариуцлага оногдуулах;

          Шүүх шүүгдэгч Д.Т-г “зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршиногэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед;

улсын яллагчаас “...шүүгдэгч Д.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу зургаан зуун мянган төгрөгөөр ял оногдуулах.” дүгнэлтийг,

шүүгдэгч нь өөрөө өөрийгөө өмгөөлөн шүүх хуралдаанд оролцож “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэсэн саналыг тус тус гаргав.

         Шүүх шүүгдэгч Д.Т-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохиролд 429.564 төгрөгийг төлсөн байдал, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж,

шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Д.Т-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Бусад асуудал;

Шүүгдэгч Д.Т-гийн гэм буруутай үйлдлийн улмаас байгаль орчинд 429.564 төгрөгийн хохирол учирсан болохыг Орхон аймгийн Сум дундын Ойн ангийн мэргэжилтэн, шинжээч Х.Эрдэнэбатын 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2 дугаартай дүгнэлтээр тогтоосон байна.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д “ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтооно” гэж заасан байх бөгөөд шүүгдэгч Д.Т-гийн байгаль орчинд учруулсан хохирол 429.564 төгрөгийг гурав дахин нэмэгдүүлэн 1.288.692 төгрөгөөр тогтоож,

мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна.” гэж заасны дагуу шүүгдэгчээс 1.288.692 төгрөг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын тусгай санд оруулах нь зүйтэй бөгөөд шүүгдэгч Д.Т 429.564 төгрөгийг Байгаль орчин уур амьсгалын сангийн дансанд шилжүүлсэн болохыг дурьдаж байна.   

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж...гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно.” гэж,

мөн зүйлийн 3 дахь хэсэгт “хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ.” гэж тус тус хуульчилжээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдэд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Д.Тгээс гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 32-51ОРА улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 1.499.063 төгрөг гаргуулахаас түүний урьдчилж төлсөн 429.564 төгрөгийг тооцон үлдээж, 1.069.499 төгрөг гаргуулан гэмт хэргийн улмаас байгаль орчинд учирсан хохиролд 1.288.692 төгрөгийг тооцуулж, үлдэх 210.371 төгрөгийг,

гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 2.547м3 эзэлхүүнтэй 53ш хуурай шинэс модыг,

гэмт хэрэг үйлдэхэд ашигласан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 78.000 төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөөг тус тус улсын орлогод оруулахаар шийдвэрлэлээ. 

Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Мөнхжаргал 32-51ОРА улсын дугаартай хөх өнгийн КIA BONGO 3 загварын тээврийн хэрэгслийг 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр иргэний нэхэмжлэгч П.Одбилэгт хүлээлгэн өгсөн тухай баримт хавтаст хэргийн 79 дүгээр хуудсанд авагдсан байгаа болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч Д.Т нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдаж, шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Д,Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т-г таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Д.Т шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдэд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Д.Т-гээс гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 32-51ОРА улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 1.499.063 төгрөг гаргуулахаас түүний урьдчилж төлсөн 429.564 төгрөгийг тооцон үлдээж, 1.069.499 төгрөг гаргуулан гэмт хэргийн улмаас байгаль орчинд учирсан хохиролд 1.288.692 төгрөгийг тооцуулж, үлдэх 210.371 төгрөгийг,

гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 2.547м3 эзэлхүүнтэй 53ш хуурай шинэс модыг,

гэмт хэрэг үйлдэхэд ашигласан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 78.000 төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөөг тус тус улсын орлого болгосугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрийг гүйцэтгэж, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

          7.Шүүгдэгч Д.Т цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдсугай.

8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогчийн төлөөлөгч, тэдний өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.ЭНХТУНГАЛАГ