Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 2022/ШЦТ/160

 

  2022         4            26                                    2022/ШЦТ/160

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.А,  

улсын яллагч Н.Д

шүүгдэгч Г.О нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж,

хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г.О-д холбогдох эрүүгийн 2225002160177 дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;  

Монгол Улсын иргэн, Г.О

Шүүгдэгч Г.О нь 2022 оны 3 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө Орхон аймаг Жаргалант сум Улаантолгой баг Толгой 1-4 тоотод эхнэр Т.Б-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Г.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, улмаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт;

шүүгдэгч Г.О мэдүүлэхдээ “...миний буруу, шүүхийн хэлэлцүүлэгт нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн;

хохирогч Т.Б-ын “...2022 оны 3 дугаар сарын 18-ны өдөр би өөрийн нөхөр Отгонтулгын хамт цэргийн баяр тэмдэглэн найз Батдаваагийн гэрт очсон. Батдаваагийн гэрт очихоос өмнө бид нар өөр айлд пиво уугаад бага зэрэг халсан байсан, тэгээд Батдаваагийн гэрт 23 цагийн үед очоод удаагүй байхад манай нөхөр найз Дугартайгаа маргалдсан. ...Тэгсэн чинь хадам ах маань над руу уурлаад “би Дугарааг авч явлаа, чи муу гичий, янхан юу юм бэ, чамд хамаагүй” гээд надтай маргаад байсан, тэгэхээр нь би уурлаад хадам ах руугаа “би янхан юм бол танай эхнэр бас янхан” гэх зэргээр маргалдаж байтал манай нөхөр ахыгаа өмөөрөөд “чи миний ах руу дайрдаг хэн юм бэ” гээд намайг гараараа нэг удаа алгадаж газар унагаасан. Намайг газар унасан хойно толгой болон нүүр рүү 2-3 удаа гараараа цохисон. ...намайг түлхэж газар унагаагаад зүүн талын шанаа, нүд орчимд нэг удаа өшиглөсөн. ...Манай нөхөр архи, дарс хэрэглээд байдаггүй, баяр ёслолын үеэр л заримдаа архи уудаг, урьд нь намайг зодож байгаагүй, ...надаас уучлалт гуйсан, бид хоёр эвлэрсэн миний зүгээс гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 9 дэх тал/,

гэрч Э.Б-н “...2022 оны 3 дугаар сарын 18-ны өдөр цэргийн баярын өдөр байсан. Би найзуудынхаа хамт гадуур баяр тэмдэглэн сумын төвд зохион байгуулагдсан тэмцээн уралдаан болон оройн бүжигт орчихоод 23 цагийн үед найзуудынхаа хамт гэртээ очсон. Би найз Отгонтулга, Дугар нарыг гэр бүлийнх нь хамт гэртээ урьсан, манай гэрт бид нар нэг шил архи уусан, ...Отгонтулга эхнэр Бямбажавыгаа “чи яагаад ахтай маргаад байгаа юм бэ, ахыг хүндэлсэнгүй” гээд алгадаад газар унагаасан. Тэгэхээр нь би гүйж очоод тэр хоёрыг салгасан, салгах хооронд Отгонтулга эхнэр Бямбажавынхаа толгой руу 2-3 удаа гараараа цохиод авсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 11 дэх тал/,

яллагдагч Г.О-н “...Манай эхнэр Бямбажав манай ах Төмөрбаатартай маргалдаад зогсож байсан, би эхнэр Бямбажавтаа уурлан “чи ах руу маань агсам тавилаа” гээд зүүн хацарт нь нэг удаа алгадсан, эхнэр маань надад алгадуулаад газар унасан, би уурандаа толгой руу нь 2-3 удаа гараараа цохисон. Тэгээд байж байтал манай найз Батдаваа гэрээс гарч ирээд бид нарыг салгасан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26 дахь тал/,

Орхон аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээч, эмч Ж.Гэрэлмаагийн 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 267 дугаартай; “...Т.Бын биед зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацарт зөөлөн эдэд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 16-17 дахь тал/,

иргэн Т.Б-ын “...2021 оны 3 дугаар сарын 19-ний шөнө нөхөр Отгонтулга намайг зодсон.” гэх гомдлыг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 3 дахь тал/,

яллагдагч Г.О эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, түүний иргэний үнэмлэхийн лавлагаа, Орхон аймаг Жаргалант сум Улаантолгой багийн Засаг даргын тодорхойлолт /хавтаст хэргийн 28, 29, 34 дэх тал/,

яллагдагч Г.О-н “...Миний бие 2022 оны 3 дугаар сарын 18-19-ний шилжих шөнө эхнэр Бямбажавтай муудалцаж цохисон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, одоо эхнэртэйгээ эвлэрсэн уучлалт гуйсан, би өөрийн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэсэн хүсэлт /хавтаст хэргийн 38 дахь тал/

хохирогч Т.Б-ын “...2022 оны 3 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө нөхөр болох Г.О-д зодуулж хөнгөн гэмтэл учирсан, нөхөр Отгонтулга нь надаас уучлалт гуйж эвлэрсэн учраас нөхөр Отгонтулгын ялыг хөнгөрүүлж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэсэн хүсэлт /хавтаст хэргийн 39 дэх тал/ зэрэг болно.

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж  бэхжүүлсэн, хохирогч, гэрч нараас мөн Г.О-с мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

Нэг: Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох;

Шүүгдэгч Г.О нь 2022 оны 3 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө Орхон аймаг Жаргалант сум Улаантолгой баг Толгой 1-4 тоотод эхнэр Т.Б-ыг зодож, түүний биед зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацарт зөөлөн эдэд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;

хэргийн үйл баримтын талаарх, хохирогч Т.Б-ын “...би уурлаад хадам ах руугаа “би янхан юм бол танай эхнэр бас янхан” гэх зэргээр маргалдаж байтал манай нөхөр ахыгаа өмөөрөөд “чи миний ах руу дайрдаг хэн юм бэ” гээд намайг гараараа нэг удаа алгадаж газар унагаасан. Намайг газар унасан хойно толгой болон нүүр рүү 2-3 удаа гараараа цохисон. ...намайг түлхэж газар унагаагаад зүүн талын шанаа, нүд орчимд нэг удаа хөлөөрөө өшиглөсөн.” гэх,

гэрч Э.Б-н “...Отгонтулга эхнэр Бямбажавыгаа “чи яагаад ахтай маргаад байгаа юм бэ, ахыг хүндэлсэнгүй” гээд алгадаад газар унагаасан. Тэгэхээр нь би гүйж очоод тэр хоёрыг салгасан, салгах хооронд Отгонтулга эхнэр Бямбажавынхаа толгой руу 2-3 удаа гараараа цохиод авсан.” гэх,

яллагдагч Г.О-н “...би эхнэр Бямбажавтаа уурлан “чи ах руу маань агсам тавилаа” гээд зүүн хацарт нь нэг удаа алгадсан, надад алгадуулаад газар унасан, би уурандаа толгой руу нь 2-3 удаа гараараа цохисон.” гэх мэдүүлгүүдээр,

Орхон аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээч, эмч Ж.Гэрэлмаагийн 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 267 дугаартай; “...Т.Б-ын биед зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацарт зөөлөн эдэд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.” гэсэн дүгнэлт,

иргэн Т.Б-ын “...2021 оны 3 дугаар сарын 19-ний шөнө нөхөр Отгонтулга намайг зодсон.” гэх гомдлыг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд уг нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй, шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

         Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заажээ.

          Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч, хохирогч нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.6-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан,

          шүүгдэгч Г.О-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд яллагдагч нь прокурортой хуульд заасны дагуу оногдуулах ялыг тохирсныг шүүх хүлээн авч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэлээ.

          Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Г.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон тул шүүх шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах;

Шүүх шүүгдэгч Г.О-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал байгаа эсэхийг хянав.

Шүүгдэгч Г.О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдсон, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хувийн байдал зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

         Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас “...шүүгдэгч Г.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” саналыг гаргасныг харгалзан шүүх шүүгдэгчид дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж,

         торгох ялыг таван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг түүнд анхааруулах нь зүйтэй.

Бусад асуудал;

          Хохирогч Т.Б-ын “...нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй” гэсэн мэдүүлэг хавтаст хэргийн 9 дүгээр талд авагдсан байгаа тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

         Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны  гаргуулах зардалгүй болохыг тус тус дурьдаж,

         шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1.Шүүгдэгч Г.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

         2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О-г дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Г.О шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

          4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арвандолдугаар бүлэгт зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

          5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй,  иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны  гаргуулах зардалгүй болохыг дурьдсугай.  

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.ЭНХТУНГАЛАГ